Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/53

 

        А.О******* д холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Д******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Т.Солонго /цахим/

Шүүгдэгч А.О*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор А.О*******д холбогдох эрүүгийн 2633000000001 дугаартай, 150/2026/0031/Э/208/2026/0035 индекстэй, 1 хавтас хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчинг илтгэснээр хянан хэлэлцэв.

Х******* овогт А******* О*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжилтэй, Ш******* ХХК-д тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн ******* сумын * дугаар баг **-р байрны ** тоотод оршин суух, урьд

-Д******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:ТГ88103003)

Шүүгдэгч А.О******* нь 2025 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсаны улмаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирж, уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч нь шүүгдэгч А.О******* ыг Сэлэнгэ аймаг ******* сум 1 дүгээр багт байрлах Цагдаагийн хэлтсийн байранд авчирч хувийн байдал, согтолтын зэргийг шалгаж саатуулах явцад цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлагч Ц.А******* албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэн эрх чөлөөнд нь халдаж хүзүүнд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас: А.О******* ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхээс:

Х******* овогт А******* О******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О*******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрх хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүсчлэлээс гадагш гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт авагдсан 1 ширхэг CD-ийг хэргийн хамт хадгалж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.О******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд:

“...миний бие нөхөр 4 хүүхэд ээжийн хамт ******* сумын 2 дугаар баг 15-1-14 тоотод оршин суудаг. Нөхөр Н******* нь Ө 14/14 ресторын ажилд явж ажилладаг. А.О******* миний бие 2-19 хүртэл насны дөрвөн хүүхэдтэй, бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг, мөн эрүүл мэндийн хувьд Сахарын 2-р хэлбэрийн өвчтэй аймгийн эмчид байнга үзүүлж эмчилгээ зөвлөгөө авдаг. 3 настай бага хүүхэд маань бөөрний эмгэгтэй гэдэг нь тогтоогдож эмчилгээ хийлгэх шаардлага гарсан. Одоо дараагийн шатлалын эмнэлэгт эмчлүүлэхээр болсон тул зарчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд хүндрэл учраад байгаа. Өндөр настай ээж маань даралт, хөлний өвчтэй миний асаргаанд байдаг юм. Миний бие нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна аа. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Хохирогч А аас уучлалт гуйж хохирлыг нөхөн төлсөн бөгөөд ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаангүй. Хохирогчоос уучлалт гуйж учруулсан хохирлоо бүрэн арилгасан. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн байгаа.  Шүүхээс 38 дугаартай  шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Үүнийг анхан шатны шүүхээс хүлээн зөвшөөрч байгаа.

Үйлчлүүлэгчийн маань бага насны хүүхэд нь эрт илэрүүлгээр бөөрний хүнд хэлбэрийн өвчлөлттэй түүнээс болж хордлого орсон онош илэрсэн. Цаашид Улаанбаатар хот руу Эх нялхсын үндэсний төвд эмчилгээ хийлгэхээр байгаа. Нөхрийн хувьд 14/14 хоногийн ээлжээр Ө ажилладаг зэрэг байдлыг нь харгалзан үзэж оногдуулсан ялыг өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор Т.Солонго шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хуулийн шаардлага хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.О******* д холбогдох эрүүгийн 2633000000001 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.О******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Шүүгдэгч А.О******* нь 2025 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдсаны улмаас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирж, уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч А.О******* ыг Сэлэнгэ аймаг ******* сум 1 дүгээр багт байрлах Цагдаагийн хэлтсийн байранд авчирч хувийн байдал, согтолтын зэргийг шалгаж саатуулах явцад цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлагч Ц.А ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан шаардлагыг эсэргүүцэн эрх чөлөөнд нь халдаж хүзүүнд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүс хоорогдоо маргалдасан тухай дуудлага хүлээн авсан.... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөрийн үйлдлийг хянах чадваргүй А.О******* гэгч эмэгтэй ******* бааранд 2 хүнтэй хэрүүл маргаан үүсгэж танхайрч улмаар биед нь халдсан байсан тул хохирогч нарын хамт Цагдаагийн хэлтэст ирсэн ... дахин хоорондоо маргаа хэрүүл маргаан үүсгээд байсан ... согтуурал хэмжих багажийг шидэж өөдөөс шаардлага эсэргүүцээд хэл амаар доромжилж нүүр лүү цохиод араас өшиглөөд зууралдаад хоолой маажаад өмсөж явсан футболкны зах урчихсан...” гэх мэдүүлэг,  

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...03 цаг 30 минутын орчим ... ******* зоогийн газарт хүмүүс муудалцаад байна гэсний дагуу ... цагдаагийн ахлагч Б.Г хамт очсон” ...О******* нь гэдэг хүний  нүүрийг маажсан байхаар нь Цагаагийн хэлтэс дээр согтуурлыг нь хэмжиж зөрчлийн бүртгэл хийх үед эхлээд Ойдов, О нарын согтурлыг хэмжээд явуулчихаад цагдаагийн ахлагч Ц.А .... О******* ын согтолтыг драгерь багажаар шалгах гэхэд эсэргүүцээд босоод ирэхэд нь сандалд суулгасан. Гэтэл О******* босож ирээд өмсөж явсан курткээрээ эхлээд нүүр хэсэг рүү нь цохиод араас нь зууралдаад өмсөж явсан цагдаагийн алба хаагчийн богино ханцуйтай цамцны захыг урж хүзүүг маажиж хэд хэдэн удаа цохисон мөн ар өгзөг хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн ... тэр хавиар орилж хашгираад цагдаагийн алба хааг нарыг хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О******* нь А ыг согтуурал хэмжих драгерь багаж барьж байсан газар руу нь гараараа цохиж согтуурал хэмжих багажийг унагаасан. Энэ үед н.А яагаад цагдаагийн байгууллагын эд хогшил эвдэж сүйтгэх гээд байна үүн дээ хариуцлага хүлээдэг талаар сануулахад А.О******* нь Ц.А ын шаардлагыг эсэргүүцээд босоод ирэхэд Ц.А А.О******* ыг сандал дээр сууж бай гээд 2 удаа биеийн хүч хэрэглэж суулгасан. Гэтэл А.О******* босож ирээд Ц.А ын нүүр хэсэг рүү нь цохиод араас нь зууралдаад өмсөж явсан цагдаагийн алба хаагчийн богино ханцуйтай цамцны захыг урж хүзүүг маажиж хэд хэдэн удаа цохисон мөн ар өгзөг хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Д******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ДАР0726/21 дугаартай “... Ц.А ын биед хзүүнд шарх, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт,

Д******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “ ... шинжилгээнд  ирүүлсэн  цагдаагийн алба хаагчийн дотор хүрэм буюукитель өмд зэрэгт яман нэг гэмтэлүүсээгүй байна. Мөн ирүүлсэн цагдаагийн поло захтай футболканд урагдалт цоорол үүссэн байна... Уг урагдал цооролт нь татаж, чангаах зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байна...” гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.О******* д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О******* д гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

6.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

7.Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.О******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлүүдээс уг ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

8.Шүүгдэгч А.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж учруулсан хохирол төлбөрөө төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэсэн нөхцөл байдал болон шүүгдэгч нь бага насны 4 хүүхэдтэй, бага хүүхэд нь хүнд өвчний улмаас хоёрдугаар шатлалын эмнэлэгт буюу Улаанбаатар хотод тодорхой хугацаагаар  хэвтэж эмчлүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа зэрэг  шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйл хэсэгт заасан торгох ял болгон өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

9.Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангаж  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О******* ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О******* д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 3,150,000 төгрөгөөр тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

            

 

                            

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                               ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                     

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН