Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01475

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01475

 

 

 

 

Г- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/02148 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,246,097 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, С.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Зээлдэгч Б.О-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ1705133442 тоот цалингийн зээлийн гэрээ

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,

1.1. Зээл 18,837,107 төгрөг,

1.2. Хүү 5,356,601 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 52,388 төгрөг, нийт 24,246,097.04 төгрөг гаргуулна.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 29,100,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. Зээлийн гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж өөрчилсөн.

Б.О- нь ЗГ1705133442-В тоот гэрээний үүргээ тохиролцсон хуваарийн дагуу төлөөгүй 273 хоног хугацаа хэтрүүлэн хохироож байх тул гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал тайлбарын агуулга:

Г-наас 29,900,000 төгрөгийн цалингийн зээл авсан, гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч цар тахлын улмаас ажиллаж байсан В- ХХК-иас орон тооны цомхтголоор чөлөөлөгдсөн. Энэ талаар банкны ажилтанд мэдэгдэж, ажилгүй орлогогүй болсон тухайгаа мөн зээлээ хэрхэн төлөх талаар ярилцаж байсан. Банкнаас ажил орлогогүй болсныг мэдсээр байж өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд хандаагүйгээс хүү нэмэгдсэн.

Мөн нэхэмжлэгч зээлийн үлдэгдлээс хүү тооцохдоо алдаа гаргасан байх магадлалтай, хугацаа хэтрүүлсэн 273 хоногт, жилийн 19,3 хувиар бодож хүү тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаас бага байна. Дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүг багасган шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-аас 21,542,264 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г-инд олгож, нэхэмжлэлээс 2,703,833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,180 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 265,661 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,703,833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Хүүгийн төлбөрөөс 2,703,833 төгрөг хассан.

Талууд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ЗГ1705133442 тоот зээлийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсан.

Уг гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний нөхцөл, шаардлага, эрх үүрэг, эргэн төлөлтиин график зэргийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан.

Зээлийн гэрээний 2.2, 2.9, 5.1-д заасны дагуу хариуцагч ажилгүй болсон нь зээлийн хүүг зогсоох, төлөхгүй байх шалтгаан болохгүй.

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулан хугацаа хэтэрсэн үндсэн төлбөрийг дахин шинэ график үүсгэж, тус өдөр хүртэл үүссэн байсан хүүний төлбөрийг 3 сарын турш хувааж төлөхөөр тохиролцон. Тус гэрээг хариуцагч Б.О- зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсанаас хойш өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй.

Мөн нэмэлт өөрчлөлийн гэрээ байгуулж зээлийн хугацаа хэтрэлтийг арилган шинэ график зохиосон ба түүнээс хойших хугацаа хэтэрсэн хоног 273 хоног байсан ба анхан шатны шүүх хуралдаан болох үеэр тус 273 хоногт хамаарах хүүнээс бусад хүүг хассан нь зүйд нийцэхгүй. Учир нь нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах үед үүссэн өрийг төлөөгүй байсан ба тус өрийг нэмэлт өөрчлөлийн гэрээгээр 3 хувааж төлхөөр ЗГ1705133442-В тоот гэрээний хавсралтад тусгаж өгсөн. 2,703,833 төгрөгийн хүүний төлбөрийг хэрэгсэхгүй болгож хассан нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний дагуу зээлийн төлбөр, хүүг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 222 дугаар зүйлиш 222.5, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч нь зээлээ төлөх өдөр хүртэл гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй атал зөвхөн зээлдүүлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Г- ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ1705133442 тоот цалингийн зээлийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.3.4-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,

 

1. зээл 8,837,107 төгрөг,

2. хүү 5,356,601 төгрөг,

3. нэмэгдүүлсэн хүү 52,388 төгрөг, нийт 24,246,097.04 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч цар тахлын үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ажилгүй, орлогогүй болж төлбөрийн чадвар доройтсон, мөн хүүг багасгах үндэслэлтэй гэж эс зөвшөөрч маргажээ.

2. Дараах үйл баримтын талаар талууд маргаангүй. Үүнд:

2.а. Хариуцагч Б.О- нь нэхэмжлэгч Г- ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ЗГ1705133442 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 29,100,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож бичгээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгө болох 29,100,000 төгрөгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. /хх6/

2.б. Талууд ЗГ1705133442 тоот зээлийн гэрээнд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөх хуваарийг шинээр тохиролцож, зээлдэгчийн сард төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлах боловч үндсэн гэрээгээр зээлийн төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусах байсныг нэмэлт гэрээгээр 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж дуусахаар тохирчээ. /хх-ийн 6-12/

2.в. Гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргаагүй.

2.г. Нэхэмжлэгчийн гаргасан хүү тооцооллын хүснэгт гэх баримтаас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 21,608,405 төгрөг төлснийг

зээлд 10,262,892 төгрөг,

хүүд 11,344,820 төгрөг,

нэмэгдүүлсэн хүүд 692 төгрөгийг тооцон суутгасан.

2.д. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, хариуцагч нэмэлт гэрээгээр зээлийн төлбөр төлөх хуваарийг шинээр тохиролцон өөрчилснөөс хойш төлбөр төлөөгүй.

3.а. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг бүрэн биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөрийг буюу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.б. Харин шүүх нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүг тооцохдоо гэрээ цуцалсан үндэслэлтэй холбоотой эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, тооцооллыг буруу гаргажээ. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзах нь эрх бөгөөд эрхээ хэдийд хэрэгжүүлэхээ татгалзах эрх бүхий этгээд шийдвэрлэх юм.

 

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй /ажилгүй/ болсон нь тогтоогдсон, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцалж, зээлийг хугацаанаас өмнө төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй.

 

3.в. Иргэний хуулийн 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс гэрээг цуцалсан гэж үзэж тухайн өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүүг төлүүлэх үндэслэлтэй. Талууд зээлийг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан.

 

Талууд зээлийн нийт үлдэгдэл 18,837,107 төгрөгийн хувьд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дахин гэрээний хавсралт баталж, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд үүссэн байсан 2,195,683 төгрөгийн хүүг хуваарьт оруулж түүнээс хойш тооцогдох хүү, төлбөрийн хуваарийг баталсан байна. /хх12/

 

Хуваарийг шинэчлэн баталсан хугацаанд хариуцагч төлбөрөө төлөөгүй тул гэрээг цуцалж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны үүргийг шаардах эрхтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл 18,837,107 төгрөг, хүү 5,356,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,398 төгрөг нийт 24,246,097.04 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Анхан шатны шүүх ...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705133442-В тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн үлдэгдлийг 273 хоног төлөөгүй гэж нэхэмжлэлд дурдсантай холбоотойгоор тооцоолол хийхдээ жилийн 19,2 хувийн хүүг хэтрүүлсэн 273 хоногоор бодож, ногдох хүү 2,705,157 төгрөг дээр зээлийн үлдэгдэл 18,837,107 төгрөгийг нэмж, хариуцагчаас нийт 21,542,264 төгрөг гаргуулан, нэхэмжлэлээс 2,703,833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тооцооллын алдаа гаргажээ.

 

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр зээлийн хугацаа хэтрэлтийг арилган шинэ график зохиосон ба түүнээс хойших хугацаа хэтэрсэн 273 хоногт хамаарах хүүгээс бусад хүүг хассан нь зүйд нийцэхгүй. Хариуцагч нь нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулах үед үүссэн өрийг төлөөгүй байсан гэх гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.О-аас 24,246,097 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г- ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын ... 265,661 гэснийг ...279,180 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,211 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД