Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00574

 

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01514 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаар магадлалтай,

М.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,

Шинжлэх ухаан технологийн Их сургуульд холбогдох,

2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 17.122.909 төгрөг гаргуулах, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ШУТИС-ын Ректорын 2013 оны А-162 тоот тушаалаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн номын санчийн 1 орон тоог хасахаар болсон байдаг. Энэхүү тушаалыг үндэслэн ҮТДС-ийн захирал Н.Ганзориг нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцлах болсон тухай мэдэгдлийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний гэр бүлийн хүнд өгч улмаар 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ҮТДС-ийн номын санд тооллого хийж, миний ажлыг өөр хүнд хариуцуулан ажиллуулахаар болсон. Ажил олгогч нь орон тоогоо цөөрүүлж, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг бусдад шилжүүлснээр миний хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Нэгэнт цаашид ажиллах боломжгүй болсон тул ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаа болох 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллуулж, цалин хөлсийг өгч, цаашид ажиллуулаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай мэдэгдлийг надад өгснөөс хойш ажлаас халсан тухай тушаал, шийдвэрийг гаргахгүй байж байгаад 2016 оны Б/91 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан.

Миний хувьд ШУТИС-ай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэснээр сарын 576.000 төгрөгийн цалин, хөлс авдаг байсан болно. Иймд ажил олгогч нь ажлаас халсан тухай тушаал, шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл хугацаа (29 сар 16 хоног)-ны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор нийт 17.122.909 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Мөн Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 26-ний өдрийн шийдвэрийн 2 дахь хэсэг “...өргөдөл гаргагч М.Алтанцэцэг нь сургуулийн захиргааны зүгээс ажлаас чөлөөлөх, тэтгэвэрт гарах шаардлагатай байгаа тухайгаа илэрхийлсэн хүсэлтийг гаргасан учир цагийн бүртгэл, холбогдох баримтыг үндэслэн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаал гаргах боломжтой” гэж үзэн шийдвэрлэсэн нь тэтгэвэрт гарахтай маргааныг аливаа байдлаар шийдвэрлэхээс зайлсхийж, эцэслэн шийдвэрлэж өгөөгүй, мөн гомдолд дурдагдаагүй асуудлаар буюу хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Ажил олгогчийн буруугаас болж ажиллуулаагүй хугацааны нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Нэхэмжлэгчийн зүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулсан бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа тул энэхүү шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн 2016 оны Б/91 тоот тушаалыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн Үндэсний Технологийн Дээд Сургуулийн номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаан (2016 оны 04 дүгээр сапын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хуртэл)-ы урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулахаар нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

1.Номын санч М.Алтанцэцэгт захиргааны орон тоог цомхотгох болсонтой холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдлийг 2013 оны 9 дүгээр сарьн 16-ны өдөр гардуулан өгсөн. Тэрээр мэдэгдэл хүлээн авснаас хойш өвчтэй гэсэн шалтгаан зааж, эмчийн акт, эмнэлгийн магадлагаа, эмч нарын комиссын шийдвэр тасралтгүй өгч байгаад эмчилгээнд явлаа гэх тайлбар гаргаад АНУ руу 1 жил гаруй яваад ирлээ гэж байсан,  ажилдаа орох талаар нэг удаа ч хүсэлт гаргаж байгаагүй.

2. ШУТИС-ийн удирдлага М.Алтанцэцэгийн эмнэлгийн акт бичиг баримт гаргаж, АНУ-д эмчилгээнд явах болсон зэргийг харгалзан үзээд эргэж ажилдаа орох бололцоогоор хангаж, ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй харж байсан болно.

3. М.Алтанцэцэг эмнэлгийн бичиг баримт гаргаж, ажилдаа орох талаар ярилгүй байж байснаа ажилгүй байсан хугацааны цалин гэж 2013 оны 10 дугаар сарын 16-наас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан нөхөн олговорт 17.122.909 төгрөг нэхэмжилснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан. М.Алтанцэцэг ажил хийхгүй байж байгаад амар хялбар аргаар мөнгө олох эрмэлзэлтэй болох нь тодорхой болсон.

4. М.Алтанцэцэг болон түүний өмгөөлөгч нь ажилдаа орох талаар нэг ч удаа ярилгүй Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг олон янзаар тайбарлан бичиж нөхөн олговрын мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий ажлаа хийлгүй өвчтэй гэж хоёр жил гаруй эмнэлгийн акт баримт бичиг гаргаж явчихаад нөхөн олговор нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.

5. М.Алтанцэцэг номын санчийн ажилдаа эргэн орох талаар хүсэлт гаргалгүй дахин дахин нөхөн олговрын мөнгө нэхэх болсон учраас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б/91 тоот тушаалаар номын санчийн ажлаас чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгон шийдвэрлэсэн нь хууль зүйд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Алтанцэцэг 2013 оны 9 дүгээр сарын 16-наас номын санчийн ажилдаа нэг ч ажиллахгүй өвчтэй гэж явчихаад нөхөн олговор нэхэмжилж, ажилд орох талаар нэхэмжлэл гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01514 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 5.710.880 төгрөгийг гаргуулж М.Алтанцэцэгт олгож, М.Алтанцэцэгийн нэхэмжлэлээс 11.412.029 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар М.Алтанцэцэгийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ҮТДС-ийн номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны /2016 оны 04 сарын 08-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл/ цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01514 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулиас 17.122.909 төгрөгийг гаргуулж М.Алтанцэцэгт олгосугай” гэж  өөрчлөн  найруулж, 3 дахь заалтын “106.324 төгрөгийг” гэснийг “243.564 төгрөгийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, Г.Ганбилэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/0514 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 523 дугаартай магадлал нь хуулийг буруу хэрэглэсэн учир ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхэд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. М.Алтанцэцэг тухайн үеийн ҮТДС-ийн захиргааны орон тоог цомхотгох болсонтой холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаас хойш өвчтэй гэсэн шалтгаан зааж, эмнэлгийн акт, эмнэлгийн магадлагаа, эмч нарын комиссын шийдвэр тасралтгүй өгч байгаад эмчилгээнд явлаа гэсэн өргөдөл тайлбар гаргаад АНУ руу нэг жил гаруй яваад ирлээ гэж байснаа ажилдаа орох талаар нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй.

2. ШУТИС-ийн удирдлага М.Алтанцэцэгийг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш тасралтгүй эмнэлгийн акт, магадлагаа, шийдвэр гаргах болсон, АНУ-д эмчилгээнд нэг жил гаруй явсан, эмч нарын комиссын шийдвэрт мэс засалд орох шаардлагатай болсон зэрэг шалтгаан нөхцлийг харгалзан үзэж ажилд орох бололцоогоор хангаж, ажпаас чөлөөлөх тушаалыг нь гаргалгүй харж байсан.

3. Гэтэл М.Алтанцэцэг түүний өмгөөлөгч нар нь нөхөн олговор буй их хэмжээний мөнгө нэхэх болсон учраас 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Б/91 тоот тушаалаар М.Алтанцэцэгийг номын санчийн ажил албан тушаалаас чөлөөлж, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч М.Алтанцэцэг ажил хийгээгүй атлаа амар хялбар аргаар нөхөн олговор нэрийн дор их хэмжээний мөнгө нэхэмжлэх болсон.

5. Хөдөлмөрийн маргааны талаар хуулиар тогтоосон хугацаа хэтрүүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзэж бодитой дүгнэлт гаргаагүй.

6. М.Алтанцэцэг нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүлээн авснаас хойш 2 жил гаруйн хугацаанд ажилдаа ирээгүй, ажилдаа орох талаар нэг ч хүсэлт гаргаагүй, энэ хугацаанд эмнэлгийн акт бичиг баримт, АНУ явж 1 жил гаруйн хугацаанд эмчилгээнд явсан гэх үйл баримтанд Мэргэжлийн хяналтын байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг хариуцагчаас хоёр удаа гаргасан боловч шүүх хүлээн авсангүй. Өвчтэй байсан гэх эмнэлгийн баримт бичигт шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэх үндэслэл болно гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэтэрхий нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэснээс ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалт зөрчигдөх болсон. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 523 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

ШУТИС-ийн ректорын 2013 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн А-152 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн сургалт,  санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан номын санчийн орон тоог хасахаар шийдвэрлэж, энэ тухайгаа номын санч М.Алтанцэцэгт 2013 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр бичгээр мэдэгджээ.

М.Алтанцэцэг дээрх мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 10785 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хэргийн 8, 12, 52-53 дугаар тал/.

Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, Хөдөлмөрийн маргаан таслах комиссын 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, ажиллуулаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул 2013 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр хүртэл хугацааны цалин 17.122.909 төгрөг гаргуулах, номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 8-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг гаргуулахаар шаарджээ /хэргийн 1-4, 159-163 дугаар тал/. Хариуцагч ШУТИС нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2013 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн, номын санчийн орон тоо хасагдсан...” гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байсан удаа дараагийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан тул номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох агуулгатай байгааг шүүх анхаараагүй байна.

Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба  129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх  үүснэ.

 Гүйцэтгэж байсан ажлыг нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр өөр хүнд хариуцуулан өгсөн талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсаны зэрэгцээ 2013 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүртэл хугацааны цалин авснаа үгүйсгээгүй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь ажлаас халагдсанаа мэдсэн бөгөөд энэ тухай гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 30-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагаврыг бий болгожээ.

Хариуцагч нь М.Алтанцэцэгийг номын санчийн ажлаас халсан тушаал гаргаагүй боловч түүний гүйцэтгэж байсан орон тоо хасагдсан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ажил олгогч нь ажилтныг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 523 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ШУТИС-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны олговорт 17.122.909 төгрөг гаргуулах, номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай М.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч ШУТИС-с улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр төлсөн 243.564 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ