| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431003200318 |
| Дугаар | 2026/ДШМ/41 |
| Огноо | 2026-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2026/ДШМ/41
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин /цахим/
Иргэний хариуцагч П.Б*******
Шүүгдэгч О.Ц*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Т.Сумъяабазар, Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор О.Ц*******ад холбогдох эрүүгийн 2431003200318 дугаартай, 316/2025/0023/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт О******* Ц*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Ду******* аймгийн С******* суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Аз зоогийн газар”-т тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Ду******* аймаг, С******* сумын М *-*** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: )
Шүүгдэгч О.Ц******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумын Цөх 3 дугаар баг “” нэртэй газарт улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж,
хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх
нөхцөлийг хангана;
27/г тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 4 настай Б.Эыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: О.Ц*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овогт О******* Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц******* ад оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгчийн ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 26,272,000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгснөөс шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* 55,500,000 /тавин таван сая таван зуун мянга/-ийн төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О******* д нөхөн төлсөн болохыг дурьдан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 3.3-д заасны дагуу хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасны дагуу 150х660,000=99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснээс 50,228,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 48,772,000 төгрөгийг шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О******* д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,
Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,
Шүүгдэгч О.Ц******* ад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд :
...Болсон үйл баримт болон холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар миний үйлчлүүлэгч О.Ц******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд маргаагүй, үнэн зөвөөр хэлж мэдүүлж ирсэн.
Хэрэг учрал болсон өдөр О.Ц******* нь П.Б******* гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гол, ус гаталгах зорилготой жолоодсон, мөн “” гэх нэртэй газрын машин зогсоол дээр машинаа байрлуулж, газар үзээд буцаж явахаар ухрах үйлдэл хийхдээ осол гаргасан, бага насны охиныг машины ард ирж суусныг мэдээгүй харах боломжгүй байсан. О.Ц******* аас шалтгаалаагүй хэд хэдэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.
О.Ц******* нь осол болсон даруйд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, болж өнгөрсөн үйл баримтанд өөртөө дүгнэлт хийж, гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа ба хохирогчид учирсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа хохирлыг иргэний хариуцагчийн хамтаар төлж барагдуулж, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулахаар хичээж, шүүхээс оногдуулсан ял шийтгэлд хүндэтгэлтэй хандаж байгаа болно.
О.Ц******* анх удаа тохиолдлын шинжтэй болгоомжгүй төрөлд хамаарахгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр зохих байгууллагад мэдэгдсэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж буй хохирлыг өөрийнхөө чадах хүртлээ төлж барагдуулж байгаа, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа харамсаж гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл мөн хуулийн 7.1-д зааснаар зааснаар ялыг хөнгөрүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Буяндэлгэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэг. Эрүүгийн хариуцлагын талаар: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байдаг.
Миний үйлчлүүлэгч О.Ц******* ын хувьд өөрийн үйлдэл, гэм буруугийн хувьд маргадаггүй бөгөөд өөрийн гэм бурууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа хүлээж, уг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг төлж, төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсээр ирсэн болно.
Мөн энэхүү эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж байсныг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 2025/ДШМ/58 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэж байсан билээ.
Мөн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан болох үед шүүгдэгч О.Ц******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд нэхэмжилсэн 26,272,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,728,000 төгрөг нийт, 30,000,000 төгрөгийг төлсөн байдгийг дурдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч О.Ц******* нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд нэхэмжилсэн 26,272,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохиролд 50,228,000 төгрөг нийт, 76,500,000 төгрөгийг төлсөн байдаг.
Гэтэл шүүхээс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар О.Ц******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд мөн ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэр нь шүүгдэгчийн гэм бурууд тохирохгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа болно.
Тодруулбал өмнө миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 2026/ШЦТ/38 шийтгэх тогтоолоор зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн өмнөх шүүх хуралдаан болох үеэс хохирлыг нэмж барагдуулсан зэрэг миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг харгалзан үзэлгүй адил шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэдий Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл хийсэн ч өөрийн гэм бурууг ойлгох, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг барагдуулахад хичээл зүтгэл гаргаж байгаа үйл баримт, хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэж шийдвэр гаргах нь эргээд шүүгдэгч нийгэмших, өөрийн гэм бурууг эргэлзээгүй ухаарах, хохирогчийн төлөгдөөгүй хохирлыг төлөхөд зайлшгүй анхаарах байдлаар эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлагын зорилгын нэг болох учирсан хохирлыг барагдуулахад чухал ач холбогдолтой болно.
Хоёр. Улсын яллагч, Өмгөөлөгч нарын өмгөөллийн дүгнэлт, эрүүгийн хариуцлагын саналд дүгнэлт хийгээгүй асуудлын талаар. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” мөн хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг заахаар хуульчилжээ.
Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг журамлан 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 жилийн хугацаанд хасах ял оногдуулах талаар,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасныг журамлан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хорих ял оногдуулалгүй тэнцэх талаар санал гаргасан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс О.Ц******* ад ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /Тав / жилийн хугацаагаар хасаж, 3 /Гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ улсын яллагч болон шүүгдэгч нарын саналыг дүгнээгүй, хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, тэнсэх боломжтой гэмт хэрэг байхад яагаад зөвхөн хорих ял оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй, улсын яллагч болон өмгөөлөгч нарыг саналыг хүлээн аваагүй үндэслэлээ анхан шатны шийтгэх тогтоолд дурдаагүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс уг асуудлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг өөрчилж, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.
Гурав. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг буруу тогтоосон талаар. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 2026/ШЦТ/38 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт “шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэсэн байх бөгөөд шүүхээс цагдан хоригдсон хугацааг буруу тогтоож миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.
Тодруулбал уг 12 хоног нь өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 48 дугаар шийтгэх тогтоол гаргах үед цагдан хоригдсон байсан хугацаа бөгөөд уг тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт энэ талаар тусгажээ.
Гэтэл миний үйлчлүүлэгч О.Ц******* нь дээрх шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 10- ны өдөр хянан хэлэлцэж 48 дугаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор мөн цагдан хоригдож Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 58 дугаар магадлалыг уншиж сонсгох хүртэл нийт 86 хоног,
Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 15-ны өдрийн 487 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж гарсан өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 606 дугаар захирамж гарах хүртэл 72 хоног нийтдээ 170 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох ёстой байсан.
Гэтэл дээрхийг анхаарч үзэлгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн байх тул Давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрлэж өгнө үү. Иймд, өмгөөлөгчийн дээрх үндэслэлүүдээр давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч бүхэлд нь хангаж, өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын саналд дүгнэлт өгч, цагдан хоригдсон хугацааг буруу тоолсныг залруулж, миний үйлчлүүлэгчид 3 /гурав/ жилийн хугацаанд нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр оногдуулсан ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгчийн оршин суугаа газарт зорчих эрх хязгаарлах ялаар сольж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сумъяабазар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Нэг. Үйл баримтын тухайд Шүүгдэгч О.Ц******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй. Мөн шүүгдэгч нь гэм буруутай үйлдэл хийсэндээ маш ихээр гэмшиж буйгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед хэлж, гэмшиж ирсэн байна.
Гэвч шүүгдэгч О.Ц******* нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хэдий нь дээрх гэм буруутай үйлдлийг хүсэж хийгээгүй. Ямар нэгэн алах зорилготой, эсхүл дайрах зорилготой ухрах үйлдэл хийгээгүй нь субьектив талын шинжээрээ тухайн хүүхдийг алах санаа зорилгогүй байсныг илтгэн харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд гэм буруугийн холимог хэлбэрийг заасан. Гэм буруугийн холимог хэлбэр гэдэг нь санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүй үйлдэл хохирол, хор уршигт хүрснийг хэлнэ. Шүүгдэгчийн жолоодох эрхгүй байж жолооны ард сууж, жолоо барьж байгаа үйлдэл нь санаатай боловч хүрэх үр дүн нь хүнийг алах, дайрах гэсэн санаа зорилго байгаагүй. Мөн ухрах үйлдлийг эхлэхдээ хүүхдийг дайрах санаа агуулаагүй бөгөөд жолооны ард сууж өмнө машины эргэн тойрныг шалгаж үзэхэд хүүхэд байгаагүй хяналтын камерын бичлэгээс харагдана тул хүүхэд байхгүй байх хэмээн хөнгөмсгөөр найдаж, хайхрамжгүй хандсан гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн холимог шинж байдал, оногдуулах ялын төрөл хэмжээг тусгайлан заасан тул болгоомжгүйгээр, хөнгөмсгөөр найдаж, хайхрамжгүй хандаж энэхүү гэм хэргийн үйлдсэн гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Иймд шүүгдэгч санаатайгаар тус гэм хэргийг үйлдээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйлдэл байгааг давж заалдах шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Хоёр. Хууль хэрэглээний тухайд 2.1. Сэтгэл санааны хохирлыг шинжээчийн дүгнэлтэд заасан зэрэглэлд үндэслэн тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон тухайд
Юуны өмнө шүүгдэгч О.Ц******* нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байсан бөгөөд боломжит бүхий л нөхцөлөөр бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ч нөхөн төлсөөр байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд шүүгдэгч сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор хэдий маргаангүй ч анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг тогтоохдоо хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3- т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, 27.10 дугаар зүйлд заасан (Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих,)-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ...” гэж заажээ.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт гарч, шинжилгээний байгууллага хийсэн дүгнэлтэд дурдсанаар хохирогчийн сэтгэцэд хор уршгийг тогтоосон байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүхийг энэ талаар дүгнэлт хийж өгөөсэй гэж хүсэж байна.
2.2. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан тухайд Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх боловч гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон ялыг сонгон оногдуулах нь шүүхийн үүрэг билээ.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Ц*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах гэсэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.
2.3. Шүүгдэгч О.Ц*******ыг Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой тухайд Давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх тодорхой хугацаа тогтоож, уг хугацаанд тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаар хяналт тавьж, хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг авч өгөөч гэж хүсэж байна.
Мөн анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын тухайд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гарах болсон шалтгаан, сэдэлт, гэмт санаа зоригоо хэрэгжүүлсэн арга, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хохирогчид учруулсан хохирлын хэмжээ, түүнийгээ арилгасан байдал, гэм буруугаа ойлгосон байдал зэрэг тодорхой гэмт хэргийн болон гэм буруутай этгээдийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг үлэмж багасгасан, тухайн этгээдэд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрч болох нөхцөл байдал гэж үзэж байна.
“Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд” гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, сурлага, иргэний болон олон нийтийн үүрэгт хандах хандлага, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хөдөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, амьдралын түвшин, ажил амьдралын дадлага туршлага, ял шийтгэл, шагнал урамшил зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.
“...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Ц******* ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл учруулаагүй, хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгч байсан, аав ээж 3 дүүгийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзаж үзээгүй байх бөгөөд хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх боломжтой байсан гэж үзэж байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд аль болох хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэж ял эдлэх үйл явцад хяналт тавих, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, ажил хөдөлмөр эрхлүүлэн, учирсан хохирлыг бүрэн төлүүлэх тэнсэх албадлагын арга хэмжээний нэг зорилго билээ.
Мөн энэрэнгүй ёсны зарчим нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэхийн зэрэгцээ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон материаллаг хохирлыг нөхөн төлүүлж учруулсан гэм хороо арилгасан тохиолдолд нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой билээ.
Гэмт хэрэгтэн идэвхгүйгээр шийтгэл хүлээхээс идэвхтэйгээр хохирлоо төлөх нь чухал билээ. Түүнчлэн учруулсан гэм хороо арилгасан тохиолдолд гэмт хэргийн нийгмийн аюул үгүйсгэгдэх буюу багасаж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын арга хэмжээ хөнгөрөх учиртай.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гарах болсон шалтгаан, сэдэлт, гэмт санаа зоригоо хэрэгжүүлсэн арга, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нийгэм, иргэдэд учруулсан хохирлын хэмжээ, түүнийгээ арилгасан байдал, гэм буруугаа ойлгосон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл учруулаагүй, хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгч байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөр ялаар буюу зорчих эрхийг хязгаарлах солих, эсхүл хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү хэмээн хүсэж байна.
Шүүгдэгч нь тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохиролд төлөх төлбөрийг төлөх нөхцөл илүүтэй бүрдэхийг Давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн шүүгдэгч нь тэнссэн байх хугацаандаа учруулсан гэм хороо арилгах талаар бүхий л арга хэмжээг авч, өмнө хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж хохирогчийг хохиролгүй болгох бүхий л арга хэмжээг авах болно.
Иймд давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хуулийг 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасны дагуу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл хорихоор өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний хувийн байдлыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хийх боломжийг олгож өгнө үү. Бүгдээс нь дахин дахин уучлалт гуйж байна. Харамсалтай зүйл болсон зүйлд гүнээ харамсаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Гомдолгүй гэж хэлж чадахгүй. Би үрээ алдсан хүн. 2 жил болох гэж байна. Урдын адил хэцүү байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар насны байдлыг харгалзаж 200 гаруй сая төгрөг нэхэмжлээгүй. Боломжит хэмжээгээр төл гэж хохирлын шаардлагаа гаргасан. Хохирол бүрэн төлөгдөөгүй., шүүгдэгчийн хувьд эрхийн үнэмлэхгүйгээр машин барьсан байдалтайгаар шүүх дүгнэсэн байх. Өмнө нь ял өгөхдөө хоёр зүйл ангийг нэмж нэгтгээд хоёр зүйл анги дээр ял өгөөгүй. Дотроо байдаг хоёр санкцийг оруулж тооцсон. Тэрний нэг нь байхгүй болчихсон учраас нэг нь хасагдах ёстой гэх боломжгүй. Бид нар нэг ойлголттой байх ёстой. Хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд гаргах ёстой, эсхүл хохирлыг төлүүлэхийн тулд тэнсэх ёстой, ажил хийлгэхийн тулд тэнсэх ёстой гэх хуулийн заалтууд байхгүй” гэв.
Иргэний хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчөөс хүсэж байгаа зүйл нь залуу хүнд боломж олгож өгнө үү” гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Тухайн гомдол дээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар ямар нэгэн зүйл дурдаагүй байсан. Тийм учраас эрүүгийн хариуцлага өөрчлөх, хөнгөрүүлэхтэй холбоотой асуудал дээр ямар нэгэн тусгайлан гаргах саналгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.Ц******* ад холбогдох эрүүгийн 2431003200318 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч О.Ц******* ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангиудад зааснаар “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч О.Ц******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумын Цөх 3 дугаар баг “” нэртэй газарт улсын дугаартай “” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 10.1, 27/г гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 4 настай Б.Эыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц******* ын өгсөн: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үнэхээр их харамсаж байна....” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О******* ийн өгсөн: “...Миний хувьд маш их гомдолтой байна. ...Маш хүчтэй огцом дараад ухарсан гэсэн. Би сэтгэлээрээ хохирч байна, ...Ийм юм үзэхэд үнэхээр хэцүү байна...” гэх мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч П.Болорма агийн зүгээс: “...Тужийн нарсны цамхаг руу явсан. Голоор нилээд харж зогсоод гарч чадахгүй байсан тул Ц*******ад жолоо шилжүүлсэн. ...Ц*******ыг жолооны үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. ...Тэр үед жолооны мэдрэгч ажиллахгүй байсан юм. Бид нар маш зөөлөн ухарсан. Хүчтэй ухарсан бол түк гээд дуугарах байсан. Эхний удаа юу ч мэдэгдээгүй” гэх мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О******* ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,
-Гэрч, иргэний хариуцагч П.Б******* гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ду******* аймгийн С******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Аз” зоогийн газрын захирлаар ажилладаг бөгөөд ажлынхаа газрын ажилчдын хамт газар үзэхээр 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ц*******, Дэлгэрнасан, Даваажаргал болон өөрийн охин Азжаргал нарын хамт төрсөн дүү Болортуяагийн нэр дээр бүртгэлтэй боловч миний эзэмшилд байдаг “” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлсөн юм. Ингээд бид нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2024 оны 08 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед орж ирээд ...Тужийн нарсны “” нэртэй газар руу явах замд гол байсан учраас өөрийгөө машинтай гаталж чадахгүй байх гэж бодоод хамт явж байсан Ц*******ад жолоог шилжүүлж гол гараад “”-т очоод машинаа зогсоолд зогсоогоод бид нар тужийн нарсны ажиглалтын цамхаг руу гарч зургаа даруулж байгаад нээх удалгүй буугаад машиндаа сууцгаасан. Тухайн үед дахиад ирэхдээ гаталсан голоо дахиад гатлах мөн замын нөхцөл байдал таалагдахгүй байсан болохоор Ц*******аар машинаа бариулаад хөдөлсөн юм. Хөдлөхийн өмнө Ц******* бид хоёр ухрахын камер харах үед хэн нэгэн байгаагүй боловч ухарсан чинь гэнэт л хүмүүс орилолдоод яваад өгсөн. Бид нар буусан чинь машины ар талд нэг хүүхэд хэвтэж байсан юм. Тэгтэл тэнд байсан хүмүүс хүүхэд дээр тэнд байсан хүмүүс шаваад ирчихсэн тэгснээ гэнэт л тухайн хүүхдийг аваад нэг цагаан машинд суулгаад хөдөлсөн. Тэгэхээр нь бид нар юу ч бодолгүй тухайн хүүхдийг дагаад араас нь хөдөлсөн юм. ...Осол болох үед тээврийн хэрэгслийг Ц******* жолоодож байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...дарга Б*******гийн унаад байдаг улаан өнгийн “Лехсус РХ” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр хөдөлсөн юм. ...өнөөдөр буюу 08 дугаар сарын 03-ны өглөө Сайханы хөтөл нэртэй газар үзчихээд Сүхбаатар сумаар нэвт дайраад Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нь үзэхээр “” нэртэй газар руу явсан. Ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад “”-т очиж машинаа зогсоолд зогсоогоод өөрсдөө ажиглалтын цамхаг дээр нь гарч ганц нэг зургаа даруулж байгаад нээх удалгүй буугаад машиндаа суусан. Тухайн үед машиныг Ц******* жолоодоод хөдлөх гэхэд нь би жолоочид “ойр орчимд олон жоохон хүүхэд байна шүү” гэж хэлсэн чинь надад “би камераараа харсан” гэж хэлээд хойш ухарсан чинь гэнэт л тухайн газарт байсан хүмүүс гүйлдэж ирээд “хүүхэд дайрчихлаа энэ тэр” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
-Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бид нар нэртэй газарт хоол унд идээд байж байхад нэг улаан өнгийн “Лексус РХ” загварын тээврийн хэрэгсэл хойш ухраад урагшаа хөдөлсөн тэгтэл л тэнд байсан хүмүүс орилолдоод яваад өгсөн. Тэгээд бид нар яваад очсон чинь бага насны эмэгтэй хүүхдийг тэр машин хойш ухарч дайрч дээгүүр нь гараад дахиад урагшлаад дээгүүр нь гарчихсан байсан. Тэгтэл манай найз С эмч болохоор тухайн хүүхдийн амь насыг нь аврах анхан шатны тусламж үзүүлсэн. Дараа нь эмнэлгийн машиныг тосоод тухайн хүүхдийг аваад нэртэй газраас хөдөлсөн. Миний мэдэх зүйл бол энэ л байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бид нар нэртэй газарт хоол унд идээд байж байхад тухайн газарт гэнэт л хүмүүс орилолдоод яваад өгсөн. Тэгэхээр нь би эхэндээ хүн могойнд хатгуулсан юм болов уу? гэж бодоод яваад очсон чинь бага насны эмэгтэй хүүхдийг улаан өнгийн тээврийн хэрэгсэл дайрчихсан байсан. Тэгээд миний хувьд эмч болохоор тухайн хүүхдийн амь насыг нь аврах зорилгоор анхны тусламж үзүүлсэн. Тэгээд болохгүй болохоор нь эмнэлгийн хүмүүсийн замыг нь тосоод тухайн хүүхдийг аав эгчийнхэн машинд суулгаад хөдөлсөн. ...талийгаач охин аав, эгчийнхээ хамт эмнэлгийн машинд суугаад явсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би аймагт ойрын 2 сарын хугацаанд байж байгаад 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ...Д, бид гурав нэг машинд суугаад ийн хүүхдүүд, садангийн хүмүүсийн хамт жижиг машинтай явсан. дээр очоод хүүхдүүд цамхаг үзэх гээд явсан. Харин Д, бид гурав зогсоолын дэргэд нарсан дунд байрлах ширээ сандалд ...байж байсан чинь л хүмүүс орилолдоод яваад өгсөн. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь ийн бага охин нь улаан өнгийн машинд дайруулчихсан байсан. Тэгээд л охиноо аваад хүмүүсийн хамт эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг,
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай “Магадлан шинжилгээгээр зүүн нүдний дээд доод зовхи, зүүн баруун шанаа хацар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь нас барах үед үүссэн шинэ гэмтэл байна. Магадлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Магадлан шинжилгээгээр гавал тархины гэмтлийн улмаас тархи няцарч төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт,
-Шинжээч С.С 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №171 дугаартай “О.Ц******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а,тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг; 14.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг; 27/г тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэснийг тус тус зөрчсөнөөс болсон байна” гэх шинжээчийн дүгнэлт,
-Шинжээч С.С 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 171 дугаартай шинжээчид тавьсан асуултад хариулсан байдал, “...Амь хохирогч Б.Э болон түүний асран хамгаалагч нар Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 а-д 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх шинжээчийн хариулт,
-Техникийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08/47 дугаартай “...Б.Э ын асран хамгаалагч нь МУ-ын ЗХД-ийн 27.2 “а”-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд ...10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх ..үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. улсын дугаартай автомашины жолооч О.Ц******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7 “а” болон 10.1-р заалт улсын дугаартай автомашины эзэмшигч нь МУ-ын ЗХД-ийн 27.2 “г”-р заалт, Б.Э ын асран хамгаалагч нь МУ-ын ЗХД-ийн 27.2 “а”-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгааг дурьдах нь зүйтэй.
5.Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ц******* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 03 жилийн хорих оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан нэг гэмт хэргийн ердийн болон хүндрүүлсэн бүрэлдэхүүнээр давхардуулан зүйлчлэх шаардлагагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “1. Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
3-д “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
6.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс гаргасан “...Шүүгдэгч гэм буруугийн талаар мараагүй, тэрээр гэм буруутай үйлдэлдээ маш их харамсан гэмшиж, хохирол хор уршгийг өөрийн боломжит хэмжээнд төлж барагдуулж байгаа. Түүний хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгөх, мөн шүүгдэгчийн цагдах хоригдсон хоног буруу ташаа тооцсоныг зөвтгүүлэх” талаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ц******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, улсын яллагчийн зүгээс 01 жил 06 сарын хорих ял оногдуулах санал оруулсан, шүүгдэгч түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн хорих ялын хэмжээг багасгаж 01 жилийн хорих ял оногдуулан өөрчлөх боломжтой гэж үзсэн.
7.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангасан боловч түүний энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Ц******* нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 12 хоног, мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 85 хоног, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 71 хоног, нийт 168 хоног цагдан хоригдсон байсныг шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд 12 хоног гэж ташаа бичигдсэнийг залруулах боломжтой байна.
Мөн шүүгдэгч О.Ц******* нь 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 48 хоног цагдан хоригдсоныг өмнөх цагдан хоригдсон хоногтой нэмж нийт 216 хоног хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
8.Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.Ц******* ын ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж,
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 168 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.Ц******* ын энэ гэмт хэргийн улмаас нийт цагдан хоригдсон 216 хоногийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ