| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0184/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/215 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг
шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх
хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг
Хохирогч Т.Б.Н-
Шүүгдэгч Б.Б-, П.О-, Т.М- нарыг оролцуулан Аймгийн
Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт
зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-, П.О-, Т.М- нарт
холбогдох эрүүгийн 1838002160178 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр
хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б-,
Монгол улсын иргэн, П.О-,
Монгол улсын иргэн, Т.М-,
Шүүгдэгч Б.Б-, Т.М-, П.О- нар нь 2018 оны 03 дугаар сарын
22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод
оршин суух иргэн Б.Н-ийн байшингийн цонхны төмрийг эвдэн орж эд зүйл хулгайлж
5.715.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Б.Б-, Т.М-, П.О- нар нь 2018 оны 03 дугаар сарын
22-ноос 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод
оршин суух иргэн Б.Н-ийн байшингийн цонхны төмрийг эвдэн орж эд зүйл хулгайлж
5.715.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03
дугаар сарын 23-ны өглөө 10 цагт ажил дээрээ байхад манай найз Баярмаа танай гэрт хулгай
орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ иртэл цагдаагийн хүмүүс манай гадаа ирчихсэн
байсан. Манай гэрээс хүнхэр дэлгэцтэй 42 инчийн ТСЛ маркийн шаргал хүрээтэй зураг 1
ширхэг, 2/3 хэмжээтэй ногоон, эрээн товгор хээтэй эрдэнэт хивс 1 ширхэг, шаргал өнгөтэй
модоор хийсэн морин хуур, хөх өнгийн банзан гитар 1 ширхэг, хуванцар материалаар хийгдсэн
хунгийн сувинер, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг, кулонтой,
эмэгтэй хүний мөнгөн ээмэг, цагаан сувдан шигтгээтэй 1 ширхэг, цагаан шигтгээтэй мөнгөн
ээмэг, их гарын мөнгөн аяг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяг 3 ширхэг, 1 ширхэг жижиг мөнгөн
аяга, 2 ширхэг зэс аяга хулгайд алдсан...”/хх-ийн 33-34-р тал/,
Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Отгоо надтай уулзаад
та 5 ширхэг мөнгөн аягыг зараад өгөөч мөнгөн аяга авчихаар таньдаг хүн байнауу гэсэн тэгээд
бид нар бүгдээрээ Далай ээж зах руу таксигаар очоод би таксинаас буугаад Түмэннасан гэх хүн
100.000 төгрөгөнд 5 ширхэг мөнгөн аягаа зараад Отгоод мөнгийг нь өгсөн...” /хх-ийн 47-р тал/,
Гэрч З.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад мөнгөн аяга
зарсан залуу анх ирэхдээ 150.000 төгрөгөөр зарна гэхээр нь надад 100.000 төгрөг байсан учир
100.000 төгрөгөөр авъя гэхэд за за тэг гээд зарчихаад явсан. Тэгээд сүүлд цагдаа нар ирээд тэр
мөнгөн аягануудыг хураагаад аваад явсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 58-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15-р тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-25-р тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 22-27-р тал/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 64-65-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны
өдрийн 47, 48 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73, 86-87-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-79, 88-89-р тал/,
Шүүгдэгч Б.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн: Отгоо 10 дугаар хороо руу нэг айл
байгаа түүний ухъя гэхээр нь хамт явсан. Тухайн үед хашааны хаалга онгорхой байхаар нь
ороод цонхны гадна талын гарниз модыг хуу татаж аваад төмөр хамгаалалтыг сөхөж байгаад
цонхоор нь Отгоо түрүүлж орсон. Отгоо надад зурагт баахан зүйл гаргаж өгөөд байсан. Би гадна
талд нь аваад цонхны доод талд тавиад байсан. Отгоо бид 2 хоёр удаа манайх руу хулгайлсан
зүйлийг зөөсөн. Бид хоёр 5 цаг болж байхад хамгийн сүүлийн зүйлээ зөөж дуусгасан. Отгоо 5
ширхэг мөнгөн аягыг Оюунбаатарыг зарчих гээд үлдээсэн...тэгээд удалгүй цагдаа ирсэн... гэх
мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,
Шүүгдэгч Т.М-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн: П.О- энд эзэнгүй айл байгаа
гурвуулаа оръё гэхээр нь Буянаа бид 2 хоёулаа тэгье гэсэн. Тэгээд бид 3 Буянаагийн гэрээс
шөнийн 2 цаг болж байхад гараад 14 дүгээр хороонд байдаг нэг дүнзэн байшинтай айлын гадаа
очсон. П.О- хашааных нь гадаа жаал зураад хаячихсан байсан. Миний тэмдэг хэвээрээ
байна. Эзэнгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид 3 вакум цонх байхаар нь хөшиж онгойлгоод
П.О- бид 2 цонхоор ороод араас Б.Б- орж ирсэн. Тэгээд бид 3 дааж өргөж чадах
хэмжээгээрээ айлаад эд зүйл зөөсөн. Б.Б- зурагт, П.О- сувинер, хувцас гээд жижиг
шажиг зүйл авсан. Би болохоор морин хуур гитар хоёрыг аваад Буян-Эрдэнийд очиж тавьсан.
Тэгээд эргэж нөгөө айлдаа очоод бид 3 бас л дааж чадахынхаа хирээр Буянаа хивс үүрээд
Отгоо хөөрөг будаа агшаагч зэрэг зүйл аваад би болохоор бас нэг цүнхтэй зүйл аваад 4 цаг
болж байхад Буянаагийд бид 3 очсон гэх мэдүүлэг /хх-ийн 52-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар
хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан
арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул
шүүгдэгч Т.М-, Б.Б-, П.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд
зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага
хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Т.М-, Б.Б-, П.О- нар нь урьд ял шийтгэл эдэлж
байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 114, 121, 132-р тал/-аар,
Шүүгдэгч Т.М-, Б.Б-, П.О- нар нь анх удаа гэмт хэрэг
үйлдсэн, шүүгдэгч Т.М-, Б.Б- нар нь хохирол төлбөрөө төлснийг ял
хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Т.М- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 204 дугаартай
шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 8 /найм/ хоногийн ял эдэлснийг дурьдаж, үлдэх 1
жил 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.М-, Б.Б- нарын ял шийтгэлийг тэдний хохирол төлбөрөө
барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн хор уршиг, ар гэрийн амьдрал, багийн засаг даргын
тодорхойлолт зэргийг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр шийтгэж нээлттэй хорих
байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Т.М-, Б.Б- нар нь хохирогчид нийт хохирсон эд
зүйлийн үнээс тус бүр 830.000 төгрөг төлсөн гэж үзэж, шүүгдэгч П.О-аас телевизорын
үнийн зөрүү 400.000 төгрөг гаргуулж гаргуулж хохирогчид олгож, хохирогч Т.Б.Н- нь
бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1838002020083 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,
битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б-, П.О- нар нь цагдан хоригдоогүй
болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7,
36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Б-, П.О-, Т.М- нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Т.М- нарт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.МөнхЭрдэнийн 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, П.О-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял, Т.М- нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.О-аас 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Т.Б.Н-т, 100.000 / нэг зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Т-д тус тус олгож, хохирогч Т.Б.Н- нь бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Т.М-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, П.О-, Т.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН