Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01516

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01516

 

 

Ж ХХК, У.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01071 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж ХХК, У.Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

У.Б-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, У.А-ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлт хийлгэх, хилээр нэвтрэх эрхийг сэргээхийг тус тус даалгах, У.Б-ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах, тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.А-, нэхэмжлэгч У.Б-ын өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч У.А- нь тус компанийн гүйцэтгэх захирал У.Б-ыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №01/20 тоот шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлөн, компанийнхаа удирдлагыг өөрөө хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/34223 тоот, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2/8961 тоот, мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3/3056 тоот албан бичгээр үйлдэл хийх эрхийг хориглосон байсан.

Үүнтэй холбогдуулан НШШГГ-т гүйцэтгэх удирдлагыг солих зөвшөөрөл хүсч холбогдох өөрчлөлтийг буюу Ж ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирлаар У.А- миний бие бүртгүүлэх талаар хандсан боловч тус газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/889 тоот мэдэгдэх хуудсаар хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг манай компанийн өмгөөлөгчид 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэмдэглэл үйлдэн гардуулсан. Энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан гомдол гаргасан боловч гомдлыг НШШГГ-т шилжүүлж улмаар тус газраас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр боломжгүй гэх хариуг дахин өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх бүхий л ажиллагаа хийж, холбогдох гомдлыг гаргасан боловч хариу нь хууль зүйн үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч болоод хувь иргэний эрхийг ноцтой зөрчөөд байна.

У.А- нь Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэнийг чөлөөлсөн бөгөөд цаашид өөрийн биеэр гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл Улсын бүртгэлд холбогдох өөрчлөлтийг хийлгэх боломжгүй болсон нөхцөл байдал буюу НШШГГ-аас тавьсан хоригуудаас шалтгаалан үйл ажиллагаа зогсонги байдалд орж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, төлбөр авагч нартай харилцан тохиролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн томилох боломжгүй болох зэргээр хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна.

Мөн НШШГГ-аас явуулж байгаа ажиллагааны хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан У.Б-ын арилжааны банкинд байрлах данснууд болоод хилээр орж гарах эрхийг хязгаарласан шийдвэрийг гаргасан. У.Б-ын хувьд НШШГГ-т хувь иргэнийхээ хувьд ямар нэгэн ажиллагаанд төлбөр төлөгчөөр огт оролцоогүй. Компанийн тухай хуулиар компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч нь хариуцахаар зохицуулсан байтал У.Б-ын хувийн данс, зорчих эрхийг хязгаарлаж байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болоод байна.

У.А- нь Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоод, төлөх ёстой төлбөрөө төлөөд яваад байгаа, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар өөрийн оруулсан хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг.

Иймд У.Б-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч У.А-ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх эрхийг сэргээхийг НШШГГ-т даалгах, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан У.Б-ын Хаан, Худалдаа хөгжлийн банкны дансуудыг хаасан шийдвэрээ цуцлах, У.Б-ын хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан эрхийг сэргээхийг НШШГГ-т даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрийн дагуу Ж ХХК нь 3,141,151,021 төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжид төлөх төлбөртэй 13 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Одоо 1 тэр бум 384 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага болох У.Б-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

Ж ХХК нь 13 ширхэг гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч байгаа, нийт 3 тэр бум төгрөгийн өр төлбөрөөс төлсөөр байгаад одоо 1 тэр бум 384 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд У.А- Ж ХХК-ийг төлөөлөн оролцож байгаа нь үнэн. У.Б-ын дансыг Ж ХХК-аар хаагаагүй өөр Айди ХХК-ийн төлбөртэй холбоотой хаасан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 122 дугаар зүйлийн 122.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ У.Б-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, У.А-ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлт хийлгэх эрхийг болон У.Б-ыг хилээр нэвтрэх эрх хязгаарласныг тус тус сэргээхийг хариуцагч НШШГГ-т даалган, У.Б-ын банкны дансыг хаасан шийдвэрийг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн бүртгэлд шилжилд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлага болох У.Б-ын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэхээр заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК, У.Б- нар нь, У.Б-ын Хаан, Худалдаа хөгжлийн банкны дансуудыг хаасан шийдвэрийг цуцлуулах, У.Б-ыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч У.А-ыг гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэлийн өөрчлөлтийг хийлгэх эрх, У.Б-ын хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан эрхийг сэргээхийг НШШГГ-т даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч НШШГГ- нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 37/

 

2. Нэхэмжлэгч Ж ХХК-ийн бусдад төлөх төлбөр болох нийт 3,141,151,021 төгрөгийн 13 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба одоо 1,384,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргаангүй байна.

 

2.а. Төлбөр төлөгч Ж ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч У.А- нь гүйцэтгэх захирал У.Б-ыг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс чөлөөлж, гүйцэтгэх захирлаар У.А-ыг томилсон өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан байна.

 

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 226/18280614 дугаар тогтоолоор Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 335 дугаартай тогтоолоор Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Б-ын гадаад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна. /хх 54, 56/

 

4. Нэхэмжлэгч Ж ХХК нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т зааснаар гүйцэтгэх удирдлагаа сонгох эрхтэй бөгөөд гүйцэтгэх удирдлагын талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаар мөн хуулийн 10.3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр бусад баримт бичгийг ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж ХХК-ийн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаа бүртгүүлэх тухай эрхийг түдгэлзүүлснийг болон өмнөх гүйцэтгэх захирал У.Б-ын гадаадад зорчих эрхийг сэргээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгч У.Б-ын Хаан, Худалдаа хөгжлийн банкны дансуудыг хаасан шийдвэрийг цуцлуулах тухай шаардлагыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/01071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ