| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1490 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 1490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч Ч.Алтансүх,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 1806060671736 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, Чингэлтэй дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, мужаан ажилтай,
Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн,
Төв аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,
Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 cap 27 хоногийг чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 жил 24 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” караоке бааранд иргэн Г.Мөнх-Эрдэнийг "авч өгсөн архи уусангүй ширээн дээр шидлээ" гэсэн шалтгаанаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-33-35/, гэрч Ү.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-36-37/, шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-89-90/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8651 дугаартай дүгнэлт /хх-50/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-96-97/, Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-100/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караоке бааранд иргэн Г.Мөнх-Эрдэнийг "авч өгсөн архи уусангүй ширээн дээр шидлээ" гэсэн шалтгаанаар түүнийг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мөнх-Эрдэнийн өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 16-гын орчим байх “Чингис” караокед найз Пүүжээ хүлээлгээд ганцаараа орсон. Би 100 грамм архи захиалаад ганцаараа уугаад сууж байсан. Харалдаа ширээнд сууж байсан 4 залуу сууж байгаад намайг дуу дуулж дууссаны дараа “гоё дууллаа” гээд үл таних цэхнэр алаг куртиктэй залуу ирээд ууж байсан архинаасаа өгөхөөр нь би уугаагүй аягатай архийг нь ширээн дээрээ тавиад цааш нь түлхэсэн. Тэгэхэд тэр залуу яасан бэ, голоод байгаа юм уу гээд текнээс дахин 100 грамм захиалаад өгсөн. Тэгээд маргаан эхэлсэн. Би яг тухайн үед согтуу, юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан нэг цохиулаад унаж байх шиг байсан.”/хх-33-35/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Ү.Отгонбаатарын өгсөн: “Өнөөдөр буюу 11-ний өдөр 14:30 минутын орчимд малгайтай хар цамцтай хар өнгийн үүргэвчтэй 30 гаран насны эрэгтэй хүн манайхаар ганцаараа орж ирэн үйлчлүүлж залууг орж ирсэнээс 30 орчим минутын дараа ирсэн 4 залуу 2 шил 0.75-ийн хар “Чингис” архи 4 пиво 4 хүслийн кола ундаа авсан. Хамт явж байсан 4 залуугийн нэг нь ганцаараа явсан эртэй юм ярьж байгаад сүүлдээ хамт текэн дээр ирж ганцаараа явсан залууд 100 грамм архи авч өгсөн ба ганцаараа явсан залуу амсаад үлдээсэн. Түүнээс хэсэг хугацааны дараа тайзны голд хамт явсан 4 залуугийн хамгийн өндөр цагаан цамцтай нь ганцаараа явсан залууг нүүрэнд нь цохиж ухаан алдуулж унгаасан.”/хх-36-37/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр найз Гүндалай, Нямдорж, Бек нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Цайз бааранд ороод архи захиалаад уусан. Тэгээд Гүндалай хажуу ширээний залуутай маргалдсан байсан. Тэрнээс болоод тухайн залуутай үл ялиг маргаан болоход нь би салгаад явж байхад тэр эрэгтэй босч ирээд маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь нэг удаа нүүр хэсэгт нь мангасдахад газар унасан.” /хх-89-90/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8651 дугаартай дүгнэлтэд
1. Г.Мөнх-Эрдэнийн биед эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хөдөлгөөн оролт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.4-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-50/,
Хохирол төлсөн баримт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-8/,
Мөрдөн байцаалтад хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-96-97/,
Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-10-11/,
Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-100/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Г.Мөнх-Эрдэнэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Чингис” архины шилийг устгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт 1 ширхэг сидиг хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Б 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Чингис архины шилийг устгасугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол га0ргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС