| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2402007140123 |
| Дугаар | 2026/ДШМ/639 |
| Огноо | 2026-05-21 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/639
Б.Б-, Н.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Одончимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
яллагдагч Б.Б-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, Ч.Энхтөвшин,
яллагдагч Н.Т-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/1781 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, Н.Т- нарт холбогдох эрүүгийн 2402007140123 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А- овгийн Б-ийн Б-, 1968 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын Б- сургуулийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ХБ-/;
2. Х- овгийн Н-н Т-, 1964 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймагт төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын Б- сургуульд нярав ажилтай, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт ..........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ОН-/;
Яллагдагч Б.Б- нь Нийслэлийн ерөнхий боловсролын Б- сургуулийн захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.13, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/333 дугаартай тушаалыг тус тус зөрчиж, тус сургуулийн нярав Н.Т-тэй урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Б- сургуулийн спорт заалыг хувь хүн болон албан байгууллагуудад түрээслэхдээ заалны түрээсийн орлого болох нийт 116,041,268 төгрөгийг нярав Н.Т-гийн эзэмшлийн Хаан банкны ...тоот дансаар шилжүүлүүлэн авч, улмаар дээрх орлогоос өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдүүдийнхээ эзэмшлийн арилжааны банкнууд дахь данс руу шилжүүлүүлэн хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгосны улмаас Б- сургуульд 116,041,268 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
яллагдагч Н.Т- нь Нийслэлийн ерөнхий боловсролын Б- сургуулийн нярваар ажиллаж байхдаа захирал Б.Б-тай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын Б- сургуулийн спорт заалыг хувь хүн болон албан байгууллагуудад түрээслэхдээ заалны түрээсийн орлого болох нийт 116,041,268 төгрөгийг өөрийн ...дугаар дансаар дамжуулан шилжүүлэн авч, улмаар дээрх түрээсийн орлогоос Б.Б- болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банк дахь данс руу шилжүүлж Б.Б-ы эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад эдийн давуу байдал бий болгосны улмаас Б- сургуульд 116,041,268 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд өөрийн эзэмшлийн ...дугаар дансаар дамжуулан дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч Б.Б-, Н.Т- нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзжээ. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй байна. “Тэд аудит” ХХК-ийн 2025.01.10-ны өдрийн 25/Ш-01 дүгнэлтэд: “...6 . Хүснэгтээс ажиглахад захирал Б.Б- нь өөрийн данс болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар дамжуулж 145,731,590 төгрөгийн орлого авч, үүнээс 27,459,000 төгрөгийн буцаалтыг хийж 118,272,590 төгрөгийг төлөхөөр байна. 7. Хүснэгтээс харахад нярав Н.Т- нь 98,834,661 төгрөгийг хувьдаа ашигласан гэж үзэхээр байна. 9. Хүснэгтээс ажиглахад нягтлан бодогч Д.А-ийн данснуудад нийт 130,839,800 төгрөгийн орлого орж үүнээс 60,710,390 төгрөгийг буцааж, зөрүү 70,129,410 төгрөгийн өртэй харагдаж байна. “Ө-” ХХК-аар дээврийн ус зайлуулах хоолой солих ажлын төсвийг нярав Н.Т-гийн Хаан банкны ...тоот дансанд орсон шинээр элсэн суралцагчдын хандивын орлогоор хийж гүйцэтгэсэн гэх боловч уг ажлыг хийж гүйцэтгэсэн зардлын гүйлгээ зарцуулалт баримтаар нотлогдохгүй тул тооцоог гаргах боломжгүй байна. Ирүүлсэн баримтад ажлыг хийж гүйцэтгэх төсөв, ажлын зураг хавсаргасан байна.” гэжээ. /4хх 109-121/,
"Тэд аудит” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25/ш-01/нэмэлт/ дүгнэлтэд: “1. Нэмэлт шинжилгээнд хүргүүлсэн санхүүгийн 3 хавтас баримтуудыг хянахад орлогын зарцуулалтыг нотлох нотолгоо баримтууд нь тамга тэмдэггүй, он cap өдөр зассан, бэлтгэн нийлүүлэгчийн нэр байхгүй, ирүүлсэн бэлэн мөнгөний тайлан нь зөрүүтэй, эцсийн үлдэгдлийг буруу гаргасан, үлдэгдлийг сөрөг утгаар илэрхийлсэн гэх мэт алдаа зөрчлүүд харагдаж байна. Тиймээс нэмэлт шинжилгээнд ирүүлсэн зарим нэг нотлох баримтууд нь шаардлага хангахгүй гэж үзэхээр байна. 2. Захирал Б.Б-ы тооцооны өрийн үлдэгдэлд хамаарах зөрүү 34,547,500 төгрөгийн өглөгийн зарцуулалтад 30,817,000 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн тул тооцооны өрийн үлдэгдлээс хасаж тооцсон болно. 3. 25/ш-01 дүгнэлтээр Б.Б- нь 118,272,590 төгрөг, нярав Н.Т- нь 98,834,661 төгрөг, нягтлан бодогч Д.А- нь 70,129,410 төгрөг, нийт 287,236,661 төгрөгийн өрийн үлдэгдлээс нэмэлт шинжилгээнд Б.Б-, Н.Т- нараас ирүүлсэн санхүүгийн баримтаар 140,045,620 төгрөгийн зарцуулалтын баримтыг ирүүлж зөрүү 147,191,041 төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй байх боловч нягтлан бодогч Д.А-ийн өглөгийн 70,129,410 төгрөгийг хасахад Б.Б-, Н.Т- нарт хамаарах зөрүү нийт 77,061,631 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримтаар 30,817,000 төгрөгийн зарцуулалт нь Б.Б-ы тооцооны өрийн үлдэгдлээс хасагдах, 109,228,620 төгрөгийн зарцуулалтыг Б.Б-, Н.Т- нарын хэний зарцуулалт болохыг салгаж гаргах боломжгүй байна” гэжээ. /9хх 147-152/,
Шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ040125/141 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Т-гийн Хаан банкны ...тоот дансанд 2017.06.01 2024.11.01 -ний өдрийн хугацаанд Б- сургуулийн спорт заалыг хувь хүн болон албан байгууллагад түрээслүүлэн нийт 122,041,268 төгрөгийн орлого орсон байна. Зарцуулалтын хувьд ...тоот данснаас спорт заалтай хамааралтай гэж үзэхээр нийт 3,790,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарсан нь тогтоогдож байна. 2018-2024 онуудад 6,040,000 төгрөгийг сургуулийн санхүүгийн бүртгэл, тайланд тусгаж тайлагнасан, 116,001,268 төгрөгийг санхүүгийн бүртгэл, тайланд тайлагнаагүй байгаа нь тогтоогдож байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн Н.Т-гийн Хаан банкны ...тоот данснуудаас Б.Б- болон түүний хамааралтай хүмүүс рүү нийт 148,226,590 төгрөгийн зарлага гарч, 27,499,000 төгрөг буцаж орсон байх бөгөөд зөрүү нь 120,727,590 төгрөг байна. 6. ЕГ040125/141 дүгээр дүгнэлтээр 140,045,620 төгрөгийг хасаж тооцоолсон нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Б.Б-ы тооцооноос хассан 30,817,000 төгрөгийн анхан шатны баримтыг шинжилгээнд ирүүлээгүй. 7. Нийт шинжилгээгээр тогтоогдсон 250,386,668 төгрөгийн дутагдлаас Б.Б- болон түүний хамаарал бүхий иргэд рүү шилжүүлсэн 120,727,590 төгрөгийг Б.Б-, Д.А- рүү шилжүүлсэн 70,179,410 төгрөгийг Д.А-, үлдэгдэл тооцоо болох 59,479,668 төгрөгийг Н.Т- тус тус хариуцахаар байна. 8. Шинжилгээнд ирүүлсэн дансны хуулга, санхүүгийн баримтуудыг тулган шалгахад Б- сургуулийн орлогыг нярав Н.Т- нь өөрийн хувийн дансаараа авч, анхан шатны баримт бүрдүүлэлгүй зарцуулсан байна. “Б- сургууль Биеийн тамирын заалны орлого, зарлага түүвэр” гэх хавтас бүхий 83,620,800 төгрөгийн нийт үнийн дүн бүхий зарлагын баримтуудыг тулган шалгахад баримтын бүрдэл дутуу буюу бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, бараа материалын орлого, зарлагын баримтууд дутуу, ирүүлсэн баримтууд нь хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй зэрэг анхан шатны баримтын шаардлага хангахгүй байна. Тус баримтуудад үндэслэн “бэлэн мөнгөний гүйлгээний тайлан” гаргасан байх бөгөөд тус тайланг нягтлан бодогч Д.А-, мөнгөний нярав Н.Т- нар гарын үсэг зурж, Баянгол дүүргийн 40 сургууль гэсэн санхүүгийн тамга дарж баталгаажуулсан байх хэдий ч тус сургуулийн санхүүгийн бүртгэл, тайланд тайлагнаагүй нь санхүүгийн зөрчил байна. Мөн шинжилгээнд ирүүлсэн эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтэд хамруулаагүй гэх “Спорт заалны орлогоос цайны газрын ажилчдад өгсөн урамшуулал” гэсэн санхүүгийн 1 хавтас бүхий 64,508,041 төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг ирүүлсэн байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.3-т заасан шаардлагыг хангахгүй байх тул шинжилгээнд хамруулаагүй болно” гэжээ. /10хх 39-64/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана”, 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж, 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж тус тус заажээ. Дээрх аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн 2 дүн зөрүүтэй, зарим баримтыг нь үнэлж, заримыг нь үнэлэхгүйгээр дүгнэлт гаргасан, тэдгээр нь үндэслэлтэй, үндэслэлгүй эсэхэд эргэлзээ төрж байх тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг эцэслэн тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Санхүүгийн зөрчил бүхий үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хэргийн оролцогч талуудаас мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж бүхий л баримтыг нэг бүрчлэн тулган шалгах нь чухал ач холбогдолтой юм. Нягтлан бодох бүртгэлийн тухайд санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй баримт байж болох боловч тус сургуульд зарцуулагдсан байж болох ажил, үйлчилгээг гэрч асуух, үзлэг хийх, хамт олны хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж байсан зэрэг асуудлыг шалгах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл аудитын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр Б- сургуулийн захирал Б.Б-, нягтлан бодогч Д.А-, нярав Н.Т- тус бүрийг өрийн үлдэгдэлтэй, түүнийг тус бүрдээ хариуцахаар тогтоосон атлаа зарим хүмүүсийн үйлдлийг шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал захирал Б.Б-, түүний хамаарал бүхий иргэд рүү шилжүүлсэн 120,727,590 төгрөгт холбоотой хэсэг, нягтлан бодогч Д.А-ийн хариуцах ёстой гэх 70,179,410 төгрөгт холбоотой үйлдэл, нярав Н.Т-гийн хариуцах 59,479,668 төгрөгт холбоотой үйлдэл, мөн зөвхөн спорт заалны түрээсийн орлого дээр яллах дүгнэлт үйлдсэн гэх боловч Н.Т-гийн ...тоот данснуудаар орсон Б- сургуульд орох байсан, орсон орлогыг тогтоох, дээрх мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэсний эцэст шүүгдэгч нарын холбогдсон үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийвэл зохино. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх үзсэн тул яллагдагч Б.Б-, Н.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б-, Н.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа. асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж хуульчилсан.
Хэрэгт “Тэд-Аудит” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №25/ш- 01 дугаартай эдийн засгийн шинжилгээг хийлгэсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлын дагуу “Тэд-Аудит” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №25/ш- 01/нэмэлт/ дугаартай эдийн засгийн шинжилгээг нэмэлт шинжилгээ хийлгэсэн.
Мөн яллагдагчийн өмгөөлөгчөөс хяналтын прокурорт гаргасан гомдлын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрын Санхүү, бүртгэлийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ040125/141 дугаартай дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдааны явц дахь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийж, дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн алийг нь нотлох баримтаар үнэлэх эсэхийг шийдвэрлэх боломжтой байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах талаар хуульчилсан бөгөөд шүүгчийн захирамжид тусгагдсан дээрх үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарахааргүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасанчлан шийдвэрлэх бүрэн боломжтой, мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх дахин шинжээч томилох үндэслэлтэй гэж үзвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилох хуулийн зохицуулалттай байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгчийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн 2026/ШЗ/1781 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Н.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сургуулийн заалыг түрээслүүлсний төлбөрүүд бүгд сургуульд, сургуулийн засвар үйлчилгээ болон, үйл ажиллагаанд зарцуулагддаг байсан. Заал түрээслүүлж олсон мөнгөнөөс хувьдаа 1000 төгрөг ч завшаагүй. ...” гэв.
Яллагдагч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн манай сургуулийн 7 жилийн санхүү, данс, тоо бүртгэлтийн баримтуудыг анхан шатны шүүх шаардлагагүй хангахгүй баримтууд гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сургуулийн заалыг түрээслүүлж олсон мөнгө бүгд сургуульд зарцуулагдсан. Сургуульд ямар ажлууд хийгдсэн, хэдэн төгрөгийн зарлага гарсан болох нь бүгд баримттайгаа байдаг. Гэтэл тухайн баримтуудыг сайн нягталж, шалгаж үнэлэхгүйгээр намайг буруутгаж байгааг үнэхээр гайхаж байна. Би заалны түрээсийн мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг зарцуулаагүй. Иймд хэргийг дахин шалгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Яллагдагч Б.Б-ы өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэж үзэж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан агуулгатай захирамж гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурор гэм буруутай эсэх нотлох баримт болон хохиролтой холбоотой бүхий л баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх, хөдөлбөргүйгээр тогтоох ёстой байдаг. Энэ хэрэгт санхүү, тоо тооцоололтой холбоотой шалгах зүйлс их байдаг учир хохиролтой холбоотой асуудлыг тодорхой тогтоосны дараагаар анхан шатны шүүх гэм буруугийн болон хохирол, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний зүгээс прокурорын бичсэн эсэргүүцлийг логикийн алдаатай эсэргүүцэл гэж үзэж байгаа.
Тодруулбал, прокурор эсэргүүцэлдээ “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогч нарын хүсэлтийг хангаж удаа дараа шинжээч томилж, нэмэлт болон дахин шинжилгээнүүд хийлгүүлж, дүгнэлт гаргасан учир уг хэрэг дээр дахин шинжээч томилуулах шаардлагагүй...” гэх агуулгыг дурдсан. Мөн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх дахин шинжээч томилох үндэслэлтэй гэж үзвэл хэргийг прокурорт буцаахгүйгээр шинжээч томилох хуулийн зохицуулалттай байхад хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна...” гэх агуулгыг эсэргүүцэлдээ тусгасан байдаг.
Прокурорын 2 агуулгатай дээрх эсэргүүцлээс прокурор хэргийг буцаахад шаардлагатай нөхцөл байдал байгаа болохыг нөгөө талаасаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сургуулийн 7 жилийн санхүүгийн тайлан болон бусад баримтуудыг манай үйлчлүүлэгч гаргаж өгсөн. Гэтэл прокурор хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байхаар ихэнх баримтуудыг үнэлэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Прокурор, хэзээний ямар баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг жагсааж бичиж, ангилах ёстой байсан. Гэтэл ямар баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг тодорхой болгохгүйгээр хавтаст хэрэгт авагдсан 83.000.000 төгрөгийн зарлагын баримтуудыг бүгдийг нь нотлох баримтуудын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь өөрөөр учир дутагдалтай, эргэлзээтэй байна. Тодруулбал, шаардлага хангаж байгаа болон хангахгүй байгаа баримтуудыг ялгаж, салгахгүйгээс улбаалан манай үйлчлүүлэгч 83.000.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан юм шиг нөхцөл байдал харагдаж байна.
Гэтэл бодит байдал дээр манай үйлчлүүлэгч хувьдаа нэг ч төгрөгийг зарцуулаагүй. Энэ хэргийн тухайд сургуулийн нягтлан тоо бүртгэлийн алдаатай зүйл гарсныг мөрдөн шалгах ажиллагааны шатанд, хэргийг шалгах явцдаа шалгалгүй орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. Мөн зарим хувийн хэвшлийн байгууллагаас худалдан авалт хийхэд и-баримт өгдөггүй тохиолдол байдаг. Тодруулбал, тухайн цаг хугацаанд сургуульд хийгдсэн ажлуудыг явуулахад шаардлага бараа материал авахад авсан газар нь и-баримт өгөөгүй, орхигдуулсан байхыг үгүйсгэхгүй. И-баримт өгөөгүй байгаа нь сургуульд засвар үйлчилгээ болон бусад шаардлагатай ажлууд хийгдээгүй, Б.Б- сургуульд хэрэгтэй зүйлүүдийг худалдан аваагүй гэж үзэх нь учир дутагдалтай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын буруутгаж байгаа үндэслэл нь 2017-2024 оны хооронд зааланд орсон 122.041.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан гэж буруутгаж байгаа. Гэтэл манай үйлчлүүлэгч Б.Б-ы данс руу 148.000.000 төгрөг орсон байдаг.
Өөрөөр хэлбэл, прокурорын буруутгаж байгаа мөнгөн дүн буюу 2017-2024 онуудад зааланд орсон орлогоос илүү мөнгө Б.Б-ы дансанд орсон байгаа юм. Прокурор яллах дүгнэлтдээ 122.041.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг төрийн санд тайлагнасан. Үлдэгдэл 116.204.100 төгрөгийг яллагдагч Б.Б- хувьдаа зарцуулсан, түүнээс гаргуулах нь зүйтэй гэх агуулгыг тусгасан. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүдэд Т.Т-гийн дансанд 50.479.000 төгрөг, А-ийн дансанд 70.000.000 төгрөг орсон нөхцөл байдал харагдаж байгаа. Зөвхөн заалны орлогоор манай үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа юм бол тухайн орлого, зарлагын асуудал тодорхой байх ёстой. Гэтэл яг хэдэн төгрөг болох нь тодорхойгүй байна. Тухайн цаг хугацаанд манай үйлчлүүлэгчийн дансанд заалны орлогоос гадна сурагч нарын номын түрээсийн төлбөр гэх мэт бусад орлого орж, тухайн орлогууд нь буцаж гарч сургуульд зарцуулагдаж байсан тохиолдол байгаа. Гэтэл мөрдөгч, прокуророос Н.Т-гийн данснаас Б.Б-ы данс руу орж байгаа орлого бүрийг заалны түрээсийн төлбөр гэж үзэж, яллагдагчаар татсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх захирамждаа “...Нягтлан бодох бүртгэлийн тухайд санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй баримт байж болох боловч тус сургуульд зарцуулагдсан байж болох ажил, үйлчилгээг гэрч асуух, үзлэг хийх, хамт олны хурлаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж байсан зэрэг асуудлыг шалгах зэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж тогтоох нь зүйтэй байна...” гэж үзсэн байдаг.
Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн дээрх захирамжийн агуулгыг үндэслэлтэй, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол гэж үзэж байгаа. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны шатанд сургуульд бодитой ямар ямар ажлууд хийгдсэн, гаргаж өгсөн зарлагын баримтуудад тусгагдсан ажлууд хийгдсэн эсэхийг үзлэг хийж, шалгаж тогтоох боломжтой байсан. Гэтэл эдгээр зүйлүүдийг шалгахгүйгээр хохирлын тооцооллыг хөдөлбөргүйгээр тогтоож, гаргаж ирсэн гэдэг нь учир дутагдалтай, эргэлзээтэй байна. Иймд уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Яллагдагч Б.Б-ы өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс П.Одонтунгалаг өмгөөлөгчтэй санал нэг байна. 2024 онд Б- сургуульд аудитын шалгалт хийгдсэн. Тухайн шалгалтаар дээрх сургуулиас ямар нэгэн зөрчил илрээгүй.
Гэтэл сургуулийн нярвын хувийн дансанд орсон мөнгийг “сургуулийн заал түрээслүүлж олсон мөнгө” гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Энэ хэрэг дээр Шүүх шинжилгээний байгууллагын санхүүгийн шинжээч нар 3 удаа дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтүүд нь бүгд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шүүх гэм буруутай эсэхийг тогтоохдоо эргэлзээтэй баримтад үндэслэж шийдвэр гаргаж болохгүй учир дахин шинжээч томилуулах шаардлагатай байна.
Манай үйлчлүүлэгчийн зүгээс хавтаст хэрэгт санхүүгийн баримтууд гаргаж өгсөн. Тухайн баримтууд нь сургуулийн албан ёсны тамга тэмдэгтэй баримтууд байдаг. А-ийг төлөх төлбөр гэж үзэж байгаа бол түүнийг уг хэрэгт оролцсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой. Энэ мэтчилэн шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болохгүй мөрдөн шалгах ажиллагаа байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Н.Т-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр яллагдагч нарын өмгөөлөгч нар хохирлын асуудал дээр маргаж, хэлэлцүүлэгт оролцсон. Өөрөөр хэлбэл, прокурор хохирол, төлбөрийн асуудлыг тодорхой тогтоогоогүй байсан тул өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөхгүй хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааснаар хэрэгт хавсаргагдвал зохих, санхүүгийн дутуу баримтуудыг хавсаргаж, хохирлын асуудлыг бодитой болгох ач холбогдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Яллагдагч Н.Т-гийн өмгөөлөгч Ч.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Н.Т-г спорт заалны орлогоос цайны газрын ажилчдад урамшуулал гэж 64.508.000 төгрөг өгсөн гэх санхүүгийн 1 хавтас бүхий баримтууд байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд цайны газрын ажилчдаас мэдүүлэг, тайлбар авахгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн.
Өмгөөлөгчийн зүгээс манай үйлчлүүлэгчээс урамшуулал авсан гэх хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авах ёстой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б-, Н.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүх Б.Б-, Н.Т- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн дүүрэн, тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/1781 дүгээр шүүгчийн захирамжийг үлдээж, прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ