| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0762/Э |
| Дугаар | 863 |
| Огноо | 2018-10-09 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 863
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Э.Энхбат,
шинжээч М.Золжаргал,
хохирогч М.Б, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох 1708029350626 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тав дух” нэртэй зочид буудлын 13 тоот өрөөнд иргэн М.Цтой тухайн зочид буудлаас явна, явахгүй гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар М.Ц руу өөрийн өмчлөлийн Самсунг Нөт 1 загварын гар утсыг шидсэн боловч шидсэн гар утас нь иргэн М.Б зүүн нүдийг цохиж, зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- хохирогч М.Б мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2016 оноос эхлээд Э гэж залууг мэддэг болсон, бид 2 найзууд байсан. Тэгээд 2017 оны 12 сарын 15-ны орой миний 0000000 дугаарлуу манай найз Э мессеж бичээд намайг уулзах зав байна уу би хөдөөнөөс ирсэн чинь тоох найз байдаггүй гээд надад гоморхоод байхаар нь би завгүй байна гээд жоохон үнэд орсон чинь намайг эхлээд 3, 4 дүгээр хороололд хүрээд ирээч гэж байснаа намайг 3, 4 хороололд ирсэн чинь Цамбагаравын ард хүрээд ир гэсэн. Тэгээд би заасан газарт нь ирээд Э луу залгаад таксины мөнгө өг гээд дуудсан чинь Э нэг найзтайгаа буудлаас гарч ирээд мөнгө өгөөд намайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тав дух нэртэй зочид буудлын 3 давхрын 00 өрөөний өөдөөс харсан өрөөнд оруулсан. Тэгээд бид нар гаднаас 1 шил 0.75 граммын архи аваад ууцгаасан. Ууж дуусаад дахин нэг шил архи авч уугаад Э гэртээ харьлаа гэхээр нь би ч бас явна гээд гарч яваад нэг найзтайгаа уулзаж явж байгаад үүрээр 05 цагийн үед буцаад буудалд очиход Б.Э ганцаараа унтаж байсан би ороод түүний хажуугаар унтсан ба бид 2 тэр шөнө бэлгийн харилцаанд орж хоносон. Тэгээд өглөө сэрсэн чинь би ямар ч хувцасгүй харин Б.Э хувцсаа өмсөөд байсан чинь 12 цагийн үед Э бууз авчраад бид идээд юм ярьж байгаад өдөр болсон. Миний архи гарч өгөхгүй, би манараатай л байсан. Эд нар гарч дахин нэг шил архи авчраад ууцгаасан бас хөзөр тоглож байснаа санаж байна. Б.Э ээж нь Хөвсгөлөөс 50.000 төгрөг явуулаад тэр мөнгийг аваад байж байсан чинь Б.Эын хоёр найз ирээд 4 эрэгтэй, нэг эмэгтэй болоод бид нар өдөржингөө архиа уугаад сууж байсан чинь нэг мэдсэн би цонх руу харсан чинь гадаа харанхуй болсон байсан...Тэгээд хэсэг хугацааны дараа би босч ирээд орон дээр толгойгоо бариад хувцасгүй шалдан сууж байсан чинь Б.Э, Э, М.Ц, бас тэнд байсан нэг залуу нарын нэг нь гэрэл асаагаад байж байтал миний нүүр лүү халуун дүүгээд нүүр лүү хүн цохих шиг болоод би урагшаа тонгойгоод орон дээрээ унаад хэвтсэн. Манай орсон буудлын өрөө нэг ортой, би орон дээр сууж байхад намайг хэн нэгэн хөлөөрөө цохих шиг болсон. Хэсэг хугацааны дараа нэг настай буудлын ресепшин эгч орж ирсэн байсан. Яг нүдэнд өвдөлт өгөөд энэ үед би ухаан сэргэж юу болоод байгааг ойлгосон. Миний нүд яачихваа гээд нөгөө хэдээс асуухад Б.Э, М.Ц хоёр хоорондоо муудалцсан, тэгээд Б.Э М.Ц руу гар утсаа шидээд, тэр нь хананд ойгоод чиний нүдийг оночихлоо гэсэн...Би согтуу байсан ч гэсэн болсон үйл явдлыг орон гаран санаад одоо бодоход ийм л зүйл болсон. Буудлын нэг эгч та нар юу болж байна гээд миний хувцсыг өмсүүлээд гадагшаа гараад намайг эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд зүүн хөмсөгтөө 6-7 оёдол тавиулаад нэгдүгээр эмнэлэг дээр очоод үзүүл гэсэн. Тэгээд би нэгдүгээр эмнэлэг дээр очоод эгч Мөнгөнчимэг рүү залгаад болсон зүйлийг хэлээд нүдээ үзүүлсэн чинь миний зүүн нүдийг яаралтай хагалгаагаар орж авахгүй бол болохгүй байна гэдгийг хэлсэн. Одоо би зүүн нүдээ авахуулсан, маш гомдолтой байна...Миний нүдийг Б.Э гэмтээсэн, тэр ч өөрөө ойлгож байгаа. Надад эмчилгээний зардалд одоогийн байдлаар бараг 2 сая төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн байгаа. Цаашид би өдөр болгон хиймэл нулимс дусааж байгаа, толгойны эмийг өдрийн 2 ширхэгийг байнга хэрэглэж байгаа. Өөр эмчилсэн зүйл байхгүй. Миний зүүн нүд мөнхийн сохор хэвээрээ үлдэнэ. Ямар нэгэн донор олдсон ч хараа орохгүй гэж эмч нар хэлсэн. Хамгийн их айж байгаа зүйл нь баруун нүдэндээ нөлөөлөөд зууны 60 хувь нь харж байна. Шил зүү гэсэн, нөгөө талдаа эмэгтэй хүний гоо сайхан талаас хохирч байна, мөн би Эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 3-р курст суралцдаг байсан ба энэнээс болоод хичээлдээ яваагүй удаж байна. Найман хичээлийн дүн гаргуулаагүй, кредит цагийн төлбөр гэх мэт мөнгө шаардлагатай, энэ зардлуудыг тооцож байгаад би нэхэмжилнэ. Өмнө гарсан зардлууд болон өмгөөлөгчид өгсөн 2 сая төгрөг нийлээд нийт 5 сая төгрөгийн зардал надаас гарсан. Үүний 2 сая төгрөгийг л Б.Э надад өгсөн байгаа. Цаашид тооцоогоо хийж байгаад зохих хохирлоо нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-25-31/
- гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 12 дугаар сарын 15-нд нэг сумын найз Б.Э Сэлэнгийн Зүүнхараагаас ирээд бид 17 цагийн үед долоон буудлын 17-н буудал дээр уулзаад Саппорогийн арын “Тав дух” зочид буудлын 13 тоотод өрөө аваад хоёулаа орсон. Тэнд бид 2 ганц шил архи уугаад Б.Э намайг таньдаг охин байвал дуудаач гэсэн. М.Бтай би 2 жилийн өмнө танилцаж байсан. М.Б би 12 дугаар сарын 15-ны орой буудалд дуудсан чинь найзуудтайгаа карокед байна гэхээр нь утсаа тасалсан. Удалгүй тэр өөрөө залгаад би хаана очих вэ гэхээр нь буудлаа зааж өгөөд тэр 22 цаг өнгөрч байхад ирсэн ба бид хоёр түүнийг тосож аваад буудалдаа ороод үлдсэн архиа үргэлжлүүлэн хувааж уусан. Энэ хугацаанд М.Б эрэгтэй найз нь утсаар дуудаад гараад явсан. Араас нь би хань болж гарахад М.Б нэг бандитай уулзаад түүнийг дагаад явсан. Б.Э буудалд согтоод унтчихсан байсан. Би гэрлүүгээ яваад маргааш нь 07 цагийн үед буудалд буцаж ирэхэд М.Б, Б.Э нэг хөнжилд орчихсон хувцастайгаа унтаж байсан. Б.Эаас би М.Б хэзээ ирсэн гэтэл үүрийн 05 цагийн үед буудалд ирж хоносон гэж Б.Э хэлсэн. Бид 3 буудлын мөнгөө төлж чадахгүй, Б.Э ээжээсээ мөнгө шилжүүлэхийг хүлээн тэр өрөөндөө өдөржингөө өнжсөн бөгөөд ээж нь 13 цагийн үед мөнгө шилжүүлэхээр нь нэг том литрийн пиво авч хувааж уугаад мөнгө дууссан. Б.Э дахиад ээжээсээ дахиад мөнгө шилжүүл гээд орой 19 цагийн үед мөнгө орж ирээд бид буудлын мөнгөө төлсөн. 15-16 цагийн үед бидний найз М.Ц Б.Этай яриад буудалд өөр нэг найзтайгаа хамт торт бариад ирсэн. 30-аад минут болоод М.Цтой хамт ирсэн найз гэх /танихгүй залуу/ Сэлэнгэ рүү явна гээд яваад өгсөн. Бид нар 0.75 литрийн хараа архи 2 шилийг хөзөр тоглонгоо уусан...Архи ууж дуусаад М.Б миний хажууд сууж байсан би орон дээр хэвтэж байсан чинь манай М.Ц гээд найз явлаа гэсэн чинь Б.Э М.Цг хамт явья гээд тэр 2 хоорондоо хэрэлдсэн. Б.Э өөрийнхөө нөөт 1 маркын цагаан өнгийн гадуураа хар кейстэй гар утсыг М.Ц руу шидсэн чинь М.Ц бултмагц цаана нь сууж байсан М.Б зүүн нүдийг оноод тэр ёооё гээд нүдээ дараад доош суусан ба бид очоод үзэхэд тэр зүгээрээ гээд нүдээ таглаад байхаар нь сөхөж харахад нүд нь хөхрөөд хавдаад ирэхээр нь бид нар хавдрыг нь буулгахаар хүйтэн жин тавьсан чинь өвдөөд байна гэхээр нь гэмтэл дээр очоод хөмсөгний дээд талыг нь оёулаад нэгдүгээр эмнэлэг рүү яв гэхээр нь явсан. Нэгдүгээр эмнэлэгт очоод үзүүлсэн чинь нүдний бүрхүүл гэмтсэн байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд өглөө 08 цагаас хагалгаанд орохоор болсон...гэх мэдүүлэг /хх-35-36/,
- гэрч М.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017.12.16-ны өдөр 16 цагийн үед Б.Э луу залгахад тэр Тав дух буудалд хөдөөнөөс ирчихээд байна гэхээр нь би багын найз Батхуягтай Драгон дээр тааралдсан ба түүнийг дагуулаад Б.Э дээр очсон. Бид 2-ыг буудалд очиход Э, Б.Э нэг хүүхэн буюу одоо нэрийг нь мэдсэнээр М.Б гурав байж байсан бөгөөд бид нэг шил архи хувааж уусан ба багын найз Батхуяг Зүүн хараа явах цаг болчихлоо гээд нэг шил архийг дуустал байж байгаад яваад өгсөн. Бид 4 буудалд үлдээд дахин нэг шил архи авч уусан. 20 цагийн үед би одоо харилаа гэсэн чинь Б.Э чи одоо хамт байдаг байж намайг аваад явахгүй юм уу, ямар новшийн зантай юм гэхээр нь би чи өөрөө явахгүй байгаа биз дээ, одоо явья гэтэл тэр уурлаад муу пяздаа гэхээр нь би ч өөдөөс нь хараал хэлээд нэг нэг удаа цохилцоод би Э хэвтэж байсан орон дээр очиж суусан. М.Б тэр орны толгойн хэсэгт бас сууж байсан. Тэгтэл Б.Э над руу гар утсаа шидэхээр нь би бултсан чинь намайг онолгүй хана оноод ханан дээр ойгоод М.Б гээд охины нүдэн дээр оносон.../х-38/...Би орон дээр очиж суусан, гэтэл над руу гар утсаа шидэхээр нь булттал шууд М.Б зүүн нүдний хөмсөг орчим нь онож хөмсөг нь язарсан. М.Б Б.Э луу хараад сууж байсан. Тэр ёооё гээд нүдээ дараад орон дээр тонгойсон ба бид нар сандраад гаднаас цас авчирч жин тавьсан...гэх мэдүүлэг /хх-39/,
- гэрч Т.Ц мөрдөн байцаалтад өгсөн:... Би Сонгинохайрхан дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэр Тав дух зочид буудлын ресепшингээр ажилладаг...тухайн өдрийн 21 цагийн орчим дээд давхар хүн уйлаад байхаар нь дээшээ гараад 13 тоот өрөөнд орсон чинь нөгөө охин зүүн нүдний дээд хөмсөг нь хөндлөн язарсан шархтай болоод нүднээс нь нулимс гарч, хавдаад эхлэсэн...“юу болж байгаа гэсэн чинь анх тэр охинтой буудлын өрөөнд орсон залуу би найз руугаа гар утсаа шидсэн чинь ард байсан хүний нүдийг оносон гэж хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг наад охиноо аваад яв гэж хэлсэн...Би эмэгтэй хүн уйлаад байхаар нь өрөөнд ороод хөнжлийг нь аваад яасан гэсэн чинь энэ миний нүд рүү шидсэн гэж хэлсэн. Тэгээд би та нар хүний нүд рүү утас шидээд байхдаа яадаг юм гэж уурласан...гэх мэдүүлэг /хх-46-51/,
- гэрч Г.А- н мөрдөн байцаалтанд өгсөн:...М.Б нь манай дүү охины том охин нь юм...Болордариас өөрөөс нь болсон асуудлыг асуухаар би согтуу байсан учир мэдэхгүй байна гээд байсан...гэх мэдүүлэг /хх 51/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12.25-ны өдрийн №374 дугаартай:...М.Б биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шиллэг биеийн гоожил, зүүн нүдэнд имплант /суулгац/ суулгах мэс заслын дараах байдал, зүүн хөмсөгт шар, зүүн нүдний дээд, доод зовх, баруун зүүн бугалганд цус хурал, зөөлөн эдийн нярал гэмэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Б зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шиллэг биеийн гоожил, зүүн нүдэнд имплант /суулгац/ суулгах мэс заслын дараах байдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн нярал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх 54-55/
- шинжээч эмч М.З- н мөрдөн байцаалтад өгсөн:...М.Б нь тухайн өдөр бүх биеийн үзлэг хийхэд зүүн хөмсөгтөө 3 см мэс заслын оёдол бүхий шархтай, зүүн нүдний алим улаалттай, зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан, хүрэн улаан өнгийн цус хуралтуудтай, баруун бугалга дотор хэсэнт 2.5*2 см, зүүн бугалгын гадна дээд хэсэгт 3*2.5 см, 1*1 см хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Энэ гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Гар утас хүний нүдийг оноход хүнд гэмтэл гарах боломжтой. Зүүн нүдний салстын урагдал үүсч шингэн бие буюу цөцгий нь гоожиж зүүн нүдэнд хиймэл суулгац суулгах мэс ажилбар хийсэн байна.../хх-69-70/...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүртэй зүйлээс бусад зүйлийг ойлгож болно. Гар утсаар шууд онох болон хананд ойж оноход уг гэмтлийн учруулах боломжтой...гэх мэдүүлэг /хх-73-74/
Шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шинжээчээс асууя, энэ утас хананд ойгоод хүний нүдэнд онох боломжтой юу ?
Шинжээч: Утас нүдэнд оносон тохиролдолд гэмтэл учрах боломжтой, гэхдээ шууд очоод гэмтэл учирсан уу, хананд ойгоод гэмтэл учруулсан уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Бетонон ханан дээр утас ойх боломжтой юу ? Энерцийн хувьд ямар байдаг вэ? Гэхэд
Шинжээч: Бетонон хананд утас шидэхэд тийм энерцитэй гэж хэлэх боломжгүй гэв.
Хохиргогчийн өмгөөлөгч: Модон хананд юм уу дсп хананд утас ойх боломжтой юу ? гэхэд
Шинжээч: Ойх боломжтой гэв.
Даргалагчаас: Үндэслэл нь юу вэ? гэхэд
Шинжээч: Утас бүх гадаргуугаараа хананд тусах нэг өөр, нэг ирмэгээр хананд цохигдоод унах бас өөр. Ирмэгээрээ цохигдоход энерци, ойлт нь их байна. Хэрэв бүх гадаргуугаар цохигдоод унавал цохисон газрын харалдаа доош унах магадлал өндөр. Хэрэв утас өнцөг, ирмэгээрээ хананд цохигдвол энерци нь их байх боломжтой гэв.
Улсын яллагч: Утас хананд ойгоод хүч сулраад нүдийг оносон байлаа гэхэд нүд гэмтэх боломжтой юу ? гэхэд
Шинжээч: Боломжтой гэв.
Даргалагчаас: Утасны нүүр хэсгээр оноогүй булан хэсгээр оносон гэж үзэж байгаа юм уу? гэхэд
Шинжээч: Нүдэнд учирсан гэмтлээс харахад утасны өнцөг хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой гэв.
Даргалагчаас: Гэмтэл учруулсан зүйлийн чиглэл нь хаанаас хааш чиглэсэн байна вэ ? гэхэд
Шинжээч: Шархыг энэ зүгээс учирсан гэх боломжгүй, нүд эгц урдаас оноход гэмтэх боломжтой гэв.
Даргалагчаас: Дүгнэлт, өвчний түүхээс үзэхэд нүднээс өөр бусад ойр орчимд гэмтэл учирсан байна уу? Гэхэд
Шинжээч: 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Б биед үзлэг хийхэд “зүүн хөмсөгөнд 3 см хөндлөн мэс заслын оёдол бүхий шархтай байсан. Тухайн үед нүдний алим улайлттай, дээд доод зовхинд овойж хавдсан хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун бугалга, зүүн бугалганд хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. 1 дүгээр эмнэлгийн өвчний түүхэнд байх мэс заслын тэмдэглэлд “шархыг үзэхэд нүдний салст задарч урагдсан, линбээс хойш 1 см, дээш 2мм эвэрлэх тойроод 13 цаг хүртэл үргэлжилсэн урагдсан шархтай” гэсэн байна гэв.
Даргалагчаас: Үүнээс гэмтсэн чиглэлийг тодорхойлж болох уу? Гэхэд
Шинжээч: Нүдний гэмтэл ерөнхийдөө нүдний эгц урдаас чиглэсэн байх боломжтой гэв.
Даргалагчаас: Эгц урдаас гэмтэх, эхсүл дээрээс, ташуулдаж гэмтэх нь ялгаатай юу? гэхэд
Шинжээч: Нүд нь дотроо агуулагдахуунтай эрхтэн тул дээрээс үү, урдаас уу гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэв.
Даргалагчаас: Утас хана оновол хүч нь сарних уу? гэхэд
Шинжээч: Хүч сарнина гэв.
Даргалагчаас: Ямар хэмжээгээр саринах вэ? гэхэд
Шинжээч: Энерцийг тогтоох боломжгүй гэв.
Даргалагчаас: Сарнисан үед ойгоод хүнийг гэмтээх боломжтой юу? гэхэд
Шинжээч: Боломжтой, нүд зовхиор л тусгаалагдаж байгаа эмзэг эрхтэн гэв.
Даргалагчаас: Хэргийн газрын гэрэл зургийг үзүүлж, хохирогчоос асууя, тухайн үе? Тухайн үед байсан хүмүүсийн байрлалыг хэлнэ үү гэхэд
Хохирогч: Би цонхны эсрэг тал руу хараад сууж байсан дэргэд М.Ц сууж байсан, ард Э хэвтэж байсан гэв.
Даргалагчаас: Гэрэл зургийг шинжээчид үзүүлж саяны хохирогчийн хэлж байгаа тохиолдолд шүүгчдэгчийн шидсэн утас хохирогчийн зүүн нүдийг онох боломжтой юу? гэхэд
Шинжээч: Боломжгүй гэв.
Даргалагчаас: Шүүгдэгчээс асууя, хохирогч та хоёр өөд өөдөөсөө харж сууж байсан юм уу? гэхэд
Шүүгдэгч: М.Б над руу харж байсан, М.Ц хажуу талд сууж байсан гэв.
Даргалагчаас: Энэ үед утсыг хана руу шидсэн тохиолдолд хохирогчийн онох боломжтой юу? гэхэд
Шинжээч: Хохирогч орон дээр наашаа хараад сууж байгаа тохиолдолд хохирогчийн нүдийг онох боломжгүй гэв.
Даргалагчаас: Шүүгдэгчээс асууя, М.Б яг хаашаа харж сууж байсан бэ? гэхэд
Шүүгдэгч: Тухайн үед М.Б над руу харж байсан байх, анзаараагүй гэв.
Даргалагчаас: Тухайн нөхцөл байдалд шулуун цохилт байна уу? Эсхүл ойх боломжтой юу? гэхэд
Шинжээч: Тухайн нөхцөл байдалд утас хананд ойгоод гэмтэл учруулах боломжгүй гэв.
Даргалагчаас: Хохирогчоос асууя, та яаж сууж байснаа санаж байна уу? гэхэд
Хохирогч: Би орны гол хэсэгт сууж байсан, миний өөдөөс харсан сандал дээр Б.Э сууж байсан. Э миний ар талд цонхон талд дээш хараад хэвтэж байсан гэв.
Даргалагчаас: М.Ц хаашаа хараад сууж байсан бэ? гэхэд
Хохирогч: М.Ц бид хоёр зэрэгцээд Б.Э руу хараад сууж байсан гэв.
Даргалагчаас: Шинжээчээс асууя, энэ тохиролдолд М.Ц руу шидсэн утас дээд талын налуу ханыг оноод хохирогчийг онох боломжтой юу ? гэхэд
Шинжээч: Энэ тохиолдолд хохирогчийг онох магадлал бага гэв /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18/,
- Б.Эын гэрчээр өгсөн:...тухайн үед буудалд байж байхад М.Ц айл руу явлаа, чи араас яваад оч гэхээр нь би хамт явья гэтэл үгүй би явмаар байна гээд хэлэхээр нь би өөдгүй арчаагүй амьтан бэ гэтэл тэр өөдөөс хуц пяздаа минь гэхээр нь өрөөний үүдэнд сууж байгаад эсрэг далд орон дээр наана нь М.Ц цаана нь М.Б араар нь Э хэвтэж байхад нь би М.Ц руу нөт 1 маркийн хар өнгийн гар утсаа түүн рүү шидсэн чинь М.Ц бултаад цаана суусан М.Б нүүрэн тус газар нь оносон. Нүдээ дараад доошоо ёолоод хэвтсэн ба очоод үзсэн чинь зүүн нүд нь хавдсан хөмсөг нь язраад ангайчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-42/,
- Б.Эын яллагдагчаар өгсөн:...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хайлаастад найзындаа байж байтал манай багын найз Э над руу уулзъя гэхээр нь гэрээсээ гарч 19 цагийн үед Этай уулзаад гадуур пиво ууж явж байгаад Э таньдаг охиноо дуудчихъя гээд утсаар ярьтал цаад охин нь хэсэг байж байгаад яваад очъе гэж ярьж байсан. Тэгээд удалгүй Эын утсаар ярьсан охин нь бид хоёрыг саппорогийн хойно явж байхад хүрч ирээд цугтаа 1-р хорооллын арын зам дагуу байх “Тав тух” гэх нэртэй зочид буудалд орж буудал дотор 0.75 граммын 1 шил архийг гурвууулаа хувааж ууцгаасан. Архиа ууж байхдаа би нөгөө охинтой ярилцаж танилцсан ба тэр охин өөрийгөө М.Б гэж байсан мөн архи ууж байхдаа Этай Сүхээ хаана байна гэх зэргээр ярилцацгааж байсан. Бид гурав авсан архиа ууж дуусгаад дахин 1 шил архи аваад гурвуулаа хувааж ууж байхад би архины талд нь орж байхад тасраад унтаад өгсөн байсан өглөө үүрээр 05 цагийн үед сэртэл М.Б Э хоёр байхгүй явчихсан би ганцаараа буудлын өрөөнд байсан тэгэхээр нь би доош бууж буудлын хүлээн авагч эгчээс асуухад та хоёртой цуг орсон охин нэг залуутай чаргууцалдаад машинд суугаад явчихсан, чамтай цуг явж байсан залуу гэр лүүгээ явлаа гэсэн өглөө эрт хоол аваад ирнэ гэж хэлээд явсан гэж хэлсэн. Тэгээд би буцаж өрөөндөө ороод унтах гээд байж байтал М.Б гаднаас ганцаараа согтуу орж ирээд найз нь архи уумаар байна гэхээр нь үлдсэн тал шил архиа М.Бтай хувааж уучихаад цугтаа унтацгаасан. Өглөө нь М.Б бид хоёрыг буудлаас гараагүй байхад Э ганцаараа орж ирээд хэсэг юм ярьж сууж байтал буудлын хүлээн авагч эгч гарах цаг чинь болчихлоо гарцгаа гэхээр нь би одоохон хүнээс мөнгө ирчихнэ түр хүлээчих, өрөөгөө сунгана гэж хэлсэн тэрний дараа Э гараад 1 том пиво авч орж ирээд бид гурав хувааж ууж дуусаад дахиж 1 том пиво авч дахиж ууж дуусгачихаад гадуур гарч бааранд орно гэж ярьцгаасан...Тэгээд байж байтал манай багын найз М.Ц яриад уулзъя гэхээр нь би байгаа буудлаа зааж өгч ирэхдээ 1 шил архи аваад ир гэж хэлсэн, удалгүй М.Ц нэг найзтайгаа ирэхдээ 1 шил архитай ирсэн. М.Цгийн авч ирсэн архийг бүгдээрээ хувааж уугаад сууж байтал М.Цтой цуг ирсэн найз нь яваад өгсөн. Бид нар М.Цгийн авч ирсэн архийг ууж дуусгачихаад дахиж 1 шил архи авч уугаад байж байтал М.Ц бид хоёр хоорондоо маргалдсан. М.Ц архиа ууж дуусгачихаад явлаа гэхээр нь хамт явъя гэхэд М.Ц би явлаа чи араас хүрээд ир гэхээр нь жаахан цуг байж байгаад цугтаа явъя гэдгээс болж маргалдаж байгаад бухимдаад би өөрийнхөө барьж байсан хар өнгөтэй Самсунг нөүт-1 маркын гар утсаа хана руу шидсэн чинь ойгоод М.Б оночихсон юм. Тэгтэл М.Б нүдээ бариад тонгойхоор нь эхэндээ гайгүй болов уу гээд харахад зүүн талын нүд нь хавдчихсан, хөмсөг нь хагарч цус гарчихсан байхаар нь бид нар жаахан тайвшруулж буудлын эгчээс алчуур авч хүйтэн жин тавьж хэсэг тайвшруулж байтал М.Б орилоод миний нүд өвдөөд байна, юм харахгүй байна гэхэд буудлын хүлээн авагч эгч яагаад орилолдоод байгаа юм гэхээр нь хоорондоо маргалдаж байгаад нэгнийхээ нүдийг оночихлоо гэтэл буудлын хүлээн авагч эгч наад хүнээ эмнэлэгт авч очиж үзүүл гэхээр нь бид нар бүгдээрээ буудлаас гарч эмнэлэг хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-83-90/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тав дух” нэртэй зочид буудлын 13 тоот өрөөнд иргэн М.Цтой тухайн зочид буудлаас явна, явахгүй гэж маргалдаж, улмаар М.Ц руу самсунг Нөт 1 загварын гар утсыг шидсэний улмаас тухайн гар утас нь М.Цгийн дэргэд байсан иргэн М.Б зүүн нүдийг цохиж, зүүн нүдний бүрэн хараагүйдэл гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч М.Б мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед би орон дээр толгойгоо бариад сууж байсан чинь...миний нүүр лүү халуун дүүгээд нүүр рүү хүн цохих шиг болоод би урагшаа тонгойгоод орон дээрээ хэвтсэн...Миний нүд яачихваа гээд нөгөө хэдээс асуухад Б.Э нь М.Ц руу гар утсаа шидээд...нүдийг чинь оночихлоо гэсэн...би зүүн нүдээ авахуулсан...Миний нүдийг Б.Э гэмтээсэн...гэх мэдүүлэг /хх-25-31/
- гэрч Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн үед Б.Э М.Цг хамт явья гээд тэр 2 хоорондоо хэрэлдсэн. Б.Э өөрийнхөө нөт 1 маркын гар утсыг М.Ц руу шидсэн чинь М.Б зүүн нүдийг оноод тэр ёооё гээд нүдээ дараад доош суусан...гэх мэдүүлэг /хх-35-36/,
- гэрч М.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би орон дээр очиж суусан, гэтэл над руу гар утсаа шидэхээр нь булттал шууд М.Б зүүн нүдний хөмсөг орчим нь онож хөмсөг нь язарсан. М.Б Б.Э луу хараад сууж байсан. Тэр ёооё гээд нүдээ дараад орон дээр тонгойсон...гэх мэдүүлэг /хх-39/,
- гэрч Т.Ц мөрдөн байцаалтад өгсөн:... Би Сонгинохайрхан дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэр Тав дух зочид буудлын ресепшингээр ажилладаг...тэр өрөөнд нь ороод “юу болж байгаа гэсэн чинь анх тэр охинтой буудлын өрөөнд орсон залуу нь: би найз руугаа гар утсаа шидсэн чинь ард байсан хүний нүдийг оносон гэж хэлсэн...хүний нүд рүү утас шидээд байхдаа яадаг юм гэж би уурласан...гэх мэдүүлэг /хх-46-51/,
- шинжээчийн дүгнэлт:...М.Б биед зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шиллэг биеийн гоожил, зүүн нүдэнд имплант /суулгац/ суулгах мэс заслын дараах байдал, зүүн хөмсөгт шар, зүүн нүдний дээд, доод зовх, баруун зүүн бугалганд цус хурал, зөөлөн эдийн нярал гэмэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. М.Б зүүн нүдний бүрэн хараагүйдэл, зүүн нүдний склерийн урагдал, шиллэг биеийн гоожил, зүүн нүдэнд имплант /суулгац/ суулгах мэс заслын дараах байдал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.../хх 54-55/,
- Б.Эын гэрчээр өгсөн:...тухайн үед буудалд байж байхад М.Ц айл руу явлаа, чи араас яваад оч гээд хэрэлдэхээр нь өрөөний үүдэнд сууж байгаад эсрэг талд орон дээр М.Ц, М.Б, араар нь Э хэвтэж байхад нь би М.Ц руу нөт 1 маркийн хар өнгийн гар утсаа түүн рүү шидсэн М.Б нүүрэн тус газар нь оносон. Нүдээ дараад доошоо ёолоод хэвтсэн ба очоод үзсэн чинь зүүн нүд нь хавдсан хөмсөг нь язраад ангайчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-42/,
- шинжээч эмч М.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг: - Нүдэнд учирсан гэмтлээс харахад утасны өнцөг хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой...Шархыг энэ зүгээс учирсан гэх боломжгүй, нүд эгц урдаас оноход гэмтэх боломжтой...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Б биед үзлэг хийхэд “зүүн хөмсөгөнд 3 см хөндлөн мэс заслын оёдол бүхий шархтай байсан. Тухайн үед нүдний алим улайлттай, дээд доод зовхинд овойж хавдсан хүрэн улаан өнгийн цус хуралттай, баруун бугалга, зүүн бугалганд хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. 1 дүгээр эмнэлгийн өвчний түүхэнд байх мэс заслын тэмдэглэлд “шархыг үзэхэд нүдний салст задарч урагдсан, линбээс хойш 1 см, дээш 2мм эвэрлэх тойроод 13 цаг хүртэл үргэлжилсэн урагдсан шархтай” гэсэн байна, үүнээс үзэхэд нүдний гэмтэл ерөнхийдөө нүдний эгц урдаас чиглэсэн байх боломжтой...Хэргийн тухайн нөхцөл байдалд шидсэн гар утас хананд ойгоод гэмтэл учруулах боломжгүй...Хэргийн газрын гэрэл зураг, хохирогч, гэрч ба шүүгдэгч нарын байрлал зэрэг тухайн тохиолдолд шүүгчдэгчийн шидсэн утас налуу хананд ойгоод гэмтэл учруулах боломжгүй.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид хийсэн хууль зүйн дүгнэлт:
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай гэж үнэлэв.
Тус хэрэгт цугларсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18/, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээс болсон үйл явдлыг сэргээн шалгахад тухайн орон дээр дээд талд нь хохирогч М.Б, хохирогчийн хажуу доод талд М.Ц нар зэрэгцэн шүүгдэгч рүү харсан байдалтай сууж байсан байх ба хэргийн тухайн нөхцөл байдалд шүүгдэгч гар утсыг налуу хана руу шидсэн гэвэл шидсэн гар утас налуу хананд ойгоод хохирогчид гэмтэл учруулах боломжгүй болохыг шүүх хуралдаанд оролцсон шинжээч нь өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тодорхой эх сурвалж, үндэслэлээр мэдүүлж, дүгнэсэн ба энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолж буй нотлох баримтын хүрээнд ямар нэг эргэлзээ, зөрүү үүсгэсэн үндэслэлгүй байх тул шүүгдэгч нь гар утсыг орны цаад дээд талын налуу тааз хана руу шидсэнээс тухайн гар утас ойж хохирогчийн зүүн нүдийг гэмтээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шинжээчээс мөрдөн байцаалтад мэдүүлэг авахдаа хэрэг болсон тухайн бодит үйл явдал буюу хохирогч, шүүгдэгч нарын байрлал, суусан дараалал, бусад нөхцөл байдлыг нарийвчлан (зураглан) тодорхойлж асуугаагүй, зөвхөн гэмтээгч хүчин зүйлсийг ерөнхий байдлаар асуусан байх /х-74/ тул тухайн шинжээчийг худал мэдүүлсэн, дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй болно.
Мөрдөн байцаалтад гэрч Б.Э, гэрч М.Ц нар удаа дараа мэдүүлэг өгөхдөө “Б.Эаас М.Ц руу шидсэн гар утас хохирогчийг оносон”, эсхүл “Б.Эаас хана руу шидсэн гар утас ойгоод хохирогчийг оносон” гэх мэтээр тухай бүр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заахгүйгээр удаа дараа тогтворгүй, зөрүүтэй мэдүүлсэн байх ба шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтээр тухайн гэрч нарын “Б.Эаас хана руу шидсэн гар утас ойгоод хохирогчийг оносон” гэх тухайн мэдүүлэг нь тус бүр эх сурвалжгүй болох нь тогтоогдсон байх тул тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзнэ.
Түүнчлэн гэрч Б.Э, гэрч М.Ц нар нь шүүгдэгчийн найзаас гадна согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр уусан байсан, мөн гэрч Б.Э нь гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед орон дээр хохирогч М.Б цаад талд хэвтэж байсан гэх атлаа харсан мэт мэдүүлсэн байх тул тухайн гэрч нар тийнхүү эх сурвалжгүй мэдүүлэг өгсөн байж болохыг үгүйсгэх боломжгүй байна.
Шүүгдэгч нь өөрийн найз М.Цд уурлан бухимдаж түүн рүү гар утсаа шидэхэд М.Цгийн хажууд сууж байсан М.Б зүүн нүдийг оносон тухайн тохиолдолд гэм буруугийн андуурлын онолын үндэслэлийн хүрээнд буюу анхны гэмт санааны агуулга, чиглэлийг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгчийн гэмт санааны агуулга чиглэл нь анхнаасаа идэвхтэй үйлдлээр хэрэгжсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, учир нь шүүгдэгч өөрийн найзтайгаа маргалдан түүний үйлдэлд дургүйцэн уурласан улмаар хэргийн тухайн нөхцөл байдалд буюу нэг орон дээр бусадтай зэрэгцэн сууж буй найз руугаа гар утас чиглүүлэн шидэхэд түүнд болон түүнтэй зэрэгцэн сууж буй бусад хүмүүст хор уршиг учрах буюу учруулахыг ухамсарлаж байсан гэж үзнэ, тийнхүү ухамсарлаж шидсэнээс бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан нь тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.
Тийм учраас шүүгдэгч нь өөрийн найз М.Цд уурлан бухимдаж түүн рүү гар утсаа шидсэнээс М.Цтой хамт орон дээр сууж байсан М.Б зүүн нүдийг хүндээр гэмтээсэн тухайн тохиолдолд шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хүрээнд идэвхтэй үйлдлийнхээ хор уршигт төгсгөлийг буюу объектыг андуурсан гэж үзэх ба тухайн тохиолдолд шүүгдэгчийн анхны гэмт санааны агуулга, чиглэл нь “ямар” байсныг үндэслэн тухайн хэргийг зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй, тодруулбал, тухайн объектын андуурал нь шүүгдэгчийн анхны гэмт санааны агуулга, зорилго чиглэлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг прокурорт буцаах, эсхүл гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйл болгон өөрчлүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.
Тус хэргийн зарим гэрчүүдээс гар утсыг “хүн рүү эсхүл хана рүү шидсэн” эсэхэд удаа дараа эрс зөрүүтэй мэдүүлсэн байх ба логикийн холбогдох хуулийн дагуу тухайн зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нэг нь үнэн, нөгөө нь худал болох нь илэрхий байтал, түүнчлэн гар утсыг “хүн рүү эсхүл хана рүү шидэх” нь илтэд ялгаатай бөгөөд аль нь үнэн болохыг заавал тогтоолгох ёстой, тийнхүү тогтоохгүйгээр хэргийг таамаглан зүйлчлэх боломжгүй байсаар атал ямар ч ялгаагүй мэт урьдчилан хийсвэрлэн таамагласнаас мөрдөн шалгах, хянавал зохих зарим асуудлуудыг дутуу хийсэн, мөн тусгай мэдлэгийн хүрээнд зайлшгүй тогтоолгох зарим асуудлыг орхигдуулсан зэрэг алдаа, зөрчил гаргасныг анхааруулан тэмдэглэв.
Харин шүүхээс шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулахаар шийдвэрлэснээр шинжээч тусгай мэдлэгийн хүрээний тодорхой бус зарим асуудлыг нөхөн гүйцэтгэсэн төдийгүй бусад нотлох баримтуудын хүрээнд тус хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийг буцаах шаардлагагүй гэж үзсэн, харин худал мэдүүлсэн гэрч нарт хүлээлгэх хариуцлагыг жич шийдвэрлэх боломжтойг тодотгон дурдах нь зүйтэй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 5.000.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримт бүхий 1.177.390 төгрөгийн хохирол байх ба шүүгдэгч нь 2.250.000 төгрөг хохирогчид төлсөн талаар оролцогч нар маргаагүй /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Хохирогчийн хувьд зүүн нүд 100 хувь сохорсон, мөн үүний улмаас баруун нүдэндээ нөлөөлж зууны 60 хувь харж байгаа цаашид буурах эрсдэлтэй, байнгын эм тариа хэрэглэж буй, сургуульд сурах бусад хувийн амьдралын хувьд маш ихээр хохирсон болохоо мэдүүлсэн, энэ хүрээнд зарим баримт авагдсан байх тул тус хэргийн нийгмийн аюулыг бага бус гэж үзнэ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал:
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй.
Эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг нөт-1 загварын 1 ширхэг гар утсыг прокурор хураахгүйгээр шүүгдэгчид буцаан олгох санал гаргасан тул ёсоор болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 02 жил 06 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт оногдуулсан 02 жил 06 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг нөт-1 загварын 1 ширхэг гар утсыг шүүгдэгч Б.Эт буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Б.Эыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР