Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01533

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01533

 

 

 

Э.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01473 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.У-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, олох байсан хүүгийн орлого 1,700,000 төгрөг, нийт 21,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Ш, А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Э- нь 2020 оны 10 дугаар сард компани байгуулж цахим тоглоомын үйл ажиллагаа явуулна мөнгө хэрэгтэй гэж надаас мөнгө зээлүүлэхийг хүссэн тул миний бие 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 421002019 дугаартай данснаас 15,000,000 төгрөгийг түүний 451026319 дугаартай дансанд, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банкны 74022387 дугаартай данснаас 2,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч нийт 20,000,000 төгрөг зээлдүүлсэн. Б.Э- нь зээлсэн мөнгөө удахгүй өгнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй. Миний бие дээрх мөнгийг 1 жилийн хугацаанд 8.5 хувийн Хаан банк ХХК-ийн хугацаатай хадгаламжийн хүүтэй хадгаламжид хийсэн бол 1,700,000 төгрөгийн хүүний орлого олох байсан.

Иймд надаас зээлсэн 20,000,000 төгрөг, олох ёстой байсан хүүний орлого 1,700,000 төгрөг, нийт 21,700,000 төгрөгийг Б.Э-гаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э.У- 2020 оны 07 дугаар сараас эхлэн хамтран ажиллах хүсэлт удаа дараа гаргаж байсан. Миний бие е-спорт контор страйк Д-13 гэдэг нэртэй багийн эзэн юм. Нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзсаны дараа хамтран ажиллахаар болсон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 451026319 тоот дансанд 15,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт /invistment 1/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөгийг цалин /tsalin/, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөгийг /дараа тайлан тооцоо/ гэж 3 удаа шилжүүлсэн. Манай Д-13 гэдэг баг нь 5 тоглогч, менежер гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Дээрх тоглогч 5 залуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш байр 25 тоотын 120 м.кв байранд амьдарч, бэлтгэлээ хийдэг. Нэхэмжлэгч Э.У-ын өгсөн мөнгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Хамтран ажиллах хугацаанд нийт 229,786,500 төгрөгийн зарлага гаргасан. Энэхүү зардлыг хамтын ажиллагааны хугацаанд хамтран хариуцах ёстой байсан боловч нэхэмжлэгч тал нь нэг ч төгрөгийг нэмж өгөөгүй бөгөөд энэ зардлууд бүгд надаас гарсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Э-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.У-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана... гэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тодорхойлсон. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлэхдээ зээл бус харин хамтран ажиллах утгатай байсан. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 478 дугаар зүйл хамтран ажиллах гэрээ гэж үзэж байна гэсэн атлаа мөн хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж хоёрдмол утга бүхий шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэмээн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйл 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлсэн бөгөөд бусад этгээдийн данс болон бусад байдлаар мөнгө шилжүүлээгүй. Зээлийн гэрээ болон хамтран ажиллах гэрээнүүд нь нэрлэгдсэн гэрээ байх бөгөөд хууль тогтоогч тусгайлсан шаардлагатай байхаар хуульчилсан. Нэхэмжлэгч тал өөрсдийн нэхэмжлэлийн шаардлагаа зээл гэх бөгөөд мөнгийг дансаар шилжүүлэхдээ зээлтэй холбоотой үг, өгүүлбэр байхгүй гагцхүү хөрөнгө оруулалт байдаг. Үгийн шууд утгаар нь зээл бус хамтран ажиллах гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээнйй талууд хамтран хариуцна гэж заасны дагуу хариуцагч нь 6 хүн цалинжуулж ажиллуулдаг мөн түүнээс гарах байнгын зардалууд /орон сууц хөлслөх гэрээ, цахилгаан, дулааны төлбөр, хоолны болон өргөн хэрэглээний зардал/ шүүхээс тооцож үзээгүй бөгөөд гэрчийн этгээд Э.Намуун нэг удаа 10,000 ам.доллар авсан гэж мэдүүлсэн нь ашгийг хуваасан эсэх нь тодорхойгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагч тал үзэж байна.

4.в. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 421002019 дугаартай дансаар хамтын ажиллагааны үед 5 тоглогч болон 1 менежер нарт цалин олгож байсан /хх 2-11 тал/ мөн үйл ажиллагааны зардлууд /цахилгаан, хоол, орон сууц г.м/ тэр дундаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 28 дугаар байр 25 тоот 120 м.кв бүхий орон сууцыг нэг сарын 2,000,000 /хоёр сая/ гөгрөгөөр түрээслэдэг, гадаад улс руу явж тоглох бүрт нислэг, буудал, хоолны төлбөрийг гагцхүү хариуцагч л гаргадаг байсан. Энэ тухай гэрчийн этгээдээр оролцсон н.Мөнхтамир, н.Тэлмэн болон Э.Намуун нар нотолдог. Анхан шатны шүүхээс ашгийг хуваасан эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв гэсэн нь хоёр тал хамтран ажиллах явцад гагцхүү ашиг олох ёстой гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал хүсэл зоргийн илэрхийллээ зээлийн гэрээ гэдгээ нотлож чадаагүй харин хариуцагчийн хамтран ажиллах гэрээний нөхцөлд тусгасан байдлаар мөнгө шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн үүнтэй холбоотой тайлбарыг дээр дэлгэрэнгүй байх тул нарийвчлан бичээгүй болно. Анхан шатны шүүх ийнхүү тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчиж хуулийг нэхэмжпэгч тал ашигтай байдлаар тайлбарласан. Хариуцагчийн зүгээс дансны хуулга гаргаж өгсөн бөгөөд ашиг гэхээсээ илүүтэйгээр алдагдал хүлээсэн мөн хамтын ажиллагааны явцад 6 хүний цалин бусад зардлыг гагцхүү Б.Э- л хариуцан гаргаж байсан талаарх дүгнэлтийг шүүх хийгээгүй, хариуцагчийн татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

3 удаагийн гүйлгээгээр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Тус мөнгийг хүлээн авсан талаар талууд маргаагүй. Уг мөнгийг хариуцагч буцаан төлөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөөгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотлоогүй. Хариуцагч анх хэлэхдээ мөнгө буюу хөрөнгө оруулалт шаардлагатай байна, багийн тамирчидаа цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхэлж байгаа учраас мөнгө зээлдүүлээч гэх хүсэлт гаргасны улмаас 15,000,000 төгрөгийн гүйлгээний утга хамаарахгүйгээр шилжүүлсэн. Талуудын хооронд тохирсон тохиролцоо байхгүй байхад хариуцагч хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байгаа бол алдагдал болон ашгийг тэнцүү хуваах зохицуулалттай байх байсан. Мөнгө зээлсэн өдрөөс хойш хэрхэн үйл ажиллагаа явуулж, ашиг олсон болон алдагдал хүлээсэн талаар мэдэгдээгүй. Гэрчийн мэдүүлгээр хариуцагч удирдан явуулдаг тоглогч нар олон улсын тэмцээн уралдаанд оролцож, ашиг орлого олдог талаар мэдүүлсэн. Хариуцагч алдагдал их хүлээдэг учраас нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан мөнгийг төлөх боломжгүй болсон гэж тайлбарладаг. Мөнгийг хүлээж авсан талаар хариуцагч маргадаггүй, нэхэмжлэгчийн зүгээс мөнгийг буцаан аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн зүйл, заалтын тухайд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.     Нэхэмжлэгч Э.У- нь хариуцагч Б.Э-д холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг зээлдүүлсэн, мөн уг 20,000,000 төгрөгт олох байсан орлогыг Хаан банкны хугацаатай хадгаламжийн хүүгээр тооцож 1,700,000 төгрөг, нийт 21,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба, хариуцагч талаас нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар амаар тохиролцож 20,000,000 төгрөгийг надад өгсөн, энэ мөнгийг зээлдэж аваагүй учраас буцаан төлөх үүрэггүй, мөнгөний хүүгийн олох байсан орлого нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

2. Нэхэмжлэгч Э.У- нь дээрх 20,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт, цалин, дараа тайлан тооцоо гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Эдгээр гүйлгээ нь талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх эргэлзээгүй баримт биш юм. Тодруулбал, цахим тоглоомын е-спортын багийг хамтран ажиллуулах үйл ажиллагаанд нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтран ажилласан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагчийн энэ талаарх тайлбар нь гэрч Г.Мөнхтамирын мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

2.а. Хариуцагч талаас е-спорт багийн үйл ажиллагаанаас 230,000,000 төгрөгийн ашиг олсон гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг няцааж байх боловч уг үйл ажиллагааны ашиг, алдагдлыг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар хэрхэн хуваарилсан талаар нотлох баримтгүй байна.

 

2.б. Иймд нэхэмжлэгч Э.У- нь хамтран ажиллах зорилгоор бус харин хариуцагч Б.Э-д цахим тоглоомын е-спорт багийг удирдан ажиллуулах үйл ажиллагаанд зориулж 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэгч Э.У-ын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ.

 

3. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлд шууд хамаарахгүй хуулийн заалт баримталсныг залруулж зээл буцаан төлүүлэх үүрэгт хамаарах Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг болгон өөрчлөх шаардлагатай. Хариуцагчийн гомдлын энэ хэсэг үндэслэлтэй байна.

 

4. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол төлөх үндэслэл тогтоогдоогүй тул 1,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.а. Мөн нэхэмжлэгч Э.У- нь дээрх 20,000,000 төгрөгөө шилжүүлэхдээ хэзээ буцаан өгөх талаар хугацааг тохиролцсон тухай нотлох баримтгүй учраас хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлээс банкны хүүгийн хэмжээгээр тооцсон хохирол шаардсан хэсгийг хангах боломжгүй юм.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01473 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ