Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А-ад холбогдох эрүүгийн 1838006600327 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.А-,

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Сүүж баян гэх газар байрлах Нүүрстэй уурхайн газрын харуул А.Ж-тай уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газраар нэвтэрлээ гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц.А- нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Сүүж баян гэх газар байрлах Нүүрстэй уурхайн газрын харуул А.Ж-тай уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газраар нэвтэрлээ гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “… 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагийг сайн санахгүй байна. Би малдаа явж байсан юм. Малын бэлчээрээс хонио эргүүлээд харуултай нь уулзаад зогсож байтал Харуулын дарга гэх залуу ирсэн. Тэгснээ намайг “чи юун гадны хүн бэ? Яв” гэхээр нь “би нутагтаа байна” гэсэн чинь тэр эрэгтэй намайг “зайл” гэхээр нь “чи өөрөө зайл гэж хэлсэн.Тэгсэн чинь гараа атгаж давхиж ирснээ намайг мотоцикль дээр сууж байхад мотоциклыг түлхэж унагасан.Тэгээд бид хоёр цуг Цагаан толгойн ард очсон чинь “чи миний ажлыг заадаг хэн бэ?” гэж барьж авахаар нь би биеэ хамгаалж түлхсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн үед би ажил дээрээ харуул хамгаалалтынхаа ажлыг хийгээд байж байхад уурхайн нэгдүгээр постны харуул Батбаатар намайг хүрээд ирээч гэж утсаар дуудсан. Намайг очиход Ц.А- гэх залуу ирчихсэн байсан. Тэгэхээр нь энд уурхайн ажил явагдаж байна. Энүүгээр явах боломжгүй тойроод явчих гэхэд “чи тэгвэл бензинийг нь өгчих, хаана ирчхээд миний нутгаас намайг хөөгөөд байгаа юм бэ гэж ... маргалдаад Ц.А- гэх залуу би чамайг ална, хараана гэж хэлчхээд мотоциклио унаад яваад өгсөн... би уурхайн кемп рүү явж байхад Ц.А- гэх залуу гараараа даллаад байхаар зогсоод машинаасаа буугаад яасан бэ гэхэд юу ч хэлэлгүй миний толгой руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... тухайн орой намайг харуулын ээлжнээс бугаад кемп дээр ирэх үед А.Ж- дарга: Ц.А- миний нүүр лүү цохисон. Би Мөрөн явж цагдаад мэдэгдээд эмнэлэгт үзчихээд ирлээ гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 417 дугаартай: 1. А.Ж-ын биед үүдэн баруун 1 дүгээр шүд хөдөлгөөнтэй, доод уруулын дотор салстад шарх, хажуу хэсэгт цус хуралд бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хугацаанд үүссэн байна. 3. А.Ж-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.Ц.А- нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Сүүж баян гэх газар байрлах Нүүрстэй уурхайн газрын харуул А.Ж-тай уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа газраар нэвтэрлээ гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч маргахгүй байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч А.Ж-, гэрч Ч.Б- нарын мэдүүлэг, хохирогчийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц.А-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Д.Ц.А-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч А.Ж- нь шүүгдэгч Д.Ц.А-ад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1838006600327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13- т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.А-ид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838006600327 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц.А-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.ЭРДЭНЭ-ОЧИР