Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01623

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01623

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/01091 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: ЦЙ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 403,094,633 өгрөг гаргуулах, С ХХК болон ЦЙ ХХК-иудын хооронд 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №MSD/SW 18(40) UNI11/381 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өмөрбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үйлсдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С ХХК болон ЦЙ ХХК-ийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр МSD/SW 18(40) 1UNI11/381 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр С ХХК-ийн сүлжээний дугаараас ЦЙ ХХК-ийн сүлжээний дугаар руу, ЦЙ ХХК-ийн сүлжээний дугаараас С ХХК-ийн сүлжээний дугаар руу холбогдох замаар хэрэглэгчид дуудлага (яриа, мессеж)-ын хэрэглээ хийх ба яриа, мессеж хэрэглээнээс хамаарч гэрээ байгуулсан талууд харилцан төлбөр тооцоо нийлж, төлбөрийг барагдуулдаг.

1.1 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан.

1.2 Гэрээний хугацаа дуусгавар болсон боловч С ХХК болон ЦЙ ХХК-иуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сүлжээ хоорондын харилцан холболтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, харилцан төлбөр тооцоогоо нийлсээр байна. Гэрээний үүрэг, харилцан холболтын тооцоогоор ЦЙ ХХК болон С ХХК нь харилцан нөгөө талдаа сүлжээ ашигласан харилцан холболтын төлбөрийг төлөх нөхцөлтэй. Тооцоо нийлсэн актын дагуу зөрүү илүү төлөлт хийх тал болох ЦЙ ХХК нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх нийт 235,871,025.50 төгрөгийг С ХХК-д төлөх ёстой. Манай компаниас ЦЙ ХХК-д дээрх төлбөрийг удаа дараа төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

1.3 Мөн гэрээний 8.1-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20/546 дугаар албан бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нартай хийсэн уулзалтын үед шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу С ХХК болон ЦЙ ХХК хоорондын харилцан төлбөр тооцооны талаарх гомдлоо мөн танилцуулсан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 05/2025 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.

1.4 Гэрээний 7.3.2, 7.5-д алданги нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,3 хувь байна гэж заасны дагуу ЦЙ ХХК-аас С ХХК-д 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сар хүртэлх 85,280,805.37 төгрөгийн алданги үүссэн. Мөн 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын төлбөр нийт 76,227,023.40 төгрөг, алданги 5,715,779.75 төгрөг болсон. Иймд гэрээний үүрэгт 235,871,025.50 төгрөг, алданги 85,280,805.37 төгрөг, нийт 403,094,634.02 төгрөгийг гаргуулна.

1.5 С ХХК болон ЦЙ ХХК нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр MSD/SW 18(40) UNI11/381 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г байгуулсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгасан. Иймд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан MSD/SW 18(40) UNI11/381 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл урьдчилан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргаж шийдвэрлүүлсний дараа шүүхэд хандахаар зохицуулсан байна.

2.1 Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 05/2025 дугаар албан бичиг болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгсөн хариу нь ЦЙ ХХК нь 2020 оны 6, 7, 8 дугаар саруудын харилцан холболтын төлбөрийг төлөөгүйтэй холбоотой маргаан. С ХХК нь энэхүү гомдлын дагуу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЦЙ ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.2 Өөрөөр хэлбэл С ХХК-ийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх гомдол, тус гомдолд ирүүлсэн хариу нь өнгөрсөн онд ЦЙ ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдол, түүнд ирүүлсэн хариу. Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байгаа нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Сүүлд шүүхээр ажиллагаа хийлгэж байхдаа Харилцаа холбооны зохицуулах хороонд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 21/1022 тоот албан бичгээр хандаж, хариу авсан байх тул тус ажиллагааг нь урьдчилан шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

2.3 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117.1 дэх хэсэгт заасны дагуу С ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4. Мөн С ХХК нь Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг бичгээр байгуулагдаагүй байхад алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Энэхүү хугацаанаас хойш Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г бичгээр байгуулаагүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сараас 07 дугаар сарыг дуусталх төлбөрийн алданги болох 85,280,805.37 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуусталх харилцан холболтын төлбөрт талууд тооцоо нийлсэн акт үйлдээгүй тул 76,227,023.40 төгрөг, алданги 5,715,779.75 төгрөг, нийт 81,942,803.15 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.5. Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, тус гэрээний Нэмэлт гэрээ нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус тус байгуулагдаж 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ нь тодорхой хугацаатайгаар байгуулагдаж, гэрээний хугацаа дууссаны дараа талууд харилцан тохиролцож сунгадаг тул энэхүү шаардлага нь үндэслэлгүй байна.

2.6. С ХХК болон Мобиком Корпораци ХХК нарын хооронд байгуулагдах Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний хувьд ЦЙ ХХК нь удаа дараа гэрээ байгуулах саналыг хүргүүлж байсан боловч С ХХК-аас удаа дараа гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж байгаа тухайгаа амаар болон бичгээр ирүүлж байсан. Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг байгуулах тухайд ЦЙ ХХК болон С ХХК нарын хүсэл зориг нэгдээгүй бөгөөд ЦЙ ХХК нь зөвхөн тусгай зөвшөөрөл, хууль тогтоомжийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж харилцан холболтыг үргэлжлүүлж байна. Иймд гэрээний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа боловч, үндсэн нэхэмжлэлд дурдсан алданги, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан харилцан холболтын төлбөр 76,227,023.40 төгрөг, алданги 5,715,779.75 төгрөг зэргийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсэгт заасныг баримтлан С ХХК болон ЦЙ ХХК-иудын хооронд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан MSD/SW 18(40) UNI11/381 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоож, ЦЙь ХХК-аас 403,094,634.02 төгрөгийг гаргуулан, С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,401,673 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,173,423 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар бүрэн эрх Харилцаа холбооны зохицуулах хороонд байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 33 тоот тогтоолоор баталсан Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4-т заасны дагуу үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ байгуулахад Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилдэггүй, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авснаа бодит үйлдлээр илэрхийлснээр гэрээ байгуулсанд тооцох боломжгүй, зөвхөн бичгээр байгуулж, төрийн байгууллагад бүртгүүлснээр хүчинтэй болдог гэрээний төрөл.

4.1. Иймд шүүхээс Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 196 дугаар зүйлийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг баримтлах ёстой байсан. Үүнээс гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зохигчид Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар харилцаа нь зохицуулагддаг, салбарын зохицуулах байгууллага нь үйлчилгээ эрхлэгчдийн харилцааг хатуу хянаж зохицуулдаг онцлогтой байтал шүүхээс энэ салбарын үйлчилгээ эрхлэгчийн хоорондын гэрээг тусгай шаардлагуудыг үл харгалзан бодит үйлдлээр хийгдсэн хэлцэлтэй адилтгасан нь буруу байна. Үүрэн холбооны үйлчилгээ нь нийгмийн суурь үйлчилгээ тул хэдийгээр нэхэмжлэгч харилцан холболтоо салгах эрхтэй ч энэ эрхээ хэрэгжүүлэх нь бодит байдал дээр нийгэмд, хэрэглэгчид учрах хохиролтой, урьдчилан тааварлашгүй сөрөг нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцан холболт салгахыг хэзээ ч дэмжихгүй гэсэн байр суурь удаа дараа илэрхийлсэн тул талуудын хэн аль нь энэ алхмыг хэрэгжүүлээгүй болохыг шүүх огт бодолцож үзсэнгүй.

4.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анзын гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасны дагуу 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм. Талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болон тайлбараас Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг бичгээр байгуулаагүй, алданги тооцох тухай агуулгыг бичгээр тохиролцоогүй болох нь нотлогддог. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, Иргэний хуулийн 232.3 дахь заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн С ХХК болон ЦЙ ХХК-уудын хооронд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан MSD/SW 18(40) UNI11/381 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоосон, 90,996,585.12 төгрөгийн алдангийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Харилцаа холбооны зохицуулах хорооны журам 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан. Гэтэл талуудын хоорондох гэрээний харилцаа 05 дугаар сарын 11-ний өдөр журам батлагдахаас өмнө үүссэн. Тухайн харилцаа өмнөх журмуудын үед хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээ учраас журмын зохицуулалт хамаарахгүй. Шинэ гэрээ байгуулах эсэх асуудлын хүрээнд яригдаж байгаа болохоос нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд хамаарахгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд хамааралгүй. Шүүхийн шийдвэрийн үндсэн төлбөрт давж заалдах гомдол гаргаагүй. Сүлжээ хоорондын харилцаа холболтын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн гэрээнд заасан хугацаа дууссан боловч 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд уг гэрээ хэвээр үргэлжилж байна. Гэрээний дагуу харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжлээд явж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа үргэлжлэн сунгагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5.1. Анхан шатны шүүх хууль хэрэглээний болон практикийн хувьд зөв шийдэл гаргасан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу тодорхой бодит үйлдлээр хийгдсэн харилцааг эдэлж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Талуудын хооронд үүссэн харилцаа өнөөдрийг хүртэл анх байгуулсан хэвээр үргэлжилж байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги төлөх үүрэгтэй. Тооцоо нийлсэн актынхаа дагуу хариуцагч төлбөр төлсөн бол өнөөдрийн маргааны үндэслэл болсон алдангийн асуудал яригдахгүй.

5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.7, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6-д заасны дагуу иргэний эрхээ хамгаалах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч ЦЙ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 312,098,048 төгрөг, алданги 90,996,584 төгрөг, нийт 403,094,632 төгрөг гаргуулах, С ХХК болон ЦЙ ХХК-ийн хооронд 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан MSD/SW 18(40) UNI11/381 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 235,871,025.50 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн MSD/SW 18(40) UNI11/381 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1 Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн MSD/SW 18(40) UNI11/381 тоот Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-ний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон. Талууд гэрээний хугацааг сунгаагүй үйл баримт тогтоогдсон.

3.2 Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.7 дахь хэсэгт зааснаар бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ.

3.3 Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар Зохицуулах хороо нь сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд тус хорооны 2021 оны 33 дугаар тогтоолоор уг журмыг баталсан. Журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д харилцаа холбооны үйлчлэгч нь сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээг зөвхөн бичгээр хийхээр зохицуулжээ.

3.4 Талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөвхөн бичгээр байгуулах талаар хуульд заасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар уг гэрээг сунгах хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хуульд гэрээний хэлбэрийг тусгайлан бичгээр хийхээр заасан тохиолдолд гэрээг бичгээр сунгана. Хэрэгт авагдсан баримтаар гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

4. Нэхэмжлэлээс 403,094,632 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

4.1 Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлээ ...2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын төлбөрт 312,098,048 төгрөг, алданги 90,996,584 төгрөг гэж тодорхойлсон.

4.2 Талууд 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр МSD/CW 18(40) Uni11/381 дугаартай сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээг байгуулсан. /хх.7-9/ Гэрээгээр талууд өөрийн сүлжээний хэрэглэгчдийн хэрэгцээг хангах зорилгоор нөгөө талын сүлжээтэй харилцан холболт хийх, төлбөрийг гэрээний хавсралт 4-т зааснаар сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон. Улмаар талууд 2017 оны 09 дугаар сарын 27-ны өдөр гэрээг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаагаар сунгасан. /хх 12/

4.3 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй.

4.4 Хэдийгээр гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон, талууд хугацааг бичгээр сунгаагүй боловч сүлжээ хоорондын харилцан холболтын үйл ажиллагааг зогсоогоогүй үйл баримт тогтоогдсон байна. Түүнчлэн, талууд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн тооцоо нийлсэн, мөн хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дээрх хугацааны төлбөр 235,871,025 төгрөг байгаа талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна. /хх 18-24,104/ Мөн 2021 оны 08 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарын төлбөр 76,227,023 төгрөгийг хариуцагч нь баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

4.5 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын төлбөр 312,098,048 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

4.6 Гэрээний хугацаа 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон, талууд гэрээг сунгаагүй нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан ...анзын гэрээг бичгээр хийнэ гэх шаардлагад нийцээгүй байх тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид алданги шаардах эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын төлбөр 312,098,048 төгрөгийн алданги 90,996,584 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана.

5. Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар арбитрын хэлэлцээртэйгээс бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо, салбар зөвлөл шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар уг шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

5.1 Нэхэмжлэгч нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын төлбөрийн талаарх гомдлыг Харилцаа холбооны Зохицуулах хороонд гаргасан. Уг хорооны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр ...харилцаа холболтоос үүссэн төлбөр тооцоо барагдуулахтай холбоотой асуудлаа шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэснээс /хх 116/ үзвэл нэхэмжлэгчийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ. Хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/01091 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ЦЙ ХХК-аас 312,098,048 төгрөг гаргуулан С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90,996,585 төгрөг гаргуулах, С ХХК болон ЦЙ ХХК-ийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан MSD/SW 18(40) UNI11/381 дугаартай Сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээ-г тодорхой бус хугацаагаар сунгагдсан болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж

2 дахь заалтын ...2,173,423 гэснийг ...1,718,440 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН