Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01589

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01589

 

 

Т.Б-ы нэхэмжлэлтэй 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01791 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-, ШШГЕГЕШ-ид тус тус холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5, 59 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б-ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж заажээ. Үүнд: эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан тохиолдол хамаарч байгаа. Т.Б-ы хувьд дээрх нөхцөл байдлын аль нь ч хамаарахгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т зааснаар Т.Б- нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхыг ойлгоно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарын агуулга:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Б-аас 443,149,920 төгрөгийг гаргуулан “Енод” ХХК-д олгохоор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дугаар захирамжаар Т.Б-, УИ ХХК, Б.Д-, Б ХХК-аас 1,821,573,059 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч Т.Б-д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч дээрх төлбөрүүд төлөгдөөгүй, шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жил 10 сарын хугацаанд гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүй байх тул төлбөр төлөхөөс зайлсхийх, төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Т.Б-д 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 15290774/08 дугаар мэдэгдэх хуудсаар түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл үүссэн тухай мэдэгдэж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээ авсан. Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх албадлагын арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгч, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам”-ын 2.2-т “Нэг төлбөр төлөгчид холбогдох хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлага 50,000,000 төгрөгөөс дээш бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх ба гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хэсэгчлэн хангасан төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэж заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч ШШГЕГЕШ-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр захирамжаар Т.Б-аас 443,149,920 төгрөгийг гаргуулан “Ёнод” ХХК-д олгохоор, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дүгээр захирамжаар Т.Б-, УИ ХХК, Б.Д-, Б ХХК-аас 1,821,573,059 төгрөгийг гаргуулан Г ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлбөр төлөгч Т.Б- одоог хүртэл хугацаанд биелүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийж, эд хөрөнгөө гүйцэт мэдүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т зааснаар Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б-ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх нь шүүхийн шийдвэрээр тогтоосон байхыг шаардахгүй.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.Б- нь шүүхийн шийдвэрийн дагуу Енод ХХК-д төлөх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Мөн Т.Б- нь өөрт байгаа эд хөрөнгөө хуульд зааснаар бүрэн мэдүүлээгүй зэрэг үйлдлээр түүнийг төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж үзнэ. ШШГЕГЕШ-ийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолоор Т.Б-ыг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн байх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна гэж үзэхгүй юм. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ- болон ШШГЕГЕШ-ид холбогдох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Б-ы гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх, 57 дугаар зүйлийн 57.2 дэх, 60 дугаар зүйлийн 60.1 дэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйл баримтыг эрх бүхий байгууллагаа тогтоогоогүй байхад үзэмжээр хилийн хориг тавьж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байгаа. Түүнчлэн төлбөр төлөгч Т.Б- нь төлбөр төлөхөөс зайлсхийсэн тухай гуравдагч этгээдийн гомдолд Хан-Уул дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол хүчин төгөлдөр байгаад талууд маргадаггүй.

Шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасан “төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн” байх нь Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу тогтоосон байхыг ойлгохгүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэл болж буй төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн эсэх үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж тогтоогоогүй үед иргэний хэргийн шүүхээс тухайн асуудлаар дүгнэлт хийн, төлбөр төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч НШШГГ-, ШШГЕГЕШ-ид тус тус холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 298/1 дугаартай “төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх” тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 144 дугаар захирамжаар Т.Б-аас 443,149,920 төгрөгийг гаргуулж “Енод” ХХК-д, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01844 дугаар захирамжаар Т.Б-, УИ ХХК, Б ХХК, Б.Д- нараас 1,821,573,059 төгрөгийг гаргуулж Г ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

       /хх 21, 29/

 

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхийн шийдвэрүүдийг гүйцэтгэх ажиллагаа үүсгэж тогтоолуудыг гаргасан байна. ШШГЕГЕШ-ийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 298/1 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Т.Б-ы гадаадад зорчих эрхийг үргэлжлүүлэн түдгэлзүүлэхээр заасан байна. /хх 5, 24, 34/

 

4.1. Дээрх 298/1 тоот тогтоолд “...бүртгэлийн 15290774 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Б-ы гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн гэх боловч 15290774 дугаартай гүйцэтгэх баримт бичиг нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдэд үүсгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хамаарч байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна.

 

5. Т.Б- нь төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Енод” ХХК-аас Т.Б-ыг төлбөр төлөөгүй гэж маргаж байна.

 

6. Анхан шатны шүүх 298/1 тоот тогтоол нь дээр дурдсан 2 шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаанд хамааралтай эсэх төлбөр төлсөн 15290774 дугаар гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлсөн эсэхийг тогтоосны үндсэн дээр маргаж буй 298/1 тоот тогтоол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх учиртай, энэ талаар талуудаас тодруулах ажиллагаа хийж талуудыг мэтгэлцүүлэх байжээ.

 

7. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий гүйцэтгэгчээс ирүүлсэн 5 хуудас баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасныг хангаагүй байна. Шүүх эдгээр баримтыг шийдвэрийн үндэслэл болохгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт хасах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай. /хх 80-84/

 

Иймд дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01791 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ