Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 850

 

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр                                   

           улсын яллагч Д.Нямбат,

            шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д- д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808027101037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн 0--000 тоот өөрийн хашаандаа хөрш айлын Т.Отай “өөрийнхөө хашааны шороог тэгшилж байна, чамд хамаагүй” гэх шалтгаанаар маргаж Т.Оын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн 0--000 тоот өөрийн хашаандаа хөрш айлын Т.Отай “өөрийнхөө хашааны шороог тэгшилж байна, чамд хамаагүй” гэх шалтгаанаар маргаж Т.Оын нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Т.Оын мөрдөн байцаалтад өгсөн:..2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Их нарангийн 13-38а гэртээ эхнэр Энхчимэгийн төрсөн өдрийг тэмдэглээд архи уусан. Орой 20 цагийн үед гэрт ирсэн хүмүүсийг гаргаж өгөхөд хажуу айлын хүн газраа тэгшлээд хашаагаа тойруулаад шороо асгаад байсан. Тэгэхээр нь би хашаа руу нь ороод чи дэндүү даварч доромжилж байгаа юм биш үү гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм, би өөрийнхөө хашаанд юм хийж байна гэж хэлсэн. Тэгээд намайг барьж аваад би гарыг нь тавиулах гэж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Гомдол санал байхгүй, эмчилгээний зардал 187.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-13-14, 16/,

- гэрч Э.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:..2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хашаан дахь далий газраа тэгшилж янзлаж байхад хөрш айлын Г.О согтуу орж ирээд манай нөхрийг шууд заамдаж аваад цохисон байсныг түүний хүү нь хараад аавыгаа авч явсан байсан. Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Орой намайг ажлаа тараад ирэх үед манай нөхрийн хамрын угт зулгараад язарчихсан байдалтай болчихсон байсан. Юу болсон талаар асуухад Г.О гараараа цохиод ийм болгочихлоо гэж байсан. Тэгтэл сарын дараа цагдаагаас манай нөхрийг дуудсан. Манай нөхрийг хашааныхаа налуу газрыг тэгшилж байхад газар хамаагүй ухлаа гэх шалтгаанаар орж ирээд гараараа нүүрэнд нь цохисон байсан. Манай нөхөр Г.Отай барьцалдаж аваад газар унаад байсан гэсэн яг хаана нь юугаар цохисоныг мэдэхгүй байна, манай нөхөр бага зэрэг цочмог ууртай, өөр муу зан байхгүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-22/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6936 дугаартай:...Т.Оын биед духны зулгарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, эрүү, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-25/,

- шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-43-47, 61/,

- шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эхнэр Э.Н эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 4  дүгээр хороо Их нарангийн 0--000 тоот хашааныхаа хэсгийг хувийн компаний унагалдай нэртэй трактороор тэгшлээд янзалж байтал хөрш айлын Г.О 17:00 цагийн үед гаднаас согтуу байдалтай орж ирээд “чи ингэж хүн доромжлохгүй шүү” гээд нүдний шилтэй нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд түүнийг заамдалцаж байхдаа нэг удаа нүүрэнд нь цохисон. Тэр үед тракторын жолооч бид хоёрыг салгасан. Удалгүй Г.Оын хүүхэд нь ирээд аавыгаа аваад явсан. Тухайн өдөр өөрийн хашааны газраа тэгшилж байхдаа тэгшилсэн шороогоо өөрийн хашаагаа налуултал хашаа бага зэрэг хазайхад манай тал руу хазайгаад байшинтай налчихлаа гэх шалтгаанаар манай хашаанд орж ирээд миний нүүрэнд гараараа цохисон. Би зөрүүлээд заамдаж байхдаа нүүрэнд нь нэг удаа цохисон. Бид хоёрын дунд өр авлага өс хонзон байхгүй. Т.Оын биед духны зулгарал, баруун нүдний доод зовхины цус хуралт, зулгаралт, эрүү, цээжний зулгаралт гэмтлийг би гараараа нэг удаа цохиж учруулсан гэмтэл. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-39-42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Г.Д нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

            Бусад асуудал

Шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол төлбөрт 187.000 төгрөг төлсөн, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-68/ гэжээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Г.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дг  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР