Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 123/2018/0008/З |
Дугаар | 221/МА2018/0571 |
Огноо | 2018-10-31 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0571
2018 оны 10 сарын 31 өдөр |
Дугаар 221/МА2018/0571 |
Улаанбаатар хот |
С.Х нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, С.Х нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч С.Х 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн С.Х холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 24 дугаар зүйлийн 24.1, 26 дугаар зүйл 26.1 Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн дугаар зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 27 дугаар зүйл 27.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн С.Х холбогдох хэсэг /Сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Х газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4 дэх хэсэгт Н 5 дугаар баг ....... гудамжийг “Гудамж төсөл” хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хүрээнд 2015 онд 1, 2 дугаар гудамжийг дахин төлөвлөсөн боловч 0 гудамжийг дахин төлөвлөөгүй. Жишиг хотхон байгуулах 2015 оны А/140 дүгээр захирамж нь тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгагдаагүй газарт төсөл хэрэгжүүлэх тухай захирамж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг зөрчсөн хууль бус захирамж байхад шүүх нотлох баримтыг анхаарч үнэлж үзээгүй.
2015 оны 09 дугаартай Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар болон “Төв бетон” ХХК-ийн хамтран ажиллах гэрээгээр Биеийн тамир спорт хорооны эзэмшлийн газар дээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан тухай баримт байтал шүүх нотлох баримтыг буруу дүгнэсэн байна. С.Х нарын 09 дугаартай хамтран ажиллах гэрээний нэмэлтийн дагуу хашаа болон суурийн үнэ ........... төгрөг, цахилгааны холболтын ...........төгрөг тушаасан зэргийг нотлох баримтад авсан боловч тухайн 10 иргэнтэй 09 дугаар гэрээний нэмэлт байгуулан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин газар эзэмшүүлсэн.
Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/15 захирамжаар 9 иргэнд газар олгосон тухай нотлох баримтад байхад шүүх анхаарч үзээгүй. Мөн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 захирамжийг гаргахдаа 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшихээр санал ирүүлсэн нэр бүхий 10 иргэн гэж гаргасан нь уг захирамж “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус зөрчсөн. Энэ нь газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эзэмшүүлнэ, эзэмшүүлэх газар нь бусдын газартай ямар нэгэн хэлбэрээр давхцаагүй байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлын зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлтэй. Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.2, 47.3, 47.4-т заасны дагуу илт хууль бус акт болох нь Биеийн тамир спорт хорооны газар дээр давхардуулан шинээр газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байхад шүүх тус актыг хууль эрх зүйн хувьд хүчинтэй гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Шүүх шийдвэр гаргахдаа тухайн үед хууль бус шийдвэр гаргасан Зуунмод сумын Засаг даргыг хариуцагчаар татаагүй нь буруу. Тухайн үед хууль бус шийдвэр rapгасан Зуунмод сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хууль буруу хэрэглээгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул уг алдааг зассан өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн хавсралтын 29-өөр шийдвэрлэсэн асуудлын талаарх үйл баримт болон уг захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор эцэслэн дүгнэжээ.
Анх Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/15 дугаар захирамжаар нэр бүхий 9 иргэнд нийт 0.45 га газар эзэмшүүлсний дотор нэхэмжлэгч С.Х 500 м.кв-ыг; улмаар 2 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэр бүхий 10 иргэнд нийт 0.47 га газар эзэмшүүлсний дотор нэхэмжлэгчид мөн л 500 м.кв газрыг тус тус ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгосон, үндсэндээ нэхэмжлэгч С.Х тухайд эдгээр захирамжуудаар 500 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна.
Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх болон газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн гаргах талаарх зохицуулалттай нийцсэн, өөрөөр хэлбэл Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар тогтоолоор батлагдсан сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэр бүхий 10 иргэнд эзэмшүүлсэн газар болох 5 дугаар баг, Стадионы урд хэсэгт дахин төлөвлөлт хийхээр тусгасан болохыг;
мөн хариуцагчийн давж заалдах гомдлын 1 үндэслэл болох “…Биеийн тамир, спортын хорооны газартай давхцуулан иргэдэд хууль бусаар газар олгосон...” гэх тайлбарын тухайд “…аймгийн Засаг даргын 2016 оны А/244 дүгээр захирамжаар жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар иргэдэд газар олгохоор төлөвлөсний дагуу Биеийн тамир, спортын хороонд эзэмшүүлсэн буюу Цэнгэлдэх хүрээлэнгийн газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасч, баруун зүүн талд нэмэх байдлаар кадастрын зурагт өөрчлөлт оруулах байдлаар газрын хэмжээг багасгалгүйгээр 123952 м.кв газар эзэмшүүлснээр газар давхацсан гэж үзэхгүй болохыг;
түүнчлэн маргаан бүхий газрын урд талын эгнээнд байрлалтай газарт өөр бусад иргэдэд газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/144, А/210 дугаар захирамжууд хүчинтэй байхад нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын А/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй болохыг тус тус дүгнэсэн байна.
Иймд маргааны үйл баримт, газар эзэмшүүлсэн нөхцөл байдал нь ижил, мөн газрын байршлын хувьд жишиг хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх газарт хамаарч байгаа, анх газар эзэмшүүлсэн захирамж нь нэг байгаа зэргээс үзэхэд Улсын Дээд шүүхийн тогтоолоор дүгнэсэн үйл баримтыг энд дахин дүгнэх байдлаар давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Х жишиг хотхон төсөлд хамрагдаж, хашаа, барилгын суурийг бусад иргэдийн нэгэн адил худалдаж авсан тул тэрбээр 2016 оны А/32 дугаар захирамжаар 5 дугаар багийн .........3 тоот 500 м.кв газрын хуулийн дагуу эзэмших эрхтэй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0022 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн хавсралтын 29-д заасан 10 иргэнд хамаарах хэсгийн нэхэмжлэгч С.Х холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН