Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01633

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01636

 

Ш.Иийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/01955 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ш.И

Хариуцагч: ЭНэд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч ЭН, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ш.И нь ЭНийн хүсэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь хүү болон үндсэн зээлээ төлөөгүй. Иймд ЭНээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь миний үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохиролцсон ба худалдахад зураг төсөл хэрэгтэй гэсэн. Миний бие түүнд ...чи өөрөө зураг төслийн зардлаа гаргачих, зарагдсаны дараа шагнал өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь зураг гаргахад 4,000,000 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэхэд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийн зардал гарсан тул надаар 5,000,000 төгрөг авсан талаар баримтад гарын үсэг зуруулаад, дараа нь зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Нэхэмжлэгч нь зураг төсөл хийж өгөөгүй, би түүнээс 5,000,000 төгрөг зээлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ЭНээс 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ит олгож, нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие Ш.Иаас 5,000,000 төгрөг зээлж аваагүй. Нэхэмжлэгч нь миний барьсан барилгыг зарж өгнө, үүний тулд барилгын зураг зуруулж, хөрсний шинжилгээ хийлгэж өгнө гээд урьдчилгаанд 5,000,000 төгрөг авсан талаар баримтад гарын үсэг зуруулсан.

4.2 Шүүх намайг Ш.Иаас барилгын зураг, хөрсний шинжилгээ хийлгэж өгсөн эсэхийг шалгаагүй. Ш.И надад бэлэн болон шилжүүлж мөнгө өгсөн баримт байхгүй. Учир нь угаасаа надад мөнгө өгөөгүй тул баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөнгийг хүлээж авсан гэж гарын үсэг зурсан. Уг хугацаанд Ш.И нь ЭНээс 5,000,000 төгрөгийг хугацаандаа авч чадаагүй тул талууд тохиролцож 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ нөхөн байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Хэрэв ЭН 5,000,000 төгрөгийг аваагүй бол зээлийн гэрээг байгуулахгүй, нотариатаар батлуулахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.И нь хариуцагч ЭНэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,500,000 төгрөг, нийт 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ш.Иаас барилгын зураг урьдчилгаанд 4,000,000 төгрөг, хөрсний шинжилгээнд 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг авсан нь үнэн болно гэж баталгаа үйлдсэн болох нь тогтоогдсон байна. /хх 3/

4. Улмаар талууд дээрх баталгааг үндэслэж 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1966 дугаартай зээлийн гэрээ нөхөн байгуулсан. Гэрээнд нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр заажээ. /хх 4/

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийг мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан өгснөө тус тус нотлох үүрэгтэй.

6. Нэхэмжлэгч нь зээл 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн баталгаа гэх баримт болон зээлийн гэрээгээр нотлогдож байхаас гадна анхан шатны шүүх уг баримтад дурдсан агуулгыг зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн гэж зөв тодорхойлсон байна.

7. Харин хариуцагч нь зээлийг буцаан өгснөө болон уг 5,000,000 төгрөгийг барилгын зургийн урьдчилгаа, хөрсний шинжилгээний төлбөрт зориулж үйлдсэн гэх татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд дээрх баримтыг үндэслэн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8. Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1966 дугаартай гэрээний дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээний дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, талууд уг гэрээг нөхөн үйлдсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүгийн төлбөр шаардах эрхгүй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2022/01955 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН