Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/01456

 

 

 

 

 

                  2025       10         15

                  317/ШШ2025/01456

                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** хороо, *** тоотод оршин суух, ** овогт Д***н А*** /РД: ***/-ы нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,891,810 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М***,

Хариуцагчийн төлөөлөгч М.Х***,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б***,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А***ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Д.А*** нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр 2004 онд суралцаж төгсөөд мөн оны 09 сарын 01-ний өдрөөс Төв аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж эхэлсэн. 2021 оноос сургуулийн захирал түүнд албан бус насан туршийн боловсролын төвийн багшаар ажиллахыг санал болгож, энэ албан тушаалд томилогдож, 2025 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байв. Анх 2004 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн багшийн ажилд томилогдож ажиллаж эхэлснээс хойш монголын ирээдүй болсон шавь нараа сурган хүмүүжүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэн шударгаар зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд нэг ч удаа сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй. Захирал М.Х*** нь 2024-2025 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд ажлын цагийн бүртгэлийг үгүйсгэж, үндэслэлгүйгээр Д.А***ы 6 хоногийн цалинг хасаж байсан бөгөөд энэ шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй өнөөдрийг хүрсэн хэдий ч түүнтэй маргаагүй. Түүнчлэн хамт олны хурал дээр багш, ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа асуудлаар захиралд хандаж үзэл бодлоо илэрхийлснээс болж ялгаварлан гадуурхалд өртсөн гэж үздэг.

Захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Д.А***ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 /зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх/, 7.1.8 /байгууллагын соёл, дэг журам албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх,/  Хөдөлмөрийн гэрээний 5.1 /хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага хүлээлгэнэ /,

сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.1 /Ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана/,

13.3.1 /Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, хамт олны эв нэгдлийг хангаж ажиллана/,

13.3.9 /Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байна/,

13.5.1 /Шалтгаангүйгээр ажил, хурал, цуглаан бусад ажлаас хоцрох, таслахыг хориглоно/,

13.5.5 /сургуулийн орчинд согтууруулах ундаа, тамхи хэрэглэхийг хориглоно/,

13.5.6 /Салбарын болон байгууллага хамт олны нэр төр, ашиг сонирхлыг алдагдуулахад чиглэгдсэн мэдээ мэдээлэл санаатайгаар тараах, гутаах, хов жив хөөцөлдөх, хутган үймүүлэх, ажилтны эрх ашгийг хохироох, бусдыг гүтгэн доромжлох, өөрийн үзэл бодлыг тулган хүлээлгэхийг хатуу хориглоно/,

13.5.7 /Ажлын цагаар архи уусан, ажлын байранд согтуу байсан ажилтантай хөдөлмөрийн гэрээг шууд тасалсанд тооцох/,

13.5.8 /Сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэ журамд заасан үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хуулийн гэрээг цуцлах журмыг баримтална/-д заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан ба Д.А*** нь эдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй, ийм зөрчил гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг зөрчсөн.

Д.А*** нь гомдлоо хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 05 сарын 05-ны өдөр гаргаж, уг гомдлыг 2025 оны 05 сарын 13- ны өдөр шийдвэрлэж талууд гарын үсэг зурсан ба хариуцагч М.Х*** нь уг тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байсаар 2025 оны 06 сарын 18-ны өдөр зурсан.

Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 сарын 13-ны өдрийн тэмдэглэлийн хүлээн зөвшөөрөхгүй тул урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаал гарсныг даваа гарагт Д.А*** гардаж авсан. Гэхдээ үүнээс өмнө нь энэ талаар тушаал гарч байгаа шүү, танд хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу ийм арга хэмжээ авлаа гэдгээ урьдчилан мэдэгдээгүй бөгөөд ийм шийдвэр гарсныг мэдээд яагаад ийм байдалд хүрэв гээд эрх бүхий байгууллагад нь хандсан.       

Д.А*** нь өмнө нь биеийн тамирын багшаар ажиллаж байгаад өөрийн шавь нь Улсын багшийн их сургууль төгсөөд ирэхэд нь өөрийнхөө ажлыг өгөөд, өөрөө Албан бус насан туршийн боловсролын төвийн багшийн ажилд орсон. Энэ ажилд өмнө нь ажиллаж байсан захирал томилсон байгаа. Энэ хугацаанд холбогдох дүрэм, журмын дагуу ажлаа хийж ирсэн. Иймд Д.А***ыг урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,891,810 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2025 оны 04 сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу  ажлын 101 өдөр гэж тооцож, ажлын 1 өдрийн дундаж цалин хөлс нь 177,146.64 төгрөгөөр тооцоход 17,891,810 төгрөг гарч байгаа юм гэв. 

Хариуцагчийн төлөөлөгч М.Х*** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сургуулийн албан бус насан туршийн боловсролын багш Д.А*** нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын цагаар архи ууж багш ажилчдын ёс зүйн тангараг өргөх хурал дээр согтуу ирж хамт олны дунд удирдах албан тушаалтныг зүй бус үгээр хараан зүхэж агсам тавьсан нь сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, мөн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл тул сургуулийн захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Д.А*** нь сургуулийн захирлаас өгсөн  үүрэг даалгаврыг биелүүлдэггүй бөгөөд дараах сахилгын зөрчлүүдийг гаргаж байсан тул сургуулийн хөдөлмөрийн дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрсэн билээ. Үүнд:

1. Миний бие 2024 оны 08 сарын 12-ны өдөр сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд энэхүү цаг хугацаанаас хойш сургуулийн албан бус насан туршийн боловсролын багш нь удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг огтоос хийдэггүй байж ирсэн энэ асуудал дээр нь удаа дараа сануулж, анхааруулж байсан,

2. Албан бус насан туршийн боловсролын багш Д.А*** болон нийгмийн ажилтан Б.Алтанхуяг нар нь хүүхдийн сурах мэдэх, хүмүүжих, төлөвших эрхийг зөрчиж байгаа нь ажлаас халах аргагүй нөхцөл байдалд хүргэсэн,

3. Албан бус насан туршийн боловсролын багш Д.А*** болон нийгмийн ажилтан Б.А нар нь ямар нэгэн шалтгаангүй ажлаа тасалдаг, ажлын цагаар ажлаа огт хийдэггүй. Тасалсан шалтгааныг асуухад хамт олны групп чатад удирдах албан тушаалтнаа элдэв муу үгээр хараан зүхэж, өш санаж, хамт олныг хүчээр цуглуулан хуралдаж, хов жив хөөцөлдөх болон бусдыг турхиран хамт олны эв нэгдлийг бусниулдаг ажлыг удаа дараа хийж байсныг манай хамт олон нотолно. Тушаал гарахын өмнө мэдэгдэж сануулж байгаагүй гэсэн байна, тэр үед сургуулийн 100 жилийн ой болох гээд завгүй байсан билээ. Д.А*** нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаад цахим хурал болоход сонсох ажиллагаа хийгдээгүй байна гэсэн. Миний зүгээс сонсох ажиллагаа гэдгийг сонсголын хуулийн дагуу эцэг, эх ч юм уу, хамт олныг цуглуулаад сонсох ажиллагаа хийнэ гэсэн ойлголттой байсан. Гэтэл тийм сонсгол хийгдээгүй. Нотлох баримт байна уу? гэхэд миний зүгээс яг нотлох зүйл байхгүй байсан. Би өөрөө хууль эрх зүйн мэдлэггүй улмаас алдаа гаргасан. Ер нь бол дээрх байдлын талаар албан бус насан туршийн боловсролын багш болон нийгмийн ажилтантай уулзаж ярилцаж олон удаа сануулсан. Д.А***ыг өрөөндөө дуудаж уулзахад “Би захирлын шалгалт өгөөд захирал болох хүсэлтэй байсан юм, би ажлын 8 цагаар ажиллахгүй, дуртай үедээ ирж, явах болно” гэсэн хариуг өгдөг. Ажлын шаардлагын дагуу төлөвлөгөө гаргаж ажилладаггүй, төлөвлөгөө байхгүй учраас яаж ажлын тайлан гарах вэ. Хурал болоход хурлын зар хэлээгүй гээд ирдэггүй, манайх 30 гаруй ажилтантай, тиймээс бүгдэд нь хурлын товыг нэг бүрчлэн мэдэгдэнэ гэж байхгүй. Зөрчил гаргасан албан хаагчдаа хурал дээр яриад сануулдаг, гэтэл Д.А*** өөрөө хуралдаа ирдэггүй. Яагаад ажлаас халах тушаал гарсан бэ гэхээр 01 дүгээр сард сурагчид амралттай байсан, багш, ажилчид амарсан байсан. Гэхдээ аймгийн Боловсролын газраас бичиг ирж багш нарыг 14 хоног цахимаар ажиллах, бусад ажилтныг ажлын 8 цаг барьж ажилла гэсэн чиглэлийн дагуу ажилласан. Энэ хугацаанд Д.А*** 6 хоног ажлаа тасалсан. Мөн удаа дараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байран дээрээ согтуу ирж байсан. Шаардлага тавихаар намайг элдэв зүйлийн үг хэллэгээр хэлж харааж зүхдэг, иймэрхүү байдал нь хамт олны уур амьсгалыг хүртэл эвдсэн. Д.А*** багшийг яаж ч чадахгүй байж бид нарыг дарамталлаа гээд сүүлдээ багш нар ажлаа хийхээ больж хэл ам хийдэг болсон. Үнэхээр халахаас өөр аргагүй байсан. Ингээд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод дүрэм, журмаа барьж халахаас өөр аргагүй болж, халах тушаалыг гаргасан. Дээрх хугацаанд удирдах албан хаагч миний бие хүлцэнгүй хандаж, аль болох эв нэгдлийг хангах талаас нь ажилласан. Харин энэ хүмүүс улам л өш санаж, үүрэгт ажлаа хийхгүй, өгсөн үүрэг даалгаврыг дарамт, шахалт, ялгаварлан гадуурхалт гэж үзэж ажлын байрандаа ажлын цагаар ирэхгүй, ирэхээрээ согтуу ирж бусдыг турхирсан үйлдлийг удаа дараа гаргахаас гадна архи ууж танхайрсан ноцтой зөрчил гаргасан учир сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж чөлөөлсөн. Энэ шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна гэв.  

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

            Нэхэмжлэгч нь сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн нь маш тодорхой байгаа. Сонсох ажиллагаа хийгээгүй гээд байгаа, гэтэл багш хүн архи ууж сургууль дээрээ ирж агсам тавьж байгаа нь хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн ёс зүйг шууд зөрчсөн үйлдэл бөгөөд үүнд сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Заавал сонсох ажиллагаа хийгээд байх шаардлагагүй. Багш хүн тэр байгууллагадаа харьяалагдаж байгаа л бол ажлын төлөвлөгөө болон ажлын тайлангаа гаргаад явах ёстой. Гэтэл тэгдэггүй, ажлын цагаар ажилдаа ирдэггүй, ажилдаа ирэхдээ согтуу ирж агсам тавина, мөн багш ажилчдыг цуглуулж захирлын эсрэг гомдол гаргая гэх зэргээр турхирдаг зэрэг нь баримтаар тогтоогдож байгаа. Энэ  бүгдээс харахад сургуулийн захирал М.Х***гийн гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьсан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд заавал нотлох баримтаа авч очих үүрэг хүлээхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т үүнийг тусгаж өгсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар шүүхэд хандах эрхгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн хариуцагчийн тайлбарт дурьдсан зөрчлүүд бүгд баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү  гэв.   

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж*** шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

            Нэхэмжлэлд “Захирал М.Х*** нь 2024-2025 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд ажлын цагийн бүртгэлийг үгүйсгэж, үндэслэлгүйгээр Д.А***ы 6 хоногийн цалинг хассан ба энэ шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй ч үүнтэй бид маргаагүй” гэж дурьдсан нь үндэслэлгүй. Энэ асуудлаар гомдол гаргаж уг гомдлын дагуу аймгийн Боловсролын газраас М.Х***д хариуцлага тооцсон, үүнийг нь М.Х*** захирал эс зөвшөөрч гомдол гаргаад Боловсролын яамнаас аймгийн Боловсролын газрын шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх нэг үндэслэл нь болж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид 6 хоногийн цалинтай холбоотойгоор гомдол гаргаагүй гээд илэрхий худал бичээд тайлбарлаад байна. М.Х*** захирлын хэлсэнчлэн Хөдөлмөрийн дотоод журамд 3-аас дээш хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа таслах юм бол ажлаас чөлөөлөгдөнө гэж заасан. Мөн ажлын байран дээр архидан согтуурсан бол шууд ажлаас чөлөөлөхөөр дотоод журамд заасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ авагдсан арга хэмжээгээ маш тодорхой дурдаж өгснөөс харвал гаргасан сахилгын зөрчлөө маш сайн мэдэж байгаа гэж үзэж байна. Мөн ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдээгүй гэсэн байна. Гэтэл *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийт ажилчдын 3 удаагийн хурлын тэмдэглэлд энэ талаар хэлж тэмдэглүүлсэн нь байдаг. Мөн тушаал дээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 гэсэн нь техникийн шинжтэй алдаа юм. Энэ бүхнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.   

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А*** нь Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,891,810 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

            3. Нэхэмжлэгч Д.А*** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

            “... захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар ... холбогдох заалтуудыг баримтлан Д.А***ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болно. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу ийм арга хэмжээ авлаа гэдгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр, сонсох ажиллагаа хийлгүйгээр ажлаас чөлөөлж болохгүй. Нэхэмжлэгч нь холбогдох хууль, дүрэм журмын дагуу ажлаа хийсээр ирсэн” гэв.       

            4. Хариуцагчийн төлөөлөгч М.Х*** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: 

            “... Д.А*** нь 2025 оны 04 сарын 15-ны өдөр ажлын цагаар архи согтууруулах ундаа ууж, багш ажилчдын ёс зүйн тангараг өргөх хурал дээр согтуу ирж хамт олны дунд удирдах албан тушаалтныг зүй бус үгээр хараан зүхэж агсам тавьж, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээ, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул сургуулийн захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. ... Удирдах албан хаагч миний бие өмнө нь хүлцэнгүй хандаж, аль болох эв нэгдлийг хангах талаас нь ажиллаж байсан боловч эдгээр хүмүүс улам л өш санаж, үүрэгт ажлаа хийхгүй, өгсөн үүрэг даалгаврыг дарамт, шахалт, ялгаварлан гадуурхалт гэж хүлээн авч ажлын байрандаа ажлын цагаар ирэхгүй, ирэхээрээ согтуу ирж бусдыг турхирсан үйлдлийг удаа дараа гаргаж байсан, иймд өөрийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв. 

            Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож  байна. 

            5. Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Х***, Д.А*** нар нь 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч нь Д.А***ыг тус сургуулийн насан туршийн боловсролын багшаар ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /1хх-ийн 24-32 /        

            6. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг ойлгоно” гэж зааснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.            

            7. Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.2, 7.1.8, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Сургуулийн хөдөлмөрийн дотоод дүрэм журмын 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.3.1, 13.3.9, 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.А***ыг “ажлын цагаар архи ууж, багш ажилчдын ёс зүйн тангараг өргөх хурал дээр согтуу ирж хамт олны дунд удирдах албан тушаалтныг зүй бус үгээр хараан зүхэж агсам тавьсан, сургуулийн захирлын эсрэг хамт олныг өдөөн турхирч ёс зүйн зөрчил гаргасан” гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх-ийн 9 /

            8. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн, талууд харилцан тохиролцоогүй шалтгаанаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусгавар болсон болох нь Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, шийдвэрээр тогтоогдож байна. /1хх-ийн 10-23 /    

            9. Улмаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасантай нийцэж байна.   

            10. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно”, 78.1.9-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг … ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж тус тус заасан.     

            11. Хуульд заасны дагуу ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгох эрхтэй боловч ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд түүний гаргасан сахилгын зөрчлийг тухай бүр нь, тус тусад нь тогтоон баримтжуулсан байх үүрэгтэй.  

            12. Мөн ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх тохиолдолд ажлын байр, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууд харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.  

            13. Хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “… багш Д.А*** нь захирлын өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй, шалтгаангүй ажил тасалдаг, ажлын цагаар ажлаа хийдэггүй, хамт олны групп чатад удирдах албан тушаалтныг зүй бус үгээр хараан зүхдэг, өш санадаг, хамт олныг цуглуулан хов жив хөөцөлдөж, бусдыг өдөөн турхирч хамт олны эв нэгдлийг бусниулдаг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын цагаар архи ууж багш ажилчдын хурал дээр, хамт олны дунд удирдах албан тушаалтныг зүй бус үгээр хараан зүхэж агсам тавьж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчлүүдийг тус тусад нь тогтоон баримтжуулаагүй, дээрх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.    

            14. Мөн зохигчдын хооронд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууд харилцан тохиролцон тогтоогоогүй, уг зөрчлийн тохиолдлуудыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тул нэхэмжлэгч Д.А***ыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.       

            15. Хариуцагчийн төлөөлөгч хэрэгт нотлох баримтаар *** сумын ЕБС-ын багш, ажилчдын 2025 оны 01 сард ажил тасалсан, цалин хассан цагийн тооцоо, *** сумын ЕБС-ын багш, ажилчдын хурлын тэмдэглэл, багш нарын группт бичсэн чат /сэтгэгдэл/-ын зураг, сургуулийн камерын дуу, дүрсний бичлэг зэргийг  гарган өгч, дээрх баримтуудаар өөрийн татгалзлыг нотолж байх боловч эдгээр баримтын дийлэнх нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан буюу нотлох баримтын шаардлага хангахгүй, камерын /CD болон USB диск/ бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр бичлэгт хадгалагдсан эрэгтэй хүний дүрс, дуу авиа нь нэхэмжлэгчийнх болох нь тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй. 

            16. Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх, мөн сахилгын зөрчил гаргасан, зөрчлийг илрүүлсэн өдрийг тодорхойлж, сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэлгүйд тооцох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй.       

            17. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь эдгээр нөхцөл байдлыг тодруулж баримтжуулалгүйгээр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж дүгнэлээ.     

            18. Иймд нэхэмжлэгч Д.А***ыг урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.   

            19. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.    

            20. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  17,891,810.64 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 

            21. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг  хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацаа /ажлын/ 101 хоног, нэг өдрийн цалин 114,672.7 төгрөг, нийт 11,581,942.7 төгрөг байна. 

            22. Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалинг тооцохдоо “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу түүний сүүлийн 3 сарын цалин хөлсөөр буюу нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул түүний өмнөх 3 сар буюу 2025 оны 01, 02, 03 дугаар сарын цалин хөлснөөс дундаж цалинг тодорхойлсон болно.  /1хх-ийн 36-38/   

            23. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сард 1,834,763.64 төгрөгийн, 2025 оны 02 дугаар сард 2,522,800 төгрөгийн, 2025 оны 03 дугаар сард 2,522,800 төгрөгийн цалин тус тус авсан. Иймд түүний сүүлийн 3 сарын цалин нийт 1,834,763.64 + 2,522,800 + 2,522,800 = 6,880,363.64 төгрөг байна.

            Мөн 2025 оны 01 дүгээр сар ажлын 22 хоногтой, 02 дугаар сар ажлын 17 хоногтой, 03 дугаар сар ажлын 21 хоногтой байна. Иймд  22 + 17 + 21 = 60 буюу 2025 оны 01, 02, 03 дугаар сарууд ажлын нийт 60 хоногтой байна.  

            24. Иймд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин 6,880,363.64 төгрөгийг сүүлийн 3 сарын ажлын хоног 60-д хуваахад / 6,880,363.64  :  60  =  114,672.7 / нэг өдрийн цалин 114,672.7 төгрөг гарч байна. Үүнийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу ажлын 101 хоногоор үржүүлж  /114,672.7 х 101 = 11,581,942.7/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 11,581,942.7 төгрөг гэж тооцов.         

            25. Энэ тооцоог үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 17,891,810.64 төгрөг гаргуулах шаардлагаас 11,581,942.7 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6,309,867.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

            26. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж заасан.  

            27. Иймд нэхэмжлэгч Д.А***ы ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх  хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт /баталгаажуулалт/ хийхийг хариуцагч Төв аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургууль /захирал М.Х***/-д даалгах нь зүйтэй байна.  

            28. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 270,461 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар *** овогт Д***н А*** /***/-ыг урьд эрхэлж байсан Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор 11,581,942.7 төгрөгийг хариуцагч Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Д.А***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,309,867.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч  Д.А***ы 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт /баталгаажуулалт/ хийхийг хариуцагч Төв аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургууль /захирал М.Х***/-д даалгасугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төв аймгийн *** сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 270,461 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа  шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд  шийдвэрийг өөрөө  гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОТГОНЧУЛУУН