Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01561

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01561

 

 

Д.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/02160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Ц-т холбогдох,

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Б- нь Б.Ц-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулна. Би хүүгийнхээ орон сууцыг зарахаар зар тавьсан бөгөөд зарын дагуу манай хүүтэй Их Засаг сургуульд хамт суралцаж байсан н.Г гэх хүний эгч байр хайж байна гэж хэлсэн, үүний дагуу н.Г-, хариуцагч, хариуцагчийн дүү, дүүгийнх нөхөр нь ирж орон сууцыг үзэж, авахаар болсон.Тухайн үед н.Г- би мөнгөний талыг, талыг нь манай эгч Б.Ц- өгнө гэж хэлсэн. Тэрээр надад хариуцагчийг манай эгч хөдөөнөөс хотод орж ирсэн. Олон нялх хүүхэдтэй орох оронгүй гудамжинд амьдрах гээд байна гэж хэлсэн тул зөвшөөрсөн. Б.Ц- 25,000,000 төгрөгийг 2 хувааж, надруу шилжүүлсэн. н.Г-ээс хүүгээрээ дамжуулж үлдэх мөнгийг авъя гэхэд өгнө гэж хэлсэн байсан. Мөнгийг өгөхгүй байхаар нь танай дүү яагаад мөнгөө өгөхгүй байна вэ гэж хариуцагчаас утсаар лавлахад н.Г- Б.Ц- нар эгч дүүс биш харин Ганбилэг нь Б.Ц-аас орон сууцын урьдчилгаа болгож 25,000,000 төгрөг авсан компанийн менежер болж таарсан. Би Б.Ц-т сайхан сэтгэлээр хандсан, түүнийг орон сууцдаа 2 жил гаруй хугацаанд суулгасан, би байраа Б.Ц-т зарсан тул хариуцагчаас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Би 2018 онд ТЦК ХКК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Охиндоо орон сууц авах зорилгоор орон сууцаа зарж тус байгууллагад 25,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Тэр байгууллага орон сууцаа бариагүй бөгөөд арматураа залилуулсан гэж ярьсан. Би 2 жил хүлээсэн, 5 хүүхэдтэй, сүүлдээ ТЦК ХКК-ийн оффист нь хүүхэдтэй очиж байрласан. Тухайн үед н.Г- нь манай найзын аав Д.Б- 50,000,000 төгрөгийн үнэтэй, 1 өрөө орон сууц зарах гэж байгаа юм байна, та 25,000,000 төгрөгийг нь өг, бид нар 25,000,000 төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Би 25,000,000 төгрөгийг 2 хувааж нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгчийг үлдэх мөнгөө ТЦК ХКК-аас авах ёстой гэж үзэж байна. Би ТЦК ХКК-тай 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууцны хөнгөлттэй нөхцөлд зээлээр захиалан бариулах гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг тус компанид төлсөн тул би нэхэмжлэгчид 25,000,000 төгрөг төлөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-аас 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг гаргуулан Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Ц-аас 282,950 төгрөг гаргуулж Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрт дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдад байр авах мөнгөө өгч залилуулсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад 2020 онд өргөдөл гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй явсаар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг нэгтгэн харьяалал тогтоож холбогдогч Б.Б-ыг яллагдагчаар татан харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Мөн Б.Ц-ыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоон 2109014110598 тоот эрүүгийн хэрэгт нэгтгэн шүүхэд шилжүүлэхээр прокурорын газарт ирсэн нь Хан-Уул дүүргийн Прокурорын газраас авсан хэргийн хуулбараар нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Б.Ц-т холбогдуулан 2019 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар хороолол, 28 дугаар байрны 19 тоотын 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг аман хэлцлээр Б.Ц-т 50,000,000 төгрөгөөр худалдаж, 25,000,000 төгрөгийг авсан гэж үлдэх 25,000,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ТЦК ХКК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 25,000,000 төгрөгөө уг компанид өгсөн учраас уг мөнгийг ТЦК ХКК төлнө гэж маргасан байна.

 

2. Нэхэмжлэгч Д.Б- худалдсан орон сууцны түлхүүрээ хариуцагч Б.Ц-т шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эхээр нь боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна. /хх4/

 

3. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан ба, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан байна.

 

3.а. Дээр дурдсан талуудын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй байх бөгөөд хэрэгт орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б- бүртгэлтэй байгаа тухай 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТЦК ХКК, Б.Ц- нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалах гэрээ баримтууд авагдсан байна. /хх 18, 24-29/

 

4. Талуудын хооронд дээрх орон сууц худалдах, худалдан авахаар амаар хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангасан гэрээ байгуулах хүсэл зоригтой байгаа эсэхийг талуудаас тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд, хэрэв хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзвэл уг хэлцлийн үр дагаврыг шаардах эсэх, эсвэл тусдаа гаргах эсэхийг тодруулах шаардлагатай.

 

5. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ТЦК ХКК, Б.Ц- нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөнгөлөлттэй нөхцөлд зээлээр захиалах гэрээ-г үндэслэн, ТЦК ХКК-аас нэхэмжлэгч Д.Б-д Б.Ц-тай тохиролцсоны үндсэн дээр уг гэрээний дагуу өгсөн 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид , шилжүүлнэ гэсэн агуулгатай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/0218 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Б- хүлээн авсан, мөн зөвшөөрөх эсэхийг тодруулснаар орон сууцны төлбөрийн үлдэгдэл 25,000,000 сая төгрөгийг төлөх үүргийг шилжүүлж байгааг нэхэмжлэгч мэдсэн болон зөвшөөрөх эсэх, ТЦК ХКК-д уг үүрэг үүссэн болон үүрэг шилжсэн эсэхийг тодорхойлж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ТЦК ХКК-ийг оролцуулах шаардлагатай байна./хх35/

 

Дээрх нөхцөл байдлыг нэг мөр тодорхой бус байхад маргааныг талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/02160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ