Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

           улсын яллагч Б.Мөнгөншагай,

            шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч С.Мөнхгэрэл нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цт холбогдох 1803000010085 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны хөтлийн замд Тоёото марк-2 маркийн 0000УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 5.3-д заасан “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Б, Д.О нарыг мөргөж, Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

- 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-11-16/

- хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би найз Д.Оийн хамт Баянхошуунд байдаг Түшиг гээд нэг кареокед орсон. Тэгээд тэндээ 2, 2 пиво, 200 грамм архи уучихаад гарах гэтэл манай найз гарахгүй байсан. Тэгэхээр нь 00 орчихоод ирье гэж хэлээд гараад замын хойд талд такси барих гээд зогсож байсан. Тэгтэл манай найз араас зам хөндлөн урдаасаа хойшоо гарч ирээд хоёулаа эргэж орчихоод хамт гэр рүүгээ явья гэхээр нь би орохгүй гэтэл намайг замын урд руу хамт гараад эргээд хойшоо гарах гэж байхад Баянхошуу талаасаа явж байсан нэг машинд мөргүүлээд ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг /хх-31-35/

- гэрч Д.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Т.Б болон хэсэг найз нарын хамт Баянхошууны Жанцан дэлгүүрийн хажууд уулзаад Тэгш төвийн нэг кареокед орохоор болсон. Тэгээд тэндээ ороод нэг шил архи нэг нэг пиво уучихаад сууж байгаад дэлгүүр орж идэх юм 2 пиво аваад эргээд гарч иртэл Т.Б зам хөндлөн гарч байхаар нь араас нь очоод эргүүлж дагуулаад замын зүүнээс баруун гар тийш гарч байхад Хөтөл талаасаа явсан машин ирээд хажуу талаараа Т.Б бид хоёрыг мөргөөд зам дээр унасан....гэх мэдүүлэг /хх-66-67/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэгийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11220 дугаартай:... Т.Бийн биед баруун талын суурь ясны их далавч, баруун чамархайн яс, баруун хацар ясны нум, баруун талын гайморовын хөндийн арын хана, доод хана, баруун нүдний арын хана, дотор хана, доод хана, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлэнгийн ард хэсэг, суурь хэсэг баруун талын хажуугийн ховдол, арын эврийн урд буюу суурийн зангилаанд цус хуралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи баруун бугуй, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт, баруун хөмсөг, эрүүнд шарх, баруун чамархайд зулгаралт, зүүн өвдөгт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /хх-78/

- Замын цагдаагийн албаны Техникийн шижээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 664 дугаартай:...Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр: Mark 2маркийн 0000 УБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а/ “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хоёрдугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Mark 2маркийн 0000 УБ улсын дугаартай автомашин нь ABS тоормосны системтэй, хэвийн бус ажиллаж байгаа гэх тул хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 30.4 метр дугуйн даралтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /хх-101-102/

- Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17/067164 дугаартай:... Баруун ойрын гэрэл зүүн холын гэрэл, урд оврын гэрэл, хойд номерийн гэрэл гэх гэрлүүд тус тус ажиллахгүй байв. ... Баруун ойрын гэрэл зүүн холын гэрэл асахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж болзошгүй, 1-р тэнхлэгний тоормос, хүчний зөрүүтэй гарч байгаа нь тоормос гишгэх үед жолоодлого алдагдах, тоормосны мөр уртасгах зэргээр нөлөөлж болно.. гэх дүгнэлт /хх-87-89/

- Замын цагдаагийн албаны Техникийн шижээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай:... “Toyota Mark 2 маркийн 0000УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а/ “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хоёрдугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 5.3-д заасан “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөн... гэх дүгнэлт /хх-217-218/

- шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед гэрээсээ хамаатны эгч Өг “Тэнгис” кино театраастосож авахаар хүргэн ах Батмөнхийн эзэмшлийн 0000УБ улсын дугаартай автомашиныг унаад явсан. Түүний машиныг унахдаа зөвшөөрөл авсан, уг машинд нь ямар нэгэн явах эд ангийн тоормосны эвдрэл гэмтэл байсан байх. Тэгээд Хөтөлийн замд 2-р эгнээгээр 55-60 км цагийн хурдтай явж байтал урдуур гэнэт 2 хүн ороод ирэхэд нь тоормосоо гишгээд баруун дарсан боловч нэг хүнийг нь машинаар шүргээд зогссон. Би тэр хүнийг замын голоос миний явж байсан эгнээ рүү алхаад орж ирж байгааг 10-15 метрийн зайнаас харсан. Буугаад иртэл 2 хүн зам дээр хэвтэж байсан, тэгээд өөрийн утаснаас 102, 103 руу ослын талаар дуудлага өгсөн удаагүй цагдаа нар, араас нь 103 машин ирээд тэр хүнийг эмч үзээд эмнэлэг аваад явсан. Би хохирогчийн эмчилгээнд ойролцоогоор 800.000 төгрөгийн эм тариа авч өгсөн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн, мөн хохирогчтой тохиролцоод түүнд нэг сая төгрөг өгөхөөр болоод, 500.000 төгрөгийг өгсөн байгаа, өнөөдөр 500.000 төгрөгийг өгч байгаа... гэх мэдүүлэг /хх-108/

...Би хохирогчийн эмчилгээнд 797.500 төгрөг зарцуулсан. Мөн хохирогчид 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож уг мөнгийг 2 хуваан хохирлыг төлж гомдолгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-226-227/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны хөтлийн замд Тоёото марк-2 маркийн 0000УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р хавсралтын 5.3-д заасан “гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Б, Д.О нарыг мөргөж, Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- Замын цагдаагийн албаны Техникийн шижээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 664 дугаартай:...Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан салбарын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр: Mark 2маркийн 0000УБ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын а/ “Жолооч дор дурьдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн хоёрдугаар хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Mark 2маркийн 0000УБ улсын дугаартай автомашин нь ABS тоормосны системтэй, хэвийн бус ажиллаж байгаа гэх тул хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 30.4 метр дугуйн даралтын мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /хх-101-102/

- 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, фото зураг /хх-11-16/

- Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тухай шинжээчийн дүгнэлт /хх-78/

- хохирогч Т.Бийн:... нэг машинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Баруун нүд нэг их сайн харахгүй байгаа. Ухархай нь 2 мм суусан байна гэсэн. Жолоочтой тохиролцоод 1.000.000 төгрөг авсан... гэх мэдүүлэг /хх-31-35/

- шүүгдэгч Д.Ц мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед гэрээсээ хамаатны эгч Өг “Тэнгис” кино театраас тосож авахаар хүргэн ах Б-н эзэмшлийн 0000УБ улсын дугаартай автомашиныг унаад явсан. Түүний машиныг унахдаа зөвшөөрөл авсан, уг машинд нь ямар нэгэн явах эд ангийн тоормосны эвдрэл гэмтэл байсан байх. Тэгээд Хөтөлийн замд 2-р эгнээгээр 55-60 км цагийн хурдтай явж байтал урдуур гэнэт 2 хүн ороод ирэхэд нь тоормосоо гишгээд баруун дарсан боловч нэг хүнийг нь машинаар шүргээд зогссон...гэх мэдүүлэг /хх-108/

...Би хохирогчийн эмчилгээнд 797.500 төгрөг зарцуулсан. Мөн хохирогчид 1.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож уг мөнгийг 2 хуваан хохирлыг төлж гомдолгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-226-227/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдожж тогтоогдож байна.

 

Иймд Шүүгдэгч Д.Ц-д жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн зүйлчлэл, талууд, оролцогчийн зарим дүгнэлт, саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Т.Бт нийт 1.797.500 төгрөг /хх-221, 227, шүүхийн хэлэлцүүлэгт/ төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.    

 Шүүгдэгч Д.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 1111111 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.  

Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:         

 

            1. Шүүгдэгч Д.Цт жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

 

             6. Шүүгдэгч Д.Цийн 1111111 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

             7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

             8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР