| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0818/Э |
| Дугаар | 860 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 860
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Хохирогч, шүүгдэгч У.Э,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б, У.Э нарт холбогдох 1808019640773 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” караоке баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч У.Эын үснээс зулгааж, доош дарж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч У.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” караоке баарны гадаа хохирогч Г.Згийн нуруун тус газар шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” караоке баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогч У.Эын үснээс зулгааж, доош дарж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч У.Э мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Нгийн хамт 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах толгойтын эцсийн буудал дээр байдаг Галакси нэртэй нийтийн караоке бааранд орж дуу дуулангаа хүний 4 шил пиво авч ууцгаасан. Тэнд байж байтал төрсөн ах НА найз Бгийн хамт гаднаас халамцуу байдалтай орж ирээд өөр ширээнд суугаад намайг юу хийж байгаа юм харь гэж байх үед гаднаас 2 эрэгтэй, 3 эмэгтэй хамт согтуу байдалтай орж ирээд дуу дуулж архи ууж байсан. ...Тэр үед ах дуу дуулж байгаад тэр залуусын нэг болох залуутай маргалдах гэхээр нь би ахыгаа ширээндээ авчирч суулгасан чинь нөгөө залуу ах руу хараад дуулаад байхаар нь би очоод мөрнөөс нь түлхээд чи цаашаа хараад дуулчих гэж хэлчихээд ширээндээ суусан чинь хамт явсан 3 хүүхний хамгийн залуухан бондгор хүүхэн хүрч ирээд чи манай нөхрийг өдөөд байгаа юм уу гээд хэрүүл өдсөн. Би тийм юм болоогүй гээд хоорондоо маргалдсан. ...Тэгтэл баарны бармен тэр хүмүүсийг бид нараас түрүүлээд гаргаад явуулсан бид нар тэндээ жоохон сууж байгаад ахыгаа таксинд суулгаж өгөх гээд найзтай нь хамт авч гартал надтай маргалдсан хүмүүс гадаа зогсож байсан. Би такси барих гээд зогсож байтал 3 хүүхэн холоос орилж хашгичаад хэл амаар доромжилж байгаад 3-лаа гүйж ирээд нэг нь үснээс зулгааж доош дарах үед хажуунаас ...өшиглөх үед ахын найз болон хамт явсан эрчүүд нь тэр 3 хүүхнийг салгаж аваад явсан. Миний биед учирсан тархи доргилт гэмтлийг Ч.Б “Галакси” караокены гадна замын хажууд үснээс зулгаах үед үүссэн, харин баруун бугалга, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Намайг Ч.Бтай барьцалдсан байхад хүмүүс салгах гэж байхад үүссэн гэмтэл байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-11-14/
- гэрч Ж.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой найз НАын хамт Галакси нэртэй караоке бааранд ороод сууж байтал НАын төрсөн дүү У.Э бас нэг эмэгтэйн хамт тэр бааранд сууж байсан, бид 2 өөр ширээнд суусан. Тэгтэл У.Э тэнд үйлчлүүлж байсан хүүхнүүдтэй хэрэлдэж маргалдаад байсан яг зодоон цохион болсон юм байхгүй. Удалгүй У.Э НА бид 2-ыг таксинд суулгаж өгнө гээд бид 2ыг тэндээс аваад гарсан. Тэгээд зам гараад дэлгүүрийн үүднээс такси барих гээд зогсож байтал хэрүүл хийж байсан хүүхнүүд замын цаанаас У.Этай дахин хэрэлдэж хүрч ирээд У.Эын үснээс зулгааж бужигналдаж эхэлсэн би тэр үед У.Эыг тэр эмэгтэй нараас салгаад цааш авч явах гээд байж байтал нэг эмэгтэй орилоод манай нөхрийн нуруунаас цус гараад байна гээд орилсон очоод хартал өндөр залуугийн нуруунаас цус гарсан байдалтай байх үед цагдаа нар ирээд аваад явсан... У.Эын үснээс том биетэй эмэгтэй зулгааж доош дарах үед хамт явсан эмэгтэй хажуугаас нь хараад зогсож байсан. У.Эыг цохиж зодож байхыг хараагүй юм байна, хоорондоо л зууралдацгаагаад байсан. ...Тэнд байсан эрчүүд зодоонд оролцоогүй тэр үед хүүхнүүд хоорондоо хэрэлдэж байгаад үс гэзэгнээсээ зууралдаж байхад нь У.Эыг би салгаж авсан. Нг зодуулж байхыг хараагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-135-137/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4860 дугаартай:.. У.Эын биед тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-39/
- шинжээч эмч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн:...У.Эын үснээс зулгааж сэгсэрсэн тохиолдолд тархи доргилт үүсэх боломжтой, тархи доргилт гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт үүссэн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-169-170/
- шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтад өгсөн:... гараад бид хэд такси барих гээд зогсож байтал У.Э ах гээд байгаа эрэгтэй түүнтэй хамт 2 залуугийн хамт гарч ирээд зам хөндлөн гараад дэлгүүрийн урд зогсож байснаа У.Э бид нарыг харааж доромжилж эхэлсэн чинь Э юу гээд байгаа юм гээд зам хөндлөн гараад очсон араас нь нөхөр БА нь явсан. Дараа нь би нөхөр Г.Згийн хамт яваад очтол Этай ноцолдох гээд бие биерүүгээ дайраад байх үед нөхөр БА нь хориглох үед У.Э надруу дайрахаар нь би чи түрүүнээс хойш юундаа давраад байгаа юм гэж хэлээд үснээс нь зулгаасан чинь миний үснээс бас зулгааж байсан тэгтэл хамт явсан эмэгтэй /сүүлд нэрийг нь мэдсэн/ Н гарч гүйж ирээд шууд замын боржур дээр бүдэрч унаж байгаа харагдсан. .. тэр үед нөхөр Г.З, БА 2 Э бид 2-ыг салгасан. Би үснээс нь нэг удаа зулгаасан... гэх мэдүүлэг /хх-169-170/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэн,
Шүүгдэгч У.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Галакси” караоке баарны гадаа хохирогч Г.Згийн нуруун тус газар шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Г.Згийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орой гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байтал гэр бүлийн найзууд болох Э, нөхөр БА, А эхнэрийн хамт 4-лээ манайд хүрч ирсэн. Тэгээд Орбитын эцэст байрлах “Галакси” нэртэй нийтийн караокед орсон. Эхнэр бид 2 дуулж байтал хажуугийн ширээнд сууж байсан өндөр залуу ирээд чи суучих дуулахаа больчих гэсэн тэгээд би дуулахаа болиод нөгөө залууг суудалд нь сулгасан чинь хамт сууж байсан 2 хүүхний нэг нь сүүлд нэрийг нь мэдсэн У.Э хэл амаар доромжлоод эхнэр Ч.Бтай маргалдаж хоорондоо үс гэзэгнээсээ зулгаацалдсан бид нар салгаад караоке баарнаас гараад такси барих гээд зогсож байвал араас У.Э 2 залуутайгаа хамт гар ирснээ эхнэрийг дахин доромжлоод Ч.Б, Э, Ука нартай маргалдаад байхаар нь би очиж салгаад аваад явж байтал миний араас У.Э чулуу шидэж байснаа нуруунд нэг удаа цохисон би тэр чигтээ явж байтал найз БА нуруунаас чинь цус гарч байна гэж байсан удалгүй цагдаа ирээд миний хувцсыг тайлж үзсэн чинь цус гарч байсан ба түргэн дуудаад гэмтлийн эмнэлэг орж нуруундаа 3 оёдол тавиулсан... Энэ гэмтлийг У.Э гэх эмэгтэй шил мэт ирмэгтэй зүйлээр нуруунд нэг удаа цохиж гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх-5-7/
- гэрч Н.Аын мөрдөн байцаалтад өгсөн:... Г.Згийн нуруу зүсэгдсэн шарх гэмтлийг У.Э араас нь газар байсан юм авч шидэж байгаад учруулсан... гэх мэдүүлэг /хх-167-168/
- гэрч Т.Б мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр СХД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ 117 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад толгойтын хуучин эцэст хүмүүс зодолдоод байна гэж жижүүрээс дуудлага өгсөн. Дуудлагаар очиход нуруунаас нь цус гарсан эрэгтэй хүн байсан. Г.З, Ч.Б нарыг 103-т хүлээлгэн өгч, У.Э, НА нарыг аваад эрүүлжүүлэх байранд хүргэж хүлээлгэн өгсөн. Тухайн үед ойр хавиар хутга байхгүй байсан. У.Эын биед ил харагдах шарх сорви байхгүй байсан, ... У.Эын биед үзлэг хийгээгүй. Эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-166/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4801 дугаартай:... Г.Згийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-33/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3278 дугаартай:... Шинжилгээнд ирүүлсэн хүрэм, цамц, майкны, ар нуруу хэсэгт хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлт байна. Уг зүсэгдэлт нь хутга түүнтэй адилтгах зүйлээр гарсан байж болно...гэх дүгнэлт /хх-50/
- шүүгдэгч У.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...би тэд нарт “намайг зодчихлоо, та нар зогсож бай гэж хэлээд” газраас чулуу аваад шидсэн, мөн гүйж очоод нэг эрэгтэйн нуруунд гартаа байсан зүйлээрээ 1 удаа цохисон. Г.Згийн нурууны шарх бүхий гэмтлийг би газраас шилний хагархай гартаа барьж байгаад 1 удаа нуруунд нь цохиж учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-73-74/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Б, У.Э нарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өсвөр насны хүүхэдтэй зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгч нарын орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Бусад асуудал
Шүүгдэгч У.Э нь хохирогч Г.Зд хэргийн улмаас хохиролд 100.000 төгрөг төлсөн, хохирогч У.Э, Г.З нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-11, 173/ гэжээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б, У.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, У.Э нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сар, Ч.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б, У.Э нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б, У.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР