Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 794

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            улсын яллагч Б.Мөнгөншагай,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

            шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан  шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Цд холбогдох 1803004540255 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 01 дүгээр хорооллын 11 дүгээр байрны хойд замд 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 00-00 УБ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.Аг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

- 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6, 7-12/

- 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин засварын гадна талын машин зам руу харсан хяналтын камерийн бичлэг хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл /хх-19-20/

- 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр жолоочийн согтуурлын зэрэг шалгасан:...Тоёото приус-20 маркийн 00-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Х.Ц драйгер багаж ашиглан шалгахад 1.77% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо... гэх тэмдэглэл /хх-15/

- насанд хүрээгүй хохирогч О.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед явган хүний гарц, явган хүний гарцын тэмдэг цагаан зураас байсан харин гэрэл дохио байгаагүй, машины хөдөлгөөн бага байсан. Тухайн өдөр орчны байдал дулаахан, зам хуурай байсан, нэгдүгээр эгнээнд орох үед мөргүүлсэн. Машин хэр хурдтай явсаныг мэдээгүй, жолоочийг хараагүй. Биеийн байдал босохгүй хэвтэрт, хөл өвчтэй байгаа, эмчилгээнд гарч байгаа мөнгийг аав, ээж мэднэ, намайг мөргөсөн машины жолоочтой уулзаагүй. Би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм мэднэ. Намайг явган хүний гарцаар хөндлөн гарч явахад машин ирж мөргөсөн. Жолоочийн буруу. Гомдолтой байна. Машинд хэдэн хүн байсан, жолооч нь архи уусан байсан эсэхийг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-23/,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:...Орой 01 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлгээс хүлээн авахын эмч залгасан тул шууд очсон ба очиход охин хөлний хагалгаанд орох гэж байсан.Тэр дороо гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Охиныг мөргөсөн гэх жолоочтой уулзаагүй, эгч гэх хүн ирээд 1,600,000 төгрөг өгсөн. Одоогоор хүүхдийн эмчилгээнд таван сая гаруй мянган төгрөг зарцуулаад байна. Хүүхдийнхээ эмчилгээнд мөнгө хэрэгтэй болоод байсан учир аавынх нь эзэмшлийн автомашиныг авто ломбарданд 3,500,000 төгрөгөөр, 1 жилийн хугацаатай тавьсан. Сард 400,000 төгрөг ломбарданд өгч байна, гомдолтой байна. Цаашид эмчилгээ хийх шаардлагатай байгаа, цаашид гарах эмчилгээний болон одоо гарсан эмчилгээний зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ. Манай хүүхдийг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахад нь согтуу жолооч ирж мөргөсөн ба жолоочид маш их гомдолтой байна. Жолооч гэх хүн нь бид нартай ирж уулзахгүй байна. Аав, эгч хоёр нь ажлаа хийхгүй О.Аг асарсан. Иймд асарсан үеийн гарсан зардыг нэхэмжилнэ.Хуулийн дагуу хурдан шуурхай шийдэж өнгө үү... гэх мэдүүлэг /хх-24-27/,

            - шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Охин ослын улмаас сургуульдаа явахгүй байгаа. Эмнэлэгт байхад шүүгдэгч олон удаа ирж байсан. Нийт 8.100.000 төгрөгийн зардал гарсаныг шүүгдэгч төлсөн, шүүгдэгч чадах чинээгээрээ хохирлыг төлж байгаа. Одоогоор оройд өвчин намдаах тариа хэрэглэдэг, өөр эмчилгээ хийхгүй байгаа. Охин 20-ны өдөр өвдөгний үе суулгах хагалгаанд орно. Хэдэн төгрөгийн зардал гарахыг одоогоор мэдэхгүй байна, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Охин сургуульгүй болсондоо харамсаж байгаа. Сэтгэцийн хувьд гайгүй байгаа, өвдөг нь тэгш, гар нь мэдээ ороогүй, аарцаг нь хадаастай. Аарцаг бол байнгийн хадаастай байна гэсэн. Гар нь мэдээ орох үгүйг мэдэхгүй байна. Хөл нь нугаларахгүй байгаа...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Г.С- н мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 1 дүгээр хорооллын Цамбагаравын хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр 50 км цагийн хурдтай явж байхад 1 охин зүүн урдаас хойшоогоо явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан ба хурдаа хасаж зогсоод нөгөө охиныг өнгөрөөгөөд хөдлөх үед 1 дүгээр эгнээгээр цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин нилээд хурдтай шууд орж ирээд зам хөндлөн гарч явсан охиныг урд хэсгээрээ мөргөөд баруун тийшээгээ замаас гараад зогссон.... Жолооч зогсох арга хэмжээ аваагүй...машинд сууж явсан 1 залуу нь буугаад шууд яваад өгсөн, жолооч осол хэргийн газарт үлдсэн...гэх мэдүүлэг /хх-51-52/,

- гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Х.Ц өөрийн Тоёота приус маркийн автамашинтай ганцаараа эрүүл ирсэн бөгөөд бид 2 уулзаад бааранд орж 0.75 граммын 1 шил архи аваад хувааж уусан. Баарнаас шөнийн 00 цагийн орчим гараад Х.Ц шууд жолоочийн талаар жолооны ард суухаар нь би жолоочийн хажуу талд суусан. Ингээд 1 дүгээр хорооллын арын замд зүүнээс баруун тийш явсан. Х.Ц нэгдүгээр эгнээгээр дунд зэргийн хурдтай явж байгаад түс хийгээд нэг юм мөргөөд цаашаагаа явж хашаа мөргөөд зогссон. Х.Ц хүн мөргөчихлөө гээд машинаас буусан. Би араас нь буухад машины зүүн талд машин зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би машины хойд талаар тойроод баруун тийшээгээ гэртээ харихаар явсан...гэх мэдүүлэг /хх-54/,

- гэрч Ч.Т-н мөрдөн байцаалтад өгсөн:... С-ын хамтаар 1-р хороололын арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ машинтай хоёрдугаар эгнээгээр явж байхад эмэгтэй хүүхэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо зам хөндлөн явган хүний гарцаар ороод ирэхээр нь С шууд зогссон. Нөгөө охин зам хөндлөн бид хоёрын машины урдуур гараад нэгдүгээр эгнээгээр ороод явах үед нэгдүгээр эгнээгээр цагаан өнгийн Т.Приус саарал автомашин их хурдтай давхин орж ирээд нөгөө охиныг мөргөж замаас хойшоогоо гараад төмөр хашааг мөргөөд зогссон. С бид хоёр дөнгөж хөдлөж байсан болохоор шууд нэгдүгээр эгнээнд орж зогсоод хойшоогоо харахад жолоооч талаас нэг залуу бууж ирээд машины хойгуур тойроод зам дээр унасан охин дээр явж очоод босгох гээд байсан. Нөгөө талаас нэг залуу бууж ирээд яваад өгсөн. Машинд мөргүүлсэн хүн явган хүний гарцаар  ганцаараа зам хөндлөн гарч явсан, машиний хөдөлгөөн сийрэг, гэрэлтүүлэг асаж байсан, гэрлэн дохио байгаагүй...гэх мэдүүлэг /хх-57-58/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6542 дугаартай:... О.Агийн биед зүүн дунд чөмөгт ясны доод булууны ил хугарал, зүүн гуяны доод хэсгийн шарх, баруун умдаг ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал, баруун умдаг ясны их бие сэлтэрсэн хугарал умдаг ясны сифриз үений салалт,  суудал ясны хугарал, баруун атгаал ясны далд хугарал, духанд шарх, зулгаралт, бугалга, шуунд цус хуралт сарвуу, өвдөгт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-63-64/,

- Замын цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ц.Г-н 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаартай дүгнэлт:... 00-00 УБ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины жолооч Х.Ц нь МУ-ын ЗХД-ийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн цолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. гэснийг тус тус зөрчсөн. Явган зорчигч О.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна... гэх дүгнэлт /хх-91-92/,

- шүүгдэгч Х.Ций мөрдөн байцаалтад өгсөн:... тэр үед машинаас буух үед машины ард талд хүүхэд хэвтэж байсан. Би өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Би машин жолоодож явсан эсэхийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-98-99/

- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 17-ны шөнө шилжих шөнө найзтайгаа уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа машин барьж байгаад О.Аг хүндээр гэмтээсэн. Хохиролд 8.100.000 төгрөг төлсөн..гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 01 дүгээр хорооллын 11 дүгээр байрны хойд замд 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 00-00 УБ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.Аг мөргөж эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Замын цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн дүгнэлт ... 00-00 УБ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины жолооч Х.Ц нь МУ-ын ЗХД-ийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7-д заасан “Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн цолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөн. Явган зорчигч О.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна... гэх дүгнэлт /хх-91-92/,

- 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6, 7-12/

- 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр жолоочийн согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-15/,

- насанд хүрээгүй хохирогч О.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм мэднэ. Намайг явган хүний гарцаар хөндлөн гарч явахад машин ирж мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-23/,

- гэрч Г.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд 1 дүгээр хорооллын Цамбагаравын хойп замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш 2 дугаар эгнээгээр 50 км цагийн хурдтай явж байхад 1 охин зүүн урдаас хойшоогоо явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан ба хурдаа хасаж зогсоод нөгөө охиныг өнгөрөөгөөд хөдлөх үед 1 дүгээр эгнээгээр цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин нилээд хурдтай шууд орж ирээд зам хөндлөн гарч явсан охиныг урд хэсгээрээ мөргөөд баруун тийшээгээ замаас гараад зогссон...гэх мэдүүлэг /хх-51-52/

- О.Агийн биед хүнд гэмтэл учирсан тухай шинжээчийн дүгнэлт /хх-63-64/,

- шүүгдэгч Х.Ций мөрдөн байцаалтад өгсөн:... тэр үед машинаас буух үед машины ард талд хүүхэд хэвтэж байсан. Би машин жолоодож явсан эсэхийг санахгүй байна.../хх-98-99/ гэх болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 05 дугаар сарын 17-ны шөнө шилжих шөнө найзтайгаа уулзаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа машин барьж байгаад О.Аг хүндээр гэмтээсэн...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Х.Цийг согтуурсан үедээ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас О.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд холбогдох нотлох баримтын хүрээнд нийт 8.100.000 төгрөг төлөгдсөн байна. 

Насанд хүрээгүй хохирогчийн хувьд өвдөгний үе суулгах, мөн гарын саажилтыг эмчлүүлэх, мөн өдөр бүр хэрэглэж буй эм тарианы зэрэг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Насанд хүрээгүй хохирогчийн хувьд сургуульд сурах боломж алдагдсан, эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, түүнтэй холбоотойгоор хүнд хор уршиг учирсан буюу аарцаг яс хадаастай, нэг гар мэдээгүй, нэг хөл өвдөгөөр нугларлах боломжгүй болсон тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, шүүгдэгчид “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай түүний өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.      

Бусад асуудал

 Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Х.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 0111111 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,  уг хэрэгт “Тоёото приус маркийн 00-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Х.Цд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:          

 

            1. Шүүгдэгч Х.Цийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас О.Агийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар Х.Цийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Цд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

5. Уг хэрэгт “Тоёото приус” маркийн 00-00 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Х.Цд олгосугай.

6. Шүүгдэгч Х.Ций 0111111 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Х.Цийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцсугай.      

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            10. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Х.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР