| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0783/Э |
| Дугаар | 814 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 814
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Сансарсайхан,
Хохирогч, шүүгдэгч Т.Т, Ч.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.П, Т.Т нарт холбогдох 1808006201029 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-6А тоотод Т.Ттэй маргалдаж улмаар харилцан зодолдож, Т.Тий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-6А тоотод Ч.Птай маргалдаж улмаар харилцан зодолдож, Ч.Пын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-6А тоотод Т.Ттэй маргалдаж улмаар харилцан зодолдож, Т.Тий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
хохирогч Т.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед манай эхнэрийн эгчийн нөхөр болох хүргэн ах Ч.П залгаад эгчийгээ аваад ирээрэй гэсэн. Би эхнэр Эын хамт эгч М эгчийг очиж авахад нүүр нь хавдсан байсан. Манай эхнэр “та дандаа эгчийг цохиж байх юм” гэхэд “чи дуугуй бай гээд” манай эхнэр Эыг үсдээд цохисон. Эгч М бид хоёр Ч.П, Э хоёрыг салгасан. Ч.П миний нүүр лүү цохисон ба би эргүүлээд Ч.П ахыг цохисон...гэх мэдүүлэг /xx-12-13/,
Насанд хүрээгүй гэрч Л.Нын мөрдөн байцаалтад:... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед Ч.П архи уусан орж ирээд Б бид хоёрт “Мыг БОгийнхаас аваад ир” гэсэн. Б бид хоёр гараад Мыг байсан айлд очиход М эгч согтуу хэвтэж байсан. Эгчийг босгоод БО эгчийнхээс гартал Э эгч Т.Т ах хоёр ирсэн. Э түрүүлээд гэр лүү орсон. Араас нь Т.Т ах Б нар орсон. Би араас нь орсон. Тэгсэн ах Ч.П, Э эгчийг үсдсэн. Тэгсэн Т.Т ах уурлаад ахыг цохисон ба тэр 2 зодолдсон... гэх мэдүүлэг /хх-122-123/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:... Т.Тгийн биед баруун хөхөнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар уруулд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-36/
шүүгдэгч Ч.Пын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10-11 цагийн үед эхнэр Мын хамт халуун усанд орохоор гэрээс гарсан. Усанд орчихоод Ма гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ танил эгчийн гэрээр орсон. Эхнэр бид хоёр урьд өдөр нь архи уусан болохоор дотор муу байна гэж Ма эгчид хэлээд архи уухаар болоод М бид хоёр 0.5 литрийн Хараа архи дэлгүүрээс аваад Ма эгчийн гэрт очиж хамт архи уусан. Архи ууж дуусчихаад дахиад 0.5 литрийн архи аваад ууж байтал эхнэр М тасарчихсан. Тэгэхээр нь Ма эгчийн гэрт орон дээр нь хэвтүүлээд унтуулж байтал босохдоо орны толгой мөргөөд унасан. Унахаар нь дээш нь болгоод хэвтүүлсэн. Ма эгч бид хоёр архиа ууж дуусгачихаад гэртээ харьсан. Гэртээ хариад өөрийн төрсөн дүү Л.Н, хүү Б хоёрыг Ма эгчийнхээс Мыг аваад ир гэсэн. Тэгэж хэлчихээд Мын дүү Э руу утсаар залгаад эгч чинь Ма эгчийнд байгаа очиж аваарай гэсэн. Тэгтэл гаднаас М, Э, Т.Т нар орж ирсэн. Би тухайн үед гэртээ орон дээр хэвтэж байсан ба Э “чи дандаа эгчийг маань цохиж зоддог” гээд орилж хашгираад миний нүүрийг маажих гэхээр нь би үсдсэн. Тэгтэл Т.Т намайг “авгай зодлоо” гээд толгой руу цохисон. Т.Т бид хоёр зодолдсон. Би Т.Тг цохисон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Т.Т бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-140-141/
Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 87-6А тоотод Ч.Птай маргалдаж улмаар харилцан зодолдож, Ч.Пын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
хохирогч Ч.Пын мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эхнэр М бид 2 хамт халуун усанд орохоор гэрээс гарсан. Эхнэр бид хоёр урд өдөр нь уусан байсан болохоор дотор муу байна гэж манай эгчид хэлээд архи уухаар болж, М бид хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архи дэлгүүрээс аваад ууж байтал эхнэр М тасарчихсан. Тэгэхээр нь эгчийн гэрт орон дээр хэвтүүлээд унтуулсан. Мын дүү Э руу утсаар залгаад эгч чинь Ма эгчийнд байгаа очиж аваарай гэсэн. Гаднаас М, Э, Т.Т нар орж ирсэн. Э “чи дандаа эгчийг цохиж зоддог” гэхээр нь би үсдсэн. Тэгсэн Т.Т намайг “авгай зодлоо” гээд толгой руу, 3-4 удаа нүүр лүү цохисон... гэх мэдүүлэг /хх-49-50/
Насанд хүрээгүй гэрч М.Бий мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед аав Ч.П архи уусан орж ирээд уурлаад ээжийгээ БО эгчийнхээс аваад ир гэсэн. Би дүү Л.Нын хамт ээжийгээ авчирсан. Гэр лүү эгч Э түрүүлээд орсон. Араас нь Т.Т ах бид хоёр орсон. Аав Ч.П Э эгчийг үсдсэн. Т.Т ах уурлаад аавыг цохисон...гэх мэдүүлэг /хх-120-121/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1989 дугаартай:... Ч.Пын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн чамархайн хуйх, хөхлөг баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун чих хамар хүзүү баруун тохойн зулгаралт, зүүн завжны салстын язрал, дээд уруул дотор салст, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл, эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагинд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-27/
шүүгдэгч Т.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 цагийн үед хүргэн ах Ч.П залгаад эгчийгээ аваад ир гэсэн. Би Эын хамт эгч Мыг гэрт нь авчирсан. Ах Ч.П согтуу байсан. Эхнэр “та дандаа эгчийг цохиж зодож байх юм” гэхэд Ч.П ах Эыг үсдсэн. Ч.П миний нүүр лүү цохихоор нь би Ч.П ахыг цохисон. Бид 2 зодолдсон. Ч.П бид хоёр харилцан зодолдсон болохоор хаана хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-131-132/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Т, Ч.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч, шүүгдэгч нар нь хохирлын талаар харилцан тохиролцсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т, Ч.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т, Ч.П нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т, Ч.П нарт тус бүр оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Т, Ч.П нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т, Ч.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР