Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС            

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 1838005330264 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Н-,

Шүүгдэгч Б.Н- нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархинт” гэх газар ... улсын дугаартай Тоёота Ландкрузер-80 маркийн автомашин жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож уг автомашинд зорчиж явсан Н.Б-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум орж эхнэр, хүүхдээ хадам аавын гэрээс авч гэртээ харьсан юм. Хэрэг болсон өглөө манай ангийн хэсэг залуус манай гэрт өглөөний 05 цагийн үед согтуу ирсэн. Өмнөх орой нь ангиараа уулзана гэж байсан. Бид хоёр тэр орой нь утсаа унтраагаад очоогүй юм. Тэгээд өглөө бид хоёрыг уулзсангүй гэж манайд ирж байгаа нь тэр юм. Намайг явъя гэхээр нь би тухайн үед үхрээ эвэлгэж байсан болохоор одоо явж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл та хоёр ангийнхаа хүүхдүүдэд уулзана гэж худлаа хэллээ гэж үг хаяад байсан. Тэгээд гэрт орж манай эхнэр хүүхэд хоёрыг сэрээсэн. Бид гурав хувцсаа өмсөж тэр хэдийн араас машинтайгаа дагаж явсан. Тэгээд зуун салаа модон дээр очиж пиво уусан. Би тэр пивоноос нь уугаагүй. Тэгээд гол орсон. Гол дээр 0.75 граммын ерөөл нэртэй архи нэг мөн хэдэн пиво ууцгаасан. Би орой нь эхнэр хүүхэдтэйгээ Мөрөнгийн төв орох гэж байсан болохоор өгсөн архийг нь уугаагүй асгаж байсан. Манай ангийн хүүхдүүд шөнөжин уусан байсан болохоор намайг ууж байсан гэж бодсон байх. Тэгээд өдрийн 13 цагийн үед бид нар тарж харих гэж буцаж яваад замын ховилд цохиулж машин унасан. Машин унасны дараа эхнэр бид хоёр зүгээр байсан. Тэгээд хүүхдээ хартал машин дор дарагдсан байдалтай байсан. Тэгээд би хүүхдээ алчихлаа гэж уйлаад машинаа өргөх гэтэл даахгүй байсан. Тэгээд хүмүүс ирж машиныг өргөж хүүг маань гаргаж авсан. Эхнэр маань хүүхдээ авч мотоциклийн ардуур сууж түрүүлээд явсан. Би аавдаа өгөх гэж нэг шил 0.75 граммын архи авсан байсан. Тэр архи машины гадаа шидэгдэж гарсан байсан. Тэгээд хүүхдээ би алчихлаа би өөрөө үхэхгүй яаваа гээд тэр архинаас хоёр балгасан. Би ангийн хүүхдүүдтэй уулзаж байхад уугаагүй. Осол болсны дараа архи уусан юм гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 7 дугаар сарын 13-ний өглөө Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3 дугаар багийн нутагт Б.Н- бид хоёр гэртээ үнээгээ сааж байхад өглөөний 05 цаг болж байхад Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Б.Н- “бид хоёртой нэг ангид хамт сурч байсан хүүхдүүд ирж бид хоёрыг зугтаалаа, утсаа унтрааж алга болчихлоо” гэх зэргээр үг хаяж одоо авч явна гээд салахгүй хүлээсээр байсан бөгөөд хүүхэд харах хүнгүй гэхэд наад хүүхдээ сэрээгээд аваад яв гээд унтаж байсан хүүхдийг маань сэрээчихсэн байсан. Би хүүхдээ хувцаслаад Б.Н- малынхаа ажлыг дуусгаад орж ирэхэд хамт явахаар болж бид машин асаагаад тэднийг дагаад явсан. Бид нар төв орох замдаа Зуун салаа модны тэнд зогсож пиво ууцгаасан. Энэ үед бид хоёрыг пиво уу гээд байсан. Б.Н- нь пивыг нь тойруулж дуусгасан. Цаана Үүрийн гол дээр уусан архи, пивыг ч гэсэн тойруулаад дууссан. Б.Н- нь машин барьж яваа гээд уугаагүй юм. Тэгээд бид хоёр гэртээ харих замдаа урд яваа мотоциклийг гүйцэд түрүүлэхдээ замын ховилд цохигдон осол болж машин унахад тэвэрч явсан хүүхэд минь машин дор дарагдсан байхад нь бид хоёр маш их айж, уйлж замд явсан хүмүүсээс тусламж гуйсан. Тэр аймшигт цаг үеэс өнөөдрийг хүртэл би шокноос гарч чадахгүй байна. Өмнө нь ямар мэдүүлэг өгснөө сайн мэдэхгүй байна. Унасан машинаа хүмүүстэй хамжиж босгоод доороос нь хүүхдээ авахад толгой нь хавтайсан байсан. Тэгээд л нөхөр маань би хүүхдээ алчихлаа, үхнэ гээд гээд гүйх гээд байсан. Тэгэхэд нь би арай гэж торгоосон. Тэгэхэд Б.Н- нь тайвширч чадахгүй баяраар аавдаа өгнө гээд авч байсан 0.5 грамм архи машинаас шидэгдээд уначихсан байхад нь нөхөр маань аваад шууд уусан. Тэгээд бид хоёр мотоцикльтой хүнээр эмнэлэгт хүргүүлсэн. Бид халуун ам бүлээрээ явж байгаад өөрийн нялх үрээ өөрийн гар дээр амьсгал хураахыг харж, одоо нүдэн дээрээ нөхрөө шоронд орохыг харж чадахгүй. Нөхөр маань тухайн үед архи уугаагүй. Осол болсны дараа сэтгэл санаа нь цочирдсоны улмаас архи балгасан байсан. Бид залуу насандаа болгоомжгүйгээр алдаа хийснийг харж үзэн нөхөрт маань хорихоос өөр төрлийн ял оногдуулж бидний цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломж олгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-гийн мөрдөн шалгахажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07 сарын 13-ны өдөр би гэртээ нөхөр хүүхдийнхээ хамт унтаж байтал 05 цаг өнгөрч байхад нөхрийн ангийн хүүхдүүд болох Г.Б- эхнэртэйгээ, Х.Ц- эхнэртэйгээ, Тулга, Нямка нар согтуу ирцгээсэн. Тэд нар согтуу орж ирээд: Та нар ангийнхан нийлж байхад ирсэнгүй, утсаа унтраалаа гээд байсан. Тэгээд Үүрийн голын эрэг явах болоод нөхөр бид хоёр босоод хүүхдээ сэрээгээд хувцаслаад нөхөр маань машинаа унаад бид нар Үүрийн голын эрэг дээр ирсэн. Голын эрэг явж байх замдаа 100 салаа модны тэнд зогсоод хоёр сав пиво уугаад хөдөлсөн. Тэд нарын архи пиво дуусахад нь би нөхөртөө одоо явъя гэсээр байгаад хөдлөхөөр болсон. Нөхөр маань машинаа унаад сумын төвд орж ирээд хамт явсан хүмүүсээ буулгаад бид гурав гэр рүүгээ хөдөлсөн. Хөдлөөд явахад манай нөхөр их хурдтай яваад байхаар нь би: Чи битгий ингэж давхиад бай, хурдан явж ирэв үү гэж асуудаггүй биз дээ гэсэн чинь нөхөр маань зүгээр зүгээр гээд давхиад явсан. Тэгж байгаад нэг үхэр дайрчих шахаад зогсохоор нь би: Чи битгий давхиад бай гэж хэлсэн. Тэгээд цаашаа яваад сумын төвөөс дөнгөж гараад явж байтал бид нарын урд нэг мотоцикль явж байхад нь гүйцэж түрүүлэх гээд их хурдтай тойроод гарах шиг болсноо, аймаар шарваад машин өнхөрсөн. Би машин дотроос гараад ирэхэд хүү минь машин доор толгойгоороо даруулсан байсан. Машин унасны дараа бид нарын урд явсан мотоцикльтой хүн зогсоод бид нар хүүхдээ машин доороос аваад шууд эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээрээ байж байтал 15 цаг 01 минутанд эмнэлгийн хойд хаалган дээр хүүхэд тэвэрсэн хүн ирээд авраарай эгчээ гээд орилохоор нь би гүйгээд очсон чинь ухаангүй толгойн хэлбэр алдагдсан хүүхэд байсан. Тэгэхээр нь би өрөөнд оруулж ирээд үзэхэд амин үзүүлэлтүүд байхгүй, амнаас нь цус гарч байсан. Би амьсгалыг нь чөлөөлөөд, яаралтай эмчилгээ хийсэн ч хүүхэд ухаан ороогүй. Хүүхдийг анх хүлээн авахад хүүхэн хараа 2 талд өргөссөн, гар хөл мэдээгүй сул, хөрөлт эхэлсэн байсан. ..Би аав ээж хоёроос нь яасан гээд асуухад ээж нь надад: Машинтай явсан, нэлээд хурдтай явж байсан гэж ярьсан өөр юм яриагүй, уйлаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед манай сумын төвд бүжиг зохиогдсон юм. Тэр бүжгэн дээр манай ангийнхан болох Х.Ц-, түүний эхнэр, Б.Н-, Т.Ц-, манай эхнэр бид нар байсан. Бид нар бүжиг тараад Үүрийн голын зах руу явахаар болоод ангийн хүүхэд Б.Н-гийн гэрт нь очсон. Гэрт нь очоод Б.Н-г эхнэр хүүхдүүдтэй нь аваад Үүрийн гол руу явсан. Үүрийн гол руу явахад би машинтайгаа, Б.Н- машинтай явсан. Бид нарыг Үүрийн голын захад очиход 09 цаг болж байсан. Бид нар голын эрэг дээр нэг шил 0,75 литрийн ерөөл архи, 2 том савтай пиво хувааж уусан. Бид нар голын эрэг дээр байж байгаад 13 цаг өнгөрч сумын төв рүү орж ирсэн. Сумын төвд орж ирээд тарахаар болоод эхнэр бид хоёр гэрийнхээ гадаа очиж машинаа үлдээчхээд хадам аавын гэрийн гадаа хүргүүлээд үлдсэн. Б.Н- эхнэр хүүхэдтэйгээ хамт өөрийнхөө машиныг унаад Х.Ц-ыг эхнэрийнх нь хамт гэрт нь хүргэж өгчхөөд 3 дугаар баг хороолол гэдэг газар байдаг гэрлүүгээ явна гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Х.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 12-ны орой манай суманд баярын бүжиг болсон юм. Би тэр бүжгэн дээр эхнэр Өсөхөөгийн хамт очоод байж байхад манай сургуулийн ангийнхан болох Г.Б-, эхнэр Буянзаяа, Тулга нар байсан. Бид нар бүжиг тараад үүрийн голын зах руу явахаар болоод 07 цаг өнгөрч байхад Г.Б-ын машинтай Б.Н-гийн гэрт нь очсон. Гэрт нь очоод Б.Н-г эхнэр хүүхэдтэй нь аваад, Б.Н- өөрийнхөө машиныг унаад Үүрийн гол руу явсан. Бид нар Үүрийн голын захад очиход 09 цаг болж байсан. Бид нар голын эрэг дээр нэг шил 0,75 литрийн ерөөл архи, 2-3 том савтай пиво хувааж уусан. Бид нар голын эрэг дээр ярьж хөөрч сууж байгаад 13 цаг өнгөрч сумын төв рүү орж ирсэн. Сумын төвд орж ирээд тарахаар болоод Г.Б- гэрийнхээ гадаа очиж машинаа үлдээчхээд эхнэртэйгээ хамт хадам аавынхаа гэрийн гадаа хүргүүлээд үлдсэн. Дараа нь Б.Н- машинаараа эхнэр бид хоёрыг гэрийн гадаа буулгаж өгөөд 3 дугаар баг хороолол гэдэг газар байдаг гэр рүүгээ явна гээд явсан. Би эхнэртэйгээ гэртээ үлдсэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 14-ний өглөө Б.Н-г осолд орсон гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Гэрч В.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Биэхнэрийнхээ хамт Чандмань-Өндөрийн Булнайн рашаан руу хэд хоногоор явсан, бид хоёрыг явсны дараа манай охин маань хүүхэдтэйгээ манайд үлдсэн байсан. Эхнэр бид хоёр яваад 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирсэн. Тэгэхэд Б.Н- Мөрөнгөөс буцаж яваа гээд манай гэрт ирсэн байсан. Тэр гурав байж байгаад тэр оройдоо явна гээд миний өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Ланд-80 маркийн машиныг аваад явсан ч тэр оройдоо бороотой байсан болохоор буцаад ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Цагаан-Үүр явна гээд гарцгаасан. Тэр оройгоо охин маань Цагаан-Үүрт ирсэн байна гэж ярьсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед осол болсон талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/, Гэрч В.Өнөрбатыг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07 сарын 13-ны өдөр 15-16 цагийн хооронд би ээжийнхээ хамт сумын төвөөс гэртээ харихаар өөрийнхөө мотоциклиор явсан. Намайг сумын төвөөс гарах гээд явж байхад яриа мод гэдэг модны тэнд хар ногоон өнгийн Ланд-80 маркийн машин намайг гүйцэж түрүүлээд гарсан. Тэгээд барагцаагаар 10 орчим минутын дараа 100 салаа модны тэнд нөгөө намайг гүйцэж түрүүлээд гарсан машин замын хойд тал руу унасан байхаар нь очсон чинь Б.Н- эхнэртэйгээ машинаас гараад ирсэн уйлаад хашхираад байсан, би тэр үйл явдлыг хараад өөрөө шоконд орчихсон. Одоо санахад талийгаач хүүхэд машин доор даруулсан байдалтай харагдаж байсан. Би Б.Н-тэй хамжиж машиныг өргөөд хүүхдийг аваад шууд ээжийг нь хүүхэдтэй нь аваад мотоциклоороо сумын төв рүү буцаж ороод эмнэлэг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/

Гэрч Н.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Наранцэцэгийн хамт үдээс хойш 14 цагийн үед байх Улаан эрэг гэдэг газар руу жимсэнд өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикльтой сумын төвөөс гараад дунд дөрөлж уруудаад явж байхад араас машин ирж яваа чимээ гарсан тэгсэн чинь манай эхнэр хойноос машин ирж байна замаа чөлөөлөөд зогсчих гэхээр нь замаа чөлөөлөөд замаас гараад зогсох гэж байхад ард машин унаад өнхрөөд явчихсан юм. Тэгээд бид хоёр юу болов гээд яваад очиход Ланд-80 маркийн хар ногоон өнгийн машин уначихсан дотроос нь Б.Н- тэгээд нэг хүүхэн гараад ирчихсэн уйлаад орилоод машин доор хүүхэд байгаа гээд орилоод байсан тухайн үед хүүхэд нь машин доор даруулчихсан ховил дотор байсан тэгээд Өнөрбат заан араас ээжийн хамт мотоцикльтой ирээд бид нар нийлж машин өргөөд хүүхдийг гаргаж аваад Өнөрбат заан мотоцикльтой эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

гэрч С.Б-, Э.Н- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг/хх-ийн 44, 46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 96 дугаартай “1. Н.Б-ын биед дух, баруун зүүн ухархайн дээд хана, титэм, суман, баруун талын лямбада заадал салсан, гавлын суурь хүрсэн хамар ясны хугарал, баруун зулай, дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, духны баруун хэсэг, зүүн духны хэсэг, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун шанаад, зүүн духны гадна дунд хэсэгт, дээд хэсэгт, хамрын нуруунд, дээд уруулын дээд хэсэгт, эрүүний ооч хэсэгт, баруун мөрний дээд хэсэгт, хэвлийн баруун хэсэгт, дунд хэсэгт, доод хэсэгт, баруун ташаанд, зүүн ташааны гадна дээд хэсэгт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дунд хэсэгт, зүүн өвдөгөнд, баруун өвдөгөнд, баруун шилбэний гадна дунд хэсэгт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт, нурууны гол доод хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...7. Дух, баруун зүүн ухархайн дээд хана, титэм, суман, баруун талын лямбада заадал салсан, гавлын суурь хүрсэн хамар ясны хугарал, баруун зулай, дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцралын улмаас нас барсан байна” гэх дүгнэлтүүд /хх-ийн 50-54-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаартай “5.Хөвсгөл аймгийн ЦагаанҮүр сумын 3-р баг нутагт 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Тоёота Ландкрузер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв. Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р зүйлийн 2.7А-д “Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэгслэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэв” гэх дүгнэлт /хх-ийн 58-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэнтэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14 дүгээр хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, Цагаан-Үүр сумын Дархинт багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ 85-92 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дархинт” гэх газар ... улсын дугаартай Тоёота Ландкрузер-80 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, уг автомашинд зорчиж явсан Н.Б-ын амь насыг хохироосон гэм буруутай болгоомжгүй үйлдэл гаргасан байна.

Энэ үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Харин шүүгдэгч Б.Н- шүүх хуралдаанд: “Тэгээд өдрийн 13 цагийн үед бид нар тарж харих гэж буцаж яваад замын ховилд цохиулж машин унасан. Машин унасны дараа эхнэр бид хоёр зүгээр байсан. Тэгээд хүүхдээ хартал машин дор дарагдсан байдалтай байсан. Тэгээд би хүүхдээ алчихлаа гэж уйлаад машинаа өргөх гэтэл даахгүй байсан. Тэгээд хүмүүс ирж машиныг өргөж хүүг маань гаргаж авсан. Эхнэр маань хүүхдээ авч мотоциклийн ардуур сууж түрүүлээд явсан. Би аавдаа өгөх гэж нэг шил 0.75 граммын архи авсан байсан. Тэр архи машины гадаа шидэгдэж гарсан байсан. Тэгээд хүүхдээ би алчихлаа би өөрөө үхэхгүй яаваа гээд тэр архинаас хоёр балгасан. Би ангийн хүүхдүүдтэй уулзаж байхад уугаагүй. Осол болсны дараа архи уусан юм” гэх мэдүүлэг, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц- шүүх хуралдаанд: “Унасан машинаа хүмүүстэй хамжиж босгоод доороос нь хүүхдээ авахад толгой нь хавтайсан байсан. Тэгээд л нөхөр маань би хүүхдээ алчихлаа, үхнэ гээд гээд гүйх гээд байсан. Тэгэхэд нь би арай гэж торгоосон. Тэгэхэд Б.Н- нь тайвширч чадахгүй баяраар аавдаа өгнө гээд авч байсан 0.5 грамм архи машинаас шидэгдээд уначихсан байхад нь нөхөр маань аваад шууд уусан. Тэгээд бид хоёр мотоцикльтой хүнээр эмнэлэгт хүргүүлсэн. Бид халуун ам бүлээрээ явж байгаад өөрийн нялх үрээ өөрийн гар дээр амьсгал хураахыг харж, одоо нүдэн дээрээ нөхрөө шоронд орохыг харж чадахгүй. Нөхөр маань тухайн үед архи уугаагүй. Осол болсны дараа сэтгэл санаа нь цочирдсоны улмаас архи балгасан байсан” гэж мэдүүлж байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд шүүгдэгч Б.Н-г согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Хэрэгт авагдсан 2018.07.24-ний өдрийн 40 дугаартай химийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг /хх62 дугаар хуудас/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэрэгт хамааралтай нотлох баримтад тооцоогүй болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн дээрх болгоомжгүй үйлдэл, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Н-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, мал маллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц- хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1838005330264 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаархураагдсан ирсэн Б.Н-гийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Б.Н-г автотээврийнхэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг / жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахьхэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

5. Эрүүгийн 1838005330264 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Н-гийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.ЭРДЭНЭ-ОЧИР