Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/46

 

“М*******” ХХК-нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Содномиший,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О*******,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Д******* /цахим/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа /цахим/ нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “М*******” ХХК-нд холбогдох эрүүгийн 2031003280101Т дугаартай, 316/2026/0044/Э/208/2026/0032 индекстэй, 10 хавтас хэргийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

“М*******” хязгаарлагдмал хариуцлагатай компани, Монгол Улсын хуулийн этгээд, **** оны ** дугаар сарын **-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, ашигт малтмал ашиглалт, түүхий эд хүлээн авах, худалдах,цэцэрлэгжүүлэлт хийх, газрын хэвлийн нөхөн сэргээлт, ашигт малтмалын хайгуул хийх, гадаад худалдаа зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага нь ******* овогт Н******* Д******* (РД: ******* ), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгч “М*******” ХХК-ийн захирал Н.Д******* нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “*******” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газар “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: “М*******” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор

Шүүгдэгч “М*******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох, газрын хэвлийд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “М*******” ХХК-нд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, хорин таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч “М*******” ХХК-нд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар “М*******” ХХК-нд нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах эрхийг 05 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Уг хэрэг дээд шүүхээр хянагдсан. 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар тогтоолоор М*******” ХХК-д хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхдээ буруу хэрэглэсэн байна гэх үндэслэлийг заасан. Түүнээс биш “М*******” ХХК-д ял оногдуул гэж бичээгүй. Дээд шүүх энэ компанид ял өг гэж зааварчилдаг эрх бүхий байгууллага биш. Гэтэл дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүх “М*******” ХХК-д ял оногдуулсан байна гэж ойлгосон гэж үзэж байгаа. ... Шинжээч нар хэзээ ч газар дээр очоогүй. Кадастрын зураг харчихаад ийм байна, тийм байна гээд байгаа боловч прокурор уг газар дээр ч очоогүй. ... Эрүүгийн хуульд хуулийн этгээдэд ял оногдуулах заалт шинээр орсон. Гэмт хэрэг бол нэг л үйлдэл байдаг. Тэр үйлдлийг компани хийнэ эсхүл Н.Д******* хийсэн. Нэг үйлдлийг хоёр хүн хийх боломжгүй. Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн бол бүгд ял авах нь ойлгомжтой. Компани болон хувь хүн Н.Д******* нарын аль нь уг гэмт хэргийг үйлдсэн бэ гэдэг дээр огт анхаарал тавьдаггүй. ... Дээд шүүх Н.Д******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Н.Д******* ад холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Н.Д******* компанийн эрх ашгийн төлөө хийгээгүй. Өөрөө мөнгө олох зорилгоор хийсэн учраас дээд шүүх хэвээр үлдээсэн гэж үзэж байна. Компанийн эрх ашгийн төлөө биш учраас компанид ял оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэл байх тул “М*******” ХХК-д оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Эсхүл шинжээчийн буруутай үйл ажиллагааг залруулахаар буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Нэгдүгээрт хэрэгт тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүх хэрхэн яаж үнэлж дүгнэсэн бэ гэх асуудлыг хөндсөн.

Хоёр дахь хэсэг дээр анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг үнэлээгүй, буруу дүгнэсэн асуудлын талаар тусгасан. Үйл баримтыг тогтооход зарим нотлох баримтыг үнэлээгүй буруу дүгнэсэн талаар тусгасан.

Гурав дахь хэсэгт энэ хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн холбогдох хэсгийг зөв тогтоох нь уг хэрэгт ач холбогдолтой байсан шүү гэдэг үндсэн хэсэг нь гомдлын хууль зүйн үндэслэлд хамаарч байна.

Хууль зүйн тайлбар ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь шууд санаатай хэлбэртэй байхаар хуульчлагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан шаардлагын дагуу нотолсон байх шаардлагатай. Хэрэгт тогтоогдсон үйл баримтуудаар энэ эрүүгийн хэргийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэм буруугийн хэлбэрийг тогтооход дараах онцлог нөхцөл байдлууд байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх “Мөнх билгүүн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан газрын зарим хэсэг нь “*******” ХХК-ийн тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор зохих этгээдүүдийн хараа хяналтын дор үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг итгэл үнэмшилтэйгээр ажилласан байдал, мөн байгаль орчинд хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Мэдсэн бол бид энд ажиллахгүй байсан гэх агуулга бүхий захирал Н.Д******* ын удаа дараагийн тайлбар мэдүүлгийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж дүгнэж чадаагүй. Түүний улмаас хэргийн бодит байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. ... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ... компанийн эрх ашгийн төлөө явагдсан үйл баримт тогтоогдсон байгааг анхан шатны шүүх бодитоор хянан үзээгүй. Уг хэргийн үйл баримтад ямар үйл баримт тогтоогдоод байна гэдгийг гомдлынхоо хоёр дахь хэсэг болон гомдлын хавсралтдаа нэг бүрчлэн заасан байгаа. Үүнд хэрэг үйлдэгдсэн гэх газар “*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд болсон үйл баримт нь тогтоогдсон. Хоёрдугаарт “*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлд ажиллаж байсан компаниуд алт олборлож, зардлаа нөхөх, олборлосон алтны тодорхой хувийг “*******” ХХК авахаар гэрээ хийж ажиллаж байсныг тогтоогдож байгаа. “М*******” ХХК-ийн олборлосон алтнаас “*******” ХХК гэрээндээ заасан хэмжээгээр алт авч байсан гэх үйл баримт тогтоогдсон. Энэ хэрэг дээр шинжилгээ хийгээд байгаа шинжээч Баясгалан гэх хүн нь геодези зураг зүйн мэргэжлийн хүн биш. ... “М*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан нийт талбайн хэмжээ, үүнээс “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайн дотор болон гадна байгаа талбайн хэмжээ. Хэрэгт байгаа үйл баримтаас харахад нэг бол гадна, нэг бол дотор байсан. Үүнийг шалгаж тогтоох ажиллагаа огт хийгдээгүй. Мөн “М*******” ХХК-ийн ажилласан газар нь урд нь эвдэгдээгүй байсан гэх үйл баримтыг нотолж чадаагүй гэж үзэж байна. Баясгалан гэх шинжээчийн дүгнэлтээр эвдэгдээгүй байсан гэж үзэхдээ сансрын зургаар, гэхдээ энэ хэрэг гарахаас жил гарангын өмнө авагдсан зургаар тодорхойлчихсон байдаг. Үүнийг шалгаж тогтоолгоё гэхэд ажиллагаа огт хийгдээгүй. “*******” ХХК-ийн харуул хамгаалалт хариуцсан ажилтан Батсүх гэх хүн “М*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах газрыг зааж өгсөн. Н.Д******* ын уг мэдүүлэг үндэслэлтэй болохыг нотолсон баримтууд байгаа. “*******” ХХК-ийн нэр бүхий ажилчид тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа талбайнуудын явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. 3 компани ажиллуулж байсны нэг нь “М*******” ХХК байсан. “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл дээр ажиллаж байсан бүх хүн “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай нь аль нь вэ. “М*******” ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан газар нь “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн аль хэсэгт байсан бэ гэдгийг мэдэх боломжгүй байсан нь баримтуудаар тогтоогддог. Миний ярьсан 8 үйл баримтыг гомдолдоо маш дэлгэрэнгүй тусгасан. Давж заалдах шатны шүүхэд ямар хүсэлт гаргаж байна гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “М*******” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Уул уурхайн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзэж байна” гэв.

Прокурор Б.Содномиший шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан байвал тухайн зүйл хэсэгт заасантай адил хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж хуульчилсан байдаг. Үүний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж үзэх нь зүйтэй. Үүнд үндэслэж хэрэгт тогтоогдсон үйл баримтуудаар 2020 оны 9 сард үйлдэгдсэн. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа 2025 онд дуусахаар байтал хуулийн этгээдийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал үүсээгүй. ... “М*******” ХХК нөхөн сэргээлтийг хийнэ. Цалин хөлсийг эвдэгдсэн талбайд ухаж гаргасан шороог дахин боловсруулж түүнээс алт гарч ирвэл ажлын хөлсөө авна гэдэг байдлаар тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Мэдээж ашиг олж байгаа хуулийн этгээд өөрийнхөө хууль ёсны үйл ажиллагаа явуулж байна уу эсэх дээр өөрсдөө хяналт тавьж, үнэхээр “*******” ХХК-ийн талбай мөн үү, биш үү гэдгийг мэдэхгүй байвал эрх бүхий байгууллагаас асууж, лавлаж тодруулж үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ нь хууль болон гэрээгээр хүлээгээд явж байгаа үүрэг нь юм. ... Ганцхан дүгнэлт дээр ч биш. Ашигт малтмал газрын тосны газрын 2 удаагийн лавлагаа дээр жишээлбэл 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4212 дугаартай албан тоотоор, 2021 оны 9 дүгээр сарын  22-ны өдрийн 4212 дугаартай албан тоот, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн албан тоотоор тус тус тухайн талбайнууд “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна гэдгийг тогтоож тоотыг ирүүлсэн. ... Энэ нь нэг үйлдэл, нэг ял гэх зарчимтай харшлахгүй талаар дээд шүүх тайлбарлачихсан. Шударга ёсны зарчимд хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заачихсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр “М*******” ХХК-нд холбогдох эрүүгийн 2031003280101Т дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3.Шүүгдэгч “М*******” ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “*******” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газар “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808.977.431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн болох нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-24-р тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-34-р тал/,

-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О өгсөн: “...Хууль ёсны дагуу гэрээгээр ажилласан ч лицензтэй талбайгаас гадуур ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн: “... Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг “” гэх газарт байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг гаргаж шинжилгээг хийж экологи эдийн засгийн хохирлын шинжээчийн дүгнэлт гаргасан ... шинжилгээний төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,

-Гэрч П.Б өгсөн: “... “*******” ХХК нь орон нутагтай харьцах ажилтан авна гэсэн зарын дагуу тус компанид ажиллах болсон ... “М*******” ХХК-ний захирал Д******* нь манай “*******” ХХК-ний захирал Г.В.Д байгуулсан гэрээг үзэж шалгаад оруулсан юм. ...”******* ХХК-ний захирал Г.В.Д нь над руу гар утсаар холбогдож надаас “М*******” ХХК нь манайд үйл ажиллагаа явуулах гэтэл ирээгүй учраас чи очоод хяналт тавиад байж байгаач гэж гуйсан юм. Би тухайн үед өмнө нь ажиллаж байсан юм даа гээд зөвшөөрч 2020 оны 07 дугаар сарын дундуур очиход “М*******” ХХК нь үйл ажиллагаа эхэлсэн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан. ... “ гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/,

-Гэрч С.Б өгсөн: “... Тухайн газар нь овоолсон байсан шороог нь зайлуулж хажуу талын нүх рүү шидээд тухайн шороон доор байсан хар шороотой шинэ хөрсийг хуулж олборлолт явуулж байсан. Нөгөө хамт ажиллаж байсан экскаватор нь шинэ хөрсөө хуулдаг байсан юм. Энхтөр зааж өгөөд Гомбоо гэдэг нэртэй нөгөө эксковаторын жолооч надад хэлээд бид 2 тухайн газар дээр ажилладаг байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,

-Гэрч Ж.Л өгсөн: “Би “М*******” ХХК-д дизель насосыг ажиллуулдаг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж ажиллаж байна. Намайг ирэхэд экскаватор нь эвдэрчихсэн гээд хэд хоног ажиллаагүй ... Намайг ирснээс хойш нөхөн сэргээлт хийгээгүй. Д******* өөрөө олборлолт, угаалт зэрэг өдөр тутмын ажлаа удирдан зохион байгуулдаг байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-86-р тал/,

-Гэрч Э.Г өгсөн: “...би ус зөөх, түлш зөөх, мод хагалах гэх мэт хар бор ажил хийдэг. Хааяа хүн дутахаар усан буун дээр очиж алт угаадаг. “М*******” ХХК нь алтны уурхайн чиглэлээр ажиллаж байгаа. Шороо угааж алт олборлодог. Ер нь 2 хоног угааж байгаад тэгээд усан бууныхаа шламыг авч угааж алт гаргаж авдаг. Ер нь нэг угаалтаар 30-40 грамм алт олборлож авдаг гэж ярьдаг” “анх би 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг “” гэх газарт туслах ажилчнаар ганцаараа очсон. Намайг очиход уурхай эхлэх гээд бэлтгэл ажлаа хийж байсан ба 7-8 хоногийн дараа ажил эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 87-91-р тал/,

-Гэрч П.М өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1 эмэгтэй эксковатораа түрээслэх үү гэж надтай утсаар яриад ирж уулзсан. Тэрээр өөрийгөө Хандаа гэж анх танилцуулсан бөгөөд сүүлд нь “М*******” компанийн захирал гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Сэлэнгэ аймгийн ******* суманд “*******” ХХК-ийн алтны талбай дээр ажиллуулах экскаватор түрээслэх гэж байгаа талаар хэлсэн. Ингээд түүнтэй сарын 27 сая төгрөгөөр 10 сарын 20-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай экскаватораа түрээслүүлэхээр тохирч гэрээ байгуулаад өгч явуулсан, гэтэл манай экскаваторын оператор Өсөхбаяр 09 дүгээр сарын 24-ний өдөр над руу яриад энгийн хувцастай хүмүүс ирээд экскаваторын компьютер хураагаад аваад явлаа гэхээр нь би Д******* руу яриад юу болсон талаар асуухад тэрээр “газрын эзэн нь асуудал байхгүй, лицензтэй талбай байгаа юм, экскаваторын компьютерыг чинь буцаагаад аваад өгнө” гэсэн. Тэгээд 10 сарын эхээр байсан өдрийг нь тодорхой санахгүй байна, экскаваторын компьютерыг чинь буцаагаад авчихлаа гэж ярихаар нь трейлер явуулж экскаватораа очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93-р тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар Сарын 29-ний өдрийн 5862 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 30,25 грамм алт нь 86 хувийн агууламжтай 20 каратын сорьцтой алт байна” гэх дүгнэлт /хх-ийн 125-126-р тал/,

-”Эко Инженеринг” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай шинжээчийн: 1.Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явагдсан байна. 2. Эвдэгдсэн газрын нийт талбай нь 13770м² буюу 1,38 га хэмжээтэй байна. 3. Тус хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 283,508,639 төгрөг болж байна. 4. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбай нь урт нэртэй хуулиар хориглосон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Хайгуулын, ашиглалтын лицензийн талбай болон бичил уурхайн зориулалт бүхий талбайтай давхцалгүй байна. 5. Уг талбай нь ашигт малтмал ашиглалтын МV-020530 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй буюу тус талбайн гадна байна. 6. Тус талбайд урьд өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын байдлаар ашиглалт, олборлолт явагдаж байгаагүй, эрүүл талбай байсан болохыг “Google eart” программаас харж болж байна. 7. Нийт эвдэгдсэн талбайд ямар нэгэн нөхөн сэргээлт хийгээгүй, харин нэмж томруулан ухаж олборлох үйл ажиллагаа явуулсаар байна...” гэх дүгнэлт / хх-ийн 134-163-р тал/,

-“Хос итгэл төгс” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан: Зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний “... 2020 оны 08 сарын байдлаар 44-16 улсын дугаар бүхий эксковатор R300L 160.000.000 төгрөг, 9424 УБ улсын дугаар бүхий XG951 ковш 40.000.000 төгрөг, улсын дугааргүй Hitachi ZX450X эксковатор 175,000,000 төгрөг” болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 169-173, 185-190, 198-202-р тал/,

-2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “*******” ХХК-ийн захирал Е Д, “Мөнх Билгүүн” ХХК-ийн захирал Н.Д******* нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 205-209-р тал/,

-2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн иргэн П.Мягмар, Н.Д******* нарын байгуулсан “Техник түрээслэх тухай гэрээ” /хх-ийн 210-212-р тал/,

-Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 8/4649 дугаартай: “солбицол бүхий талбайг кадастрын зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.11 га талбайгаар, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор тогтоосон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 0.45 га талбайгаар давхцалтай байна. Харин бичил уурхайн зориулалтаар дүгнэлт гарсан талбай болон “Рич Мөнх” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-020530 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 215-216-р тал/,

-Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2020 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 068/7002 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 218-219-р тал/,

-Гэрч Э.Ө өгсөн: “... М******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан тухайн газар нь шинээр хөрс хуулж ажилласан. Ухагдсан газар нь газрын хэвлийн өнгөн давхарга бүхий газар байсан. Тухайн үйл ажиллагаа, олборлолт явуулах газрыг захирлын дүү гэх хүн зааж өгсөн ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-56-р тал/,

-Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай Тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай шийдвэр /2-р хх-ийн 123-125-р тал/,

-Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 8/4212 дугаартай албан бичиг, тойм зураг бүхий хавсралт /2-р хх-ийн 127-129-р тал/,

-Гэрч Б.Б өгсөн “...тухайн үед “*******” ХХК-ийн ажилтан гээд нэг эрэгтэй хүн бид нарыг тосож аваад талбай дээр ирээд бид нарт ажиллах газрыг аман байдлаар зааж өгсөн тэгэхдээ тухайн эвдэгдсэн газрын зах хэсгээр хус мод зоогоод орхисон байсан ба энэ хэсгээс гарахгүй дотор нь үйл ажиллагаа явуулна гэж зааж өгсөн. Бид нар ч тухайн зааж өгсөн газраас нь гаралгүйгээр ажиллаад эхэн үед тухайн үед хэсэг газрыг он сарыг нь санахгүй байна, нэг удаа угааж үзсэн чинь огт алт гараагүй буюу бид нарын хэрэглэж байсан усад бууны технологи таарахгүй байсан учраас бид нар үйл ажиллагаагаа зогсоогоод техникүүдээ татаж эхэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 133-134-р тал/,

-Гэрч Х.Б өгсөн: “*******” ХХК-ийн геологич Энхбаяр тусгай зөвшөөрлийн зургийг бид нарт гэрээний хавсралт болгож өгөөд зурган дээрээ тодорхой зааж өгсөн учраас бидэнд буруу зөрүү ажиллах шаардлага гаргаагүй ээ. Яг ажилла гэсэн газарт нь очиж ажилласан. Тухайн газрын нийт талбайн гол хэсэгт том овоолго шороо байгаа тэрийг дахин угааж ашиглах тухай хэлсэн учраас бид нар тэндээ л ажилласан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 138-139-р тал/,

-2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт баримт /2-р хх-ийн 162-171-р тал/,

-Гэрч Ү.Г өгсөн: “... Манай байгууллагын цахим санд “*******” болон “М*******” ХХК нь 2020 онд буюу түүнээс хойш ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөөг ирүүлж байгаагүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчаар хянагдсан материал мөн адил ирүүлээгүй ямар нэг хайгуулын ажлын төлөвлөгөө ирүүлж байгаагүй байна. Манай энэ систем 2016 оноос хойших бүх материал цахимжсан байгаа уг санд байхгүй байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 29-30-р тал/

-Гэрч Д Г.В-ийн өгсөн “... уг гэрээ нь манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр талбай нөхөн сэргээлт хийх гэрээ байсан. Харин уг гэрээн дээр мөнгөн дүн байгаагүй учир би их ач холбогдол өгөөгүй  байсан. Би уг талбайд нөхөн сэргээлт хийх тухай бодож байсан учир зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 36-37-р тал/,

-Шинжээч Б.Б “... Хэргийн газарт очиж ажиллахад нөхцөл байдал нь үйл ажиллагаа явуулсны сар орчмын дараа хэргийн газарт очиж ажилласан. ...Тухайн газар нь авто машины зам явсан зарим хэсэгтээ хөрс ногоон өнгөтэй байгаа нь хөндөгдөөгүй байсан нь илт тод харагдаж байгаа. Уг байдлаар өмнө нь хөндөгдөөгүй талбай гэдэг дүгнэлт хийж болно” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 43-44-р тал/,

- “Хос итгэл төгс” ХХК-ийн 2023 оны өдрийн 01 дүгээр сарын 07-ны өдрийн: “...86%-ийн агууламжтай 20 каратын алт 30.25 грамм хэмжээтэй  2020 оны 09, 10 дугаар сарын байдлаар нэгж үнэ 171.336 төгрөг нийт 5.182.914 төгрөгийн үнэтэй байна” гэх үнэлгээ /6-р хх-ийн 214-220-р тал/,

- “Хос итгэл төгс” ХХК-нийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр алт угаах төхөөрөмж буюу скубер 2,000,000 төгрөг, дизель мотор 1,500,000 төгрөг нийт 3,500,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /6-р хх-ийн 227-232-р тал/,

-Гэрч Д Г В дахин өгсөн “...Би тухайн үед эвдэгдсэн газарт л нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн, манай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд эвдэгдээгүй ямар ч талбай байхгүй. Бүгд эвдэгдсэн талбай байгаа тийм учраас би өөрийн биеэр очиж зааж өгөх шаардлага байхгүй. Бид нарын гэрээн дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийнэ л гэж заасан байгаа. Нөхөн сэргээлтийн ажил чинь эвдэгдсэн талбайд л хамаарах ойлголт шүү дээ эвдэгдээгүй талбайд нөхөн сэргээлт хийнэ гэж байхгүй би ойлгохгүй байна. Манай компанийн талаас талбай дээр ажиллаж байсан Маяборода Слава гэх ОХУ-ын иргэн ажиллаж байсан тэр хүн газар дээр нөхцөл байдлыг танилцуулан ажиллах газар, тусгай зөвшөөрлийн талбайг зааж өгсөн байсан надад тэрийгээ өөрөө ч хэлж байсан гэвч Маяборода Слава 2019 оны 10 ар сард Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу явсан одоо хаана оршин сууж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр хүн одоо Монгол Улсад байсан бол болсон явдлыг хэлж өгөх байсан байх. Тийм шаардлага байхгүй манай талбай дээр эвдэгдээгүй талбай байхгүй учир эвдэгдсэн талбайдаа ажиллаарай гэж л хэлсэн. Гэрээгээ ч тэгж байгуулсан байгаа” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 90-91-р тал/,

-Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/29-01/70/20 дугаартай “ ... Байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ 808,977,431 төгрөг болж байна ...” гэх акт /7-р хх-ийн 107-108-р тал/,

-Шинжээч Б.Б дахин өгсөн: “...Хэргийн газар дээр ажиллах үед 1,38  га талбай эвдэгдсэн байсан бөгөөд тухайн газрын орчин нөхцөл, цаг агаарын буюу чийгшилтэй орчин тул шинээр хөрс хуулсан гэдгийг шууд тогтоох боломжгүй байсан тул сансрын зургийг ашигласан. Тиймээс сансрын зураг дээр 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх ухагдаагүй байсан зургийг ашиглаж дүгнэлт гаргасан. Одоо ч google earth программаас тухайн үеийн зургийг харж болно ...” гэх мэдүүлэг  /7-р хх-ийн 178-179-р тал/,

-Ашигт малтмал газрын 2024 оны 02 дугаар 23-ны өдрийн 1/789 дугаартай албан бичиг /7-р хх-ийн 211-р тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, “Мөнх билгүүн” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж алт олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 808,977,431  төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан,  тус хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, гэмт хэргийг бусдыг хөлсөөр ажиллуулах, түрээсийн гэрээ байгуулах зэргээр үйлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул анхан шатны шүүхээс “Мөнх билгүүн” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж үзлээ.

4. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчим, оногдуулах ялын төрлийн талаар Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт тодорхой заасан байна.

Тухайлбал, дээрх хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тодорхойлжээ.

Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл (эс үйлдэхүй) нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

Тодруулбал, эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл (эс үйлдэхүй) гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийг ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3-т “...хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ... хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх бөгөөд энэ нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөхгүй болно.

5. Шүүгдэгч “М*******” ХХК нь Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьцааг 100 хувь ганцаараа эзэмшиж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу компаний удирдлагыг Н.Д******* нь дангаараа хэрэгжүүлдэг болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон дээрхи үйлдэлд Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолоор “М*******” ХХК-ны захирал Н.Д******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох, газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээд буюу “М*******” ХХК-нийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл “М*******” ХХК-ийн захирал Н.Д******* нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн талбайд техникийн зөвшөөрлийн талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхээр “*******” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр халхавчлан 2020 оны 07 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “” гэх газар “*******” ХХК-ийн ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсны улмаас алт олборлон байгаль орчинд 808,977,431 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэнээр эрүүгийн хариуцлага хүлээсэн бол “М*******” ХХК-д “хуулийн этгээдэд” Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4, 9.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь хуульд нийцсэн байна.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдлоо анхан шатны шүүх хэргийн бодит байдлын тогтооход ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг үнэлээгүй, буруу дүгнэсэн Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, “М*******” ХХК-нийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж тайлбарласан.

7.Хэрэгт авагдсан баримтаар “*******” ХХК-ны Сэлэнгэ аймаг ******* сумын нутаг дахь MV020530 тоот ашиглалтын талбайд орших “ийн амны алтны шороон ордны хөрс хуулалт, техникийн нөхөн сэргээлт хийх зорилгоор “М*******” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба тус гэрээгээр  “*******” ХХК -ны тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэхээр тохиролцсон байна.

Гэвч “М*******” ХХК нь тухайн зөвшөөрөгдсөн талбайн гадна олборлолт явуулсан болох нь гэрч С.Б “...шинэ хөрс хуулж олборлолт явуулж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ө “...24 цаг болоод усан бууныхаа шлампыг авч угаадаг...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Л 3 хоног хөрс хуулж байгаад хуулсан  шороогоо 2 хоног угаадаг.  Нэг удаагийн угаалтаар 40 орчим граммалт угааж авдаг байсан....” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Г”...шороо угааж алт олборлодог. Ер нь 2 хоног угааж байгаад усан бууныхаа шлампыг авч угааж алт гаргаж авдаг. Ер нь нэг угаалтаар 30-40 шраммалт олборлодог...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайгаа тодорхой зааж өгөөгүй, зохих байгууллагаас холбогдох хяналт тавих үүргээ  биелүүлээгүй гэж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд “урьд ашигласан шороон овоолгыг угааж алт олборлож зардлаа нөхөн талаар заасан байхад “М*******” ХХК нь эрүүл газрын хөрсийг хуулж улмаар шороог нь угааж алт олборлосон үйл баримт тогтоогдсон нь тухайн шүүгдэгч нь дээр үйлдлийг шууд санаатай гэж үзнэ.

8.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тусгай зохих зөвшөөрөл бүхий талбайд, зохих этгээдийн хараа хяналтын дор  үйл ажиллагаа явуулж байсан, Байгаль орчинд хохирол учруулах санаа зорилго байгаагүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2026/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ

       

                                          ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН