Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00529

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00540

 

 

 

Г.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00003 дугаар шийдвэртэй, Г.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч Э УТҮГ-т холбогдох, хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эд сонгон шалгаруулалтад холбогдох материалаа бүрдүүлэн өгсний дагуу тус төвийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/79 тоот тушаалаар намайг Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Үүрэгт ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байхад 2019 оны 8 дугаар сард тус төвийн дарга солигдож, удирдлага солигдсон даруй намайг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас халсан. Тус төвийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/23 тушаалаар шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо 3 гэж батласан байсан, гэтэл 5 сарын 18-ны тушаалаар 2 болгочихсон. Миний ажлын байран дээр шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон 2 хүн ирсэн, орон тоо байхгүй гэж намайг халсан. Хэрэв тэр 2 хүн ажлаас халагдсаны дараа орон тоо хасагдсан учир нэгийг нь өөр ажилд томилж болох байсан, би ажиллах ёстой гэж ойлгож байгаа тул намайг гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж ажилдаа эгүүлэн томилуулахаар нэхэмжлэлээ дэмжиж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эийн ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/79 дүгээр ажилд томилох тухай тушаалаар Г.Цыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс тус төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилсон, Ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1922 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон бөгөөд ажлаас нь буруу халсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байгаа ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн заалтыг барьсан. Эийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын алба нь шалгалтын зохион байгуулалт хариуцсан 2 мэргэжилтний орон тоотой бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1922 дугаар шийдвэрээр Б.Уянга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1592 дугаар шийдвэрээр П.Бумцэнд нарыг тус тус дээрх 2 орон тоонд буцаан томилсон. Шүүхийн шийдвэрийг хэн аль нь биелүүлэх үүрэгтэй байхаас гадна хуульд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул удирдлага солигдсон даруйдаа өмнө нь ажиллаж байсан хүнийг эргүүлэн томилох нэрээр ажлаас үндэслэлгүй халсан гэсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч өөр ажилд томилох ёстой гэж шаардлага гаргаагүй, харин удирдлага солигдсон учир намайг ажлаас чөлөөлсөн гэж гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Ажилтан өөр ажилд томилогдох санал гаргаагүй, хуулинд заахдаа ажил олгогч нь бололцооны өөр ажилд томилж болно гэсэн болохоос заавал өөр ажилд томилох үүргийг хүлээлгээгүй байна. 2018 оны 1 сарын Сайдын тус төвийн орон тоог өөрчлөн батласан тушаалын дагуу төвийн ерөнхий захирал 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23 тушаалаар шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний орон тоо 3 гэж батласан байсан, гэтэл дахин төвийн орон тоо бүтцийг 3 сард нь сайдын тушаалаар өөрчлөн батласны дагуу 5 сарын 18-ны тушаалаар 2 болгож өөрчлөх болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.5,40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Э УТҮГ-т холбогдуулан гаргасан Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Г.Цын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх тус шийдвэрийг гаргахдаа нотлох баримт өгснийг бүрэн шинжлээгүй шийдвэрт нөлөөлж болох мэдээллийг хариуцагч талаас аман байдлаар асууж мэдээлэл авсан. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж дараагийн шатны шүүхээр хэлэлцүүлж шилжүүлэх хүсэлт гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Э УТҮГ-т холбогдуулан Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б/55 дугаар тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Цыг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр тус төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаад Эийн ерөнхий захирлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/55 дугаартай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 59 дүгээр зүйлийн 59.1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01922 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 4, 87 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр Б.Уянгыг Шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгч Г.Эрдэнэбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагч байгууллага дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт нийцсэн.

 

Тус төвийн захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаартай Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтаар Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр нь 3 орон тоотой батлагдаж, улмаар Эрүүл мэндийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар "Эийн зохион байгуулалт бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалыг үндэслэн тус төвийн ерөнхий захирлын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/64 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн ажлын байр нь 2 орон тоотой болсон үйл баримт тогтоогдож байна./хэргийн 29-32, 48-73 дугаар тал/

 

Дээрх ажлын байранд урьд ажиллаж байсан П.Бумцэндийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01592 дугаар шийдвэрээр, Б.Уянгыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01922 дугаар шийдвэрээр тус тус шалгалтын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 12-17, 82-86 дугаар тал/

 

Улмаар хариуцагч байгууллага дээрх 2 иргэнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. Тодруулбал, тухайн ажлын байранд үндсэн 2 орон тоонд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн тогтоогдсон 2 иргэнийг томилсон учраас нэхэмжлэгч Г.Цыг ажлаас чөлөөлөх үндэслэл байсан гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан.

 

Энэ тохиолдолд өөр ажил олж өгөх үүргийг ажил олгогчид мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтаар хүлээлгэжээ. Гэвч Г.Ц нь өөр ажилд томилуулахтай холбоотой буюу хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбоотой гомдол гаргаагүй учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн нь зөв байна. Харин шүүх ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцласан энэхүү маргааны үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасныг шийдвэрт баримтласан нь хууль хэрэглээний хувьд буруу болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 37 дугаар зүйлийн 37.1.5, гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

С.ЭНХТӨР