Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2026/ДШМ/38

 

Т.Г*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр,

Хохирогч Р.О*******,

Шүүгдэгч Т.Г*******,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, М.Гансүх нарыг оролцуулан, 

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Т.Г*******ад холбогдох эрүүгийн 2531001540354 дугаартай, 316/2026/0014/Э/208/2026/0027 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х******* овогт Т******* Г*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр У******* хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, С******* аймгийн Ц******* газар захиргаа удирдлагын тасгийн ******* жолооч ажилтай, ам бүл 1, ганцаараа хамт С******* аймгийн С сумын *-р баг, *-р хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /;

Шүүгдэгч Т.Г******* нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 17 цагийн үед С******* аймгийн С сумын * дугаар баг **** тоотод байрлах Р.О*******ийн гэрт өөрийнхөө хүүхдүүдтэй уулзах гэж очихдоо тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан түүний баруун дал хэсэг, цээж хэсэгт нь цохисны улмаас биед цээжний баруун талд 2-р хавирганы төгсгөл хэсэгт сэлтэрсэн хугарал, цээж, зүүн бугалгад цус хуралт, баруун бугуйд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

С******* аймгийн Прокурорын газраас: Т.Г******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Х******* ургийн овогт Т******* Г******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г******* ад дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхээс оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тогтоолоор мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг С******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г******* ас 8,580,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.О******* т олгон,

Шүүгдэгч Т.Г******* ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн,

Шүүгдэгч Т.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидиг хэргийн хамт хадгалахыг тус тус дурьдан, ...давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхийг тайлбарлажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Т.Г******* ын үйлдлийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд идэвхитэй үйлдлээр халдсан, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж дүгнэсэн нь хэрэг авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Болсон үйл баримтыг хамгийн анхан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан шалгах явцад хохирогч, холбогдогч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн, нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад мэдүүлгийн зөрүү арилаагүй, хохирогчийн биед баруун гарын сарвууны ар хэсэгт Зулгарсан, өөр бэртэл гэмтэл харагдаагүй, Т.Г******* ын биед гэмтэл, шарх байхгүй, харин толгой дээр нь аяга хагалсан гэж хэлсэн, Р.О******* ийн хувьд Г*******ыг чадна, арга хэмжээ авхуулна, өстэй юм шиг санагддаг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Байхад утсаа авахгүй, ирэхгүй, саад учруулдаг байсан талаар эрх бүхий албан тушаалтан Э.Э мэдүүлсэн,

Гэрч Б.Б мэдүүлэн, Т.Г******* нь “та. Намайг түлхэж хаалганы шилийг хагалсан биз дээ, та өөрөө намайг түлхэж байгаад гараа хаалганы шилэнд зүссэн ш дээ” гэх зэргээр хэлж байсан, мөн шалаар шаазан аяга хагарсан байхаар нь энэ яасан юм бэ гэж Т.Г******* аас асуухад миний толгойн ард талд наад аягыг чинь шидэж хагалсан гэж хариулсан гэж хариулсан. Энэ үед Р.О******* нь би тэгээгүй гэж тайлбар тавихгүй байсан” гэж дурьдсан байна.

Хохирогч Р.О******* нь мэдүүлэхдээ “...миний цээж рүү 3-4 удаа цохиж миний хувцаснаас барьж түлхсэн” гэсэн нь шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэнтэй тохирохгүй байна.

Шийтгэх тогтоолд дурьдсан эдгээр баримтууд нь шүүгдэгч Т.Г******* ыг буруутгахад эргэлзээ төрүүлэхээр байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн шаардлагыг хангаж байна.

Түүнчлэн тухайн үед хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй байсан ба эдгээр хүмүүс нь харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход учир дутагдалтай юм.

Т.Г******* ыг үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын шинжтэй эсэхэд шүүх анхаарлаа хандуулаагүй. Өөрөөр хэлбэл өмнө дурьдсан гэрчүүдийн мэдүүлэг, мөн шүүгдэгчийн мэдүүлэг, дүрс бичлэг зэргээс үзэхэд Т.Г******* нь өөрийн... амь нас, эрүүл мэндийн эсрэг Р.О******* йн хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцан үгүйсгэх, эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна Хохирогч Р.О******* ийн үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байсан ба үүнийг мөн шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болгож, Т.Г******* ыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож егнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэг:Анхан шатны шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс ...шүүгдэгч Т.Г******* нь хохирогчийг цохиж, зодох байдлаар гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй, түлхсэн үйл баримт тогтоогдсон....гэм буруугийн санаатай болгоомжгүй үйлдлийг тогтоогдоо тухайн хэргийн эхлэл, өрнөл гэмт этгээд хохирогч хоорондын тухайн үеийн харилцаа хандлага зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй. ...шүүгдэгч Т.Г******* нь хохирогчтой маргалдах явцад түүнийг өрөөний хаалга руу түлхэж хаалганы шилэн цонх хагалж, улмаар хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ...” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Нотолбол зохих байдал” “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нотлон тогтоогдоогүй гэж үзэн мөн Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйд тооцуулахаар санал болон хууль зүйн дүгнэлтийг шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан хууль зүйн дүгнэлт, түүний үндэслэлд “эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзсэн мөртлөө шийтгэх тогтоолд эргэлзээ гараагүй гэж үзэх болсон үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтыг тайлбарлаагүй. Анхан шатын шүүх өмгөөлөгчийн зүгээс Т.Г******* ын үйлдлийг нотолсон гэх нотлох баримтын өөр хоорондын зөрүү, эргэлзээтэй гэж үзсэн өмгөөлөгчийн санал үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгээгүй нь хохирогчид учирсан хохирлыг гаргуулах болсон хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй зэрэг нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдоно.

Зөрүүтэй гэж үзэж буй нотлох баримтын талаар шинжээч нарын дүгнэлтээр хохирогчийн биед “баруун талын 2-р хавирганы төгсгөл хэсгийн сэлтэрсэн хугаралтай” гэх гэмтэл үүссэн талаар хохирогч нь 2025 оны 03-р сарын 12-ны өдрийн дүрс оношилгооны хариунаас олж мэдсэн байдаг. Гэтэл дээрх гэмтэл нь эмнэлгийн байгууллагын шинжилгээний хариунаас илэрсэн цаг хугацаанаас хойш 13 хоногийн дараа буюу хохирогч нь Ц******* байгууллагад 2025 оны 03-р сарын 25-нд гомдол гаргасан нь тогтоогддог. /1-р хх-ийн 13-15- р тал/

-Хохирогч нь Гэмтэл согог үндэсний төвд үзүүлж, хариу гарсан цаг хугацаанаас хойшхи цаг хугацаанд Т.Г******* ын үйлдлийг шалгуулахаар гомдлыг ц******* байгууллагад гаргахдаа өөрийн биед үүссэн гэмтлийн талаар гомдолдоо огт дурьдаагүй, тухайн гэмтэл нь Т.Г******* ын үйлдэлтэй шалтгаант холбоотой учир шалгуулах талаар мөн гомдолдоо дурьдаагүй, харин гэр бүлийн хүрээнд үүссэн хүчирхийлэл, хүүхдийн асрамжийн талаар дурьдаж шалгуулахыг хүссэн талаар гомдлын агуулгад дурьдаж бичсэн байдаг.

Иймд эрүүгийн хэргийн хүрээнд авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон эргэлзээ бүхий үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, дээрх нөхцөл байдлын талаар гаргасан өмгөөлөгчийн үндэслэл бүхий дүгнэлтэд анхан шатны шүүх ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэл бүхий няцаалтыг хийгээгүй. ...шүүгдэгч Т.Г******* нь хохирогчтой маргалдах явцад түүнийг өрөөний хаалга руу түлхэж хаалганы шилэн цонх хагалж, улмаар хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ...” тайлбарласан нь “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсныг зөрчсөн.

Хохирогчоос өгсөн 2 өөр мэдүүлгийг өөр хооронд харьцуулан  судлаагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, зөрчилдсөн баримтуудыг тус бүрд нь хооронд нь харьцуулж үнэлээгүй нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч Т.Г******* хохирогч Р.О*******ийн биед гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэх үйлдлийг хөдөлбөргүйгээр нотлон тогтоогоогүй, нотлох баримтын харилцан зөрүү, түүний эх сурвалж үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий үндэслэл үүссэн гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Мөрдөгчид би удаа дараа мэдүүлэг өгсөн. Цохисон, зодсон зүйл байхгүй. Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна” гэв.  

Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хаалгаа онгойлгож өгөөд байхад намайг орж ирж зоддог. Шөнийн 2 цагт хаалгыг маань мулз татаж орж ирдэг. Энэ хүн намайг бүрэн дарамталж байсан. Хоёр гараараа намайг цээж рүү цохиж гэмтээсэн. Сүүлд шилтэй хаалга руу намайг цохиж хэмхэлчихээд гүрийгээд байна. 103 дээр очиж үзүүлээд рентген зураг авхуулсан. Шүүх шинжилгээний албад очиж үзүүлж сэтгэл санааны хохирол тогтоолгож бүх зүйлийг болохоос нь болохгүй хүртэл үнэн зөвөөр хариулсан.  Би худлаа ярихгүй. Яагаад гэвэл би амьдралын эрээн барааныг үзсэн. Би гомдолтой байна” гэв.

Прокурорын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Энэ гэмт хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх дүгнэлт гарсан. 2 дахь шинжээчийн дүгнэлт нь томографын зурагт үндэслэн хавирга хугарсан байна. Уг хавирга нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх 2 удаагийн дүгнэлт гарсан.  Эдгээр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн. Оролцогч нарын гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийг цагаатгах талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн уг гэмт хэргийг үгүйсгэсэн нотлох баримт авагдаагүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Т.Г******* ад холбогдох эрүүгийн 2531001540354 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Т.Г******* нь 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр 17 цагийн үед С******* аймгийн С сумын * дугаар баг **** тоотод байрлах Р.О******* ийн гэрт өөрийнхөө хүүхдүүдтэй уулзах гэж очихдоо тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан түүний баруун дал хэсэг, цээж хэсэгт нь цохисны улмаас биед цээжний баруун талд 2-р хавирганы төгсгөл хэсэгт сэтэрсэн хугарал, цээж, зүүн бугалгад цус хуралт, баруун бугуйд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Р.О******* ийн “...Т.Г******* нь миний төрсөн охин Г 2014 онд гэр бул болж дундаасаа ***********гурван хүүхэдтэй болж 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан Анх гэр бул болсон цагаасаа Г******* нь эхнэр Г д байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Одоо эхнэр Г нь Ө аймгийн Ц******* газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаа. ...тэр өдөр манай гэрт ирээд “та нар муусайнууд нь миний мууг үзэх гэлээ” гэж хэлээд шууд миний баруун дал руу гараараа цохиход би гартаа барьсан аягаа алдаж хагалсан. Тэгээд өөрөө хагархай аяганы зургийг гар утсаар дарж, ширээн дээр байсан хайчийг авч над руу намайг алчих, алчих гэж дайраад байхаар нь би хайчийг нь автал гар утсаараа миний зургийг дарсан. Тэгснээ миний цээж рүү гараараа 3-4 удаа цохиж миний хувцаснаас барьж түлхсэн, тэр үед би арагш болохдоо хаалганы шилийг хагалчихсан. Ингээд би ц******* байгууллагад дуудлага өгөхөд 2 ц******* алба хаагч маш хурдан ирж Г*******ыг авч явсан. Явахдаа Г******* хүү М****ыгаа авч явсан. Бидний хооронд байшингийн өмчлөлийн зээлийн гэрээний төлбөр төлөөгүй маргаан байгаа. ...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зодуулахдаа С******* аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Мөн У******* хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-р хуудас/,

-Гэрч Б.Бгийн “…25 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн орчимд С******* аймгийн ц******* газар дээр 24 цагийн зөрчлийн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байх үед иргэн Р.О******* ээс “манай хүргэн Г******* нь хэрүүл маргаан хийж, хүүхдээ авч явах гээд байна” гэх дуудлага мэдээллийн дагуу С сумын 3 дугаар багийн нутаг 2002 тоотод байх Р.О*******ийн гэрт ******* жолооч, ц******* ахлагч С.Н ***********/-ийн хамт очсон. Тэгээд гэр рүү орохдоо би жижүүр дээр байдаг энгэрийн камерын бичлэгийг ажиллуулж гарах хүртэл бичсэн. Тухайн үед гэрт ороход Р.О******* нь чанга дуугаар орилсон, Г******* нь ширээний хажууд байх сандал дээр суучихсан Р.О******* ийн урдаас “та намайг түлхэж хаалганы шилийг хагалсан биз дээ, та өөрөө намайг түлхэж байгаад гараа хаалганы шилэнд зүссэн ш дээ” гэх зэргээр хэлж байсан. Мөн шалаар шаазан аяга хагарсан байхаар нь энэ яасан юм бэ гэж Г******* аас асуухад миний толгойны ард талд наад аягыг чинь шидэж хагалсан гэж хариулсан. Энэ үед О******* нь би тэгээгүй гэж урдаас нь тайлбар тавихгүй байсан. Р.О*******, Т.Г******* хоёр нь хүүхдээ булаацалдаж хэрэлдэж маргалдаад байхаар нь би О******* т хандаж “та энэ хүүхдийг аавтай нь уулзуулахгүй байж болохгүй, уулзуулахгүй гэсэн шүүхийн шийдвэр гараагүй учраас энэ хүүхэд аавтайгаа уулзах эрхтэй” гэж тайлбарласан ...Р.О******* ийн баруун гарын сарвууны ар хэсэгт нь зулгаралт үүсч цус гарсан байдалтай байсан. Өөр ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй. Р.О******* нь “наад Г******* чинь намайг ийм болгочихлоо” гэж хэлж байсан. Тэгэхэд Г******* нь “та ямар аймар худалч юм бэ та өөрөө намайг түлхэж хаалганы шил хагалсан биз дээ” гэж байсан. Р.О******* нь Г******* намайг ийм болгочихлоо гэж хэлснээс өөрөөр намайг зодсон гэж хэлээгүй шиг санаж байна. Т.Г******* ын биед ил харагдах бэртэл гэмтэл шарх харагдаагүй. Мөн Г******* нь толгойны ар хэсэг рүү аяга шидсэн, хайчаар чамайг дүрчих үү гээд дайрсан гэж хэлж байсан. Р.О*******, Т.Г*******, 5 настай ****** гурав байсан. Өөр хүн байгаагүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-69-р хуудас/,

-Гэрч Э.Эгээс 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Иргэн Р.О******* ээс “Манай хүргэн Т.Г******* нь гэрт хэрүүл маргаан үүсгээд байна” гэх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хэрэг бүртгэх тасгийн дарга, ц******* дэд хурандаа Я.Г цохолтоор уг зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн. ...хохирогч, холбогдогч нар нь зөрүүтэй мэдүүлэг өгч байсан учир 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Р.О*******, Т.Г******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан. Мөн Т.Г******* нь Р.О******* т мөн зодуулсан гэж мэдүүлэг өгсөн учир энэ өдөр хохирогчоор мэдүүлэг авсан. Ингээд Р.О******* ийн эрүүл мэндэд шинжээч томилуулахаар прокурорын зөвшөөрөл гаргуулж шинжээч томилуулж С******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтэст үзүүлсэн. Харин Т.Г******* нь эрүүл мэнддээ шинжээч томилуулахгүй гэж хэлсэн учир шинжээч томилоогүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-47-р хуудас/,

-Шинжээч эмч Н.Э 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2 дугаар хавирганы төгсгөл хэсэгт сэтэрсэн хугарал цээж цус хуралт гэмтэл нь хамтдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалгад цас хуралт баруун бугуйд зулгаралт гэмтэл нь дан дангаараа тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй. Дүрс оношилгооны эмчээр давтан уншуулахад бороололт бүрэн үүсээгүй мөн С******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлсэн баримт зэргийг үзэхэд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Өвчүүний урд төгсгөл хэсэгт хугарал үүссэн байгаа нь өөрөө өөртөө учруулах боломж муутай, боломжгүй гэж үзэж байна…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-97-р хуудас/,

-С******* аймгийн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №102 дугаартай: “…Р О******* -н биед зүүн бугалга баруун хөхөн доор цус хуралт, баруун бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна  Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй….” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 82-83-р хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №ЕГ0525/564 дугаартай “...Р.О******* ийн биед цээжний баруун талд 2-р хавирганы төгсгөл хэсэгт сэлтэрсэн хугарал, цээж, зүүн бугалгад цус хуралт, баруун бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх учирсан гэмтэл тус бүр нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр Хараг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх шинжээчийн дүгнэлт, /1-р хх-ийн 91-93-р хуудас/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЕГО825/3627 дугаартай: “…Р**** овогтой О******* /РД:******/-ийн сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Эдгээр шинжүүд түр зуурынх эсхүл байнгынх эсэх нь түр хувь хүний сэтгэл зүйн онцлог, нийгэм, хамт олон, гэр бүлийн дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зэргээс шалтгаална. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй…” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 107-109-р хуудас/, 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ЕГО525/1367 дугаартай: “…Р.О******* ийн биед учирсан баруун 2-р хавирганы төгсгөл хэсгийн сэлтэрсэн хугарал нь 2025.03.12-ны өдрийн цээжний томограмм зурагт бүрэн бороололт үүсээгүй, бороололт явагдаж буй байдалтай байх ба хэрэг учрал болсон гэх 2025.01.28-ны өдөр үүссэн байх боломжтой. ШШЕГазрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн хамтран гаргасан 2025.04.09-ны өдрийн ЕГ0525/564 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан хавирганы төгсгөл хэсгийн сэлтэрсэн хугарал болон С******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025.02.06-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан цээжний баруун талын хавирга өвчүүний холбоос мөгөөрсний гэмтэл нь байрлалын хувьд ижил, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Хохирогчийн биед учирсан цээжний баруун урд талд 2-р хавирганы төгсгөл хэсгийн сэлтэрсэн хугарал, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ноцолдох, түлхэгдэх, татагдах зэрэг нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 129-132-р хуудас/, зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Г******* ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Г*******ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

4.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Г******* ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар буюу хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг зөрүүтэй, хохирогч шүүгдэгчийн үйлдлийн улмаас гэмтэл авсан эсэх нь эргэлзээтэй байхад шүүх өөр хоорондоо зөрүүтэй баримтыг хэрхэн үнэлсэн талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн гэм буруу нь эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогчоос авсан мэдүүлэг нь маргаан гарах болсон шалтгааны талаар өөрөөр мэдүүлж байгаа боловч “шүүгдэгч нь гэрт орж ирсэн хүүхдээ авахаар булаацалдах явцдаа шүүгдэгч Т.Г******* нь хохирогчийг түлхсэн байх ба хохирогч нь хаалгыг мөргөснөөр хаалганы цонх хагарч хохирогчийн гар гэмтсэн, улмаар түлхэгдэх явцад хохирогчийн цээжинд гэмтэл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, шинжээч нарын удаа дараа гаргасан дүгнэлтээр тогтоогдсон гэж үзлээ.

“Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч” гэж шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийг; “шинжээчийн дүгнэлт” гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг тус тус ойлгох ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ЕГО525/1367 дугаартай, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЕГО825/3627 дугаартай, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн хамтран гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0525/564 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан хавирганы төгсгөл хэсгийн сэтэрсэн хугарал болон С******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан цээжний баруун талын хавирга өвчүүний холбоос мөгөөрсний гэмтэл нь байрлалын хувьд ижил, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Хохирогчийн биед учирсан цээжний баруун урд талд 2-р хавирганы төгсгөл хэсгийн сэлтэрсэн хугарал, цээж, зүүн бугалганд цус хуралт, баруун бугалганд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Ноцолдох, түлхэгдэх, татагдах зэрэг нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна…” гэх шинжээчийн дүгнэлтүүдэд тус тус тухайн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн, яаж, үзлэг, шинжилгээг хийж тогтоосон талаар дүгнэлтэд дурдсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, хохирогчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй талаар дурдаж, тайлбарлаж байх хэдий ч эргэлзээтэй болохыг баримтаар үгүйсгэж чадаагүй тул уг давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой асуудлаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Шүүхийн шинжилгээний байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журамд” зааснаар гэмт хэргийн хохирогч Р.О*******т учирсан гэм хорыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0825/3627 дугаар дүгнэлтээр гуравдугаар зэрэглэлд хамаарч буй талаар дүгнэлт гарчээ.

Хэргийн үйл баримт, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, хохирлоос гарсан үр дагаврыг харгалзан үзэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоохоор хуульчилсан ба шүүгдэгчээс 8,580,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

2.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                             

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                            

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН