Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                      

           улсын яллагч Х.Анхцэцэг,

            шинжээч эмч Б.Ганзориг,

            хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Барсүрэн,

            шүүгдэгч П.Б, Ц.Амар нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б- д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808033540888 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сая сая сарнай” хүнсний дэлгүүрт иргэн Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сая сая сарнай” хүнсний дэлгүүрт иргэн Б.Бийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үл таних хоёр хүн орж ирээд эрэгтэй нь 2 пиво 1 ундаа аваад картаа уншуултал эмэгтэй нь зайрмаг аваад 2000 төгрөг тек дээр тавьснаа буцааж авсан...200 төгрөг дутахаар нь эрэгтэйгээс 200 төгрөг авах гэтэл миний 2000 төгрөгийг өг, хаана байна гээд хэтэвчнээсээ 2500 төгрөг гаргаж өгчихөөд эхнэрийнхээ өгсөн 2000 төгрөг хаана байна  гээд хэл амаар доромжлоод байсан. Би чимээгүй байж байтал салаавч гаргаад нүүр лүү цохичихсон...гэх мэдүүлэг /хх-13/,

- хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Би эрүүл мэнд болон бусад зүйлээр хохирсон. Эрүүл мэндийн хувьд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хамрын муруйг тэгшлэх хагалгаанд орсноос хойш бүрэн эдгээгүй. Одоо 1 дүгээр эмнэлгийн хяналтад байгаа, байнга очиж үзүүлж байгаа. Учир нь хамарны хавдар нь бүрэн буухгүй байна. Эмч хэлэхдээ хавдар 3 сарын хугацаанд буурна, хавдар буусны дараа ямар эмчилгээ хийхээ шийднэ, хавдарын цаана нь ямар нэгэн гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг.../шүүх хуралдааны тэмдэглэл/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 9620 дугааратй:... Б.Бийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хацар, шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлслэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-24/,

- шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.Г өгсөн :...Би Б.Бийн биед үзлэг хийж, хуульд заасан дүрэм, журмын дагуу дүгнэлт гаргасан. Тархи доргилт дангаараа хөнгөн зэргийн гэмтэл, хамар ясны хугарал мөн дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Энэ гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Эдгээр гэмтэл нь 4 долоо хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Хагалгаанд орсон нь эдгэрэх хугацаанд нөлөөлөхгүй, харин гэмтснээс хойш хэр хугацааны дараа хагалгаанд орсоноос хамаарч бага зэрэг өөрчлөлт гарч болно. Нэгэнт мэс ажилбараар зассан тохиролдолд дээрх хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой. Хэрэв журам зөрчсөн, хууль бус дүгнэлт гаргасан бол намайг шалгуулж болно...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/  

- шүүгдэгч П.Бийн :.. 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой найз И гэрт орох гээд замаараа дэлгүүр орж 2 пиво авчихаад манай эхнэр зайрмаг авъя гэхээр нь мөнгийг нь дутуу өгчихсөн тэрнээс болж маргаан үүссэн. Тэгсэн худалдагч нь миний цамцнаас зуураад цамцны товчнууд тасарчихсан. Тэгэхээр нь би гарыг нь салгах гэж байгаад хамрыг нь...гараараа нэг удаа цохисон... гэх мөрдөн байцаалт /хх-30-32/ болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байна. 

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогчоос мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэв.

            Шинжээч шүүх хуралдаанд оролцон урьд гаргасан дүгнэлтээ холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу гаргасан болохоо мэдүүлсэн, түүнчлэн хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2015.10.07-ны өдрийн өвчтөн илгээх хуудас, 2018.08.24-ний эмчийн тодорхойлолт зэрэг нь тус хэрэгт буй шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл, баримт биш байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг зөвшөөрөхгүй тухай хохирогчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах үндэслэл тогтоогдоогүй болно. 

            Харин хохирогчийн өмгөөлөгч нь шинжээч хууль бус дүгнэлт гаргасан гэх асуудлыг жич шалгуулах буюу шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд тус хэргийг дахин хянуулах боломжтойг тэмдэглэв.    

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд баримтаар 560.700 төгрөг /хх-5-14/ нэхэмжилснээс шүүгдэгч 1.000.000 төгрөг /хх-4/ төлжээ. 

            Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэмж өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, 7 сарын цалин 6.300.000 төгрөг нийт 7.300.000 төгрөг нэхэмжилсэн боловч хохирогчийг ажилд томилсон тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, цалинд холбогдох санхүүгийн анхан шатны баримт зэрэг хууль ёсны нотлох баримтгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өмгөөлөгч заавал авахыг хохирогчид үүрэг болгоогүй байх төдийгүй хохирогчийг төлбөрийн чадваргүй гэж үзэхгүй, өмгөөлөгчийн зардлын баримт хууль ёсны шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр хохирлын нэхэмжлэлийг хангах боломжгүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэх тухайн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.            

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нотлох баримт бүхий хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.    

Бусад асуудал: 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч П. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бид оногдуулсан 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР