Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01559

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01559

 

 

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01673 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ЭТТ ХК-д холбогдох,

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЭТТ-2019/693 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150,000 ам.доллар буюу нийт 429,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.У, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: С ХХК нь ЭТТ ХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЭТТ-2019/693 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож урьдчилан байршуулсан барьцаа болох 150,000 ам.доллар буюу нийт 429,360,000 төгрөг гаргуулна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Талууд ЭТТ-2019/693 дугаартай гэрээний нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийн хэрэгжүүлэхтэй холбоотой 150,000 ам.долларын барьцааг гэрээнд заасан буцаан олгохгүй байх эрхийнхээ дагуу С ХХК-д буцаан олгох боломжгүй. Нэхэмжлэгч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 153 дугаар зүйлийн 153.1, Хөдлөх эд хөрөнгө эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭТТ ХК-аас 46,026,056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 383,333,944 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 2,307,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭТ ХК-аас улсын тэмдгийн хураамжид 388,080 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

4.б. Шүүх хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 231.1.4, 153-160 дугаар зүйлд зааснаар Барьцааны эрх нь хуулиар тусгайлан зохицуулагдсан харилцаа байдаг.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангах арга 231.1.4-т Барьцаа, 153 дугаар зүйл Барьцаа, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус зааснаар бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бичгээр байгуулагдсан байхыг хуулиар шаардсан байна.

Харин шүүх барьцааны эрхийг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг хохироож шүүхийн шийдвэрт шууд нөлөөлж байгаад гомдолтой байна. Учир нь шүүх талуудын хооронд барьцааны эрх үүссэн гэж дүгнэсэн атгаа барьцаагаар хангагдах үүргийг өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн, хариуцагч барьцаагаар хангагдах үүргээ тодорхойлоогүй, нэхэмжлэгчид барьцаагаар хангуулах үүрэг үүсээгүй, хариуцагч нүүрс худалдан авах, ачилт хийх үүргээ биелүүлэхийг шаардаагүй барьцаа хөрөнгийг шууд ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр зүгээр өөрийн мэдэлд авахаас маргаж байхад шүүх үүнийг үндэслэлтэй байж дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хуулийн зохицуулалтаар барьцаагаар хангагдах үүргээ биелүүлээгүй буюу барьцаагаар хангагдах шаардлага бий болсон бол барьцааны зүйлийг худалдан борлуулж олсон орлогоос хангагдаагүй үүргийн гүйцэтгэлийг биелүүлж, үлдэх хэсгийг /хэрэв үлдвэл/ барьцаалуулагчид буцаан өгөх журамтай байдгаараа барьцаа нь бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргаас ялгагдана. Барьцааны зүйл мөнгөн хөрөнгө бол уг мөнгөн хөрөнгөөс гүйцэтгээгүй үүргийг биелүүлж, зөрүү үлдвэл барьцаалуулагчид буцаан олгох хуулийн зохицуулалттай. Энэ тохиолдол барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ тодорхой байх ёстой. Хариуцагч манай компанийг 150,000 тонн нүүрс худалдан авах, ачих үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй учир барьцааг үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар буцаан олгохгүй гэж байгаа боловч барьцаанд байршуулсан мөнгөний буюу төлбөрийн хэмжээний нүүрсийг манай компанид шилжүүлээгүй, ачуулаагүй, манай компанид ачуулсан нүүрсний төлбөрөө нэхэмжлэл ирүүлэн авсан өнөөдрийн байдлаар талуудад энэхүү гэрээтэй холбоотой ямар нэгэн өр авлагагүй барьцаагаар хангагдах, биелэгдээгүй шаардлага үүсээгүй байхад барьцааг буцаан олгохгүй гэж байгаа нь Эрдэс таван толгой ХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул бид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар барьцаа төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

Иймд хариуцагч барьцааны гэрээ хүчин төгөлдөр болоогүй, барьцаагаар хангагдах шаардлага үүсээгүй байхад барьцааны зүйл болох 150,000 ам.долларыг өөртөө үлдээсэн нь хууль бус байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч ЭТТ ХК-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЭТТ-2019/693 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож урьдчилан байршуулсан барьцаа 150,000 ам.доллар буюу нийт 429,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авагч тал болох нэхэмжлэгч нь нүүрс худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шилжүүлсэн 150,000 ам.долларыг буцаан олгохгүй байх эрхийн дагуу нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч тал ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч болсон нь үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүхээс Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.5 гэсэн талуудын хоорондын маргаанд огт хамааралгүй хуулиудыг баримталж хэргийг шийдвэрлэснийг эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэх боломжгүй болжээ.

 

2.а. Талууд хэдийгээр дээрх гэрээнд шилжүүлсэн 150,000 ам.долларыг барьцаа гэж нэрлэсэн байх боловч, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт барьцааны зүйл нь авлага байхаар, мөн хуулийн 57.5 дахь хэсэг нь банкны дансанд байгаа мөнгөн хөрөнгө дээр үүсэх барьцаатай холбоотой нарийвчилсан зохицуулалт болохоос, гэрээний нэг тал, нөгөө талдаа гэрээ байгуулсны нотолгоо болгож, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахаар болон гэрээний бусад нэмэлт үүргийг хангуулахаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд хамаарахгүй.

 

3. Талууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалттай холбоотой гэрээ байгуулах үндэслэл болгож 150,000 ам.долларыг шилжүүлсэн гэх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд энэ нь нэг талын гэрээний үүргийг баталгаажуулах, зөрчил үүссэнээс учирсан хохирол төлбөрийг суутгах агуулгатай. Тодруулбал, Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох дэнчингийн агуулгаар нөгөө талд төлсөн төлбөр болох нь талуудын хоорондын маргаангүй үйл баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.

 

3.а. Дэнчингийн мөнгийг буцаан төлөх эсэх нь гэрээнд оролцогч талуудын хооронд гэрээтэй холбоотой үүссэн үүрэг, хохирол, зардлын хэмжээнээс хамаарна.

 

3.б. Гэтэл нэхэмжлэгч дэнчинг буцаан төлөхөөс татгалзах үндэслэл болсон хариу үүрэг үүссэн эсэх асуудал тодорхойгүй зэрэг маргаантай асуудлын талаар шүүх тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна. Тухайлбал, шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцаа гэж дүгнэсэн атлаа худалдан авсан байгаа нүүрсний хэмжээгээр хувь тэнцүүлэн буцаан олгож байгаа нь гүйцэтгээгүй үүрэг, түүнээс үүссэн нэмэлт үүрэг, хохирлын асуудал нь хэдэн төгрөг болох, үүргийн хэмжээ зэрэг нүүрс худалдан аваагүйн улмаас хариуцагчид учирсан хохирол тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ тодорхой илэрхийлсэн байдал тодорхойгүй байна. Энэ тохиолдолд хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээний талаар дүгнэлт хийх, боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2022/01673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,074,619 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ