Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 443

 

Ч.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ч.Г- болон түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар цагаатгах тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Ч.Г-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1965 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Ноён Арвай” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг, Амарын-1-12 тоотод оршин суух,

Булган аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1982 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих ялаар,

Мөн шүүхийн 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 6 сар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Мөн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар 960,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Боржигон овогт Чулуунбаатарын Г-.

Ч.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгчийн хойд талд байрлах иргэн Ч.Э-ын хашаанаас 1 тоннын багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурор Б.Догмиддоржийн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан .... хэргийн хүрээнд шүүх хуралдааныг явуулж, хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн үнэлгээ хийсэн дүгнэлт, бодит байдал, шүүгчийн дотоод итгэлд үндэслэн Г.Г-ын үйлдэл санаа, сэдэлт, зорилго яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан шаардлага, хэрэгт авагдсан нотлох баримтаар “учрах саадыг арилгах зорилго” агуулагдсан талаар тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй байдалд хууль зүйн зөв дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т ... гэмт буруугүйгээр “хохирол учруулсан” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэхдээ ... хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Бодит байдалтай нийцээгүй үндэслэл нь усны савны үнэлгээг гаргахдаа бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. Гэтэл шүүх хуралд улсын яллагчийн санаачилгаар үнэлгээ гаргасан шинжээч өөрийн биеэр оролцож мэдүүлэг гаргахдаа үнэлгээг гаргахдаа олон эх сурвалжаас мэдээлэл авч үнэлгээ бодитой гарсан талаар мэдүүлсэн байгаа.

Хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүх .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн талаарх ерөнхий нөхцөлүүдийг дурдаж дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй бөгөөд тухайн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болсон учрах саадыг арилгах зорилгоор нөхцөл нь Г.Г-ын аль үйлдэл нь ямар учрах саадыг яаж арилгах зорилго хаана агуулагдсаныг нотлон тогтоохгүйгээр машин механизм ашигласан л бол гэсэн үндэслэлээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үздэг. Шүүгдэгч Г.Г- найз Ч.Э-ын гуйлтаар ус хийх гэж очсон, уг савыг хулгайлан авах зорилгоор очоогүй, очоод үзэхэд уг сав нь олон нөхөөстэй, ус тогтох боломжгүй байсан тул засч янзлах зорилгоор авч явсан гэдгийг хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдоно.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2.1.2-т заасан .. хэргийн нөхцөл байдлын улмаас нийгэмд хор уршиг учирч, гэмт хэрэг үйлдэж байна гэж бодоогүй, ойлгоогүй байна. /цоорхой савыг бүтэн болгоод, ус хийгээд өгье/ гэж ойлгосон. Мод усалж байсан тул портер машинтай явсан түүн дээрээ ганцаараа өргөж ачаад авч явсан болох нь тогтоогдоно.

Мөн хохирогч Ч.Э-ад ямар нэг бодит хохирол учраагүй талаар тодорхой мэдүүлдэг гаргадаг, давж заалдах шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүн болох хохирлын талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх ... Эрүүгийн хуулийн 17.1, дүгээр зүйлийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор... машин механизм ашигласан эсэхийг хуулийн шаардлага хангасан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан шийдвэрлэхгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь хууль зөрчсөн шийдвэр болно.

Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Ч.Г-т холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн байна. Учир нь Ч.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгчийн хойд талд байрлах иргэн Ч.Э-ын хашаанаас 1 тоннын багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Хохирогч Ч.Э-аас хууль сануулж мэдүүлэг авахад “2019 оны 05 дугаар сарын 17-нд хашаанаасаа усны сав алдсан. 2019 оны 06 дугаар сарын эхээр Замын-Үүд сумын 3 дугаар багт явж байтал алдсан усны савтай адил сав Ч.Г-ын хашаанд байсан, саваа авъя гэхэд өгөөгүй, гурав хоногийн дараа хашаанд авч ирж тавьсан байсан” гэж мэдүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр давхар дугуйтай тээврийн хэрэгслээр тухайн усны савыг авч явсан болох нь гэрэл зураг болон тэмдэглэлд бэхжигдсэн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжилын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ч.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн 2 дугаар цэцэрлэгчийн хойд талд байрлах иргэн Ч.Э-ын хашаанаас 1 тоннын багтаамжтай, цагаан өнгийн усны хуванцар савыг 56-86 ДАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлснийг анхан шатны шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд хэргийн эд мөрийн баримт болох “усны савны үнэ цэнэ”-ийг үнэн зөв бодитой тогтоосноор шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэх эсэхэд шүүхээс дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд дээрх үйлдлийг зөрчилд тооцох эсэх, шийтгэл оногдуулах эсэхийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шалгах учиртай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, машин механизм ашиглаж үйлдэх нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Дээрхээс гэмт хэрэг үйлдсэн арга гэдэг нь тухайн этгээдээс өөрийн гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан, Эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдлийн илрэх хэлбэр байдаг бөгөөд энэ нь гэмт хэргүүдийг хооронд нь ялган зүйлчлэх гол шалгуур юм.

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г-ын өмгөөлөгч Б.Дагийнамжилын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН