Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 38

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Д.У нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч:Д.У

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо

        Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгох

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Миний бие Д.У Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 2 мандат бүхий Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  авсан болно.

Миний бие сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны компанит ажлаа явуулж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн санал хураалт болон 2016 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр болсон нэмэлт санал хураалтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт 2696 сонгогчийн санал авч санал хураалтын дүнгээр 2-т жагсаж сонгогдсон.

Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоол гаргаж Д.У намайг “... сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон  үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай  хууль бус шийдвэр гаргасан. Дээрх хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар “Д.У намайг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар орон нутгийн хурлын төлөөлөгчөөр  сонгогдсон нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Д.У оруулж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлэхийг дүүргийн сонгуулийн хороонд даалгасугай” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 

Гэтэл дээрх акттай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад  Д.У намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан, мөн Р.С******* гэх хүнд захиргааны шийтгэл оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 10 дугаар сарын 26-ны  өдрийн 68 тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “дахин сонгууль явуулах тухай” 64 дүгээр тогтоолыг гаргаж Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойрогт дахин Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т заасныг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр байна. 

Уг хууль бус 64 дүгээр тогтоолын улмаас Д.У миний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрх ноцтой зөрчигдөж, ард түмний өгсөн саналыг үгүйсгэх гэсэн бусармаг үйл ажиллагаа болж, олон мянган татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг хохироох шийдвэр гаргасанд гомдолтой байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дээрх хууль бус 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор Д.У миний сонгогдох эрхээ хэрэгжүүлэх, улмаар надад итгэл хүлээлгэн сонгосон Баянзүрх дүүргийн 14 дүгээр тойргийн иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримталдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл дахин сонгууль явуулах тухай захиргааны акт гарснаараа Д.Уын сонгогдох эрх нь ашиг сонирхол нь зөрчигдөж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан байгаа нь сонсох ажиллагааг хэлж байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлд Сонсох ажиллагааны тухай тусгасан байна. Д.Уаас тайлбар аваагүйг орхиж болох хэдий ч сонсох ажиллагаа явуулаагүй байж болохгүй. Журмын дагуу мэдэгдэх ёстой.  

 ... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны акт гаргахдаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулах ёстой гэж заасан байдаг. 64 дүгээр тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж заасныг үндэслэсэн байдаг. Хариуцагч тайлбартаа нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассантай холбоотой гарсан акт биш гэж тайлбарладаг. Нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан нь хууль бус гэдгийг тогтоосон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 68 тоот захирамжийг үндэслэсэн гэдэг ч Сонгуулийн тухай хуульд тийм агуулга бүхий заалт байхгүй. 

Мөн тус захирамжид нэр дэвшигч Д.У Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэдгийг тодорхой заасан байдаг. “Аливаа этгээд” гэдэг нь хэн ч байж болно гэдгийг хариуцагч ч тайлбарлалаа. Сонгуулийн үйл ажиллагаанд улс төртэй холбоотой бусармаг үйлдэл их гардаг. Эдгээр үйл ажиллагааг шалгах мэргэжлийн байгууллага болох Цагдаагийн байгууллага, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс маш тодорхой тогтоож өгсөн байна. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоол нь хууль бус юм. Иймд уг тогтоолыг хүчингүй болгож өгнө үү “ гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл баримт тогтоогдсон. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У нь сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараах үйл ажиллагааг идэвхтэй явуулж Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн учир Баянзүрх дүүргийн Монгол Ардын намаас нэр дэвшигч Г.Т нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан байдаг. Уг зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад нэр дэвшигч Д.У, иргэн Р.С нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.16-д заасныг тус тус зөрчсөн гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийтгэл ногдуулах саналтайгаар хүргүүлсэн байдаг. Уг захиргааны зөрчлийг хянаж үзээд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 68-р захирамжаар иргэн Р.С Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан мөнгө, эд зүйл тараах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байдаг. Тухайн эрүүгийн хэргийн шүүхийн захирамж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байдаг. Энэ шүүхийн шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр болсон. Сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаардаг. Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд 2 нэр томъёо байдаг. Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд, аливаа этгээд гэсэн 2 нэр томъёо байдаг. 

Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд, аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах үйл ажиллагаа явуулсан бол Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар Сонгуулийн тухай хуульд хууль тогтоогч нар хуульчилан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл Д.Уыг сонгуульд ялуулахын тулд санхүүгийн эх үүсвэрийг гаргаж сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор сонгогчдод мөнгө тараасан нь шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй шаардлага гаргасан.

Д.Уыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассанаар дахин сонгууль явуулах үр дагавар үүссэн. Дахин сонгууль зарлах буюу Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар сонгуулийн дүн гарсаны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана гэж заасан. Мөн 163.2-т дахин сонгууль явуулах шийдвэрийг тухайн шатны Сонгуулийн хороо гаргана. Энэ хуульд заасан ерөнхий журмын дагуу зохион байгуулж явуулна гэж байгаа. 

Ийм учраас Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор нэр дэвшигч Д.Уыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж, дахин сонгууль явуулахаар зарлаж шийдвэрлэсэн. Түрүүн нэхэмжлэгч ярьж байсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр дэвшигчийн нэрийг нэрийн жагсаалтаас хассан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ маргаан үргэлжилж байхад Сонгуулийн хороо дахин тогтоол гаргаж дахин маргаан үүсгэж байна гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх дээр юу гэж дүгнэсэн бэ гэхээр өнөөдрийн энэ маргааны акт, сүүлд гаргасан акт нь 2 өөр акт юм. Эхнийх нь Сонгуулийн хороо нэр дэвшигчийг хууль зөрчсөн гэдгийг шүүхээс тогтоогоогүй байхад хассан байсан. Энэ үндэслэлийг анхан шатны шүүх дүгнэсэн. 

Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан гэдгийг зөрчлийг хянан шийдвэрлэж захиргааны шийтгэл ногдуулснаар хууль зөрчсөн гэдгийг шүүхийн байгууллагаар тогтоогдсоны дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах ёстой байсан байна гэдэг дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Уг маргаан зэрэгцэж хийгдэж байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр дэвшигч Д.У, Р.С******* нар нь сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараасан учраас Сонгуулийн тухай хууль зөрчсөн байна гэдэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэж Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 64 дүгээр тогтоолыг гаргасан юм. Энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй. Сонгуулийн тухай хуульд нийцсэн захиргааны акт юм. Ийм учраас нэхэмжлэгч Д.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Д.У нь Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд оролцож 2696 сонгогчийн санал авч саналын тоогоор 2-т жагссан байна. 

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжийг үндэслэн “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах”-аар шийдвэрлэсэн байна.  

Мөн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрог нь 2 мандаттай хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хамгийн олон санал авсан А.Г*******ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр шийдвэрийн төсөлд нэрийг оруулсан. Маргаан бүхий тогтоол нь зөвхөн нэр дэвшигч Д.Ут хамаарна” гэж тайлбарлаж байх ба талууд энэ тухайд маргахгүй байна. 

Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад маргаан бүхий актыг гаргасан, ... шүүгчийн 68 дугаар захирамжаар нэр дэвшигч Д.Уыг Сонгуулийн хууль зөрчөөгүй гэж дүгнэн иргэн Р.С хариуцлага тооцсон байхад дахин сонгууль зарлаж шийдвэрлэсэн, Д.Уын хувьд сөрөг нөлөөлөл бүхий 64 дүгээр тогтоолыг гаргахдаа түүний оролцоог хангаагүй нь тус тус хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “... аливаа этгээд” гэж заасанд зөрчил гаргагч Р.С******* хамаарч байгаа тул 64 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ. 

Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3-т “орон нутгийн хурлын сонгуулийн хувьд ээлжит, ээлжит бус болон нөхөн сонгуулийг нэг буюу хэд хэдэн тойрогт хүчингүйд тооцсоны дараа тухайн тойрогт явагдах сонгуулийг” дахин сонгууль гэж тодорхойлоод мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол...” дахин сонгууль явуулахаар хуульчилсан байхад хариуцагчаас дахин сонгууль явагдах хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад маргаан бүхий актыг гаргаж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн хамгийн олон сонгогчийн санал авсан бол “сонгогдсонд тооцогдох” буюу Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь: 1/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар иргэн Р.С Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасны дагуу мөн хуулийн 70.1-д заасныг зөрчсөн гэж үзэж торгох шийтгэл ногдуулсан байх ба уг захирамжийн үндэслэх хэсэгт “... Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.У нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан гэх асуудал нь ...хууль зүйн үндэслэлгүй байна. ...Р.С******* нь сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд болох нь тогтоогдохгүй...” гэж тус тус дүгнэсэн  байхад хариуцагч нь нэр дэвшигч Д.Уыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах нөхцөл бүрдсэн гэж үзэж дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. 

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзвэл  “мөнгө, эд зүйл тараах” зөрчлийг нэр дэвшигч Д.У нь өөрөө, эсхүл түүний сурталчилгааг хийх эрх бүхий этгээд үйлдсэн нь тогтоогдсон бол нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас нэр дэвшигчийг хасах зохицуулалттай байхад нэр дэвшигч Д.Ут хамааралгүй этгээд болох Р.С*******гийн үйлдсэн зөрчилд үндэслэж түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлгүй байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэр дэвшигч Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл баримт тогтоогдсон” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон шүүгчийн 68 дугаар захирамжаар Р.С нь Сонгуулийн тухай хуульд заасан “мөнгө, эд зүйл тараах” зөрчил үйлдсэн болохыг дүгнэсэн, харин “Р.С нь нэр дэвшигч Д.Уыг ялуулах зорилгоор мөнгө тараасан” эсэх асуудлыг дүгнээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Д.Уыг сонгуульд ялуулахын тулд санхүүгийн эх үүсвэрийг гаргаж сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор сонгогчдод мөнгө тараасан нь шүүхийн шийдвэрээр тогтоосон байдаг. 

Өөрөөр хэлбэл тус захиргааны акт Д.У нь мөнгө болон эд зүйл тараасан гэдгийг үндэслэсэн байгаа...” гэсэн тайлбар нь нотлогдохгүй байна.

2/ Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь захиргааны байгууллага болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-т заасан “...шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах...” үүрэгтэй. 

Гэтэл хариуцагч нь тус тойрогт өрсөлдсөн Г.Т 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гомдлыг  шийдвэрлэж маргаан бүхий 64 дүгээр тогтоолыг гаргахдаа  дахин сонгууль явуулах нөхцөл байдал бүрдсэн эсэхийг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй буюу “Р.С нь Д.Уыг сонгуульд ялуулах зорилгоор мөнгө тараасан” эсэхийг шалгаж тогтоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Сонгуулийн хорооноос өөр баримт гарахгүй юм байна лээ. Монгол Ардын намаас нэр дэвшигч Г.Т гэдэг хүн өргөдөл ирүүлэхдээ нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн мөнгө авсан хүмүүс нь өөрсдөө хэлдэг. Түүнийгээ цагдаагийн байгууллагад хэлээд нотлогдсон байх гэж бодож байна” гэсэн тайлбараар тогтоогдож байна. 

 3/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах”-аар заасан байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Яагаад авах ёстой юм бэ. Д.Уаас тайлбар авдаг байгууллага нь сонгуулийн байгууллага биш. Цагдаагийн байгууллага, эрүүгийн шүүхийн тайлбараа аваад хууль зөрчсөн гэдгийг тогтоосон” гэсэн тайлбараас үзвэл хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгч Д.Уын хувьд сөрөг нөлөөлөл бүхий 64 дүгээр тогтоолыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагаанд түүнийг татан оролцуулаагүй, тайлбар аваагүй буруутай байна. 

Учир нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч Д.Уын хувьд “сонгогдсонд тооцогдох” эрхийг үгүйсгэсэн сөрөг нөлөөлөл бүхий акт байх тул шийдвэр гаргах ажиллагаанд түүний оролцоог хангасны үндсэн дээр холбогдох шийдвэрийг гаргах шаардлагатай байжээ. 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй” гэсэн тайлбар үндэслэлтэй.       Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч Д.Уын “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Түүнчлэн “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хассан Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тусдаа акт” хэмээн тайлбарлаж маргаан бүхий актын үндэслэлд холбогдуулж маргахгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус үндэслэх ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3, 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.МӨНХЗУЛ