Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 59

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Ё.П нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Ё.П

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: 

1. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.П холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 

2. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах,

3. Хариуцагчаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг мөн хариуцагчид даалгах” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү,  Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Миний төлөөлж буй иргэн н.П нь 2013 онд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон  гүйцэтгэгчээр нь томилогдсон үеэс улсын бүртгэлийн байгууллагад ажиллажээ. 2016 онд Улсын бүртгэл, статистикийн газар байгуулагдахад даргаар нь үргэлжлэн томилогдсон байна.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар мөн өдрөөс газрынхаа бүх ажилтнуудын хамт ажлаас халагдсанаа албан бусаар мэджээ.

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.С 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/78 дугаар тушаалаараа тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнуудыг буцаан томилохдоо ганц Ё.П ажил, албан тушаалгүй орхиж хуулийг бүдүүлгээр зөрчсөн байна. Түүнийг ажлаас чөлөөлсөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалд олон хууль, тогтоолын заалтыг баримталсны дотор хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан гол хууль болох Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт байгаагаас үзвэл Ё.П бусад ажилтнуудын нь хамт бөөнөөр нь халах асуудлыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу шийдвэрлэх ёстой байжээ. Ё.П ээлжийн амралтаа мөн оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эдлэхээр ерөнхий газартаа мэдэгдээд 09 дүгээр сарын 05-ны өдрөөс амарчээ. Гэтэл тийнхүү ээлжийн амралтаа хууль ёсоор эдэлж байхад нь халж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

Мөн түүнийг ажлаас халсан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь буруу байгаагаас гадна уг заалтыг ямар нэг байдлаар ажил хэрэг болгоогүй байна. Ё.П нь төрийн албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ алба хаагч тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албанаас халагдах ёсгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3, 23.4 дахь заалтуудад төрийн албан хаагчийг чөлөөлөх, 25 дугаар зүйлд төрийн албан хаагчийг ажлаас халах талаар зохицуулсан байдаг. Хуулийн уг заалтуудын аль зохицуулалтыг ашигласан нь ойлгомжгүй болоод байгаа. 

Нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэхгүй болгосон маргаан бүхий тушаалд хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн хэд, хэдэн заалтыг баримталсан. Хариуцагчийн зүгээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас чөлөөлсөн гэсэн утгатай тайлбар өгдөг. Тус тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан. Энэ заалт нь төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаал хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх заалт байгаа. Гэтэл бодит байдлыг харахад тус хуулийн заалт тохирохгүй байгаа. Хариуцагчийн зүгээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэж тайлбарладаг. Бодит байдалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт дүйцэхээр харагдаж байна. Тус заалтад зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэж зааж өгсөн. Зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр байгууллагын бүтэц, алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах нэгж шинээр бий болохыг хэлнэ. Уг нөхцөлд шинээр бий болсон зүйл байхгүй. Газар гэсэн нэр нь хэлтэс нэртэй л болсон.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэмд аймагт Улсын бүртгэлийн хэлтэс ажиллана гэсэн тодорхой заалт байгаа. 

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолын 15-д “тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзнэ” гэж заасан. 

Ё.П хувьд өмнө газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Газар гэсэн нь хэлтэс болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн. Энэ байдлаас харахад Ё.П чөлөөлөх ямар ч шаардлагагүй байжээ. 

Мөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримталсан байдаг. Гэтэл хуулийн тус заалтад тусгагдсан зүйл болоогүй. Үүнийг Монгол улсын Улсын дээд шүүхийн тайлбарласан байдаг.

Ё.П нь тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж болохгүй. Гэтэл тус хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан нөхцөл бий болоогүй. Түүнийг ажил үүргээ гүйцэтгэхгүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчсөн байна. 

Нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байхад ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй болгосон. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т заасныг зөрчсөн. Ээлжийн амралттай байхад ажил албан тушаал нь хэвээр хадгалагдах ёстой. Түүнийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс амарна гэсэн мэдэгдэл ирсэн байсан. Мөн ээлжийн амралтын талаар утсаар ярьсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. 

Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/25 дугаар тушаалыг гаргасан. Энэ тушаалаар Ё.П нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэй албан тушаалтан болгосон нь харагдана. Энэ одоог хүртэл хүчинтэй байгаа гэдгийг хэлье.

Хариуцагч захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн заалтыг баримтлах ёстой. Гэтэл тус хуулийн ганц ч заалтыг баримтлаагүй. Одоо утсаар ярьсныг сонсох ажиллагаа болгон ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн мэдээлэл авах, нотлох баримт, бичиг баримт бүрдүүлэн өгөх эрхийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааж өгсөн. Ё.Пд мэдэгдлийг өгөөгүй. Сонсох ажиллагаа хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранцэцэг, Д.Үржинсүрэн нар шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

“... Ё.П нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх  тухай” 917 дугаар тушаалаар тус газрын Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 509 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучнаар/ Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны “Улсын бүртгэлийн статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай А/304 дүгээр тушаалын дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Үндэсний статистикийн хороотой нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн.

Дээрх эрх зүйн актуудын хүрээнд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар Аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын албан тушаалын орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байна. Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/46 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ё.П үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрөөс Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Улсын бүртгэлийн Статистикийн ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/90 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчид, тэдгээрийн цалин нэмэгдлийг баталсан ба Ё.П нь тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” Б/248 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар тус тус томилсон байна. 

Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын "Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу дахин бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газар нь өөрсдөө орон тоогоо баталж гаргадаггүй. Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дагуу тус байгууллагын орон тооны хязгаар, албан хаагчдын цалин хөлсийг шинэчлэн тогтоосны дагуу бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хэлтсийн зохион байгуулалтад шилжиж, газрын даргын орон тоо хасагдсан. Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын “Тэтгэлэг олгох тухай” 111 дүгээр тушаалаар Ё.П үүрэгт ажлаас нь чөлөөлж, 5.373.362 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон. 

Нэхэмжлэгч талаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 8 дугаар тогтоолд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “орон тоо хасагдсан” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно гэж заасан. Тус тогтоолын 15.1.1-д “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Нэхэмжлэгч нь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар гэж байхад газрын дарга байсан бол хэлтэс болоход газрын даргын албан тушаал үгүй болж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар уг орон тоо хасагдсан. Нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан албан тушаалын орон тоо үгүй болсон гэж ойлгох нь зүйтэй юм. 

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй гэсэн тайлбар өгч байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Энэхүү хуулийн заалтыг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэг болгосноор Тамгын газрын дарга н.Б******* 21 аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга нартай холбогдон ажлын байр нь үгүй болж байгаа талаар мэдэгдэж, саналыг нь сонсож, сонсох ажиллагааг явуулсан. Тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д ямар арга хэлбэрээр сонсох ажиллагааг явуулах талаар зохицуулж өгсөн. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг учраас бүх үйл ажиллагааг биечлэн явуулах боломжгүй. Иймд дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-д утсаар санал авах гэж заасны дагуу сонсох ажиллагааг утсаар явуулж, үйл явц, тайлбар саналыг өгөх боломжоор хангасан. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасны дагуу 21 аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга нартай хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлийг баталгаажуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс ээлжийн амралттай байсан гэж дурдаж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэл, статистикийн газар болгон өөрчлөх байгуулах Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сард гарсан. Бүтцийн өөрчлөлт хийх нь тодорхой болсон учраас 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга нараас нэгийг нь ч амраахгүйгээр ажиллуулж байсан. Тамгын газрын дарга н.Б*******тэй хийсэн сонсох ажиллагааны үеэр ээлжийн амралтаа эдлэх хүсэлт гаргасан боловч захиргааны байгууллагаас ээлжийн амралт олгох шийдвэр гаргаж, мэдэгдэх хуудсыг албан ёсоор олгоогүй болохыг дурдъя. Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрмийн 3.5 дахь хэсэгт даргын түр эзгүйд албан үүргийг Ерөнхий газрын даргын үүрэг болгосноор хэлтсийн дарга, тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч түр орлон гүйцэтгэнэ гэж заасны дагуу Ё.П ээлжийн амралтыг эдлүүлэх талаар Ерөнхий газрын даргын шийдвэр болон зөвшөөрөл олгогдоогүй байдаг. 

Нэхэмжлэгч нь Ээлжийн амралтын зөвшөөрөл, анхан шатны баримтын бүрдэл хангагдаагүй байхад албан тушаал эрх мэдлээ ашиглан ээлжийн амралтын мөнгийг 08, 09 дүгээр сарын цалинд тооцуулан олгуулсан. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.6.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж ээлжийн амралтын мөнгөө өөрийн дансанд шилжүүлэн авсан байна.

Түүнд ерөнхий газрын шийдвэрээр ээлжийн амралт олгосон баримт байхгүй гэдгийг дурдъя. Ээлжийн амралтын мэдэгдэл, нөхөн олговрыг олгоогүй байхад ээлжийн амралт эдэлсэн гэж үзэхгүй. Дээрх ээлжийн амралттай байсан гэх хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан нь тухайн үед гаргасан түүний гарын үсэг бүхий албан бичиг, тушаалуудаар нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ё.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нь “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баянхонгор аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж эдгээр даатгалын дэвтрүүдэд бичилт хийхийг даалгах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* нь “...Ё.П ажиллаж байсан Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь хэлтэс болж нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн байхад Ё.П Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд томилолгүйгээр өөр байгууллагад ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар томилсон нь хууль бус” гэж, 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын албан тушаал үгүй болж уг орон тоо хасагдсан тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаал үндэслэлтэй ” гэж тус тус маргажээ. 

Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд Ц.М  томилсон  байх ба Ц.М нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт ажиллаж байгаагүй, өөр байгууллагад ажиллаж байсан тухайд талууд маргахгүй байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/36  дугаар тушаалын хавсралтаар аймгуудын Улсын бүртгэл, статистикийн газарт ажиллаж байсан Ё.П нарын 840 гаруй төрийн захиргааны албан хаагчдыг чөлөөлсөн байна.

Засгийн газрын 2016 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын "Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаалын дагуу төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдаж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон зохион байгуулагдсан байна.

Үүний дагуу аймгуудын Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан маргаан бүхий Б/36 дугаар тушаалаар Аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны нийт алба хаагчдыг чөлөөлсөн байх тул уг тушаалаас зөвхөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх ...”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус зааснаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг хуульчилсан ба энэ зарчмын гол агуулга нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар “төрийн байгууллага..., өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах...” зохицуулалтаар баталгааждаг.

Гэтэл хариуцагч нь төрийн байгууллагын газар гэсэн бүтцийн нэгж нь хэлтэс гэсэн нэгж болж өөрчлөгдсөнөөс газрын даргын албан тушаал байхгүй болсон гэсэн шалтгаан дурьдаж Ё.П тухайн байгууллагад ажилд томилоогүй нь түүнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “... бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаа, 27.2.3-т заасан “...үргэлжлүүлэн ажиллах” эрхийг тус тус зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ. 

Учир нь, хуулийн дээрх зохицуулалтын дагуу төрийн байгууллага өөрчлөгдсөнөөс орон тоо хасагдсан тохиолдолд албан хаагч өөрөө хүсвэл тухайн байгууллагадаа өөр ажил, албан тушаалд шилжих эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн байгууллагадаа хэлтсийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр ажиллах хүсэлтэй байгаа талаар илэрхийлж байсан байна .

Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар нь нийт 40 орон тоотой ажиллаж байгаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/37 дугаар “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Аймаг, Нийслэл, сум дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” тушаал -ын 4 дүгээр хавсралтад Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дарга-1, орон тоог 35  байхаар баталжээ.  

Энэ бүтцийн дагуу  Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэл, статистикийн газрын статистикийн хэлтсийн 5 тоо хасагдаж /хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн-3/, Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь 35 орон тоотой байхаар баталсан байх ба өмнө байгаагүй хяналтын байцаагчийн орон тоо шинээр нэмэгджээ. 

Гэтэл уг орон тоонд Баянхонгор аймаг дахь  Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалыг эрхэлж байсан н.л Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд тухайн байгууллагад ажил эрхэлж байгаагүй Ц.М томилсноороо “...Хэлтсийн даргын ажлын байр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа тул тэр ажлын байранд томилох боломжгүй. Өөрийг чинь уг албан тушаалд томилоход дахин нэг албан хаагчийн ажлын байрыг хөндөх асуудал байгаа”  гэсэн татгалзал үгүйсгэгдэж байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “...шударга ёс”-ны зарчимд нийцэхгүй байна. 

Мөн Ё.П өмнө эрхэлж байсан албан тушаалын үндсэн чиг үүрэг нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байранд хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны үндсэн зорилт” хэсэгт “1. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах”  гэж бичигдсэн болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын “Ажлын байрны үндсэн зорилт” хэсэгт “1. Улсын бүртгэлийн хэлтсийн ажил үйлчилгээг удирдан зохион байгуулах”  гэж бичигдсэн болон ажлын байрны гол үйл ажиллагаанд агуулгын өөрчлөлт ороогүйгээр тус тус нотлогдож байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-т “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласнаас үзвэл, төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсанаар газрын даргын албан тушаал хасагдаж байгаа мэт боловч тухайн газрын даргын албан тушаалын үндсэн чиг үүрэг хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэгт шилжсэн байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр хадгалагдан үлдсэн гэж үзнэ. 

Хэдийгээр нэхэмжлэгчээс “...албан тушаалд томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, ... өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” үүргээ биелүүлээгүй буруутай байх тул Ё.П Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ё.П нь ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа хууль бус тушаал гаргаж, албан бичгүүдийг явуулж байсан” гэж тайлбарлан маргаж байгаа нь хэрэгт хамааралгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ё.П ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж маргаж байх боловч Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу  нэхэмжлэгч Ё.П 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 86 өдрийн цалин хөлс болох 6,161,956 төгрөгөөс нэхэмжлэгчийн нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалын дагуу Ё.П 360000319830 тоот дансанд шилжүүлсэн  5,373,462 төгрөгийн тэтгэмжийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

                     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.П “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Сгийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалын Ё.Пд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ё.П Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ё.П ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 6,161,956  /зургаан сая нэг зуун жаран нэгэн мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж тэтгэмжид авсан 5,373,462 төгрөгийн хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ц.МӨНХЗУЛ