Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/37

 

Ж.Б******* д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр,

Хохирогч М.Д*******,

Шүүгдэгч Ж.Б*******,  

Түүний өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор Ж.Б*******д холбогдох эрүүгийн 2531004630371 дугаартай, 316/2026/0039/Э/208/2026/0025 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт Ж******* Б*******, Монгол улсын иргэн, 1**** оны ** дугаар сарын **-ны өдөр С***** аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт С******* аймгийн ******* сумын ******* *-р баг задгай тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:************/;

Шүүгдэгч Ж.Б******* нь 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* сумын “** *******” гэх газраас М.Д*******гийн эзэмшлийн хүрэн зүсмийн 10 настай гүү, халиун зүсмийн 4 настай гүү, цавьдар зүсмийн 4 настай 3 тооны морь буюу олон тооны малыг худалдан борлуулах зорилгоор хулгайлж, 4,300,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

С******* аймаг дахь сум дундын Прокурорын газраас: Ж.Б*******гийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ургийн овогт Ж******* Б******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б******* д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шүүгдэгч Ж.Б******* нь гэмт хэргийн улмаас хохирогч М.Д*******гийн эзэмшлийн 1 тооны хээр зүсмийн 4 настай гүү, 1 тооны халиун зүсмийн 4 настай гүү, 1 тооны цавьдар зүсмийн 4 настай гүүг амьдаар нь буцаан өгсөн, хээр зүсмийн 10 настай, 1 тооны гүүний төлбөр 1,700,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурьдан,

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах нь бусдын малыг нууцаар, хууль бусаар авч эзэмших санаатай үйлдэл байдаг бол алдуул мал завших нь өөрөө ирсэн буюу олдсон малыг буцааж өгөлгүй эзэмшихийг хэлнэ. Шүүх үйлдэл эхэлсэн нөхцөл, санаа зорилгоор нь ялгах шаардлагатай байсан ба хулгайлах гэмт хэрэг нь идэвхтэй үйлдэл байдаг авах бол завших нь эзэмшилдээ авсны дараах үйлдэл байдгийг анхаарч үзээгүй  байна.

Ялгаа нь: Мал хулгайлах гэмт хэргийн хувьд малыг эзнээс нь нууцаар авч, өөрийн эзэмшилд шилжүүлж байгаа идэвхтэй, санаатай үйлдэл. Үйлдэл нь мал авах, машинд ачих зэргээр эхэлдэг

Алдуул мал завших гэмт хэрэг нь бусдын алдуул малыг өөрийн эзэмшилдээ авч, эзэнд нь буцааж өгөхөөс санаатайгаар татгалзах, өмчлөх зорилгоор хадгалах үйлдэл.

Шүүх хэргийг зүйлчлэхдээ мал хэрхэн ирсэн, сэжигтэн хэрхэн хандсаныг анхаарах ёстой. Хэрэв мал хулгайлах зорилгоор тууж авсан бол хулгай, харин өөрөө ирсэн малыг харсаар байж нядалсан эсвэл зарсан бол алдуул мал завших гэж үзэх үндэслэлтэй юм. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаap өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг.

Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Тодруулбал, алдуул мал гэдэг нь өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг ойлгохоор байна.

Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогчийн алдсан гэх 9 тооны адуу нь Г.Х гэрийн гадна ирсэн байсан, эзэн нь байвал ирж аваарай гэж сумын зарын группт зар оруулж байсан, гэрч Д.А, Б.Н нарын мэдүүлэгт өөрсдийнх нь адуу Ж.Б******* гийн адуунд нийлж, буцааж авч байсан талаар дурдсанаас үзвэл яллагдагч Ж.Б******* нь хохирогчийн 9 тооны адууг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч захиран зарцуулсан гэх мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Иймд хэрэгт цугларсан баримтуудаар Ж.Б******* нь олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэх хангалттай баримт авагдаагүй, бусдын өмчийг хууль бусаар өөртөө олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гомдол санал байхгүй. Хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Гэм хорын хохирлыг бүрэн барагдуулж дээр нь нэмж даагатай гүү нэмж өгсөн. Ямар ч хохиролгүй болсон гэв.

Прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...2025 оны 10 сард Ж.Б******* нь тухайн нийлж ирсэн адуунаас 3 тооны адууг ******* сумаас Д аймаг руу мах боловсруулах үйл ажиллагаа явуулах газар хүргэж, нэг тооны адуу эхнээсээ нядалгаанд ороход энэ гэмт хэрэг төгссөн байдаг. Ж.Б******* нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан орон нутгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг биелүүлээгүй. 08 сараас тухайн хүний мэдэгдэх үүрэг эхэлсэн байдаг. Өөрийнх нь адуунд нийлсэн гэдгийг энэ хүн мэдэж байсан. Тухайн адууг эрэн хайсан, мэдэгдсэн, холбогдсон нөхцөл байдал өөрт нь гараагүй учраас тухайн адууг зарж борлуулж, өөрийн эзэмшил болон өмчлөлд бүрэн дүүрэн шилжүүлэх байдлыг хэрэглэсэн. Нууц далд арга гэдэг маань өөрөө хохирогчид мэдэгдээгүй байхыг хэлж байна. Хилээр аваад гарсан бол дээрэм болно. Тухайн 3 тооны адууг С******* аймгаас Д аймаг руу тээвэрлэсэн үйл баримт нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ж.Б******* д холбогдох эрүүгийн 2531004630371 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.Шүүгдэгч Ж.Б******* нь 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* сумын “** *******” гэх газраас М.Д*******гийн өмчлөлийн 3 тооны адуу буюу олон тооны малыг худалдан борлуулах зорилгоор хулгайлах гэмт хэргийг үйлдснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Б******* г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ “шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй, бусдын өмчийг хууль бусаар өөртөө олж авсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой” гэж тайлбарлаажээ.

4.Хэрэгт авагдсан хохирогч М.Д*******гийн өгсөн: “...Би Б аймгийн Г сумаас 2025 оны 01 дүгээр сарын сүүлээс өөрийн 12 тооны адуугаа С******* аймгийн ******* суманд авч ирсэн. ...Тэгтэл 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш авч ирсэн, 12 тооны адуунаас 9 тооны адуу нь алга болсон. Тэгэхээр нь би цагдаад 2025 оны 06 дугаар сарын үед бүртгүүлсэн ба адуунуудаа нутаг руугаа гүйчихсэн байж магадгүй гэж бодоод ******* ын ганц нэг хүмүүсээс сураглаад явж байсан...  2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагийн үед ******* суманд байдаг манай нутгийн ах над руу залгаад “Д аймагт байдаг бойны газар чиний алга болсон гээд байсан адуунаас 3 ширхэг нь ирээд 1 нь бойн дээр ороод нядлуулчихсан байна үлдсэн 2-г зогсоочихлоо гэж хэлсэн. ...Дараа нь миний 3 адууг бойны газарт өгсөн хүний өвөлжөөнөөс очиж чандмань тамгатай байдсаа авсан. ... ах ******* ын сумын уяачдын групп дээрээс 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр миний алга болсон 9 тооны адуу Ар *******т гэх газарт наж байхад нь хүн зургийг нь дараад групп дээр тавьсан байсан талаар надад хэлсэн Тэрнээс хойш би сургийг нь гаргаж чадаагүй. ...миний алдсан 9 тооны адуунаас 4 адууг нь өөрийн адуундаа байлгаж байгаад 3 адууг нь мах нядалгааны газарт нядлуулахаар өгсөн Ж.Б******* гэх хүнээс мах нядалгаанд нядлуулсан хээр зүсмийн гүүнээс бусад Цавьдар гүү, Хээр гүү, Халиун гүү нарыг буцаан авсан бөгөөд сүүлд айлын адуунаас Ж.Б******* сураглаж байгаад хар морийг олж, надад буцаан өгсөн...” гэсэн мэдүүлэг,  Би Ж.Б******* гэх хүнд мах нядалгаанд өгсөн Хээр зүсмийн гүү дээрээ гомдолтой байгаа бөгөөд бусдаар надад өөр гаргах санал байхгүй” гэх мэдүүлэг ,

-Гэрч Г.Х өгсөн: “...Би С******* аймгийн ******* сумын Даагат 1 дүгээр багийн Могойт гэх газарт зуншдаг ба тухайн өдөр манай гэрийн гадаа 9 тооны адуу байсан ба цавьдар гүү нь чандмань тамгатай, 1 хар морь зэрэг байсан ба бусад адуунууд нь тамга, тэмдгийг сайн анзаараагүй. Тухайн 9 тооны адуу манай ******* сумын адуунууд биш байсан тул ******* сумын уяачдын фейсбүүк чатны групп дээр зурагнуудыг нь оруулаад “Ийм адуунууд манай гэрийн гадаа байна шүү эзэн нь байвал ирж адуунуудаа аваарай гэж хэлээд зураг оруулсан. Манай гэрийн гадаа 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байсан 9 тооны адуу орой нар жаргахын үед Мэргэний даваа зүгт явж байсан ба тэрнээс хойш дахиж харагдаагүй. Тэгтэл зураг оруулснаас хойш 10-аад хоногийн дараа гэх хүү ирээд “таны зургийг нь оруулсан адуунууд миний адуу байсан хаашаа явсан юм бол гэж асуухаар нь Мэргэн тал руу явж байсан гэж хэлсэн. Би тэрнээс хойш тухайн 9 тооны адууг огт хараагүй... Яг миний оруулсан зураг, чат устгагдсан байгаа. Харин сүүлд тухайн миний оруулсан зургийг 2025 оны 07 дугаар сарын 14-ны өдөр адууны эзэн гэх хүүхэд хайж байна гээд оруулсан байсан. Ямар ч байсан 1 ширхэг хар морь, чандмань тамгатай цавьдар гүү 1 тоо шиг тамгатай хонгор гүү, үлдсэн адуунуудын тамга тэмдгийг нь сайн хараагүй....” гэх мэдүүлэг,

-Гэрч Б.Нийн: “Би Б******* гэх залууг танина. ******* сумын ******* гэх газар мал, маллаж амьдардаг юм. Таньдаг болоод 5 орчим жил болж байна. Б******* нь хурдан морь уядаг болохоор танилцаж байсан. Миний санаж байгаагаар наадмын өмнөх үед Б******* тэй ******* сумын гүүрний доод талд таараад өөрийн алга болсон гүүгээ харсан уу гээд асуутал Б******* надад хандаж манай гэрийн ойролцоо ******* орчимд алагтай хэдэн тооны морьд гүйж ирсэн байна лээ гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Би тухайн морьдыг хараагүй Б******* манай гэрийн тэнд явж байсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг ,

-Гэрч Х.Ө өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын эхээр Б аймгийн Г сумаас өөрийн эзэмшлийн 12 тооны адууг С******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах Бугат гэх газарт тээврийн хэрэгслээр ачиж ирсэн талаар мэдэж байна. Мөн тухайн Б аймгаас авчирсан 12 тооны морийг М.Д******* өөрөө маллаж байгаад энэ оны зун 6, 7 сарын орчимд тус 12 тооны адуунаас 9 тооны адууг нь алдсан байсан. Тэгээд тус адууг сураглаж явж байгаад намар буюу 10 дугаар сарын сүүлээр 5 тооны адууныхаа сургийг гаргаж зарим нэгийг буцааж авсан талаар М.Д*******гээс сонссон...” гэх мэдүүлэг ,

-Гэрч Ж.А өгсөн: “...Миний анзаарч харснаар энэ оны зун шиг санагдаж байна Ж.Б******* гийн хээр зүсмийн халтар үрээ өмнө харагдаж байгаагүй Халиун гүү, цавьдар гүү, хээр гүү зэрэг байсан шиг санагдаж байна. Яг ямар тамгатай байсан талаар сайн анзаарч хараагүй. Дээрх өмнө нь үзэгдэж харагдаагүй гүүнүүдийг Ж.Б******* гийн хээр зүсмийн халтар үрээ хураагаад яваад байсан. Дээрх адуунууд нь манай сумын 3-р баr *******ын хөндийд байсан. Надад Ж.Б******* дээрх адуунуудыг хаанаас ирсэн, ямар хүнээс авсан эсэх талаар огт яриагүй бөгөөд би дотроо хүнээс авсан юм байна, эсхүл өөр хүн азарганд нь тавьсан юм байна гэж бодсон. Тэгээд би өөрөө ч энэ талаар сонирхож асуугаагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Д******* нь 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш адуунаасаа 12 тооны адуу нь тасарч алга болсон байх ба адуугаа алдсан талаар Цагдаагийн байгууллага болон ойр нутагладаг малчдад адуугаа сураглаж, мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ж.Б******* нь манай адуунд хэдэн тооны гүү морьд манай адуунд нийлээд зуссан эзэн нь сураглах байх гээд хүмүүст хэлж байсан тэгээд намар буюу 10 сард мөнгөний хэрэг болоод Д аймаг авч явж ченжид өгсөн гэсэн мэдүүлэг нь хохирогч М.Д*******гийн алдагдсан адуунууд нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны үед айлын гадаа бэлчиж байсан, 2026 оны 07 дугаар сарын 20-ны үед адуугаа сураглаж байсан тухай гэрч Г.Х мэдүүлэг, тухайн адуунаас 9 тооны адуу нь шүүгдэгч Ж.Б******* гийн адуунд нийлсэн, гүүнүүдийг нь түүний халтар үрээ нь хураасан байсан талаар гэрч Б.Н, Ж.А нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна.

5.“Алдуул мал” гэдэг нь хэн нэгний оролцоогүйгээр сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутагт буюу газар оронд шилжин байршсан өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй эзэнгүйдсэн малыг ойлгодог. Харин уг малын өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр буюу хөлөөр нь туух, ачиж авч явах зэргээр бусдын өмчлөл, эзэмшлээс өөрийн хууль бус эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн үйлдлийг мал хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад бусдын эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийнх нь эзэмшилд шилжсэн гэдгийг мэдсээр байж уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрдэг онцлогтой.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхой буюу хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсний дараа өмчлөгч, эзэмшигч нь гарч ирээгүй тохиолдолд өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрх үүсдэг бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй захиран зарцуулсан тохиолдол нь гэмт хэрэгт тооцогддог.

6.Прокуророос шүүгдэгч Ж.Б******* г өөрийн адуунд нийлсэн бусдын адууг С******* аймгийн ******* сумаас Д аймаг руу худалдахаар авч явснаар мал хулгайлах гэмт хэрэг төгссөн. Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан орон нутгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргийг Ж.Б******* биелүүлээгүй, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг 08 сард эхэлсэн. Өөрийнх нь адуунд бусдын адуу нийлсэн гэдгийг мэдсээр байж хохирогчид мэдэгдээгүй байгаа нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өөрийн адуунд нийлсэн бусдын адууг худалдах замаар завших сэдэл нь хожим төрсөн нь алдуул мал завших гэмт хэргийн шинжийг агуулсан гэж маргасан байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа талаараа үндэслэлээ тайлбарлахгүйгээр шүүгдэгч Ж.Б******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ.

7.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” зааснаар Прокуророос шүүгдэгч Ж.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэрэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

8.Шүүгдэгч Ж.Б******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

9.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нь Ж.Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/36 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Б******* д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ж.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”гэж,

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б*******г 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгосугай.” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б******* д оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*******г ийн энэ гэмт хэргийн улмаас 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, шүүгдэгч Ж.Б******* д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 48 хоног буюу /48 хоног х 15,000=720.000/ 720,000 төгрөгийг хасаж биечлэн эдлэх ялын хэмжээг 280.000 төгрөгөөр тогтоосугай.

3.Энэ өдрөөс эхлэн шүүгдэгч Ж.Б******* д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                             

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                            

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН