Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0554

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0554

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Ц.Ц нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ц.Ц нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ц.Ц 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн Ц.Ц холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0020 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 24 дугаар зүйлийн 24.1, 26 дугаар зүйл 26.1 Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн дугаар зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 27 дугаар зүйл 27.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ц.Ц холбогдох хэсэг /Сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Ц газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...А.Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц Газрын тухай хууль зөрчин эрхээ хэтрүүлж Нацагдорж багийн “0” тоот гудамжинд аймгийн Биеийн тамир спортын газрын эзэмшлийн газартай давхцуулан 10 айлын газрыг урьдчилан төлөвлөж 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 09 дугаар “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж барилгын сууриудыг хийлгэсэн нь хууль ёсны үйлдэл мөн эсэхийг шүүх ач холбогдол өгч дүгнээгүй. Зуунмод сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4 дэх хэсэгт Нацагдорж 5 дугаар багт ...... дугаар гудамжийг “Гудамж төсөл”-д хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний дагуу 2015 онд 1, 2 дугаар гудамжийг дахин төлөвлөсөн боловч “0” гудамжийг дахин төлөвлөөгүй.

Жишиг хотхон байгуулах 2015 оны А/140 дүгээр захирамж нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад уг газарт төсөл хэрэгжүүлэх захирамж гаргасан юм.

Б.Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д “Стадионы урд дахин төлөвлөлт” хийх гэж тусгасан боловч Зуунмод сумын Засаг дарга Ж.Ц 2015 оны А/140 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэн байшингийн суурь цутгуулах гэрээ хийх үед 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй 2008 оны 311 дүгээр захирамжаар Биеийн тамир спортын газарт эзэмшүүлсэн газартай давхцуулсан нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг илт зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Газрын тухай хууль зөрчин эрхээ хэтрүүлж газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд маргаан бүхий газарт байшингийн суурь цутгуулан иргэдэд эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг аймгийн Засаг дарга 2017 оны A/110 дугаар захирамжаар хүчингүй болгосон нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн, хууль буруу хэрэглээгүй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул уг алдааг зассан өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн хавсралтын 29-өөр шийдвэрлэсэн асуудлын талаарх үйл баримт болон уг захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор эцэслэн дүгнэжээ.

Анх Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/15 дугаар захирамжаар нэр бүхий 9 иргэнд нийт 0.45 га газар эзэмшүүлсний дотор нэхэмжлэгч Ц.Ц 500 м.кв-ыг; улмаар 2 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэр бүхий 10 иргэнд нийт 0.47 га газар эзэмшүүлсний дотор нэхэмжлэгчид мөн л 500 м.кв газрыг тус тус ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгосон, үндсэндээ нэхэмжлэгч Ц.Ц тухайд эдгээр захирамжуудаар 500 м.кв газар эзэмших эрхтэй болсон байна.

Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх болон газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн гаргах талаарх зохицуулалттай нийцсэн, өөрөөр хэлбэл Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаар тогтоолоор батлагдсан сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэр бүхий 10 иргэнд эзэмшүүлсэн газар болох 5 дугаар баг, Стадионы урд хэсэгт дахин төлөвлөлт хийхээр тусгасан болохыг;

мөн хариуцагчийн давж заалдах гомдлын 1 үндэслэл болох “…Биеийн тамир, спортын хорооны газартай давхцуулан иргэдэд хууль бусаар газар олгосон...” гэх тайлбарын тухайд “…аймгийн Засаг даргын 2016 оны А/244 дүгээр захирамжаар жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар иргэдэд газар олгохоор төлөвлөсний дагуу Биеийн тамир, спортын хороонд эзэмшүүлсэн буюу Цэнгэлдэх хүрээлэнгийн газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасч, баруун зүүн талд нэмэх байдлаар кадастрын зурагт өөрчлөлт оруулах байдлаар газрын хэмжээг багасгалгүйгээр 123952 м.кв газар эзэмшүүлснээр газар давхацсан гэж үзэхгүй болохыг;

түүнчлэн маргаан бүхий газрын урд талын эгнээнд байрлалтай газарт өөр бусад иргэдэд газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/144, А/210 дугаар захирамжууд хүчинтэй байхад нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын А/32 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй болохыг тус тус дүгнэсэн байна.

Иймд маргааны үйл баримт, газар эзэмшүүлсэн нөхцөл байдал нь ижил, мөн газрын байршлын хувьд жишиг хотхон байгуулах төслийг хэрэгжүүлэх газарт хамаарч байгаа, анх газар эзэмшүүлсэн захирамж нь нэг байгаа зэргээс үзэхэд Улсын Дээд шүүхийн тогтоолоор дүгнэсэн үйл баримтыг энд дахин дүгнэх байдлаар давж заалдах гомдол үндэслэлгүй болохыг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Ц жишиг хотхон төсөлд хамрагдаж, хашаа, барилгын суурийг бусад иргэдийн нэгэн адил худалдаж авсан тул тэрбээр 2016 оны А/32 дугаар захирамжаар 5 дугаар багийн ........ тоот 500 м.кв газрын хуулийн дагуу эзэмших эрхтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0020 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн хавсралтын 29-д заасан 10 иргэнд хамаарах хэсгийн нэхэмжлэгч Ц.Ц холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН