Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ДШМ/48

 

Н.Э*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Б.Урангоо-ыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/44 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Н.Э*******т холбогдох эрүүгийн 2531002530347 дугаартай, 316/2026/0025/Э/208/2026/0033 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт Н******* Э*******, Монгол улсын иргэн, ****** оны ** дүгээр сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн С******* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын *-р баг, *-р хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД:*******)

Шүүгдэгч Н.Э*******ыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын * дүгээр баг**** тоот хашаанаас 4 метрийн урттай 5 см зузаантай банз 8 ширхэг, 4 метрийн урттай 7.5 см зузаантай палк 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдэлтээр ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Н.Э******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогтой Н******* Э******* т холбогдох эрүүгийн 2531002530347 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Э******* ыг цагаатган,

Шүүгдэгч Н.Э******* нь энэ гэмт хэргийн улмаас 21 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгон, Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгон,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан, ... эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Урангоо эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхээс “Н.Э******* ын хулгайлах үйлдлээ хэрэгжүүлэхдээ машин механизм ашиглаагүй хууль зүйн үндэслэл тогтоогдсон” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.Э******* нь Д.Б******* баригдаж дуусаагүй гражид Д.Б, Б.О нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд Д.Б аас гражид байсан палк, банз зэргийг “надад өгчих” гэж хэлсэн ба Д.Б “минийх биш, болохгүй” гэж хэлсэн байдаг.

Н.Э******* ын дээрх эд хөрөнгийг хулгайлах сэдэл буюу гэмт санаа энэ үед үүссэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэж дуусаад гражаас гарч явж байхдаа гэмт хэргийг үйлдэх буюу хулгайлах санаа, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд урьдчилан бэлтгэж Сэлэнгэ аймгийн С******* суманд дуудлагаар такси үйлчилгээнд явдаг ******* ******* улсын дугаартай “Фиедэр” загварын дээрээ ачаатай тээврийн хэрэгсэлтэй Ю.Гийг Д.Б н гэрийн гадаа дуудсан талаар хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Б.О мэдүүлсэн байдаг.

Улмаар Д.Б ын хашаанд тээврийн хэрэгслийг оруулж палк, банз зэргийг ачих юм бол баригдах боломжтой гэдгийг тооцоолон нууцаар хашааны ард палк, банз модыг бөөгнүүлэн тавьсан бөгөөд урьдчилан бэлтгэсэн буюу дуудсан таксины жолооч Ю.Г ирээд ачиж авч яван гэрч Ж.Б т худалдсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор гэдэг нь гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдон явах, гэмт үйлдлээ түргэсгэх тухай ойлголт бөгөөд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж тээврийн хэрэгсэл ашигласан болох нь нотлогдсон байна.

Мөн “Алдагдсан эд зүйлсийн тоо ширхэг, овор хэмжээнээс үзвэл тэдгээрийг автомашинаар зөөж тээвэрлэхгүйгээр авч явах, хэргийн газраас холдох боломжгүй байх тул бусдыг мэдэхээс өмнө урьтаж, өөрийн гэмт үйлдлээ түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үздэг бөгөөд аливаа тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг тогтоохдоо “тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, эзлэхүүн, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоосны эцэст гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үздэг.

Н.Э******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “өөрөө зөөж авч явах боломжгүй байсан учраас машин дуудаж ачиж авч явсан” талаараа мэдүүлсэн байдаг ба хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцогддог гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Н.Э******* нь Д.Б ын хашаанд баригдаж байсан гражаас палк, банз зэргийг хууль бусаар, нууцаар авч хашааных нь ард овоолон тавьсан ба гэмт үйлдлээ түргэтгэх, учрах саадыг арилгах, өөрийн биеэр авч явж чадахгүй эд зүйлээ зөөвөрлөх зорилгоор урьдчилан бэлтгэсэн тээврийн хэрэгсэлд бусдын эд хөрөнгийг нийтийн эзэмшлийн талбайгаас буюу эд хөрөнгө хулгайлагдсан хашааны гаднаас ачиж авч яван Ж.Б ын хашаанд буулгаж, 60,000 төгрөгөөр худалдсанаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.7 дугаар зүйлд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.” гэж тайлбарласан байх ба шүүгдэгч Н.Э******* ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, түүнийгээ хэрэгжүүлсэн байдал, үйлдэлдээ болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтууд зэргээр Н.Э******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь нотлогдсон байна гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо хэрэг гарсан бодит байдал, гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Э******* т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/44 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.Э******* т холбогдох эрүүгийн 2531002530347 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Прокуророос Н.Э******* ыг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* сумын* дүгээр баг ***** тоот хашаанаас 4 метрийн урттай 5 см зузаантай банз 8 ширхэг, 4 метрийн урттай 7.5 см зузаантай палк 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, шунахайн сэдэлтээр ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Э******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Э******* ыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Урангоогоос гаргасан “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

3. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах болсон үндэслэл болсон нотлох баримтын агуулга, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зайлшгүй тусгах шаардлагатай юм.

Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

-гэрч Ю.Г ийн “... Э*******той холбогдож байгаад яваад очтол Э******* нэг залуутай хамт сууж байсан ба нэг айлын хашаанд ойролцоогоор 4 метр урттай палк мод 1 ширхэг, банз мод хэдэн ширхгийг миний машины дээр ачсан ... хашаан дотроо нэг монгол гэртэй, дөнгөж баригдаж байгаа граштай айл байсан ... модыг Б гэх айлд буулгасан ... машинаа хашаан дотор оруулж банзнуудыг ачсан ... ” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.О ийн “ ... Э******* Б 2 арын хамгийн арын хашаандаа монгол гэртэй, дутуу баригдсан граштай айлын хашаанаас банз моднууд ачиж байхыг нь би холоос харсан ...” гэсэн мэдүүлэг зэргийг няцаан үгүйсгэсэн эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр Н.Э******* хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Мөн гэрч Ю.Г нь 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “... машинаа хашаан дотор оруулж банзнуудыг ачсан ...” гэж мэдүүлсэн атлаа 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин мэдүүлэхдээ “... айлын хашааны гаднаас ачаад ...” гэж өмнөх мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо харилцан зөрүүтэй түүний мэдүүлгүүдийг хэрхэн нотлох баримтаар үнэлсэн, аль мэдүүлгийг нь няцаасан талаарх дүгнэлт хийгээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зөрчилд хамаарна.

Түүнээс гадна гэрч Б.Ц “... Э******* гэх залуу үл таних нэг залуугийн хамт тус айлын хашаанаас банз моднууд тэр айлынхаа хашааны хойд талд бөөгнүүлж тавиад Э******* нь утсаар яриад машин дуудаад байгаа бололтой байсан ... 10 орчим ширхэг банзнууд байсан ... ” гэж,

-гэрч Б.О “... Э******* Б 2 байсан ...” гэсэн мэдүүлгүүдээс үзвэл Б гэх хүн нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл оролцоо байгаа эсэх, тэдгээр нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх зэргийг шалгах ажиллагаа огт хийгдээгүй байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Н.Э******* ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/44 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.2, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/44 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.  

3.Шүүгдэгч Н.Э******* т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН                  

 

                            ШҮҮГЧ                                   С.УРАНЧИМЭГ

      

                            ШҮҮГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ