Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 142/2016/01555/И |
Дугаар | 001/ХТ2017/00558 |
Огноо | 2017-05-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/00558
Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2016/01534 дүгээр шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар магадлалтай,
Г.Цолмонгийн нэхэмжлэлтэй,
“Эрх” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 30.334.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Цолмон, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргалтай 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 30 тн 130 кг гала үрийн төмс, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 5 тн 133 кг гала таваарын төмс, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 1 тн 800 кг гала үрийн төмс худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эрх ХХК-ийн өмчлөлийн Ү-2101019893 тоот улсын бүртгэлийн дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Ургацын 01 дүгээр гудамжны 3б тоот хаягт байршилтай 195 мкв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн.
2016 оны 05 дугаар сарын 01-нд худалдсан 30 тн 130 кг гала үрийн төмсийг дараах нөхцөлтэйгээр худалдсан.
1. 2016.05.01-2016.05.31-ний хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 450 төгрөгөөр бодож нийт 13 558 500 төгрөг, 2016.06.01-2016.06.30-ны хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 500 төгрөгөөр бодож нийт 15 065 000 төгрөг, 2016.07.01-2016.07.31-ний хооронд төлөх тохиолдолд 1 кг-ийг 550 төгрөгөөр бодож нийт 16 571 500 төгрөг. Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргал нь гэрээнд тохиролцсон энэхүү нөхцөлийг огт биелүүлээгүй тул гэрээний 2.1.3-т заасанчлан 30 тн 130 кг гала үрийн төмсийг 1 кг-ийг 550 төгрөгөөр бодож 16 571 500 төгрөг.
Гэрээний 3.3-т заасанчлан төлбөл зохих 16 571 500 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн алданги 7 208 602 төгрөг, алданги болон үндсэн төлбөр нь 23 780 102 төгрөг,
2. 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гала таваарын төмс зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 5 тн 133 кг таваарын төмсийг 1 кг төмсийг 550 төгрөгөөр тооцож худалдсан нийт үнэ 2 823 150 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-нд төлөх ёстой байсан боловч огт төлөөгүй бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,5 хувийн алданги 1 947 974 төгрөг болсон. Энэхүү гэрээний дагуу төлбөл зохих нийт төлбөр 4 771 124 төгрөг.
3. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу нийт үнэ 990 000 төгрөг бөгөөд энэхүү гэрээний дагуу төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлөх байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны алданги нь 683 100 төгрөг, нийт төлбөл зохих 1 673 100 төгрөг болсон байна.
Ийнхүү 3 удаагийн гэрээний нийт 37 тн 63 кг төмсний үнэ 20 384 650 төгрөг, алданги нь нийт 9 839 676 төгрөг, төлбөл зохих нийт төлбөр 30 224 326 төгрөг, Эрдэнэтэд очиж уулзахсан замын зардал бензиний мөнгө 60 000 төгрөг, буудалд хоносон 50 000 төгрөг нийт 30.334.326 төгрөгийг гаргуулж болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Эрх” ХХК-ийн захирал Б.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Г.Цолмонгоос зээлээр худалдан авсан төмсний үнэ болох 16.571.500 төгрөгийг өөр хүнээс авч өгөх байснаас бүтэхгүй өдий хүрсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 20-ноос төлөх боломжтой болно. Зээлийн хүү төлөх шаардлагагүй. Учир нь хавар үрийн төмс 300 төгрөг байх үед худалдан авахдаа 50 хувиар илүү үнээр авсан болно. 2016 оны намар товарын төмс 200 төгрөг байх үед өөр хүний үрийн төмсний төлбөр болох 10 сая төгрөг төлсөн тул дараагийн санхүүжилтийг хүлээх шаардлагатай байгаа болно гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2016/01534 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Эрх ХХК /захирал Б.Амаржаргал/-иас 29.364.827 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Цолмонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 969.499 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.622 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрх ХХК /захирал Б.Амаржаргал/-иас 304.774 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Цолмонд олгож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1534 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Эрх ХХК-ийн захирал Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 36 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
“Эрх” ХХК нь 2016 оны 05 сарын 01-ний өдөр иргэн Г.Цолмонтой зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр 30 тн гала үрийн төмсийг 1 кг 450-550 төгрөгний үнэтэйгээр зээлээр худалдан авсан ба тухайн үед гала үрийн төмс нь 1кг 300 төгрөгний үнэтэй байсан. Гэтэл Эрх ХХК-ийн тухайн үеийн санхүүгийн байдал бусдаас авах өр, төлбөр орж ирээгүй бэлэн мөнгөгүй байсан тул аргагүй эрхэнд зээлээр худалдан авах зайлшгүй шаардлагатай болсон. Иймд 300 төгрөгний үнэтэй байсан гала үрийн төмсийг 450-550 төгрөгний үнээр худалдан авсан юм. Мөн 2016 оны 05 сарын 04-ний өдөр иргэн Г.Цолмонтой зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр 5 тонн 133 кг таваарын төмсийг 1 кг =500 төгрөгний үнээр нийт 2 823 150 төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 05 сарын 10-ны өдөр мөн л иргэн Г.Цолмонтой зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 1 тонн 800 кг гала үрийн төмсийг 550 төгрөгний үнэтэйгээр нийт үнэ 900 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үеийн гала үрийн төмсний 1кг гала үрийн төмсний үнээс өндөр худалдсанаа харгалзан үзэлгүй хэтэрхий өндөр алданги тооцож байгаа нь шударга бус байна.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 142/ШШ2016/01534 дугаартай шийдвэрээр 29.364.827 төгрөгийг “Эрх” ХХК- иас гаргуулж Г.Цолмонд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу 30 тонн130 кг гала үрийн төмсний үнэ 16 571 500 төгрөг, алданги 7 208 602 төгрөг” алданги болох 7 208 602 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 05 сарын 01-ний өдрийн, Зээлийн гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан үнэ нэмэгдүүлсэн төлбөр нь Зээлээр худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг төрлийн арга хэрэгсэл байсан тул алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 142/ШШ2016/01534 дугаартай шийдвэрийн 29.364.827 төгрөгийг “Эрх” ХХК-наас гаргуулж Г.Цолмонд олгохоор шийдвэрлэсэн үнийн дүнгээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 36 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж 7.208.602 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Г.Цолмон нь хариуцагч “Эрх” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болон алдангид 30.334.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлээс алдангийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 30 тн 130 кг гала үрийн төмсийг 16.571.500 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 5 тн 133 кг гала үрийн төмсийг 2.823.150 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1 тн 800 кг гала үрийн төмсийг 900.000 төгрөгөөр тус тус зээлээр худалдан авахаар тохирч гэрээ байгуулжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал зэрэгт шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч, төмсний үнэ 20.294.650 төгрөг, алданги 9.070.177 төгрөг нийт 29.364.827 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2016/01534 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 130.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ