| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 002/2016/06583/И |
| Дугаар | 001/ХТ2017/00560 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2017/00560
“Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 451 дүгээр магадлалтай,
“Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Глобал ложистик” ХХК-д холбогдох,
Түрээсийн төлбөр 10.900 ам доллар буюу нийт 23.646.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Глобал Ложистик” ХХК-тай 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлэг түрээслэх гэрээ байгуулан ажилласан. Гэрээнд зааснаар хариуцагч компани 2016 оны 2 дугаар сараас эхлэн графикийн дагуу түрээсийн төлбөрөө төлөхөөр тохиролцсон боловч 200.000 төгрөг төлсөн. Үүнээс өөр ямар нэгэн төлөлт хийгээгүй тул “Глобал Ложистик” ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр болох 10.900 ам.доллар буюу нийт 23.646.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнээс үүдэлтэй нэхэмжлэл гаргасан байна. Бид юу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Одоо манай төлөх төлбөр бол 2.880 ам.доллар байгаа гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т зааснаар нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-д хариуцагч Глобал ложистик ХХК-аас чингэлэгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10.900 ам.доллар буюу 23.646.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик ХХК-ний Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.180 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 451 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Глобал ложистик” ХХК-иас чингэлэгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10 900 доллар буюу 23.646.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй...” гэснийг “...үлдээж, хариуцагч “Глобал ложистик” ХХК-иас 276.180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.180 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ихбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 451 дугаар шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус шүүх хууль буруу хэрэглэсэн ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, буруу тайлбарласан. Учир нь:
“Магадлалын хянавал хэсэгт”...“хэрэгт Ким Ок Жинээс “Глобал ложистик” ХХК-ийн захирал Д.Оюунгэрэлд 2009 оны 6 дугаар сарын 27-ны өдөр илгээсэн захидал, “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас “Глобал ложистик” ХХК-д хүргүүлсэн 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 091215/1 дугаар тоот албан бичиг, “Глобал ложистик”ХХК-иас “Ёнжин глобал ложистик” ХХК-д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгүүд, зохигчдын хооронд 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулсан “төлбөр барагдуулах тухай хэлцэл”, Глобал ложистик” ХХК-иас “Ёнжин глобал ложистик” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн үлдэгдэл төлбөр барагдуулах хуваарь зэрэг нотлох баримт авагдсан байна”... гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж буруу тайлбарласнаас үүдэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.
Дээрх талуудын харилцан илгээгдэж байсан захидал, албан бичиг, төлбөр барагдуулах хэлцлүүд нь хоёр компанийн анх 2005 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн “Хамтран ажиллах” гэрээний дагуух төлбөр тооцооны үлдэгдэл юм.
Магадлалын “Тогтоох нь” хэсгийн 1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Глобал ложистик”ХХК-иас чингэлэгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 10900 ам.доллар буюу 23.646.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК-нд олгосугай” гэж өөрчлөн найруулж”... гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 318 дугаар 318.1 дэх хэсгийг авч байгаа бол 318.3-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр хийнэ, 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 451 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/06040 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Ёнжин глобал ложистик” ХХК нь хариуцагч “Глобал ложистик” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 10.900 ам доллар буюу 23.646.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, 06040 дүгээр шийдвэр гаргасан, шийдвэрт шүүгч Ш.Оюунтуул гарын үсэг зурсан байна.
Харин шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй иргэдийн төлөөлөгч Д.Намжилмаа, нэхэмжлэгч В.Ганбат, өмгөөлөгч Д.Энхтунгалаг, төрийг төлөөлж прокурор С.Батгэрэл нар оролцсон байх ба В.Ганбатын нэхэмжлэлтэй, төрөөс 51.576.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцжээ /хэргийн 102 дугаар тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т “хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Глобал ложистик” ХХК-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ба анхан шатны шүүх “Ёнжин глобал ложистик” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй тохиолдолд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Дээрх алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөх арга хэмжээ аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/06040 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 451 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 276.180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ