Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01621

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01621

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01773 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Г ХХК, ТИ ХХК, А ХХКхолбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: нэгж талбарын 168210096, 168210091 дугаарт бүртгэгдсэн газраар дамжин өнгөрч буй Улаанбаатар хотын төвийн дулааны 5А төв магистраль шугамд холбогдсон 219 голчтой, 600 метр урттай С ХХК-ийн өмчлөлийн дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байхыг хариуцагч ТИ ХХК, Г ХХК, А ХХК-д даалгах,

С ХХК-ийн өмчлөлийн дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулахыг Г ХХК, ТИ ХХК, А ХХК-д даалгах,

2022 оны дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байх, нэгж талбарын 168210096, 168210091 дугаартай эзэмшил газраар саадгүй нэвтрүүлэхийг Г ХХК, ТИ ХХК, А ХХК-д даалгах,

нэгж талбарын 168210096 дугаартай 7,729 квм талбай бүхий А ХХК-ийн эзэмшил газар болон 168210091 дугаартай 11,022 квм талбай бүхий Грийт голд ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын трассын дагуух газрыг хязгаартайгаар эзэмших эрхийг С ХХК-д олгох,

нэгж талбарын 168210096 дугаартай 7,729 квм талбайтай А ХХК-ийн эзэмшил газар болон 168210091 дугаартай 11,022 квм талбайтай Грийт голд ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаа бүрт холбогдох норм, дүрэм, журамд заасан хугацаанд хийх үед саад болохгүй байхыг хариуцагч Г ХХК, А ХХК-д даалгах,

2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж ТИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг ТИ ХХК-иас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алимаа, М.Шинэнэмэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч ТИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч С ХХК нь Б ТӨХК-тай байгуулсан 0121 тоот гэрээний дагуу 5А магистралийн Т-519 салаа шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг хэрэглэгч байгууллага. Нэхэмжлэгч С ХХК нь Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж-32 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийг өмчилдөг. Дулааны эх үүсвэр нь 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугам. Энэхүү хос шугам нь 5А төв магистрал шугамаас дулаан авч, Хос өргөө ХХК-ийн барилгын хажуугаар, Алтай хотхоны дундуур, нэгж талбарын 168210096 дугаартай, 7,729 м.кв талбай бүхий А ХХК, 168210091 дугаартай, 11,022 м.кв талбай бүхий Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрдөг.

1.2. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8заасны дагуу шугамын ихэнхийг өнгөрсөн жилүүдэд сольж шинэчилсэн. 2020 оны хавраас шугам шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хийх гэтэл А ХХК нь манай дулааны шугам дээр хашаа, саравч барьсан байсан. Манай компани 2020 оны хавраас дулааны шугамд засварын ажил хийх шаардлагатай, засвар хийж гүйцэтгэсний дараа хашаа, саравч хэвийн байдалд нь оруулах тул шугам солих ажилд саад учруулахгүй байх хүсэлтийг А ХХК болон Б ТӨХК-д бичгээр болон амаар удаа дараа гаргасан. Гэвч А ХХК нь хашаа руугаа нэвтрүүлээгүй, шугам байрлаж буй газар дээр их хэмжээгээр овоолсон барилгын хог хаягдлыг зайлуулахгүй байх, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг байлцуулан шугам солих ажлыг хийх гэтэл шугам байрлаж буй газар руу биднийг нэвтрүүлээгүй. Улмаар хүйтний эрч чангарсан 2020 оны 10 дугаар сарын дундуур манай объект дулаангүй болж хөлдөх, хохирол гарах аюултай нөхцөл байдал үүссэн тул Х ХХК-ийн шугамд түр холбогдож дулаан авсан. Хариуцагч А ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг зөрчиж дулааны шугам дээр хашаа, саравч барьсан.

1.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/1324 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж, дулааны шугамын хамгаалалтын зурвасаа чөлөөлүүлж, шугамын засвар шинэчлэлтийн ажлаа гүйцэтгэнэ үү гэсэн хариуг өгсөн. Цаашид манай компани өөрийн өмч болох дулааны шугамаа ашиглаж дулааны эрчим хүчээр хангагдах хүсэлттэй байгаа тул Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу дулааны шугамын хамгаалалтын зурвасаа чөлөөлүүлж, шугамын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан нь газрын харилцааны талаас шугам сүлжээ эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм. Энэхүү эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, түүнд саад хийхгүй байх үүргийг газар эзэмшигч А ХХК, Г ХХК-д хуулиар ногдуулжээ.

1.4. Иймд нэхэмжлэгч С ХХК-ийн өмчлөлийн дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлэхийг А ХХК-д даалгах, шугам солих ажил хийж гүйцэтгэх саад учруулахгүй байхыг Г ХХК-д даалгаж өгнө үү.

1.5. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр С ХХК нь Б ХК-ийн Зүүн түгээх төв, ТИ ХХК, Г ХХК-тай 4 талд гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч ТИ ХХК, Г ХХК нарын барьж ашиглалтад оруулсан Алтай хотхоны орон сууцны контор болох Х ХХК-ийн шугамд түр холбогдож дулаан авах, үүний хариуд манай компаниас 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг ТИ ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх, ТИ ХХК барилга барихаар төвлөсөн А ХХК-ийн эзэмшил газраар дамжин өнгөрдөг өөрийн дулааны шугамын трассыг тус газраас зөөн шилжүүлэх зөвшөөрлийг олгохоор тохиролцсон. Алтай хотхоны дундуур дамжин өнгөрч байгаа ф219 мм-ийн голчтой хос шугамыг гэрээний хавсралтад заасан трассаар шилжүүлэн байршуулахыг зөвшөөрсөн. Мөн 219 мм-ийн голчтой 84 метр ган хоолой, Л4 маркийн 60 метр дулааны сувгийн тэвш, Л4 маркийн 60 метрийн дулааны сувгийн хучилт зэрэг 24,688,037 төгрөгийн материалуудыг ТИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Харин ТИ ХХК нь гэрээний дагуу 2021 оны дулаан хангамжийн улирал эхлэхээс өмнө багтааж шинэ трассаар татах шугамын ажлыг стандартын дагуу хавсралтад заасан зургаар өөрийн зардлаар хийж гүйцэтгэх, шинээр зөөвөрлөж татсан дулааны шугамын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар хотын шугам сүлжээний мэдээллийн төв санд оруулж бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүй. 2020 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн гэрээ хэрэгжээгүй, цаашид ч хэрэгжихгүй нь тодорхой болсон тул энэхүү гэрээний дагуу өөрийн өмчлөлийн шугамаа ТИ ХХК, Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээс татгалзаж, гэрээнээс С ХХК нь татгалзаж, уг шугамаа өмнөхийн адил өмчлөн, ашиглахаар болсон. Тиймээс хариуцагч А ХХК-д нэгж талбарын 1681210096 дугаар бүхий 7,729 м.кв талбай бүхий газраа хариуцагч Г ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул хариуцагчид А ХХК-д холбогдох дээрх шаардлагуудаас татгалзсан.

1.6. Иймд А ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 168210096 дугаарт бүртгэгдсэн газраар, мөн Г ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 168210091 дугаарт бүртгэгдсэн газраар дамжин өнгөрч буй Улаанбаатар хотын төвийн дулааны 5А төв магистраль шугамд холбогдсон 219 голчтой, 600 метр урттай С ХХК-ийн өмчлөлийн дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байхыг хариуцагч ТИ ХХК, Г ХХК нарт даалгах,

-С ХХК-ийн өмчлөлийн дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулахыг Г ХХК, ТИ ХХК-д даалгах,

-2022 оны дулааны улиралд хийгдэх шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байх, нэгж талбарын 168210096, 168210091 дугаартай эзэмшил газраар саадгүй нэвтрүүлэхийг Грий гоулд ХХК, ТИ ХХК-уудад даалгах,

-Нэгж талбарын 168210096 дугаартай 7,729 квм талбай бүхий А ХХК-ийн эзэмшил газар болон 168210091 дугаартай 11,022 квм талбай бүхий Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын трассын дагуух газрыг хязгаартайгаар эзэмших эрхийг С ХХК-д олгох,

-Нэгж талбарын 168210096 дугаартай 7,729 квм талбайтай А ХХК-ийн эзэмшил газар болон 168210091 дугаартай 11,022 квм талбайтай Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаа бүрд, шинэчлэлийн ажлыг холбогдох норм, дүрэм, журамд заасан хугацаанд хийх, энэ үед саад болохгүй байхыг газар эзэмшигч Г ХХК-д даалгах,

-2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж ТИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг буцаан өгөхийг ТИ ХХК-д тус тус даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Г ХХК нь А ХХК-аас 000013286 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, нэгж талбарын 1681210091 дугаар бүхий, 11,022 м.кв талбайтай газрыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн авсан. Уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгө байдаг. Уг газрын доогуур С ХХК-ийн дулааны шугам явж байх бөгөөд уг шугам нь ашигладаггүй үхмэл шугам болсон. С ХХК нь шинээр трасс гаргаж нийтийн эзэмшлийн талбайгаар шугам татуулах ажлыг ТИ ХХК, Г ХХК, Б ТӨХК-тай хамтарч гэрээ байгуулан хийхээр болсон. Одоо манай газар дээгүүр дахин трасс татуулах болон үл хөдлөх эд хөрөнгө буулгах боломжгүй.

2.2. Нэгж талбарын 1681210096 дугаартай, 7,729 м.кв талбай бүхий газрыг А ХХК нь Г ХХК-д шилжүүлж өгсөн. Г ХХК нь энэ 2 газраа нэгтгэж 19,797 м.кв талбай болгож 1 гэрчилгээ гаргуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлтээ гаргасан. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/623 дугаартай Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамж гарсан. Уг захирамжаар Г ХХК-д олгосон газрыг хүчингүй болгож, 1681210096, 1981210091 нэгж талбарын дугаартай, 19,797 метр квадраттай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр эрхийг олгосон.

2.3 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ нь 4 талт гэрээ. 4 талт гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч тал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Гэрээний нэг тал нь Г ХХК хэвээрээ байгаа. Г ХХК-д гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч С ХХК мэдэгдээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар бол гэрээнээс татгалзаагүй. ТИ ХХК-тай гэрээ үргэлжлүүлсэн гэж хариу авсан. Гэрээнээс татгалзаад түүний үр дүнд манай талыг үйл ажиллагаа явуулахгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2.4 Эрчим хүчний тухай хуульд газар эзэмшигч нь шугам эзэмшигчтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр холболт болон засварын ажил хийдэг. Эрчим хүчний хуулиар газрын эзэн нь зөвшөөрсний үндсэн дээр холболт хийдэг. Анх үндсэн гэрээн дээр газрын эзэн Г ХХК-аар гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэлийн шаардлагы бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Г ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. Тус газрыг 2 компанийн тохиролцоон дээр одоо ашиглаж байгаа. Бидний зүгээс С ХХК-ийн шугам солих ажилд саад учруулсан зүйлгүй. Харин тус газар дээр байгаа манай байгууллагын өмчлөлийн солих нэрийдлээр бидэнд мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр нурааж гэм хорын хохирол учруулсан бөгөөд энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

4. Хариуцагч ТИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг нэхэмжлэгч С ХХК, ТИ ХХК, Г ХХК болон Б ТӨХК хооронд 4 талт оролцоотойгоор байгуулсан. Хариуцагч ТИ ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн мэдлийн ф150 мм голчтой шугамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хүртэл хугацаанд нэхэмжлэгч С ХХК-ийг дулаанаар хангасан. 2021 оны дулаан хангамжийн улирал эхлэхээс өмнө С ХХК-ийн шинэ трассаар татах шугамын ажил эхлэх үед Засгийн газрын шийдвэр гарч барилгын үйл ажиллагааг зогсоосон тул ажил хийгдээгүй. Гэвч бид өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг дулаанаар хангаж байгаа.

4.2. 4 талт гэрээгээр 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг ТИ ХХК-д хүлээлгэн өгсөн талаар маргахгүй. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах журмыг зөв хэрэглээгүй. Гэрээний зарим талууд болох Г ХХК-д гэрээнээс татгалзаж буй талаараа мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа анх удаа гэрээнээс татгалзах талаар дурдсан нь гэрээнээс татгалзах санал ирүүлсэн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ковид-19 нөхцөл байдлын улмаас ТИ ХХК нь 2021 оны шугам сүлжээ засварын ажлыг явуулж чадаагүй. Б ТӨХК-ний 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 01234 дугаартай С ХХКийн албан бичгийн хариу 22/112 гэсэн албан бичиг дээр ТИ ХХК-ийн 400 мм голчтой шугамаас халаалт авсан талаар албан бичигт дурдсан байдаг. Хүчин чадал муутай халаалт гэдэг нь тогтоогдохгүй байна.

4.3. 2020 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн маргаан бүхий 4 талт гэрээ байгуулахаас өмнө ТИ ХХК болон Г ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр дулааны шугамд холбогдох тухай тэмдэглэл үйлдсэн. Тэмдэглэлт зааснаар 219 мм цэвэр усны шугамыг ТИ ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, С ХХК-ийг цаашид байнга саадгүй халаах нөхцөлөөр хангах талаар дурдсан. Энэ тэмдэглэлийн дараа гэрээ байгуулагдсан. Тэмдэглэл хүчинтэй байгаа. ТИ ХХК нь шугамыг шилжүүлсэн, төвлөрсөн сургууль, цэцэрлэг хот төлөвлөлтөд орсноор бол С ХХК нь маргаан бүхий шугамыг ашиглах, засвар үйлчилгээ хийхийн тулд тухайн газрыг хөндөх боломжгүй болно. Ковид-19 нөхцөл байдал нь зөвхөн хөл хорио биш бараа материалын хомсдол буюу хилээр бараа материал орж ирээгүй байсан. Иймд С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг баримтлан Баянгол дүүргийн /хуучнаар 1 дүгээр хороо/ 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1681210091 дугаар бүхий 11,022 м.кв талбайтай, мөн нэгж талбарын 1681210096 дугаар бүхий 7,729 м.кв талбайтай газруудаар дамжин өнгөрч буй нэхэмжлэгч С ХХК-ийн эзэмшлийн 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүйгээр эзэмшил газраараа нэхэмжлэгч С ХХК-ийг нэвтрүүлэх, дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаанд хийх үед саад учруулахгүй байхыг хариуцагч Г ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан дулааны шугамын дагуух газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн /хуучнаар 1 дүгээр хороо/ 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1681210091 дугаар бүхий 11,022 м.кв талбайтай, мөн нэгж талбарын 1681210096 дугаар бүхий 7,729 м.кв талбайтай газруудаар дамжин өнгөрч буй нэхэмжлэгч С ХХК-ийн эзэмшлийн 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүйгээр эзэмшил газраараа нэхэмжлэгч С ХХК-ийг нэвтрүүлэх, дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаанд хийх үед саад учруулахгүй байх, газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн хариуцагч ТИ ХХК-д холбогдуулан гаргасан дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд хийгдэх шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй эзэмшил газраараа нэхэмжлэгчийг саадгүй нэвтрүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ТИ ХХК-аас 14,369,937.12 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой 84 м орос ган хоолой, 1,805,100 төгрөгийн үнэ бүхий ф219 мм-ийн голчтой отвод орос ган 10 ширхэг, 5,060,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн тэвш 20 ширхэг, 3,300,000 төгрөгийн үнэ бүхий Л4 маркийн 60м дулааны сувгийн хучилт 20 ширхэг, 153,000 төгрөгийн үнэ бүхий шивлер 6м, нийт 24,688,037.12 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 351,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч ТИ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 281,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагч ТИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Тус маргааны зүйл болох 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний талуудыг С, ТИ ХХК, УБДС ХХК, Г ХХК байхаар тодорхойлж оролцогч тус бүр тодорхой эрх, үүрэгтэйгээр тус гэрээг хэрэгжүүлэхээр байгуулжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан бөгөөд 204.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний оролцогч бусад этгээдийн хүсэл зориг зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл энэ шаардлагыг хангаагүй бөгөөд тухайлбал нэхэмжлэгч нь "УБДС" ТӨХК-д гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдээгүй байхад түүний оролцоогүйгээр шүүх гэрээний татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн зөрчилд хамаарна.

6.2 Тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхэд ТИ ХХК-ийн зүгээс шаардагдвал зохих хөрөнгө нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 24,688,037 төгрөгийн хэмжээгээр хязгаарлагдахгүй бөгөөд тэрээр ажлыг гүйцэтгэхтэй холбоотой нэмэлт зардлыг гаргах үүргийг хүлээгээгүй бөгөөд тус ажлын төсөвт өртгийн хэмжээ их байсан. Нэхэмжлэгч нь тус гэрээг цаашид үргэлжлүүлэх ямар ч боломжгүй үүргээ огт гүйцэтгээгүй гэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг манай зүгээс 2022 оны халаалтын улирал дуустал дулаанаар бүрэн хангасан нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж ирсэн тул гэрээний хугацаа ч мөн сунгагдсан гэж үзэх боломжтой юм. Манай зүгээс 2022 оны зун гэрээгээр тохиролцсон ажлыг дуусгаж хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байгаагаа ч илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд дулаанаар хангагдсан эсэх асуудлаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

6.3. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

7. Хариуцагч Г ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасныг баримтлан шийдсэн. Гэтэл маргааны зүйл болж буй шугам солих ажлыг 2020 оны 10 сарын 13-ны өдрийн гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний талуудаар С ХХК, ТИ ХХК, УБДС ХХК, Г ХХК байхаар тодорхойлж оролцогч тус бүр тодорхой эрх, үүрэгтэйгээр тус гэрээг хэрэгжүүлэхээр байгуулсан ба гэрээний хавсралтаар тус дулааны шугамыг хэрхэн шилжүүлэх заагийг тодорхойлж талууд зөвшөөрсөн. Гэтэл С ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тухайн гэрээнээс татгалзаж байгаагаа ТИ ХХК-д холбогдуулж гаргасан байдаг. Гэрээний бусад талуудад мэдэгдээгүй гэрээнээс татгалзах журмыг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй байхад шүүх гэрээний татгалзал үндэслэлтэй байна хэмээн дүгнэж гэрээний бусад оролцогч нарын эрхийг анхаарч үзсэнгүй.

7.2. Мөн тухайн гэрээний заагийн зургийг талууд тодорхойлж, эрх бүхий УБДС ХХК баталгаажуулсан байхад, мөн гэрээ хүчинтэй байхад хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан бөгөөд 204.3 дахь хэсэгт заанаар гэрээний оролцогч бусад этгээдийн хүсэл зориг илэрхийлээгүй байхад гэрээний татгалзал хүчинтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

7.3. Түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ өөрчлөлт орж шинээр гэрчилгээ гарсан талаарх баримтыг шүүхэд илэрхийлсээр байтал шүүх анхаарч үзээгүй.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1. Хэрэв гэрээгээр тогтоосон хугацааны дотор шугамыг нүүлгэн шилжүүлж хэвийн байдалд эргүүлж оруулах, шинэ эх үүсвэрт холбох ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд өмнөх буюу өнөөдрийн бид нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэвээр үргэлжлүүлэн ашиглахаар шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Энэ шугамаа үргэлжлүүлэн ашиглах, үүнийг хэвийн байдлаар ашиглах нөхцөлийг гэрээнд тусгасан. Шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх ажлыг хэдий хугацааны дотор хийх ёстой байсан бэ гэдгийг талууд тохиролцсон. 2021 оны халаалтын улирал эхлэхээс өмнө буюу 2021 оны байгууллагуудын хувьд 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө халаалт авдаг. Г ХХК, ТИ ХХК-ийн эзэмшил газар дээгүүр нэхэмжлэгч компанийн эзэмшлийн барилга байгууламжтай холбогдсон дулааны шугам сүлжээ дамжин өнгөрч байгаа.

8.2. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.5 дахь хэсэгт зааснаар талууд хамтарч татгалзах байсан мэтээр тайлбарласан. Хэрэв гэрээний нэг талд хэд хэдэн этгээд байгаа бол тэдгээр нэг талд байгаа хэд хэдэн этгээдүүд хамтарч гэрээнээс татгалзах ёстой асуудал болохоос биш гэрээний оролцогч ашиг сонирхол нь өөр өөр гэрээний талууд хамтарч татгалзах зохицуулалт биш. Бид 4 талтай гэж хэдийгээр нэрийдсэн боловч С ХХК дангаараа нэг тал, татгалзах эрхээ шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэгжүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгааны талаарх нотолгоо баримт байхгүй. Энэхүү гэрээ цааш хэрэгжихгүй гэдэг нь тодорхой болсон. Цаашид энэ шугамд үргэлжлүүлж хамтран ажиллах боломжгүй, гэрээний үүргээ хэрэгжүүлэхгүй байх талаар хүртэл байр сууриа илэрхийлж байсан. Манай шугамын хүчин чадал, гэрээ хэрэгжих түр холбосон шугам хоёрын хүчин чадлын зөрүүг 219 болон 150 гэдэг хүчин чадлын хувьд өөр зөрүүтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г ХХК, ТИ ХХК, А ХХК-д холбогдуулан

- нэгж талбарын 168210096, 168210091 дугаартай газраар дамжин өнгөрч буй Улаанбаатар хотын төвийн дулааны 5А төв магистраль шугамд холбогдсон 219 голчтой, 600 метр урттай С ХХК-ийн өмчлөлийн дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байхыг хариуцагч ТИ ХХК, Г ХХК, А ХХК-д даалгах,

- С ХХК-ийн өмчлөлийн дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, дулааны шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулахыг Г ХХК, ТИ ХХК, А ХХК-д даалгах,

- 2022 оны дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй байх, нэгж талбарын 168210096, 168210091 дугаартай эзэмшил газраар саадгүй нэвтрүүлэхийг Г ХХК, ТИ ХХК, А ХХК-д даалгах,

- нэгж талбарын 168210096 дугаартай 7,729 квм талбай бүхий А ХХК-ийн эзэмшил газар, 168210091 дугаартай 11,022 квм талбай бүхий Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын трассын дагуух газрыг хязгаартайгаар эзэмших эрхийг С ХХК-д олгох,

- нэгж талбарын 168210096 дугаартай 7,729 квм талбайтай А ХХК-ийн эзэмшил газар, 168210091 дугаартай 11,022 квм талбайтай Г ХХК-ийн эзэмшил газраар тус тус дамжин өнгөрөх дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаа бүрт холбогдох норм, дүрэм, журамд заасан хугацаанд хийх үед саад болохгүй байхыг хариуцагч Г ХХК, А ХХК-д даалгах,

- 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж ТИ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 24,688,037 төгрөгийн эд хөрөнгийг ТИ ХХК-иас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. С ХХК нь А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч А ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

5. Баягол дүүрэг, 24 дүгээр хороо /хуучнаар 1 дүгээр хороо/-ны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1681210091 дугаартай, 11,022 м.кв талбай газрыг, мөн хаягт байрлах нэгж талбарын 1681210096 дугаартай, 7,729 м.кв талбай бүхий газрыг тус тус хариуцагч Г ХХК-ийн эзэмшиж байгаа болох нь аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000013286 дугаар, 000029078 дугаар гэрчилгээ болон 01107-2019/01082 дугаар, 01107-2021/00542 дугаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус тогтоогдож байна. /1хх 67-70, 2хх 12-16/

6. Дээрх нэгж талбарын дугаар бүхий газраар нэхэмжлэгчийн эзэмшлийн 219 мм голчтой, 600 метр урттай дулааны хос шугам дамжин өнгөрдөг, уг газар дээр хариуцагч Г ХХК-ийн өмчлөлийн саравч, хашаа байрладаг болох нь үзлэгийн тэмдэглэл болон үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургаар тогтоогдож байхаас гадна уг үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1хх 73-86, 96-105, 2хх 45-56/

7. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д зааснаар хэрэглэгч болох нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн буюу 219 мм голчтой, 600 метр урттай дулааны хос шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүрэгтэй. Гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02-03/4251 дугаар мэдэгдэл, Б ТӨХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13/1989 дугаар албан бичиг зэргээр хариуцагч Г ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхийн улмаас нэхэмжлэгч нь дээрх хос шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалт хийж чадахгүй байгаа нь баримтаар тогтоогдсон байна.

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г ХХК-д холбогдох, Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 1681210091 дугаар бүхий 11,022 м.кв талбайтай, мөн нэгж талбарын 1681210096 дугаар бүхий 7,729 м.кв талбайтай газруудаар дамжин өнгөрч буй нэхэмжлэгч С ХХК-ийн эзэмшлийн 219 голчтой, 600 метр урттай дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саадгүйгээр эзэмшил газраараа нэхэмжлэгч С ХХК-ийг нэвтрүүлэх, дулааны шугамын урсгал засварыг шаардлагатай хугацаанд хийх үед саад учруулахгүй байхыг хариуцагч Г ХХК-д даалгах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8-д заасантай нийцсэн байна.

9. С ХХК, ТИ ХХК, Г ХХК, Б ТӨХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээгээр С ХХК-ийн өмчлөлийн Алтай хотхоны дундуур өнгөрч байгаа ф219 мм-ийн голчтой, хос шугамыг гэрээний хавсралтад заасан трассаар шилжүүлэн байршуулахыг зөвшөөрөх, шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 84 м ган хоолой, Л4 маркийн 60 м дулааны сувгийн тэвш, Л4 маркийн 60 м дулааны сувгийн хучилт зэрэг материалуудыг хариуцагч ТИ ХХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх, хариуцагч ТИ ХХК нь нэхэмжлэгч С ХХК-ийг өөрийн мэдлийн ф150 мм голчтой шугамнаас 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2021 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэл дулаанаар хангах, 2021 оны дулааны улирал эхлэхээс өмнө С ХХК-ийн шинэ трассаар татах шугамын ажлыг стандартын дагуу өөрийн зардлаар хийж гүйцэтгэх үүргийг тус тус хүлээжээ./1хх.113/

9.1 Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

9.2 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгө хүлээлцсэн актаар С ХХК нь 24,688,037 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хариуцагч ТИ ХХК-д шилжүүлэн өгч, баталгаажуулсан байна. /1хх.116/

9.3 Хариуцагч ТИ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2021 оны дулааны улирал эхлэхээс өмнө С ХХК-ийн шинэ трассаар татах шугамын ажлыг стандартын дагуу өөрийн зардлаар хийж гүйцэтгээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу уг гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 24,688,037 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ТИ ХХК-д гэрээнээс татгалзах тухай мэдэгдсэн гэж үзнэ.

Нөгөөтээгүүр, хариуцагч ТИ ХХК-ийн гэрээний дээрх зөрчлийг мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасан ялимгүй зөрчилд тооцох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, дээрх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээг С ХХК, ТИ ХХК, Г ХХК, Б ТӨХК байгуулсан. Нэхэмжлэгч уг гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.3 дахь хэсэгт заасан гэрээний аль нэг буюу хоёр талд хэд хэдэн этгээд оролцож байгаа бол гэрээнээс хамтран татгалзана. Тэдний хэн нэг нь гэрээнээс татгалзах эрхээ алдвал бусад нь мөн адил гэрээнээс татгалзах эрхээ алдах зохицуулалтад хамаарахгүй. Учир нь, нэхэмжлэгч гэрээнд бие даасан нэг тал болж оролцсон буюу аль нэг талтай хамтарч оролцоогүй байх тул тэрээр гэрээнээс татгалзах эрхийг өөрөө тодорхойлно. Өөрөөр хэлбэл, гэрээний бусад этгээдээс хамаарч түүний татгалзах эрх тодорхойлогдохгүй.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ТИ ХХК-д холбогдох, дулааны хос шугамыг ямар нэг байдлаар хөндөх, татан авч буулгах, эзэмшил газраас чөлөөлөх оролдлого бүхий аливаа үйлдлийг өөрсдөө болон бусдаар хийлгэхгүй байх, дээрх дулааны шугамын хамгаалалтын зурваст баригдсан хашаа, саравчийг нүүлгэн шилжүүлж, зурвасыг чөлөөлөх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангуулах, дулааны улиралд хийгдэх шугам шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхэд саад учруулахгүй эзэмшил газраараа нэхэмжлэгчийг саадгүй нэвтрүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г ХХК-д холбогдох, дулааны шугамын дагуух газрыг хязгаартайгаар ашиглах эрх олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/01773 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК, ТИ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Г ХХК-аас төлсөн 70,200 төгрөг, ТИ ХХК-аас төлсөн 281,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

М.БАЯСГАЛАН