Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”,  

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр:  Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э х” ХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга /Б.Өлзийсайхан/-д холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1” гэсний дараа “27 дугаар зүйлийн 27.1”,  “55 дугаар зүйлийн 55.1.1” гэсний дараа “61 дүгээр зүйлийн 61.1, 61.2” гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Э.Т, өмгөөлөгч М.М нар гомдолдоо: “...Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 346 дугаартай магадлалаар Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйгээс шийдвэр, магадлал нь дараах байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

4. Нэг. Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүхээс Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйл /татвар төлөгчийн үүрэг/-ийн 18.1.1.татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 27 дугаар зүйл. Үндэсний татварын албаны удирдлага, түүний бүрэн эрхийн 27.1.Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна, 27.2.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана, 27.3.Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана, 28 дугаар зүйл. Татварын албаны бүрэн эрх, 28.1.Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 28.1.1.Татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, 28.1.8.Татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах, 43 дугаар зүйл. Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмын, 43.1.Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө, 55 дугаар зүйл.Татварын өр, 55.1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна, 55.1.1.татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, 61 дүгээр зүйл.Хугацаанд нь төлөөгүй татварын өр, 61.1.Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ, 61.2.Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна гэж тус тус заасан хуулийн заалтуудыг Орхон аймгийн Татварын хэлтсийн даргад “төлөгдсөн татварын өрийг сэргээх, татвар төлөх үүргийг бий болгох” бүрэн эрхийг олгосон, гуйвуулан тайлбарлаж, тус Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаал нь хуульд үндэслэсэн, хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, хууль ёсны шийдвэр гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татвар хураах үйл ажиллагаанд бус харин 2004 онд татварын өрөнд үл хөдлөх авч улмаар нэхэмжлэгчийн татварын өрөнд тооцож улсын төсөвт авч, улмаар өргүй болсон байхад Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” тушаалаараа “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийг үндэслэн” гээд 1 дэх заалтаар ...2030756 тоот регистрийн дугаартай “Э х” ХК-д холбогдох татварын өрийг сэргээн хавсралтаар баталсугай” гэж, 2 дахь заалтаар ...өрийг барагдуулахыг Татвар хураалтын тасгийн дарга /Д.Буяндэлгэр/-т ...үүрэг болгосугай гэж заасан. Тодруулбал уг тушаалын 1 дэх заалт нь төлөгдсөн татварын өрийг сэргээхэд чиглэсэн, “Э х” ХК-ийг татварт хэдэн төгрөгийн өртэйг гаргаж, хэмжээ тогтоосон төлөх үүргийг бий болгож байгаа гадагш буюу “Э х” ХК-д чиглэсэн захиргааны актын хуульд заасан шинжийг агуулсан байна. Харин 2 дахь заалтаараа уг тушаалын хавсралтад заасан хэмжээний татварын өрийг барагдуулах ажиллагааг ажилтандаа үүрэг болгосон, улмаар “Э х” ХК-ийг өртэй гэж бүртгэлийн программд оруулах эрх ашигт нь чиглэсэн шийдвэр болсон байна.

6. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг захиргааны актыг нэхэмжлэгчийг эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга нь төлөгдсөн татварын өрийг сэргээж, “Э х” ХК-д хугацаа хэтэрсэн гэх татварын өрийг бий болгож, үүнийгээ нэгдсэн программдаа бүртгэж, хураах ажиллагааг явуулахыг ажилтандаа даалгаж байгаагаараа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд чиглэсэн, үүрэг бий болгосон шийдвэр төдийгүй, дээд шатны байгууллага болох Татварын ерөнхий газрын чиглэл өгч буй албан бичгээр түүнийг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан гэж зөвтгөх үндэслэлгүй байна. Татварын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх тухай хуулийн зохицуулалт нь татварын байгууллагад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэг, бүрэн эрхийг олгохгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх уг хуулийг буруу тайлбарласан, тодруулбал татварын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх нь хуулиар татварыг бий болгох, татварын өрийг сэргээх, иргэн, хуулийн этгээдэд татвар төлөх үүргийг бий болгох бүрэн эрх, чиг үүргийг олгохгүй юм. Мөн Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан татварын байгууллагын тогтолцоо нь уг хэрэгт хариуцагчийн гаргасан тушаалыг зөвтгөх, маргаж буй үндэслэлийг няцаах зохицуулалтад хамаарахгүй төдийгүй, уг татварын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, салбар, нэгж, тэдгээрийг үйл ажиллагааны хяналт, арга зүйн удирдлагаар хангах асуудал нь татварын байгууллагын дотоод зохион байгуулалтыг илтгэхээс бус хуульд заагаагүй асуудлаар шийдвэр гаргах эрхийг олгохгүйг шүүхүүд анхаарсангүй.

7. Нөгөө талаас анхан болон давж заалдах шатны шүүхийн Татварын ерөнхий хуульд заасан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татвар хураах үйл ажиллагаа болон татварын өрийн, хугацаа хэтэрсэн өрийн тухай ойлголтыг тодорхойлсон хуулийн хэм хэмжээг тайлбарлах замаар хариуцагчид татварын өр /татвар/ бий болгох эрх олгогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолоодугаар зүйлийн 3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргийг татварын хэлтсийн даргын тушаалаар бий болгож, хэмжээг нь хавсралтаар баталсан хувь хэмжээгээр төлүүлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хууль батлан гаргаж мөрдөх замаар татварын хувь хэмжээ тогтоох, татварыг бий болгох, хаагдсан өрийг сэргээх, дахин татвар авах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал, Татварын хэлтсийн дарга тушаал гаргах замаар татварыг бий болгох, улмаар тус тушаалаараа төлөгдсөн татварыг сэргээн өр үүсгэх зэрэг буруу жишиг тогтоох захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх зөвтгөж буй нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1-д хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасны илэрхийлэл нь нийтийн эрх зүйн хүрээнд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглох учиртайг анхаарч хянаж өгнө үү.

8. Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тухайд: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарласнаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байна. Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дүгээр тушаалыг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ ...татвар хураах үйл ажиллагаа... гэж тодорхойлж дүгнэснээр хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй байна. Тодруулбал, тухайн тушаалын 1 дэх заалтаар “Э х” ХК-ийн төлөх татварын хэмжээг тогтоож, хавсралтаар баталсан. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдлаар, үүсгэж буй эрх зүйн үр дагаврыг бодитоор дүгнэхийн оронд тус тушаалын 2 дахь заалтаар тус актыг ойлгож байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-т заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчиж байна.

9. Нөгөө талаас Сангийн сайдын тушаалаар тухайн татварын өр төлбөрийг хүчингүй болгосон байх ба үүний эрх зүйн үр дагавар нь “Э х” ХК-д эерэг нөлөөлөл үүсгэсэн байна. Гэтэл уг захиргааны актыг хянахдаа Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй “Э х” ХК-ийг татан оролцуулаагүй нь тухайн шүүхийн шийдвэрээр “Э х” ХК-д үүрэг үүсгэхгүй гэдгийг ойлгож байсанд оршино. Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Э х” ХК-д чиглээгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөгүй, татварын өр төлбөрийг сэргээгээгүй, сэргээхийг хэн нэгэнд даалгаагүй бөгөөд үндэслэх хэсэгт хийж буй дүгнэлт нь хэн нэгэнд үүрэг үүсгээгүй тул хариуцагчийн гаргасан захиргааны актыг зөвтгөхгүй. Мөн уг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанд “Э х” ХК-ийг гуравдагч этгээд болон өөр оролцогчоор оролцуулаагүйг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Тэгсэн атлаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт мэтээр дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Э х” ХК-ийн эрх ашиг нь хөндөгдөөгүй, гаргасан нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хянасан гэж дүгнэсэн байх атлаа Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалыг ...татвар хураах үйл ажиллагаа... гэж дүгнээд байгаа нь илт үндэслэлгүй байна.

10. Иймээс шийдвэр, магадлалыг тус тус  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Нэхэмжлэгчээс “Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...Татварын ерөнхий хуульд өр сэргээх гэсэн ойлголт байдаггүй... Татварын хэлтсийн даргын эрх хэмжээнд өр сэргээхтэй холбоотой асуудал хамааралгүй... эрх хэмжээнд нь хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

12. Захиргааны акт “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан аль нэг үндэслэлд хамаарч гэмээ нь “илт хууль бус” болох бөгөөд өөр бусад байдлаар тогтоогдох боломжгүй; нэхэмжлэлд тодорхой дурдаагүй боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” гэсэн үндэслэлд хамаарна гэсэн агуулгаар тайлбарлажээ.[1]

13. Аливаа захиргааны байгууллагын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эрх хэмжээг хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлдог бөгөөд энэхүү тодорхойлж олгосон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллага ажиллах үүрэгтэй; харин өөрт олгогдоогүй болон хууль, захиргааны хэм хэмжээний актаар өөр захиргааны байгууллагад олгосон чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлсэн бол хуулийн энэхүү зохицуулалтын дагуу “илт хууль бус захиргааны акт” гэж үзэх нь “төрийн байгууллага, албан тушаалтанд зөвшөөрснөөс бусдыг хориглох, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрөх” эрх зүйт ёсны (хууль дээдлэх) зарчмаас үүдэлтэй.

14. Маргаан бүхий дээрх тушаалаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийг үндэслэн 1 дэх заалтаар: Татварын ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 тоот албан бичиг, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 тоот албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/1318 тоот албан бичигт тус тус заасны дагуу хавсралтаар хоёр компанийн өр сэргээсний дотор 2030756 тоот регистрийн дугаартай, нэхэмжлэгч “Э х” ХК-ий холбогдох татварын (281,384,900.0 төгрөгийн) өрийг сэргээж; 2,3 дахь заалтаар сэргээгдсэн татварын өрийг шүүхийн шийдвэрийн хугацаагаар бэлэн бус хэлбэрээр бүртгэн татварын орлогын гүйцэтгэлийн зарлагын бичилт хийж программд оруулахыг, холбогдох өрийг барагдуулан хуульд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

15. Тушаалын үндэслэл болсон нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 399 дүгээр шийдвэрээр “Жаргалант үйлс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам болон Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн; уг шүүхийн шийдвэрт: ...“Э х” ХК-иас Орхон аймгийн Жаргалант суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэрлэл үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд тооцож авахыг хүссэн хүсэлт, татварын өрөнд авах үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох комиссын саналыг харгалзан, улсын төсөвт төлөх 613597.3 мянган төгрөгийн татварын өрөнд эдгээр үйлчилгээний цогцолборуудыг төрийн өмчид бүртгэн авсан “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” Монгол улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж хүчингүй болгон шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...төрийн эрх бүхий байгууллага “Э х” ХК-иас татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй ...” гэж дурдсан байна.

16. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Татварын ерөнхий газраас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Татварын өр төлбөр барагдуулах тухай” 2а/3427, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Татварын өр сэргээх тухай” 2б/1140, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/08 тоот албан бичгүүдийг Орхон аймгийн Татварын хэлтэст тус тус хүргүүлжээ.

17. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:” гээд 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна” гээд  55.1.1-д “татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги;” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна” гэж тус тус зааснаар татвар төлөгч нь татвар ногдох зүйл, татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төлөх, энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх татварын өрийг татварын алба барагдуулах тус тус үүрэгтэй байна. 

18. Түүнчлэн, мөн хуулийн 22 дугаар зүйлийн  22.1-д “Үндэсний татварын алба дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд 22.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах;”, 22.1.2-т “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;” гэж;[2] 27 дугаар зүйлийн 27.1-д “Үндэсний татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна”, 27.2-т “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана”, 27.3-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана” гэж тус тус заасан; хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг нь Үндэсний татварын албанд хадгалагдах бөгөөд энэ хүрээнд харьяа татварын газар, хэлтэс, байцаагч зэрэг бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах бүрэн эрхтэй.

19. Тиймээс татвараа төлөөгүй татвар төлөгчийн татварын өрийг барагдуулах болон дээд шатны байгууллагаас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, чиглэл өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх зорилгоор татварын өр сэргээсэн маргаан бүхий тушаал нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд гарсан хууль ёсны захиргааны акт мөн, илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

20. Мөн уг тушаалаар шинэ төрлийн татвар бий болгоогүй, гагцхүү хуулийн дагуу тогтоогдож нэгэнт үүссэн татварын өрийг барагдуулах зорилгоор сэргээсэн, өөрөөр хэлбэл, өмнө нь тогтоогдож төлөгдөх байсан татварын өрийг бэлэн бусаар барагдуулах ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн талаар шүүх тогтоож, хүчингүй болгосон учир төлөгдөж барагдаагүй үлдсэн өрийг тодорхойлж, сэргээсэн захиргааны акт байх тул “...хууль тогтоогч хууль батлан гаргаж мөрдөх замаар татварын хувь хэмжээ тогтоох, татварыг бий болгох, хаагдсан өрийг сэргээх, дахин татвар авах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал, Татварын хэлтсийн дарга тушаал гаргах замаар татварын бий болгох, улмаар тус тушаалаараа төлөгдсөн татварыг сэргээн өр үүсгэх зэрэг буруу жишиг тогтоох захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх зөвтгөж буй үндэслэлгүй...” гэх гомдол няцаагдаж байна.

21. Шүүхүүд тухайн үед хүчин төгөлдөр байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002 оны) болон Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

[1] Хавтаст хэргийн 156 дахь тал

[2] 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон