Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01622

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01622

 

Г ББСБ ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШШ2022/00298 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Ат холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, өмгөөлөгчийн ажлын хөлс, даатгалын хураамж нийт 44,833,654 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г ББСБ ХХК нь П.Атай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр ЗГ-20210063 дугаар гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар түүний өмчлөлийн Налайх дүүрэг, 0 дугаар хороо, гудамж, 6 тоот дугаартай 2 давхар, 8 өрөө, 210 м.кв талбайтай хувийн орон сууц, гэр орон сууцны зориулалттай Э-220700650 дугаартай, 500 м.кв талбайг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу сар бүрийн 25-ны өдөр 2,237,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн боловч 2021 оны 7, 8, 9 дүгээр сарын төлбөрийг төлөөгүй.

1.2. Мөн хариуцагч Б ХХК-тай байгуулсан даатгалын төлбөр 588,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн, зээл төлөх хугацааг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Зээлдүүлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, төлбөр төлөх үүргийн талаар мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 6,711,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,500,000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 550,000 төгрөг төлсөн. Үүний дараа 10, 11 дүгээр сарын төлбөрөө дахин төлөөгүй. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг төлж, 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01, 02, 03 дугаар сард дахин төлбөрөө төлөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг төлсөн байна.

1.3 Зээлийн гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хариуцагч нь нийт 21,858,526 төгрөгийг төлөх үүрэгтэй байтал 9,050,000 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үүрэгт 38,311,715 төгрөг, хуримтлуулсан хүүгийн төлбөрт 2,344,530 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 251,913 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3,337,497 төгрөг, даатгалын хураамжид төлсөн төлбөрт 588,000 төгрөг, нийт 44,833,655 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Цаг үеийн нөхцөл байдал хэцүү байсан тул зээлээ хугацаа хэтрүүлсэн. Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргахгүй. Харин өмгөөлөгчийн ажлын хөлсийг, мөн даатгалын гэрээг би байгуулаагүй төлөх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ааас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 40,908,158 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2,939,731 төгрөг, нийт 43,847,889 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 985,766 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.А нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 40,908,158 төгрөгийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Налайх дүүрэг, 0 дугаар хороо, дугаар гудамж, 6 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй, 210 м.кв талбайтай, 2 давхар, 8 өрөө, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгө, Налайх дүүрэг, 0 дугаар хороо, дугаар гудамж, 6 тоот хаягт байрлах, дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,819 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 447,389 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

  4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлс 2,939,731 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч П.Ат холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 38,311,715 төгрөг, хүүгийн төлбөрт 2,844,530 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 251,913 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн зардалд 3,337,497 төгрөг, даатгалын хураамжид төлсөн төлбөрт 588,000 төгрөг, нийт 45,333,654 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүгийн төлбөрт 2,844,530 төгрөгийг 2,344,530 төгрөг болгон багасгаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 41,408,158 төгрөгийг 40,908,158 төгрөг болгож багасгасан байна. /хх 39/

3. Хариуцагч өмгөөлөгчийн ажлын хөлс 3,337,497 төгрөг, даатгалын хураамжид төлсөн төлбөр 588,000 төгрөг, нийт 3,925,497 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан. /хх 42/

4. Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 40,908,158 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1 Г ББСБ ХХК болон П.А нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г ББСБ ХХК нь 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч П.А нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх.3-5/

4.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.3 Зээлдэгч П.А нь уг зээлийн төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 550,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг, нийт 9,050,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх.13, 19, 35/

4.4 Хариуцагч зээл төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар нэхэмжлэгч нь түүнд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 112/21 дугаар, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 39/22 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх буюу гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй байна. /хх 12, 32/ Иймд нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

4.5 Хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн үлдэгдэлд 38,311,715 төгрөг, хүүгийн төлбөрт 2,344,530 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 251,913 төгрөг төлөөгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч үгүйсгээгүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний нийт үүрэгт хариуцагчаас 40,908,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх хүүгийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг баримтлаагүйг давж заалдах шатны шүүх зөвтгөнө.

5. Өмгөөлөгчийн хөлс 3,337,497 төгрөг, даатгалын хураамж 588,000 төгрөг тус тус гаргуулах шаардлагын тухайд:

5.1 Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ ...гэрээний 5.3-т зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээлдүүлэгч нь өмгөөлөгч ...туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан ...бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлнө гэж заасан. /хх 8/ Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийг арилгуулахаар 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмгөөллийн юнилекс ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн үйлчилгээний гэрээний төлбөрт 2,939,731 төгрөгийг шилжүүлсэн гэж тодорхойлсон. /хх15-18/

5.2 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн мөн хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болох бөгөөд мөн зүйлийн 221.6 дахь хэсэгт зааснаар хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.

5.3 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гарсан зардал гэх өмгөөлөгчид төлсөн хөлс бодитой буюу баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээний зөрчилтэй холбоотой өмгөөлөгч хэр хэмжээний ажил үйлчилгээ үзүүлсэн, уг зардал болон хариуцагчийн гэм буруутай үйлдэл хооронд шалтгаант холбоо тогтоогдсоны үндсэн дээр нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ. Хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмгөөллийн юнилекс ХХН-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 19772593 дугаартай шилжүүлгийн мэдээллээр дээрх үйл баримт хөтөлбөргүй тогтоогдохгүй байна.

5.4 Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын хувьд гэрээнд өмгөөлөгчийн хөлс төлөхтэй холбоотой зохицуулалтыг хариуцагчид тайлбарлаж өгөх үүрэгтэй. Гэрээний стандарт нөхцлийн хүрээнд уг зохицуулалт эргэлзээтэй тохиролцоо байна.

5.5 Иймд анхан шатны шүүх дээрх зардлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, уг шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгоно.

5.6 Даатгалын хөлс 588,000 төгрөгийг анхан шатны шүүх ...даатгалын гэрээг хариуцагч байгуулаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцсэн. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй. /хх 14/

6. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

6.1 Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан БГ-20210063 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүрэгт улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 0 дугаар хороо, дугаар гудамж, 6 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 210 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байршилтай, 500 м.кв талбайтай газрыг барьцаалсан. /хх 10/ Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиролцооны талаар маргаагүй. Хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

6.2 Анхан шатны шүүх дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 170 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах журмыг хэрэглээгүй байх тул зөвтгөж өөрчлөлт оруулна.

7. Улсын тэмдэгтийн хураамж хуваарилах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 хэсгийг анхан шатны шүүх баримтлаагүйг зөвтгөнө.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 00 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШШ2022/00298 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Ааас 40,908,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,925,496 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.А төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 0 дугаар хороо, дугаар гудамж, 6 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 210 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг, эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 0 дугаар хороо, дугаар гудамж, 6 тоот хаягт байршилтай, 500 м.кв талбайтай газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

3 дахь заалтын 57 дугаар зүйлийн 57.1 гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2 гэснийг нэмж, 447,389 гэснийг 362,491 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,186 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН