Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 851

 

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Д.Ганчимэг,

            Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1808020180856 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 23-23 тоотод байрлах иргэн Н.Өын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хүнсний дэлгүүрт нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө түүний өмчлөлийн Бурхан багш 1 ширхэг, “Өндөр гэгээн” бурхан 1 ширхэг, “Зуу” нэртэй бурхан 1 ширхэг, “Махгал” бурхан 1 ширхэг, “Очирваань” бурхан 1 ширхэг, “Богдын шангад” зурмал 1 ширхэг, “Тойног” зурмал бурхан 2 ширхэг, Хонх 1 ширхэг, дамар жижиг гар 1 ширхэг, Зэм бумба 1 ширхэг, Тахилын цөгц 9 ширхэг, хурган дотортой мөнгөн товчтой дээл, өвлийн савхин куртик зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.160.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 23-23 тоотод байрлах иргэн Н.Өын эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу хүнсний дэлгүүрт нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө түүний өмчлөлийн Бурхан багш 1 ширхэг, “Өндөр гэгээн” бурхан 1 ширхэг, “Зуу” нэртэй бурхан 1 ширхэг, “Махгал” бурхан 1 ширхэг, “Очирваань” бурхан 1 ширхэг, “Богдын шангад” зурмал 1 ширхэг, “Тойног” зурмал бурхан 2 ширхэг, Хонх 1 ширхэг, дамар жижиг гар 1 ширхэг, Зэм бумба 1 ширхэг, Тахилын цөгц 9 ширхэг, хурган дотортой мөнгөн товчтой дээл, өвлийн савхин куртик зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.160.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

            - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-6-11, 18, 56-57/,

            - шинжээчийн дүгнэлт /хх-40-41/

- хохирогч Н.Өын мөрдөн байцаалтад өгсөн:...Бурхан багш 1 ширхэг, “Өндөр гэгээн” бурхан 1 ширхэг, “Зуу” нэртэй бурхан 1 ширхэг, “Махгал” бурхан 1 ширхэг, “Очирваань” бурхан 1 ширхэг, “Богдын шангад” зурмал 1 ширхэг, “Тойног” зурмал бурхан 2 ширхэг, Хонх 1 ширхэг, дамар жижиг гар 1 ширхэг, Зэм бумба 1 ширхэг, Тахилын цөгц 9 ширхэг зэрэг эд зүйлийг манай багш Ш гэж хүн надад өвлүүлэн үлдээсэн юм би сайн үнэлж мэдэхгүй байна. Эртний юм болохоор хосгүй үнэтэй байх гэж бодож байна. Мөн эхнэрийн хурган дотортой мөнгөн товчтой дээл байсан өнгөрсөн жил 1.500.000 мөнгөн төгрөгөөр худалдаж авч байсан. Миний өвлийн савхин куртик 650.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. Харин байшингийн хаалга эвдчихсэн 200.000 мянган төгрөг, хяналтын камер зэрэг эд зүйлийг эвдчихсэн байсан....Хулгайд алдагдсан бурхадуудыг соёлын  ховор эртний гэх зүйлд бүртгүүлээгүй байсан. Ш багш 1997 онд өвлүүлж байсан юм. Надад өвлүүлэн үлдээсэн Ш багш маань бурхан болчихсон. Хулгайд алдсан бурхадуудаа би үнэлж мэдэхгүй. Гэхдээ хулгайд алдсан бурхадууд болон бусад эд зүйлүүдээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээгээд авсан учраас надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Камер эвдрээгүй байсан юм байна лээ. Унтраачихсан байсныг нь эвдэрчихэж гэж бодсон юм байна лээ. Мөн би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ хаалга эвдэлсэн 200.000 төгрөг гэж мэдүүлэг өгсөн байгаа. Одоо энэ хүнээс би юу авахав дээ. Тэгэхээр хаалганы мөнгөө нэхэмжлэхгүй.... гэх мэдүүлэг /хх-22-23, 24-25/,

-   гэрч Д.Цийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад манай хажууд байдаг худагт ажилладаг Ц гэж дууддаг эмэгтэй 8906-9895 дугаарын утаснаас танай дэлгүүрийн дотор хаалгыг чинь эвдээд хулгай орсон юм шиг байна гэсэн.Тэгэхээр нь гэрээсээ гараад дэлгүүр дээр иртэл манай дэлгүүрийн хашаан дотор байдаг төмөр хаалгыг гадагш нь хөшөөд онгойлгочихсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Бид нар сүүлийн 14 хоног дэлгүүр дээрээ байгаагүй манай хүүхэд өвдөөд эмнэлэгт байсан хэдий ч ер нь эргэж тойрдог байсан бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад дэлгүүрээ эргэхэд зүгээр байсан. Манай дэлгүүрээс нэрийг нь мэдэхгүй юм гуутай бурхан, хонх, авдар дотор байсан гар дамар, ногоон торгонд ороосон том цан, ном судар хийсэн байсан хайрцагт байсан 3 ширхэг шоо, ясан шоо, хурган дотортой эмэгтэй дээл 1 ширхэгийг чемодантай нь аваад явсан өөр эд зүйлийг одоогоор мэдэхгүй байна. Би алдсан эд зүйлээ үнэлэхгүй, хурган дотортой дээлийг 1.500.000 төгрөгөөр үнэлэж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай дэлгүүрээс дотроо 3 том бурхантай байсан Зуу гэдэг бурхан, нэг нь Бурхан багш нөгөө нь Өндөр гэгээн. Тус гурван бурханг тойрсон 10 ширхэг махгал, тэр дунд 2 ширхэг Очирваань нэртэй бурхан байсан. Суумал бурхадуудын ард зурмал бурхан бий тэр нь Богд нэртэй бурхан. Бурхадууд бүгд шавар ба гадуур нь алтатчихсан байсан. Би үнэхээр мэдэхгүй байна тэдгээр нь бүгд хуучны эд зүйлс байгаа юм...гэх мэдүүлэг /xx-27-29/,

- гэрч П.Б мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын дундуур манайх Сонгино хайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 23-11 тоот хашаанаасаа нүүгээд тус дүүргийн 28 дугаар хороо ----- тоот хадам дүүгийн хашаанд гэрийнхээ тал юмнуудыг буулгасан чинь цагаан чемодан дотор нь бурхан ногоон хайрцаганд хурган дотортой дээл зэрэг эд зүйл байхаар нь энэ манай эд зүйл биш байна гэж бодоод тусдаа амбаарт хийлгэсэн. Тэгээд хулгайн юм байж магадгүй гэж бодоод цагдаад авч ирсэн...Б.Э манай 4 дэх хүү байгаа юм. Манай хүү өмнө нь 2017 оны 07 дугаар сард хорихоос суллагдсан. Саяхан цагдаа нар Б.Эийг асуугаад байхаар нь энэ 2 цүнхтэй баянхошууны эцэс орчмоор хүмүүс алтан бурхан хулгайлсан гэж яриад байхаар нь энэ байж магадгүй гэж бодсон юм...гэх мэдүүлэг /xx-30-31/,

- гэрч Д.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө билүү яг хэдэнд билээ одоо яг сайн санахгүй байна. Энэ өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирээд ажлын хаалгаа онгойлгож зогсож байгаад хажуу талд байрлах Баяннамсрай дэлгүүр лүү хартал хойд талынх нь модон хаалгыг хөшсөн байдалтай хугарчихсан хагас онгойлттой байдалтай байхаар нь дэлгүүрийн эзэн болох Цгэдэг эмэгтэйд хэлсэн...гэх мэдүүлэг /xx- 38/,

- шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой мэдээлэл /хх-14, 79-85/,

- эд зүйл хураан авсан, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-15-16/

- шүүгдэгч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, сайн дураараа өөрийн үйлдсэн гэмт хэргээ илчилж байна. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би ганцаараа гудамжинд 0.5 граммын архи уусан. Тэгээд архи дуусаад нэмж архи уух гэтэл дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгэхээр нь “Жи Эм Жи” бааранд орж сууж байгаад 03 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Тэгээд тэндээс гэрлүүгээ харих замдаа гудамжинд байдаг дэлгүүрээс архи авах санаатай очоод хаалгыг нь нүдсэн. Тэгээд онгойлгохгүй байхаар нь би хашааны хаалгаар нь ороод хойд талын байшин руу хүн байна уу гээд ороход хүн байхгүй байсан. Тэгээд урд талын дэлгүүрийн дотор талын цонхыг нь тогштол хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь хаалгыг нь чанга таттал онгойчихсон Тэгээд дэлгүүр лүү ортол хүн байхгүй байсан. Тэгээд лангуун дээрээс архи аваад хойд өрөө рүү ортол хүн байхгүй байхаар нь авдар дээр нь байсан эд зүйлийг цүнхэнд хийгээд гэртээ аваачаад тавьсан. Тэгээд гэрлүүгээ ороод унтаад өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. Тэгээд найзындаа 32-ын тэнд хоноод Өмнөговь руу ажил хийж яваад саяхан гэртээ ирсэн. Тэгсэн аав ээж 2 чамайг цагдаа нар хайгаад байна гэхээр нь өөрөө сайн дураараа хэргээ хүлээн ирж байна. Тэр үед би  ганцаараа байсан. Надад эд зүйл хулгай хийнэ гэсэн зорилго байгаагүй. Архи авах санаатай дэлгүүр орсон. Тэгсэн тэднийд хүн байхгүй байсан... гэх мэдүүлэг /xx-32-33/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Эийг бусдын 1.160.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь урьд хэд хэдэн гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, тухайн ялын хугацаа дуусч суллагдсан тухай баримт хэрэгт байгааг тэмдэглэв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.   

Бусад асуудал   

            Шүүгдэгч нь хохирогчийн эд зүйлийг хүлээлгэж өгсөн, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн /хх-24-25 / байна.     

Уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2018.10.03-ны өдрөөс 2018.10.04-ний өдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдсан Б.Эийн эзэмшлийн хар өнгийн хэтэвч, Капитал, Хаан банкны виза карт, 108 хүүхдийн тусламжийн утас бичиглэлтэй автобусны карт, 9999-5938 дугаарын сим картны үүр, 1000-тын дэвсгэрт 3 ширхэг, 100-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Эт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эийг бусдын 1.160.000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эийг 02 жил 02 сар хорих ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эийн эдлэх 02 жил 02 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Эийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаад оруулан тооцсугай.

 

5. Уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Эийн эзэмшлийн хар өнгийн хэтэвч, Капитал, Хаан банкны виза карт, 108 хүүхдийн тусламжийн утас бичиглэлтэй автобусны карт, дугаарын сим картны үүр, 1000-тын дэвсгэрт 3 ширхэг, 100-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.Эт буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Эийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.       

 

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР