Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01632

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01635

 

ЦУ ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02050 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ЦУ ТӨХК

Хариуцагч: Я СӨХ-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 10,568,187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваацэцэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Баярмаа, түүний өмгөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Я СӨХ нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 10,568,187 төгрөгийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 10,568,187 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я СӨХ-өөс цахилгаан эрчим хүчний төлбөрт 4,047,302 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦУ ТӨХК-д олгох, нэхэмжлэлээс 7,847,644 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 79,707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шүүгчийн туслахад өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлсээр атал намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх, татгалзлын үндэслэлээ тайлбарлах эрхийг эдлүүлэлгүй хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой.

4.2. Тухайн орон сууцны байрны СӨХ-д дундын өмчлөлийн хөрөнгө бүртгэлгүй бөгөөд айл өрхүүд нь дундаа нэг цахилаан дулааны ерөнхий тоолууртай. Тухайн тоолуурт бичигдсэн төлбөрийг айл өрхүүд хувааж төлөх зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч нь ЦУ ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв-д өр төлбөргүй.

4.3. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаар тогтоолоор айл өрхийн болон байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохион байгуулсан. Гэтэл дээрх хугацаанд хамаарах төлбөрийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Я СӨХ нь аж ахуйн нэгжээр цахилгаан эрчим хүчээр хангуулах гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрт нийт 10,568,000 төгрөг төлөөгүй байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ЦУ ТӨХК нь хариуцагч Я СӨХ-д холбогдуулан цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 10,568,187 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт нэхэмжлэгч ЦУ ТӨХК-ийг төлөөлж Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв болон хариуцагч нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэх цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардсан. /хх 18/

4. Анхан шатны шүүх шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой эсэхэд дүгнэлт хийлгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

4.1 Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт зааснаар Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь хэсэгт зааснаар арбитрын журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь Зохицуулах хороо болон аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг хуулиар тогтоосон гэж үзнэ.

5. Иймд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

6. Давж заалдах шатны шүүх шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан материаллаг эрх зүйн болон хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/02050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ЦУ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 10,568,187 төгрөг гаргуулах тухай хариуцагч Я СӨХ-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН