| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331000770188 |
| Дугаар | 2026/ДШМ/45 |
| Огноо | 2026-04-21 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2026/ДШМ/45
эрүүгийн хэргийн тухай
С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг Д аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Ч.Түмэн-Өлзий /цахим/
Иргэний хариуцагч Б.Б*******
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Г******* /цахим/
Түүний өмгөөлөгч Э.Оргил /цахим/
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Тамир /цахим/ нарыг оролцуулан,
С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЗ/92 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.Г*******т холбогдох эрүүгийн 2331000770188 дугаартай, 175/2024/0053/Э индекстэй, 6 хавтас хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д******* овогт Б******* Г*******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр С аймгийн С******* аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт У******* хот С******* дүүрэг * дугаар хороо, *-р байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:)
Яллагдагч Б.Г******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 20** оны ** дугаар сарын **-ний өдрийн дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, С аймаг дахь Цагдаагийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 ил тод байх, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 35.1.7 “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж,
С аймгийн сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг С аймгийн сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр С аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн тоот дансанд хүлээн авч, Тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Д аймагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн Хаан банкны дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, С аймгийн С******* суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сд 200,000 төгрөг, Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн с, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Б.Г******* ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч Д******* ургийн овогт Б******* Г******* т холбогдох эрүүгийн 2331000770188 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаан,
Яллагдагч Б.Г*******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэн,
Дараагийн шүүх хуралдаанд энэхүү хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорыг өөрийн биеэр оролцуулахаар тогтоон, ...эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах, эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгийн 2026 оны 03 дугаар 02-ны өдрийн 23 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүгчийн захирамжийг 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Шүүгчийн захирамжийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хяналтын шатны шүүхийн тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй” гэж,
Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг.
Улсын дээд шүүхийн 64 дугаартай тогтоол, С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 462 дугаартай Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлээгүй, тогтоол болон захирамжид хийгдэх ажиллагаа маш тодорхой дурдсан бөгөөд дахин нурших шаардлагагүй, заагдсан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул яллагдагч нарын өмгөөлөгч нар, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ...” гэх тухайд
Яллагдагч Б.Г*******т холбогдох 2331000770188 дугаартай хэрэгт тус прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 288А дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
С аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албан томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор С аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж 2025/ДШМ/17 дугаартай магадлалыг гаргасан.
Монгол Улсын Дээд шүүх хэргийг оролцогчийн гаргасан гомдлоор 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд “... Энэхүү мөнгө нь сумын засаг даргын шийдвэрээр сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдсан төсвийн зарлага мөн бөгөөд тухайн гүйлгээг хүлээн авагч С аймгийн цагдаагийн газар нь “... төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг гүйцэтгэгч” байгууллага болохын хувьд төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтыг эргэн тайлагнах Үүрэгтэй ба тухайн арга хэмжээний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, үр дүнг тооцсоны эцэст төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг дүгнэвэл зохино.
...Төсвийн хөрөнгийг шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр материаллаг ашиг олох зорилгоор захиран зарцуулсан үйлдлийг хамааруулдаг нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт болно.
С аймгийн цагдаагийн дарга Б.Г******* нь албан тушаалын эрх хэмжээний хүрээнд хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төсвийн шууд захирагчийн хувьд цагдаагийн газрын төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан эсэх, эсхүл Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал болон Аймгийн засаг даргын захирамжид заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ сумын дарга бүрэн эрхийнхээ хүрээн төсөвлөж санхүүжүүлсэн хөрөнгийг зарцуулсан эсэхийг нэг мөр, эргэлзээ төрүүлэхгүй байдлаар нягтлан тогтоосны эцэст хэргийн бодит байдлыг тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөлд хэмжээг сонгон хэрэглэхэд чухал ач холбогдолтой.
...Давхцал бүхий үйл ажиллагааг шууд захирах дээд шатны дарга болон орон нутгийн удирдлагын шийдвэрээр орон нутгийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэхдээ төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гүйцэтгэгчийн хувьд төсөвлөсөн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулж зарлагын хэмнэлт гаргасан эсэх, эсхүл төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны явцад олсон нэмэлт орлого эсэхийг ялган зааглаж, тухайн хэмнэлт, эсхүл нэмэлт орлогыг байгууллагынхаа алба хаагч нарын ажиллах наад захын хэрэгцээг хангах зорилгоор холбогдох удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудтай зөвшилцөж захиран зарцуулсан үйлдлийн шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээг дансаар шилжүүлсэн бус бодитойгоор захиран зарцуулсан санхүүгийн баримтад тулгуурлан нягтлан шалгаж үндэслэлтэйгээр тогтоох шаардлагатай байна.
...хэрэгт цугларсан нотлох баримтаар хяналтын 4 цэгт хөдөлгөөнд эргүүл ажиллаж эхэлснээс хойш 3 сар 29 хоногийн дараа сумын засаг дарга тухайн үйл ажиллагааны зардалд 70 сая төгрөг төсөвлөж санхүүжүүлсэн гэх боловч санхүүжүүлэхээс өмнөх хугацаанд үүрэг гүйцэтгэсэн алба нарын томилолт, хоолны мөнгө, шатах тослох материал, шатахууны зардлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүйгээс гадна тухайн зардлын тооцооллыг тусгасан захирамжийн 2 дугаар хавсралт хэрэгт байхгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 1-ээс 07 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд нөхөн санхүүжилт хийгдэхээс өмнөх зардлыг хэн, хаанаас, хэрхэн санхүүжүүлсэн болохыг тодорхой болгох шаардлагатай байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлд хамаарах бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхааралгүй орхигдуулснаас шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байдлыг үүсгэсэн учир анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож 2025/ХШТ/64 Дугаартай тогтоол гаргаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дахин хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний Өдрийн 2025/ХШТ/64 дугаартай тогтоолын биелэлтийг хангуулах үүднээс Тодорхойлох хэсэгт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Улмаар прокуророос хэргийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон Улсын дээд шүүхийн тогтоолд тусгагдсан “...санхүүжилт орж Ирэхээс өмнөх 3 сар 29 хоногийн өмнөх ажил арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч нарын томилолт, хоолны мөнгө, шатах тослох материал, шатахууны зардлыг хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүйгээс гадна тухайн зардлын тооцооллыг тусгасан захирамжийн 2 дугаар хавсралт хэрэгт байхгүй учир өмнөх зардлыг хэн, хаанаас, хэрхэн санхүүжүүлсэн болохыг тодорхой болгох шаардлагатай...” гэх ажиллагааны тухайд С аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/99 дугаартай “Хяналтын цэг ажиллуулах тухай” захирамжийг /5-р хх-ийн 144-148-р хуудас/ хавсралтын хамт гаргуулан авсан.
Уг захирамж нь Ойн сан бүхий А, Б, Б, , М, Т, Х, Х, Ц зэрэг сумын нутагт гал түймрээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай, хөдөлгөөнд хяналтын цэгийг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай үйл ажиллагааны зардалд 34,961,472 төгрөг зарцуулах санхүүжилтийг Засаг даргын ерөнхий дансны Гамшгаас урьдчилан сэргийлэх зардлаас гаргах тухай захирамж. сумын цэгийн хувьд **** гэж тусгасан мөн ажиллах хүн 3 нийт 6 цэг дунд 6 хүн үүнд онцгой, цагдаа, сумын ЗДТГ гэж нийт 63 хоног өдрийн хоол 12,000 төгрөг нийт 2,268,000 төгрөг шатахууны зардал 2,322,432 төгрөг, ээлж солилцох үеийн шатахууны зардал нийт 172,800 төгрөг гэж тусгасан.
2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын А/93 тушаалын тухайд хууль бус ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд явуулах хяналтын цэгийн байршил нь сумын ам, 35-ын ам, гүүр, зэрэг гэж тусгасан.
2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаартай С аймгийн сумын засаг даргын захирамж нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт хяналтын цэгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллуулах, үйл ажиллагааны зардалд 70,000,000 төгрөг зарцуулах зардлыг Байгаль хамгаалах зардлаас гаргах гэж тусгасан.
Мөн С аймгийн Цагдаагийн газраас шатахууны зарцуулалттай холбоотой баримтыг гаргуулан авахад шатахууны шаардах хуудсаар
2022.07.09-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох/,
2022.07.16-200,000 төгрөг /Х сумын 16-н даваа шавартай гэх газар хууль бус алт олборлогч нарыг хөөн буулгах/,
2021.07.23-97,500 төгрөг /Өлөнт, гүүрний пост солилцох, цаг хугацаа өмнөх/,
2022.06.01-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох/,
2022.06.10-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох/
2022.06.24-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох/,
2022.05.02-368,420 төгрөг / сум Бугант тосгон, Х сум пост мөн эсэх/,
2022.05.01-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох/,
2022.05.16-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох /,
2022.05.06-67,500 төгрөг /төмөртэй уурхай руу Гантөмөрийн хамт ээлж хүлээлцэхээр/,
2022.05.15-250,000 төгрөг /ГХЗУС байгаль орчны эргүүл шалгалт хийх, сумын 2р баг Харгана, Өлөнт гэх газраар/,
2022.05.17-45,000 төгрөг / сум руу хамгаалалтад үүрэг гүйцэтгэх/,
2022.04.01-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост гаргах/,
2022.04.06-180,000 төгрөг / сумын өлөнт гэх газар эрэн сурвалжилж байгаа хүн авчрах/,
2022.04.08-20,000 төгрөг /Өлөнт гэх газар бензин дуусаад нэмэлт бензин авсан/,
2022.04.15-270,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцох /,
2021.04.19-70,000 төгрөг /Төмөртэйн уурхайн постонд гарах/,
2022.04.13-765,000 төгрөг /Төмөртэйн уурхайд хамгаалалтын үүрэг гүйцэтгэх/
2022.04.21-300,000 төгрөг /хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг шалгах/, нийт баримтаар шатахуунтай холбоотой 4,523,420 төгрөг гэсэн боловч өмнөх оны шаардах хуудас нийт 167,500 төгрөг, хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх пост ээлж солилцохоос бусад зардалд 1,945,920 буюу хамааралгүй гэж үзэх 2,113,420 хасахад хамааралтай гэж үзэх зардал 2,410,000 төгрөг байна. Хоол, ундтай холбоотой зардалд гаргасан баримтыг цагдаагаас ирүүлээгүй. Харин алба хаагчид олгосон томилолтын зардалд орсон гэж тооцвол уг зардал нь 22,392,000 төгрөг бөгөөд үүн дээр шатахууны зардал болох 2,410,000 төгрөгийг нэмэхэд нийт 24,802,000 төгрөг зарцуулагдсан гэж үзэхээр байна.
Мөн өмнөх зарцуулалт болон тайлантай холбоотой асуудлыг тодруулах зорилгоор гэрчээр С аймгийн цагдаагийн нягтлан Б.Ү, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын төсвийн зарлагын хэлтсийн ахлах шинжээч Д.О нарыг гэрчээр асуусан /5хх-ийн 215-219 дүгээр хуудас/.
Иймд Дээд шүүхийн тогтоол болон шүүгчийн захирамжид дурдсан тодорхой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
Харин шүүхийн тогтоол, захирамжид дурдсан “... С аймгийн цагдаагийн дарга Б.Г******* нь албан тушаалын эрх хэмжээний хүрээнд хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төсвийн шууд захирагчийн хувьд цагдаагийн газрын төсвийн хөрөнгийг захиран зарцуулсан эсэх, эсхүл Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал болон Аймгийн засаг даргын захирамжид заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ сумын дарга бүрэн эрхийнхээ хүрээн төсөвлөж санхүүжүүлсэн хөрөнгийг зарцуулсан эсэхийг нэг мөр, эргэлзээ төрүүлэхгүй байдлаар нягтлан тогтоосны эцэст хэргийн бодит байдлыг тогтоох нь хэргийн зүйлчлэл, гэм буруу. хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөлд хэмжээг сонгон хэрэглэхэд чухал ач холбогдолтой.” гэх дүгнэлтийн тухайд хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хүрээнд мэтгэлцээний үндсэн дээрх тогтоох хууль хэрэглээтэй холбоотой асуудал гэж үзэхээр байна.
Шүүх буюу шүүгч хууль ёсны шаардлага хангасан шийдвэр гаргахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь үүрэг болгон хуульчлан заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой буюу шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн. шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана. Мөн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангагдана.
Гэтэл шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид дурдсан захирамжид заагдсан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн биелэлт хангагдаагүй гэх үндэслэл нь хэрэг шүүхээс буцаж ирсний дараа хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн үнэлэх боломжгүй болох, мөн ямар тодорхой мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан гэж үзсэн болох, түүнчлэн хэрэгт авагдсан ямар үйл баримт түүнд хийсэн прокурорын дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа болох, мөн ямар үйл баримтыг тогтоож чадаагүй талаар тодорхой дурдаагүйгээс гадна эргэлзээтэй, зөрүүтэй гэж үзсэн нотлох баримт болон үйл баримтыг тухайлан зааж дурдаагүй байх тул түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх шаардлагад нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг зөрчжээ.
2.Мөн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь: хэсгийн 3 дахь хэсэгт “Дараагийн шүүх хуралдаанд энэхүү хэрэгт хяналт тавьж буй Нийслэлийн прокурорыг өөрийг нь биеэр биечлэн оролцуулахаар тогтоосугай” гэх тухайд.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин дөрөвдүгээр бүлэгт “Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл”-ийг зохицуулсан. Тус бүлгийн 34.7 дугаар зүйлд “Прокурор шүүх хуралдаанд оролцох” талаар тусгасан бөгөөд уг зүйл хэсэгт хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн прокурор шүүх хуралдаанд оролцоно гэж тусгаагүйгээс гадна мөн хуулийн 34.5 дугаар зүйлд шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээнд энэ талаар дурдаагүй байна.
Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1 дэх хэсэгт “Прокурорын байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага мөн” гэж, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Улсын яллагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол дээд шатны прокурор өөр прокурорыг томилно” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс дүгнэхэд дан ганц хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн прокурор, улсын яллагчийг шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах бус томилогдсон прокурорыг шүүх хуралдаанд оролцож шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхийг дээд шатны прокурорт олгосон байна.
Шүүгчийн захирамжийн дээрх хэсэг нь хуульд заасан дээд шатны прокурорын шүүх хуралдаанд прокурор томилох, мөн томилогдсон прокурорын шүүхэд төрийг төлөөлөх бүрэн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна.
Иймд С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2026/Ш3/92 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаан эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Улсын дээд шүүхээс тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хуулийг тайлбарладаг онцлогтой. Энэ хэрэг дээр Улсын дээд шүүх тогтоолоор хуулийг тайлбарлаж өгсөн. Ямар тохиолдолд гэмт хэрэг болдог вэ гэдгийг тайлбарлачихсан. Тухайлбал төрийн өмч төсвийн хөрөнгийг завшиж улсын төсөвт үлэмжээс дээш хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор тодорхойлсон ба өөрт нь итгэмжлэгдсэн хариуцуулсан төсвийн хөрөнгийг шууд санаатайгаар шунахай сэдэлтээр материаллаг ашиг олох зорилгоор хамааруулдаг нь хууль хэрэглээнд жишиг болж тогтсон ойлголт болно гэж тайлбарлачихсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийг тайлбарласан гэсэн үг. Гэтэл миний үйлчлүүлэгчид шунахай сэдэлт байна уу, байхгүй юу, материаллаг ашиг олсон уу, үгүй юу гэх мэтчилэн гэмт хэрэг мөн шүү, биш үү гэж үзэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тодорхойлох, тогтоох ажиллагаа огт хийгдэхгүй. 30,000,000 төгрөгийг петровис компани руу шилжүүлсэн. Байгууллагадаа эд хөрөнгө авсан байна гэж буруутгаад байгаа юм. Гэмт хэргийн субьектив тал буюу одоогийн хуульд зааснаар сэдэлт санаа зорилго гэх субьектив талын шинжийг огт шалгаж тогтоохгүй. ...Мөрдөн шалгах ажиллагаагаар зориулалтын бусаар захиран зарцуулсан гэж хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хязгаарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ ажиллагааг хийсэн гэж үзэх боломжгүй учраас мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай. Прокурорын бичээд байгаа эсэргүүцэл нь үндэслэлгүй байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...прокурор, мөрдөгч Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг буруугаар ойлгож ажиллагаа явуулахдаа яллах чиг баримжааг баримталж ажиллагаа хийгээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7 дугаар зүйлд яллах, цагаатгах талын нотлох баримтыг тэнцүүлж мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулах үүрэг нь байгаа. Хэргийг шалгаж болно. Хэрэгт хамааралтай бүх нотлох баримтуудыг шалгах ёстой. Тэгж байж аль нь үнэн, худлыг шүүхийн шатанд дүгнэнэ. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгаад болсон үйл баримтыг сэргээн тогтоосноор гэмт хэрэг биш үү гэдэг нь тогтоогдвол түүгээр хэргийг шийдвэрлэх хууль дүрэмтэй. Тийм учраас нөхцөл байдлыг аль аль талаас нь өргөн хүрээгээр нотлох баримтуудыг үлдээлгүйгээр шалгаж тогтоосноор бодит байдлыг тогтоох нь чухал байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх нөхцөлтэй байх ёстой. Хяналтын шатны шүүхийн тогтоолоор тус хэрэгт ямар ямар ажиллагаа хийх, ямар нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай вэ гэдгийг дэлгэрэнгүй задлаад тайлбарлаад, дүгнээд өгчихсөн байхад огт хийгдээгүй байна. Прокурорын гаргасан эсэргүүцэл нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.Г*******т холбогдох эрүүгийн 2331000770188 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Нийслэлийн Прокурорын газраас Б.Г*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч Б.Г*******т холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 73 дугаар захирамжийг гарган урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр явуулаад, дээд шатны шүүхийн шийдвэрт заагдсан ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байдаг.
Гэвч уг хэрэг өмнө нь анхан, давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдэж эцэст нь Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянагдаад тодорхой ажиллагаа хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх ажиллагаа бүрэн хийгдээгүй байх тул анхан шатны шүүхийн захирамжийг буруутгах боломжгүй байна.
Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 64 тоот тогтоолд заагдсан “...захирамжийн 2 дугаар хавсралт хэрэгт байхгүйн улмаас 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нөхөн санхүүжилт хийгдэхээс өмнөх зардлыг хэн хаанаас хэрхэн санхүүжүүлсэн болохыг тодорхой болгох” ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, энэ ажиллагааг Прокуророос хийсэн С аймгийн Цагдаагийн газрын туслах нягтлан бологч н.Ү болон Сангийн яамны мэргэжилтнийг гэрчээр асуусан гэх боловч сумын засаг даргын захирамж хавсралттай гарсан эсэх талаар сумын Засаг дарга Тамгын газрын холбогдох албан бичиг баримтууд болон С аймгийн Цагдаагийн газрын санхүүгийн баримтуудад үзлэг хийх зэрэг ажиллагааг зайлшгүй хийж, дээрх байдлыг тогтоох шаардлагатай.
5.Харин анхан шатны шүүгчийн захирамжийн 3 дахь заалтанд энэхүү хэрэгт хяналт тавьж буй нийслэлийн прокурорыг дараагийн шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцуулахаар тогтоож шийдвэрлэхдээ зайлшгүй ямар шаардлагын улмаас биечлэн оролцуулж байгаа талаар захирамжийн Тодорхойлох хэсэгт дүгнээгүй, анхан шатны шүүх хуралдаанд прокурорыг заавал биечлэн оролцуулах хэрэгцээ шаардлага харагдахгүй, түүнчлэн заавал танхимаар оролцуулах талаар заах хуулийн зохицуулалт байхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийн дээрх агуулгыг хүлээн авч захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгов.
6.Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзээд С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/92 дугаартай шүүгчийн захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЗ/92 дугаартай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
3.Яллагдагч Б.Г*******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ