| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331000000276 |
| Дугаар | 2026/ДШМ/51 |
| Огноо | 2026-05-12 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/51
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Урангоо
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим/
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.А******* /цахим/
Шүүгдэгч С.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, шийдвэрлэн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор С.Г холбогдох эрүүгийн 2331000000276 дугаартай, 175/2024/0020/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт С******* Г, Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт, Сэлэнгэ аймгийн Ц******* сум, ******* * дугаар баг, * дугаар гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: );
Шүүгдэгч С.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ц******* сум * дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн кемпийн байранд Б.Д “ өвөр дээрээ суулгалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт С******* Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г эд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 617 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г нь амь хохирогчийн оршуулгын зардалд 1.500.000 төгрөг төлснийг дурьдаж, оршуулгын зардлын үлдэгдэл зөрүү 11.335.179 төгрөг, сэтгэцийн гэм хорын хохирол 116,875,000 төгрөг, нийт 128,210,179 төгрөгийг шүүгдэгч С.Г болон иргэний хариуцагч “ ” ХХК-иас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч С.Г ээс 64,105,089.5 төгрөг, иргэний хариуцагч “ ” ХХК-иас 64,105,089.5 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х овогт Г А*******эд /Х аймаг, Ө сум, Б * дугаар багт оршин суух хаягтай, РД:/*******/ олгон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хамт архивт хадгалж, 1 ширхэг банз модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, ....эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.А******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Харин “ ”ХХК-ийг иргэний хариуцагч мөн гэж үзэн ИХ-ийн 497-р зүйлийн 497.1, 508-р зүйлийн 508.1, 511-р зүйлийн 511 3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г болон иргэний хариуцагч “ ”ХХК- иас оршуулгын зардлын зөрүү 11.335.179 төгрөг, сэтгэцийн гэм хорын хохирол 116,875,000 төгрөг нийт 128,210,179 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 64,105,089 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А*******эд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар сэтгэцийн гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр гаргуулмаар байна гэж илэрхийлж байсныг дурдах нь зүйтэй. Миний зүгээс дараах үндэслэлээр иргэний хариуцагч “ ”ХХК нь 64,105,089 төгрөг огт төлөх ёсгүй гэж үзэж байгаа боно. Учир нь:
1. 2023.11.10-11 шилжих шөнө ажлын бус цаг байхаас гадна “ ” ХХК-ийн үйл ажиллагаа зогсож ажилчдыг ажлын байрыг орхих шийдвэрийг гаргасан байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. С.Г ийн гэмт хэргийн үйлдэл нь ИХ-ийн 498-р зүйлийн 498.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй. Энэхүү зүйл ангид хамаарахгүй тул ИХ- ийн 497-р зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулсан этгээд нь иргэн С.Г. ИХ-ийн 511-р зүйлийн 511.3-д заасан сэтгэцэд учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж заасан байгаа нь С.Г хариуцах ойлголт. С.Г эд холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд иргэний хариуцагч “ ”ХХК нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах үүрэг хүлээх хуулийн зохицуулалт улсад одоогийн дагаж мөрдөгдөж байгаа хуулиудад байхгүй.
2. Анхан шатны шүүх иргэний хариуцагчийн кемпэд мөрдөгдөж байсан “Кемпэд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын биелэлтэд холбогдох албан тушаалтан хяналт тавиагүй гэж дүгнэсэн. Энэ нь байгууллагын хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын тодорхойлолтод заасан тухайн байгууллагын дотоод асуудал тул гэм байрны буруутай этгээдийн бусдын сэтгэцэд учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ гэсэн ойлголт биш юм.
3. Иргэний хариуцагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30-р зүйлийн 30.1-д заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэсэн. Иргэний хариуцагчийн хувьд дээрх хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байлаа гэхэд хариуцлага хүлээлгэх хулийн зохицуулалт нь тусдаа буюу мөн л гэм буруутай этгээдийн бусдын сэтгэцэд учруулсан гэм хорыг арилгах үүрэг хүлээнэ гэсэн ойлголт биш.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.03.12-ны өдрийн №2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 6-д оршуулгын зардлын зөрүү 11.335.179 төгрөг, сэтгэцийн гэм хорын хохирол 116,875,000 төгрөг нийт 128,210,179 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 64,105,089 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А*******эд олгохоор шийдвэрлэсэнд өөрчлөлт оруулан зөвхөн С.Г хариуцах байдлаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн гэмт хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ц******* сум ***** дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн кемпийн байранд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл ажилчдын амрах байранд гарсан. Шүүгдэгч С.Г нь “ ” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно...” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэний хариуцагч болох “ ” ХХК нь уг хохирлыг бүрэн хариуцах ёстой. “ ХХК нь Дархан-Сэлэнгийн авто аас Ш З - Ц******* --З боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто теслийн барилгын ажлын 2 хэсгийг хийж байсан бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.Г нь “ ” ХХК-нд туслах ажилтнаар ажиллаж байсан гэдэг нь шүүгдэгч С.Г, гэрч , Ч, Д.Э, Х, Ө нарын мэдүүлгээр нотлогддог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Улсын олон улсын гэрээнд өороор заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлоологчийн газар, алба, нэгжийг...” хэлнэ. Мон хуулийн 4.1.3-т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж Байгаа Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг...” ойлгоно гэж хуульчилсан.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт ... Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих уургийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...” гэж тус тус заасан байна.
Тухайн гэмт хэрэг нь гудамж талбайд гараагүй Сэлэнгэ аймгийн Ц******* сум * дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн кемп буюу ажилчдын байранд гарсан. Тухайн гэмт хэргийг “ ” ХХК-ны туслах ажилтнаар ажиллаж байсан С.Г үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ажилчидын байрлаж байсан кемпэд гэмт хэрэг гаргахгүй байх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь ажил олгогч буюу “ ” ХХК-ны хуулиар хүлээсэн үүрэг юм. Гэтэл уг үүргээ хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүйн улмаас ажилчидын кемпид гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт нэг талыг барьж учирсан хохирол төлбөрийг хувь тэнцүүлэн гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Уг хэрэгт өмгөөлөгчийн зүгээс өмнө шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2 удаагийн магадлалаар анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотойгоор иргэний хариуцагчаар байгууллагыг татан оролцуулах гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хариуцах этгээд гэж үзсэн байдаг.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад нийт 128,210,179 төгрөгийг иргэний хариуцагч “ ” ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А*******эд олгох...” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд гэм буруугийн талаар маргаагүй, болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, өөрийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлоос төлж барагдуулж байгаа юм. С.Г нь хэрэг хариуцах чадвартай хэдий ч сэтгэцийн хөнгөн хомсдол өвчтэй, бичиг үсэг мэдэхгүй, өндөр настай ээжийн хамт амьдардаг ба ээжийгээ асарч тэтгэж, ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралдаа тус нэмэр болж байсан нөхцөл байдал тогтоогддог.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ:
“...Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон хүнээс гэмт хэргийн хор уршгийг гаргуулах санал хэлсэн. Хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулах саналыг хэлсэн. Яагаад гэвэл иргэний хариуцагчаас хохирол хор уршгийг гаргуулахгүй гэх Улсын дээд шүүхийн 2026 оны 01 сард гарсан учир ийм санал гаргаж байна. Оршуулгын зардлыг иргэний хариуцагчаас гаргуулж, сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оролцогч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.Г холбогдох эрүүгийн 2331000000276 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч С.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ц******* сум 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “ ” ХХК-ийн кемпийн байранд Б.Д “ өвөр дээрээ суулгалаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон болох нь
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А******* өгсөн: “...С.Г ярьж байхдаа гэж хүн бид 2 зодолдож байхад дундуур талийгаач орж ирсэн гэж байхад миний хүү яахаараа түрүүлж зодолдсон болдог юм. Би энэ өмгөөлөгчөөс асууж байна. Миний хүүгийн согтуурал 0.5 байсан, лааз пивоны тал байсан гэв....” гэх,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна аа. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс над руу залгаад “танай хүү ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн байна” гэсэн хэл дуулгасан тул Улаанбаатар хотоос эхнэр Чулуунцэцэгийн хамтаар явсаар байгаад шөнийн 03 цагийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэр үед хүү маань ухаангүй байдалтай тархиндаа гэмтэл авчихсан яаралтай хагалгаанд оруулна гээд 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн үед тархинд бөөгнөрсөн цус хуралтыг авах зорилгоор хагалгаанд орсон юм. Тэгээд хагалгаанаас 14 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Уг нь хагалгаа амжилттай боллоо гээд гарч ирсэн юм. Эмч нар тархинд цус хуралтаас гадна осголтын шинж тэмдэгтэй нуруу, хөлийн үзүүр, өсгий хэсгүүд нь хайрагдсан байдалтай байна гэж хэлсэн. Миний зүгээс хүүг минь удирдаж ажиллаж байсан дарга нарт нь мөн цохиж зодсон залууд нь гомдолтой байна. Толгой тархинд нь цохиж байхаар гар хөл рүү нь цохиж болдоггүй юм уу гар хөлийг нь хуга цохичихсон бол миний зүгээс янз бүрийн зүйл ярихгүй байх байсан. Би гомдолтой байна. Би бол тархинд нь үүссэн гэмтлээс болж нас барсан гэж бодож байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 тал/,
-Гэрч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 11-нд 10 цаг 10 минутын орчимд орчуулагч Чимэдээ гэх эрэгтэй манай нөхөр лүү залгаад 43-р карьер дээр экскаваторын жолооч согтуу байна гэхээр нь нөхөр бид хоёр хэлсэн газар нь 10 цаг 30 минутын үед очиход экскаваторын хажууд жолооч залуу нь дээшээ хараад хэвтэж байхаар нь дуудаж үзэхэд хариу үзүүлэхгүй болохоор нь согтуу тасраад унтчихсан гэж бодсон учир нь хурхираад байсан. Зургийг нь дараад баталгаажуулаад нөхрийн хамт өргөж ирээд машиндаа суулгаад ХХК-н кемпийн байранд авч ирээд , жижиг шар залуу хоёроор өргүүлж оруулаад хэвтүүлээд хучаад гарч явсан. Тухайн үед амралтын өрөөн дотор казах шар залуу, , Аминаа, Чимгээ, нар архидан зарим нь тасраад уначихсан байхаар нь орчуулагч Мөрөн рүү залгаж дуудаад харуулахад цагдаа дууд гэхээр нь нөхрийн хамт Ц******* сумын цагдаа руу ярьсан. Тэгээд ажлаа хийж байгаад орой 22 цагийн орчимд нөхөр лүү ажлаас нь залгаад өдрийн залуу эмнэлэг дээр ирсэн байна хүрээд ир гэж дуудахад нөхөр бид хоёр цуг эмнэлэг дээр ирэхэд тухайн залуу дусал залгуулаад хурхираад унтаж байсан тэгээд тухайн залууг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. ...намайг анх очиход Д экскаваторынхоо хажууд дээшээ хараад хэвтчихсэн хурхирч байсан дуудахад хариу үйлдэл байхгүй тасраад уначихсан юм шиг байсан биед нь духан дээр нь хавдаад шалбарчихсан, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 тал/,
-Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр Ө дээр уулзахаар очсон. Тухайн үед намайг очиход манай нөхөр архи пиво ууцгаагаад амралтын байранд сууж байсан. Тухайн байранд Ө, Чимэгээ, Шар гэж дууддаг залуу, Д, Казак нэг ах, нар байсан. Би галын хажууд орон дээр сууж байхад ширээний хажуугийн орон дээр Д суугаад шар гэж дууддаг залуу ширээний хажууд зогсоод хоорондоо Чимэгээ гэж эмэгтэйг шар гэх залуу Д той хардаад маргалдаж байгаад шар гэж залуу Д ийг татаж босгож ирээд шар гэж залуу Д ийг гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохиод хавсарч унагаад үүдний хэсгийн түлээний хагалсан модны тэнд унасан байхад нь түлээний мод барьж аваад толгой хэсэгт нь 1 удаа модоор цохисон. Тэгээд би салгах гэхэд салгаж дийлэхгүй байсан тул чанга орилоход тамхи татахаар гарчихсан байсан Ө, нар гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан. Тухайн үед Дийн хамар амнаас нь цус гараад толгойны баруун талын хөмсөгний дээд талд улайж хавдсан байсан. Би хамар амнаас нь гарсан цусыг цэвэрлэж өгөөд байж байхад гаднаас даамал гэх хятад хүн ирээд экскаватор татах гээд Д ийг аваад явсан. Тухайн үед Д ийн бие нь ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан ингээд бид нар тухайн өрөөндөө унтаад байж байхад 10 цагийн үед даамал нь “энэ хүн согтуу техникийнхээ хажууд уначихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед Д машин дотор ухаангүй байсан тул , ХАБ Б ах нар машинаас өргөж амрах байранд оруулж хэвтүүлсэн. ...Тэгээд бид нар гэр гэр лүүгээ яваад орой 20 цагийн үед амрах байрнаас хувцсаа авахаар ирэхэд Д явахдаа хэвтүүлсэн яг тэр байрандаа хэвтэж байсан. Тэгээд ах хөнжлийг нь сөхөөд харахад өмдөндөө шээчихсэн байсан тул эмнэлэг дуудаж үзүүлье гээд би эмнэлэг дээр 20 цаг 40 минутанд ирж дуудлага өгөөд 21 цаг 50 минутанд эмчийг аваад тухайн байран дээр авчирсан. Эмч үзээд эмнэлэг авч явна гээд би машиндаа суулгаад эмнэлэг дээр авч ирсэн. ... тухайн үед Д ийг Г ээс өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-39 тал/,
-Гэрч О. ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ууж байх үед Чимэгээ гээд эмэгтэй Д ийн өвөр дээр нь суугаад байсныг нь Г хараад Чимэгээг Д той хардаад тэр хоёр / Д, Г нар/ хоорондоо муудалцах гээд уур амьсгал эвгүй болчихоор нь би Ө ыг дагуулж гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь Аминаа “болиоч ээ” гээд орилохоор нь Ө бид хоёр дотогшоо яваад орсон чинь Д, Г ийн доор нь орчихсон Г дээр нь гараад гартаа мод бариад Д ийн толгой хэсэг руу цохих гээд байж байсан. Ө бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь бид хоёрын нүдэн дээр Д ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан. Тэгээд бид хоёр шууд л хоёр тийш салгасан. Тухайн үед бараг өглөө болж байсан. Салгаад байж байхад өглөө болоод нэлээн гэгээ орчихсон байсан ба өглөөний 07 цагийн үед цагаан машинтай даамал гээд хятад залуу ирээд Д ийг ажилд нь аваад гарсан. Тэгээд бид нар үйл явдал болоод өнгөрсөн байрандаа унтаад байж байсан чинь өглөөний 10 Цагийн үед ХАБ инженер Ж.Б, эхнэрийнхээ хамтаар Дийг ухаангүй байдалтай аваад ирсэн. Тэгэхээр нь би Д ийг машинаас нь өргөж буулгах үед хурхираад байхаар нь байр руу оруулаад орон дээр нь хэвтүүлж хөнжил нөмрүүлчхээд бид нар гадуур жаал жуул ажил хийж байгаад орой 20 цагийн үед ирээд харсан чинь яг миний хэвтүүлсэн байрлалаар хэвтэж байхаар нь хөнжлийг нь сөхөөд үзсэн чинь өмдөндөө шээчихсэн байхаар нь хүүе ээ энэ хүн чинь болохоо байчихсан байна гээд Аминаг Ц******* сумын төв рүү явуулж эмнэлэгт дуудлага өгүүлээд эмнэлэг дуудсан. Эмч ирж үзээд харвалт өгсөн байна, авч явна гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 тал/,
-Гэрч Н.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бондгор бид хоёр жаахан юм яриад инээлдэж байсан чинь Шарка Бондгор луу хандаж согтуурхаж та юу гэнэ ээ гэхэд би Шарка аниан дүү хүлээцтэй хүнээс юм сонсож сур гэсэн чинь Бондгор тийм ш дээ залуу хүүхэд уур уцаараа дар гэхэд за гээд Шарка томоотой сууж байгаад Бондгор Шарка 2 дахин гэнэт маргалдаад, зодолдоод эхэлсэн. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад зодолдох үед Аминаа бид хоёр байсан тэгээд Шарка Бондгорыг түрүүлээд нүүрэнд нь цохисон чинь Бондгор ахын дүү арай хүчтэй цохиж байгаа юм биш үү гээд Шаркаг цохиод зодолдож байх үед Аминаа бид 2 арай гэж салгаад би Бондгорыг холдуулаад Аминаа Шаркааг дараад суусан тэгтэл дахиад Шарка, Бондгор руу дайраад цохиход хамраас нь цус гараад Бондгор зуухны урд талын түлээ рүү унасан тэр үед би ил байсан хутга, заазуурыг дээд талын орны завсар хийж нуугаад эргээд харахад аа ах, тэй хамт орж ирээд энд юу болоод байгаа юм бэ? гээд Шаркааг Бондгороос холдуулаад зодооныг салгасан. Тэрнээс хойш би Шаркад хандаж наад хүнээсээ уучлалт гуй гэхэд Шарка Бондгороос уучлалт гуйхад Бондгор хариуд нь би чамайг хэзээ ч уучлахгүй гэж хэлээд хэдэн тийш тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-49 тал/,
-Гэрч Ш.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аминаа “болиоч ээ” гээд орилохоор нь аа бид хоёр дотогшоо яваад орсон чинь Д, Гийн доор нь орчихсон Г дээр нь гараад гартаа мод бариад Дийн толгой хэсэг рүү цохих гээд байж байсан. аа бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь нүдэн дээр Дийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан. Тэгээд бид хоёр шууд л хоёр тийш салгасан. Салгаад байж байхад өглөө болоод нэлээн гэгээ орчихсон байсан ба өглөөний 07 цагийн үед цагаан машинтай даамал гээд хятад залуу ирээд Дийг ажилд нь аваад гарсан. Тэгээд би өөрийн байрладаг байрандаа ороод унтаж амарсан. Орой 18 цагийн үед босоод Дийг асуусан чинь аль өглөө ирээд одоо унтаж байгаа гэхээр нь яагаад сэрэхгүй байгаа юм бол гээд асуусан чинь өглөө экскаваторынхоо хажуу талд хэвтэж байсныг нь ХАБ инженер Б олоод авч ирсэн тэрнээс хойш унтаад сэрэхгүй байна гэж байсан. Тэгээд 20 цагийн үед өрөөнийх нь хүмүүс ирж шалгаад бие нь эвгүй болсон байна эмч дуудаарай гэж хэлээд Аминаа гээд эмэгтэйг сумын төв рүү явуулсан. Эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай байна гэж хэлээд миний машинаар эмнэлэг дээр авч ирсэн. ...тухайн үед Дийн хамраас нь цус гарчихсан, дух хэсэгт нь зулгарсан байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/,
-Гэрч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оноос хойш ХХК-д ХАБ-аар ажиллаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ажлын орчуулагч Цэрэнчимэд над руу залгаад “экскений оператор согтуу байна та очоод үз” гэхээр нь 10 цаг 10 минутын орчимд хэлэхээр нь Ю30 минутын орчимд эхнэр Д.Эийн хамт 43-р карьер гэх газарт байсан экскэйн дээр очиход экскэйн хажууд жолооч Д буюу бондгор гэх залуу дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь очоод шалгатал хурхираад унтаад байх шиг байхаар нь Бондгороо гээд дуудахад босохгүй тэгээд тасраад унтчихсан байна гэж бодоод эхнэрийн хамт өргөж чирч яваад машинд суулгаад кемп буюу ажилчдын амралтын байранд авч ирээд болон жижигхэн шар залуугийн хамт өргөөд гэрт нь оруулаад оронд нь оруулаад хэвтүүлээд орхисон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-56 тал/,
-Гэрч Ж.Б аас гаргаж өгсөн “Б.Дийн экскаваторын хажууд хэвтэж” буй гэрэл зураг /1-р хх-ийн 58-60 тал/,
-Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Д орон дээрээ хурхираад унтаж байсан. Хажууд талын орон дээр нь нэг залуу бас казах залуу хоёр унтаж байсан. Нэг шар залуу байрны дотор талыг цэвэрлээд пивоны лааз энэ тэрийг цэвэрлээд зогсож байсан....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72 тал/,
-Гэрч Ж.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би согтоод нэг ухаан орсон чинь Г, Д хоёр маргалдаад Д манай үүдний хэсэгт байрлах модон дээр уначихсан Г дээр нь гараад суучихсан байдалтай байж байснаа Г мод аваад Дийн толгой хэсэгт нь цохисон. Тэгтэл Аминаа гэж эмэгтэй “болиоч ээ” гээд орилсон чинь гаднаас аа, Ө хоёр орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэр үед байшин дотор Аминаа /Отгонбямба/, Чимэгээ нар салгах гээд чадахгүй байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад миний хувьд согтоод унтаад өгсөн. Унтаж байгаад би үдээс хойш 15 цаг 50 минутад сэрэх үед Д манай байранд орон дээр гараа унжуулаад унтаж байсан. Тэгэхээр нь би гарыг нь дээш цээж хэсэгт нь аваачаад байр хүйтэн болохоор нь гал түлээд, хог шороогоо цэвэрлэчхээд хоол хийнгээ Дийн хөнжлийг нь сөхөөд хувцсыг нь тайлсан чинь шээс алдчихсан хурхираад унтаад байхаар нь тасраад унтчихсан юм байна гэж бодоод хоолоо хийчхээд байж байсан чинь аа гаднаас орж ирээд Д сэрээгүй байгаа юм уу гэж надаас асуугаад Дийг нэг хараад өглөө хэвтүүлсэн яг тэр байрлалаараа байна шүү дээ гээд хөнжлийг нь сөхөж хараад энэ нэг л биш байна эмнэлэг дуудаарай гээд эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 тал/,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 01 тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 03-15 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 16 тал/,
-Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 17 тал/
-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 117-124 тал/,
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаартай шинжээчийн: “...Д гэсэн хаягтай хуруу шилтэй цусны бүлэг нь ВIII бүлэг байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 94-95 тал/,
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн Д гэсэн хаягтай цуснаас 0.8 помилли спиртийн агууламж илэрсэн байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102-103 тал/,
-Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн цогцост хийсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 77 дугаартай шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн: “...Талийгаачид хийсэн эмнэлгийн шинжилгээгээр тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хуралт, духанд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх боломжтой, энэхүү гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач Б.Д нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 109-116 тал/,
-Цогцост хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 117-124 тал/,
-Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт /1-р хх-ийн 125-126 тал/
-Хохирогч Б.Д нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдэн яаралтай тусламж үзүүлсэн баримтууд /1-р хх-ийн 127-158 тал/,
-Хохирогч Б.Д ид 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс ажилбар хийсэн тэмдэглэл, дүгнэлт /1-р хх-ийн 159-170 тал/
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 171-173 тал/,
-Шинжээч эмч Д.Дарьсүрэнгээс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Б.Д нь тухайн гэмтлийг авсны дараа шууд нас барах боломжгүй. Цус хурч тархи дарагдсаны улмаас нас барж буй тохиолдолд тархи дарагдах хугацаа болон тархи дарагдаж эхлэх хугацаа нь тухайн хүний биеийн онцлог, хэрэв согтолттой байсан бол уусан архины хэмжээнээс хамаарч өөр өөр байна. Тухайн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогчийн биед хийсэн хагалгааны тэмдэглэлд ...хатуу хальсыг хагас дугуй хэлбэртэй нээхэд бүлэгнэсэн хар хүрэн өнгийн цусан хураа байв. Цусан хурааг эвийн аргаар авахад зулайн оройн тархины судаснаас цус алдаж байсныг цахилгаан төөнүүр болон цус тогтоох губка тавьж цус алдалтыг тогтоов...гэсэн байна. Үүнээс үзэхэд духанд битүү доргилт үйлчлэхэд тархины оройн судас гэмтсэн байх боломжтой тул гэрч О.ын мэдүүлсэн шиг тодоор толгой руу нь 1 удаа цохиход үүсэх боломжтой байна. Талийгаачид учирсан “тархины битүү гэмтэл нь, их тархины зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доторх цусан хураа духны зүүн дэлбэн чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, духанд зулгаралт” зэрэг нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-176 тал/,
-Хохирогч талаас гаргаж өгсөн хохирлын баримтууд / хх-ийн 02-17 тал/,
-Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1-р хх-ийн 96,97, 105, 106, 177, 178, тал, хх-ийн 44-45 тал/,
-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эмчийн “...С.Г нь одоогоор сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй байна. Сэтгэцийн хөгжил нь тухайн наснаас хоцрогдолтой байна. Энэ нь IQ-57% болон үзлэгийн үед илэрч байна. Хэдийгээр оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Одоогоор оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч хэрэг хариуцах чадвартай байна ...” гэх дүгнэлт / хх-ийн 42 тал/,
-Шүүгдэгч С.Г эд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйн оношилгоо / хх-ийн 43 тал/,
-Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг банзан модыг хураан авсан тухай тогтоол /1-р хх-ийн 16 тал/
-Шүүгдэгч С.Г ийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би нарийн агаар шүүгчийн хоолой дээр сууж байсан чинь Бондгор ах намайг түлхээд би тэнцвэр алдаад агаар шүүгч шиг нэг хоолойнд тээгэлдээд урагшаа унахдаа Бондгор ахыг санамсаргүй хальт нүүр хэсэгт нь цохчихсон юм. Тэгсэн чинь Бондгор ах намайг “Чи намайг цохилоо” гээд шууд сууж байгаад миний зүүн хацар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод “хоёулаа үзчих юм уу” гэхээр нь би “гүү, гүү ахаа би таныг энэ сандал шиг юм нь дээр суух гэж байгаад санамсаргүй цохчихлоо шүү дээ та яаж байгаа юм” гээд бид хоёр заамдалцаад зогсож байгаад би хоёр гараараа цээж рүү нь түлхсэн чинь зуухны тийшээ хойшоо ухарч байгаад хана налаад зогссон. Тэгээд би хагалсан түлээний мод аваад “та намайг цохиж байгаа бол би адилхан цохиж чадна” гээд толгой руу нь цохитол дундуур аа ах энэ тэр бүгд орж ирээд болиулсан. Түлээний модоор дух хэсэгт нь шүргээд өнгөрсөн. Тэгсэн Бондгор ахын зүүн хэсэгт нь халцарсан. Яг цохиогүй нөгөө хэд маань салгасан. Тэгээд Бондгор ах гэрүүгээ амарлаа гээд яваад орсон. Би араас нь уучлалт гуйгаад орсон чинь “надад олон дүү нар байгаа ах нь чамайг дүү нараараа зодуулна” гэхээр нь би “за ахаа намайг уучлаарай” гээд байж байтал аа ах араас орж ирээд “за та хоёр минь юу болж байна” гээд орж ирэхээр нь би “за та орж бай, араас чинь яваад оръё” гэж хэлээд аа ах гарсан. Тэгээд Бондгор ах бид хоёр учраа олоод Бондгор ах “за ахын дүү чи дүү шиг, ах нь ах шиг байя” гээд бид хоёр эр хүн шиг гар баръя гээд гар барьсан. Ах намайг нэг удаа тэврээд үнссэн. Тэгээд бид хоёр буцаад нөгөө хэд рүүгээ ороход манай хэд дуулаад байж байсан бөгөөд бид хоёрыг хараад “өө та хоёр минь учраа олчихсон байна шүү дээ” гэхэд Бондгор ах “Бид хоёр нэг дүү шиг, нөгөө нь ах шиг байна гээд учраа олцгоосон” гээд үргэлжлүүлээд бид нар ууцгаагаад суусан. Арай үүр цайгаагүй байхад Бондгор ах “хоёулаа гарч бие засъя” гээд бид хоёр гарч бие засаад буцаж орж ирээд байж байтал удалгүй Бондгор ах “за ах нь хэсэг унтлаа өглөө ажилтай” гээд өрөөгүйгээ яваад орсон ... удалгүй ХАБ “энэ экскаваторын жолооч чинь, экскаваторынхоо хажууд тасраад унасан байна, энийгээ оруул, хөлдөж үхлээ, хэсэг унтуулж амраа” гэж хэлсэн бөгөөд аа ах бид хоёр ХАБ-ын машинаас өргөж Бондгор ахыг буулгаж аа ахын гэрт оруулж унтуулсан. Тэгээд бүгдээрээ тарцгаасан бөгөөд тухайн үед 10 цагийн орчим санагдаж байна. Тэгээд өчигдөр орой 19-20 цагийн үед кемп дээр гар утас, цамцаа авахаар очсон бөгөөд очсон чинь нөгөө хэд бөөндөө цуглачихсан байсан ба аа ах надад “нөгөөх чинь /Б.Д/ өглөө унтсан чигээрээ одоо хүртэл босоогүй байна, өмдөндөө шээчихсэн байна, Аминааг эмч аваад ир гээд явуулсан” гээд байж байсан. Тэгээд удалгүй Аминаа сумын төвөөс эмч авч ирээд Бондгор ахыг аваад сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд бид нар тарцгаасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188-189 тал/
-Шинжээч эмч Д.Дарьсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл, эмнэлгийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
3.Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу, хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.
4.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч С.Г нь хэрэг хариуцах чадвартай хэдий ч сэтгэцийн хөнгөн хомсдолтой, болон түүний хувийн байдал, холбогдсон хэрэгтээ гэмшиж, ойлгож байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэх,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “..Ггэм буруутай этгээд хохирлыг 100 хувь хариуцах ёстой байхад манай компаниас хохирлын 50 хувийг гаргуулсныг зөвшөөрөхгүй, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх,
Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Тухайн хэрэг ХХК-ийн кемпэд болсон тул гэм хорын хохирлыг ажил олгогч компани бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй тул хохирлыг тус компаниас 100 хувь гаргуулж өгнө үү....” гэх давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
5.Анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч С.Гийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 10 жилийн хорих ял оногдуулж, түүнийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
6.Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 116,875,000 төгрөг, амь хохирогчийн оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 11,335,179 төгрөг нийт 128,210,179 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутай этгээд шүүгдэгч С.Г, иргэний хариуцагчаар татагдсан ажил олгогч байгууллага “ ” ХХК-иас дээрх учирсан хохирлыг тэнцүү хэмжээгээр буюу 50/50 хувиар хуваарилан хариуцуулсныг буруутгах боломжгүй байна.
Учир нь: Шүүгдэгч С.Г нь гэмт хэрэг гарах үед “ ” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үндэслэл тогтоогдоогүй тул түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан гэж үзэх үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба ажил олгогч нь өөрийн ажилтны хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг.
Шүүгдэгч С.Г нь тухайн өдрийн ажлын цаг дууссаны дараа, амрах байранд тухайн хэрэг үйлдэгдсэн боловч тухайн ажилтан өөрийн компанийн ажиллагсдын амрах байранд байх хугацааг ажил үүргээ гүйцэтгэж буй хугацаанд хамааруулан тооцох нь хууль зөрчөөгүй дүгнэлт гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж байгаа бөгөөд түүний ажлын 14 хоногийн хугацаа дуусч тухайн компаний кемп ажлын байрнаас гарч явснаар ажил үүргээ гүйцэтгэх хугацаа тухайн нөхцөлд дуусгавар болно.
Мөн гэмт хэрэг нь иргэний хариуцагч байгууллагын 2 дугаар кемпийн байранд гарсан бөгөөд тус кемпэд мөрдөгдөж байсан “Кемпэд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-д зочин, төлөөлөгчид үйлчлэхээс бусад тохиолдолд кемпийн орчинд архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон, зөрчил гаргасан этгээдийг кемпээс гаргах, мөн журмын биелэлтэд Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хяналт тавих үүргийг тус тус тогтоосон талаар тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах үүргээ ажил олгогч байгууллага биелүүлээгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн болохыг дурьдав.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээгээр хуваан хариуцуулах нь тэгш эрхийн болон шударга ёсны зарчимд бүрэн нийцжээ.
7.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нарын өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч С.Г урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ