Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 867

 

 

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

Улсын яллагч Д.Ганчимэг,

Иргэдийн төлөөлөгч Ц.Х,

Гэрч Б.А

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох 1808020100550 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын 1-18 тоотод байрлах нийтийн байрны үүдэнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Мгийн цээж, гаран тус газар нь хутгалж, хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:...3 давхар нийтийн байрны зориулалттай тоосгон байшингийн ертөнцийн зүгээр хойд талд явган хүний зам дээр улаан өнгийн приус 20 маркийн 00-00УБР улсын дугаартай ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай зогсож байх бөгөөд хэргийн ач холбогдолтой ул мөр илрүүлэх зорилгоор ойр орчим үзлэг явуулахад уг автомашинаас 200 орчим метрт хүрэн улаан өнгийн цус мэтийн зүйл газар байх бөгөөд түүний хажууд гялгар уутанд хийсэн цус бүхий улаан хүрэн зүйлээр бохирдуулсан даавууг хэргийн ач холбогдолтой гэж үзэн хураан авч, үзлэгийг 00-00УБР улсын дугаартай автомашинд явуулахад, уг автомашины хаалга, цонх ямар нэгэн эвдрэл гэмтэл дотор талд нь хойд суудлын шалан дээр Монгол Улсын мөнгөн тэмдэгт хаясан байдалтайг гэрэл зургийн аргаар шинжээч бэхжүүлэн авсан. /хх-13/

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-17/,

- эд мөрийн баримтаар тооцох тогтоол /х-20/,

- шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн:...Би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ганцаараа архи ууж явж байгаад хамт ажилладаг Мыг гуйж өөрийнхөө 00-00УБР улсын дугаартай приус 20 маркийн машиныг бариулж явсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөн Маар машинаа бариулж эмээлт дээр байж байгаад тэнд 200 грамм архи уучихаад машинд унтсан. Тэгсэн чинь М намайг гэрт хүргэж өгнө гээд авч явсан. Мын байдаг нийтийн байрны явган хүний зам дээр машинаа тавьчихаад би гэрлүүгээ орчихоод ирье гээд намайг машинд үлдээгээд түлхүүрээ аваад М гэрлүүгээ орчихсон. Би тамхи татах гээд байж байтал хохирогч Ц. М надаас тамхи асуусан. Би нэг ширхэг тамхи өгсөн чинь мөнгө байвал жоохон юм аваад өгчих гэж нэхсэн, чи хаанахых юм, чи энд юу хийж явж байгаа юм гээд янз бүрийн юм асуугаад байх шиг байсан. Тэгж байгаад маргалдсан. Намайг есөн шидээр хэлээд байхаар нь би машинаас буутал Ц. М намайг гараар цээж рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цамцаар нь заамдаж аваад хоорондоо зууралдаж бие биеэ ганц нэг удаа цээж нүүрлүүгээ цохилцсон. Намайг нэг цохиод унагачихаар нь би уурлаж айлгах санаатай машины ард ил байсан мах шулдаг шар иштэй том хутга гаргаж ирж айлгах санаатай хутгаараа цамцны энгэрээс татаж байгаад зүссэн зарим юмыг сайн санахгүй байна. Би 2 өөр архи уучихсан ер нь жоохон манарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-93-94/,

- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2018 оны 4 дүгээр сарын 19-ний орой би эхнэртэйгээ маргалдаад бага зэргийн архи уусан. Тэгээд 4 дүгээр сарын 20-ны өглөө М миний машиныг авчирч өгөхөөр нь архи гараагүй байсан тул Маар машинаа бариулаад ажилдаа явсан. Ажилдаа очоод мах шулах гэтэл гараа авчих гээд болохгүй байхаар нь машиндаа орж унтсан. 3 цаг өнгөрөөд гэр рүүгээ явах замдаа 200 гр архи авахуулж уугаад машины ард дахин унтсан. Тэр хооронд М гэрээрээ орж юм аваадахья гээд гэрийнхээ гадаа очсон. М гэр рүүгээ ороод би ард талын суудалд хэвтэж байгаад тамхи татах гээд бостол хохирогч хүрч ирээд тамхи өгөөч гэхээр нь би тамхи өгсөн. Тэгтэл машины шалан дээр байсан задгай мөнгийг харчихаад 200 гр архины мөнгө байвал өгчих гэхээр би чадахгүй гэж хэлсэн. Гэтэл хохирогч чи яагаад байрны урд машинаа тулгаж тавьдаг юм бэ, чи хаанаас ирсэн бэ? гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод чи яах гээд байгаа юм бэ гээд гарахад шууд баруун гараараа зүүн талын шанаа руу цохисон. Би тэнцвэр алдаад хойшоо машинаа налаад дараа нь заамдалцаад 2-3 удаа цохилцсон. Хохирогч дахиад намайг цохиж унагаасан. Би босож ирээд айлгах санаатай хутга ирлэдэг төмөр авах санаатай багажийг онгойлготол хутга ил харагдахаар нь барьж очоод айлгах санаатай цамцны энгэрээс нь татаж байгаад цамцыг нь доош зүссэн. Тэгтэл зүүн талын гараар цохихдоо цээжийг нь бага зэрэг зүсээд хоёр гарынх нь салааг зүссэн. Дараа нь би хутгаа хаяахад хохирогч намайг барьж аваад унагаагаад дээрээс 4-5 удаа нүүр рүү цохисон. Удалгүй цагдаад ирж намайг гавласан. Хохирогч намайг яасан овоо хулгайч вэ, явдаг газартаа яваарай харнаа чамайг гэхээр нь би уурандаа “чамайг нэг мөр гүйцээчих байсан юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- хохирогч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед би гэрээсээ гараад нийтйин байр руу орж эзэн Нямсүрэнтэй уулзах гээд явж байтал уг байрны үүдэнд явган хүний зам дээр 00-00УБР улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн машин зогсож байсан. Би нийтийн байрны үүдэнд орох гэтэл ардаас нэг залуу дуудаад эргээд хартал миний цээжний зүүн талд шар өнгийн иштэй том хутгаар нэг удаа хутгалсан. Би эсэргүүцэж зүүн гараараа уг хутганы иртэй хэсгээс барьж цээжнээсээ сугалж автал миний зүүн эрхий хурууны завсар зүсэгдчихсэн. Би тэгээд тэр залууг хойш нь дарж автал байрны галч гарч ирээд тэр залууг дарж авсан. Тэр залуу чамайг ална, цээжийг чинь хадна гээд орилоод байсан. Би энэ залууг огт танихгүй. Бид 2 хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Одоогоор 550.000 төгрөгийн зардал гарч байгаа, цаашид хэд гарахыг мэдэхгүй. Миний цээжний зүүн талд нэг зүсэгдсэн шарх оёдол тавиулсан. Зүүн гарын эрхий хуруу орчим зүсэгдэж оёдол тавиулсан шарх байна...гэх мэдүүлэг /хх-28-29/,

Би архи уугаагүй эрүүл байсан хүн болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа... гэх мэдүүлэг /хх-101/,

- гэрч Д.Хмөрдөн байцаалтад өгсөн:...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах нэгдүгээр гудамжны 18 тоот хашаанд нийтийн байрны галчийн ажил эрхэлдэг. Тухайн өдөр би галаа түлэх гээд нийтийн байрнаасаа гараад иртэл байрны гадаа миний зүс таних Ц. М нэг танихгүй залууд цээжиндээ хутгалуулсан байдалтай, нөгөө танихгүй эрэгтэй нь газар уначихсан, Ц. М нь дээр нь гараад суучихсан зууралдаад байж байсан. Тэгэхээр нь би Ц. Мг босгоод нөгөө танихгүй залууг барьж байгаад цагдаа нарыг ирэхээр нь цагдаад хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-104/,

- гэрч М.Мын мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн үед хамт ажилладаг найз Н.Бтай ажлаасаа тараад өөрийн түрээсийн байр болох Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1-18 тоотод нийтийн байрандаа ирсэн. Н.Б архи уучихсан нилээн согтуу би машиныг нь барьж ирсэн. Би гэр лүүгээ орохдоо Н.Быг өөрийнхөө машинд үлдээгээд түлхүүрийг нь аваад орчихоод 10 минутын дараа гараад иртэл Н.Б машинаасаа буучихсан цагдаа ирчихсэн машиндаа суулгачихсан. Нэг хүний гарнаас цус гарчихсан Н.Быг хутгалчихлаа гэж яриад тэгэж байтал түргэний машин ирсэн. Бид 2 эмээлтэд мах бэлтгэгч хийдэг. Тэр хутга нь бид нарын ажилдаа хэрэглэдэг шар иштэй хутга байгаа юм. Тэр хутга нь машиныхан хойно багажинд байсан хутга. Би эхнэртээ эм оруулж өгөх гэж орох хооронд ийм болчихсон...гэх мэдүүлэг /хх-6-7/,

- гэрч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цаг 51 минутын үед хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонохорын 1-18 тоотод төв замын урд гарандаа хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад хохирогч нь зүүүн гарын эрхий долоовор хуруу нь зүсэгдчихсэн, цээжний зүүн талын орчим зүрхэн тус газар зүсэгдчихсэн их хэмжээний цус гарсан байдалтай явган хүний зам дээр сууж харагдсан...гэх мэдүүлэг /хх-6-7/,  

            - гэрч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч нь бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...цээжиндээ 2 газар цус гарсан, хурууны завсар зүсэгдсэн байсан...Хохирогч явган хүний зам дээр сууж байсан, шүүгдэгч нэг алхамын зайтай зогсож байсан, шүүгдэгчийг хүмүүс барьсан зогсож байсан...Шүүгдэгч, хохирогч нарын согтолтын зэргийг хэмжээгүй, хэмжих багаж байгаагүй...Хохирогч асуултад хариулж байгаа байдлаас харахад бага зэргийн согтолттой байсан...Хохирогч сууж байсан, босохоор цээж өвдөөд байна гэж байсан, хувцас нь урагдсан, цээж хэсгээр цус болсон байдалтай байсан...Тухайн үед машинд суулгахад шүүгдэгчээс илүү архи үнэртэж байсан. Хохирогчоос асуулт асууж байхдаа ойртоход бага зэргийн архи үнэртэж байсан гэв / шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №5291 дугаартай:...Ц.Мгийн биед цээжний зүүн  урд хэсгийн болон зүүн гарын сарвууны гарын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг үр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.. гэх дүгнэлт /хх-ийн 32/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 3182 дугаартай:... шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна. Саарал цамцанд гарсан 227 мм, 11*7 мм, саарал майканд гарсан 460 мм, 8 мм, 9 мм, хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх зүсэгдэлтүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Саарал цамцанд гарсан 270 мм, саарал майканд гарсан 155 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Хар өмдөнд гарсан 20*13мм, 5*2мм, хэмжээтэй гэмтлүүд нь  хатуу мохоо зүйлийн гогдох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ гогдолтууд байна. Хар өмдөнд гарсан 4мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Хар өмдөнд гарсан 9*6мм, 13*4мм, 6*4мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ түлэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гарсан гэмтлүүдийг 2018.04.20-ны өдөр гарсан эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-40-43/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4717 дугаартай:... шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд, саарал өнгийн майк, саарал өнгийн цамц, 2 ширхэг даавуу, улбар шар өнгийн хуванцар 14 см иштэй 31 см урттай хутган дээр цус илэрсэн. Хар өнгийн өмд, саарал өнгийн майк, саарал өнгийн цамц, улбар шар өнгийн хуванцар 14 см иштэй, 31 см урттай хутган дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харъяалалтай байна. 2 ширхэг даавуун дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-47-48/

- шүүх сэтгэц, гэмс судлалын 608 дугаартай дүгнэлт:...Н.Б нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. Н.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Б нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.Бт эмнэлгийн чанарай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна... гэх дүгнэлт /хх-112-114/,

- шүүхийн шинижлгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5334 дугаартай:... Н.Бын биед баруун мөр, баруун тохойнд цус хуралт, зүүн гарын сарвуу, баруун гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-36/,  

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-57-59/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид хийсэн хууль зүйн дүгнэлт           

Тус хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Н.Быг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхэд үндэслэл, нотолгооны хувьд дараах “эргэлзээ”-тэй байдал үүссэн байна.    

1. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүй буюу зарим талаар худал мэдүүлсэн байна.  

Тухайлбал, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “архи уугаагүй эрүүл байсан” гэх боловч хохирогч, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэгдэх тухайн үед хэн аль нь согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсныг тус хэргийн газар дуудлагаар очсон мөрдөгч гэрчилсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй байх үндэслэлд хамаарч байна.

2. Хохирогч, шүүгдэгч нарын тухайн согтуурсан байдлаас гадна хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн болохыг үгүйсгэх боломжгүй.     

Учир нь хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн эрүүл мэндэд “хөнгөн” зэрэгт хамаарах гэмтэл учирсан төдийгүй шүүгдэгчийн биед мөн шинэ гэмтэл, шарх үүссэн нь тогтоогдсон /х-36/, шүүгдэгчид учирсан тухайн гэмтлийг хохирогч анхлан учруулсан болохыг үгүйсгэх эсхүл таамаглан хэт нэг талыг барих боломжгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт хийх үндэслэлгүй юм.           

3. Шүүгдэгчийн гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа “хүн алах” зорилго, сэдэлттэй байсан гэж үзэх эргэлзээгүй үндэслэл, нотлох баримтгүй төдийгүй шүүгдэгчийн мэдүүлгийг бүхэлд нь “худал” гэж үзэх, үгүйсгэх боломжгүй.       

Шүүгдэгч нь...хохирогч хүрч ирээд тамхи өгөөч гэхээр нь би тамхи өгсөн. Тэгтэл машины шалан дээр байсан задгай мөнгийг харчихаад 200 гр архины мөнгө байвал өгчих гэхээр би чадахгүй гэж хэлсэн. Гэтэл хохирогч чи яагаад байрны урд машинаа тулгаж тавьдаг юм бэ, чи хэн юм бэ гэх зэргээр элдвээр хэлсэн...намайг цохиод унагаачихаар нь би уурлаж айлгах санаатайгаар машины ард ил байсан мах шулдаг шар иштэй том хутга гаргаж ирээд  цамцных нь энгэрээс татаж байгаад зүссэн...тухай мэдүүлсэн байх ба хохирогчийн хувцсанд хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр “тухайн хувцаст дээрээс доош” чиглэлтэй зүсэлтүүд үүссэн /х-42-43/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн 00-00УБP улсын дугаартай автомашин дотор талд хойд суудлын шалан дээр Монгол Улсын мөнгөн тэмдэгт хаясан байдалтай.../х-13-16/ байсныг илрүүлжээ. 

4. Шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийн хооронд илтэд “зөрүү, эргэлзээ” үүссэн байгаа нь хэт яллах талыг барих буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болох нь дээр дурдсан үндэслэлүүд, тэдгээрт хамаарах нотлох баримтын эх сурвалжаас илэрхийлэгдэж байна.   

Харин шүүгдэгч Н.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонхорын 1-18 тоотод байрлах нийтийн байрны үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас Ц.Мгийн хувцсыг хутгаар зүсч улмаар цээж, гарт нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-  хохирогчийн...нийтийн байрны үүдэнд 1 залуу миний цээжний зүүн талд 1 удаа хутгалсан. Би эсэргүүцэж зүүн гараараа уг хутганы иртэй хэсгээс барьж цээжнээсээ сугалж автал миний зүүн эрхий хурууны завсар зүсэгдчихсэн...тухай мэдүүлэг /х-28-29/,

- шинжээчийн дүгнэлт :...Ц.Мгийн биед цээжний зүүн урд хэсгийн болон зүүн гарын сарвууны гарын хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /х-32/,

- хохирогчийн хувцаст “дээрээс доош” чиглэлтэй зүсэлтүүд үүссэнд хамаарах баримт /х-42-43/,

- шүүгдэгчийн...хохирогч хүрч ирээд тамхи өгөөч гэхээр нь би тамхи өгсөн. Тэгтэл машины шалан дээр байсан задгай мөнгийг харчихаад 200 гр архины мөнгө байвал өгчих гэхээр би чадахгүй гэж хэлсэн. Гэтэл хохирогч чи яагаад байрны урд машинаа тулгаж тавьдаг юм бэ, чи хэн юм бэ гэх зэргээр элдвээр хэлсэн...намайг цохиод унагаачихаар нь би уурлаж айлгах санаатайгаар машины ард ил байсан мах шулдаг шар иштэй том хутга гаргаж ирээд цамцных нь энгэрээс татаж байгаад зүссэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлээр шүүгдэгч хүн алахыг завдсан гэх прокурорын дүгнэлт, шүүгдэгчийг цагаатгах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй, харин шүүгдэгчийг хүн алахыг завдсан гэж үзэхгүй тухай иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, харгалзсан болно. 

            Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг, хувцасны төлбөрт 131.600 төгрөг, нийт 631.600 төгрөг төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ байх тул шүүгдэгчийн бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, мах шулах ажил хийдэг, ял шийтгэлгүй зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Бусад асуудал

Шүүгдэгч нь 48 цаг буюу 2 өдөр баривчлагдсан /х-54-60/ байх тул эдлэх ялд оруулан тооцох, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, хохирогчийн өмсөж явсан цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэрэг эд зүйлийг зохих журмын дагуу устгуулахаар шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт холбогдох хүнийг санаатай  алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.    

            2. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан 2 хоногийг нийт 30.000 төгрөгөөр тооцон эдлэх торгох ялаас хассугай.

7. Шүүгдэгч бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг хутга болон эд мөрийн баримт болох цагаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг зэрэг эд зүйлсийг зохих журмын дагуу устгасугай.     

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

 

                                           ШҮҮГЧ                                          Б.ДАШДОНДОВ

 

                                                                                                 Л.БААТАР