Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01504

 

 

 

 

 

 

2022.08.15 Дугаар 210/МА2022/01504 Улаанбаатар хот

 

Х.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/01874 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Н-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.М-, Э- с- ХХК нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч С.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

 

1.1. С.М-аас ажлын хөлсний үлдэгдэл 31,500,000 төгрөгийг гаргуулна.

С.М- Э- с- ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, харилцан тохиролцож, Т- ХХК-ийн нийт 3 ус зайлуулах хоолой хийх ажил авсан байсан. Дээрх ажлын нийт үнэлгээ нь 106,000,000 төгрөг байсан.

Тухайн ажлыг бүрэн хийж гүйцэтгээд хөлсөө авах байсан боловч тухайн ажилд ямар ч оролцоо байхгүй зуучлагч этгээд С.М- нь бүх ажлын хөлсийг өөрийн дансанд шилжүүлэн авсан. С.М- нь ажлын хөлснөөс нэг ч төгрөг авах үндэслэл байхгүй. Бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд намайг ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулая гэхэд С.М- одоо бичиг цаас байхгүй байна, хот ороод гэрээгээ хийнэ гэдэг байсан. Гүүр хоолойн ажлыг 2020 оны 07 дугаар сард хийж дуусгасан. Ажлын хөлсний үлдэгдэл мөнгийг авъя гэхэд 7 хоногийн дараа мөнгө орж ирэхээр өгье, одоо боломжгүй байна гэж хойшлуулсаар өдийг хүргэлээ.

Э- с- ХХК-д 3 ус зайлуулах хоолойн ажил хийж өгсөн. 1 дэх хоолойн 44,625,000 төгрөг, 2 дахь хоолойн 46,500,000 төгрөг, 3 дахь хоолойн 14,875,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын үнэлгээнээс 1 дэх хоолойг хийсэн 13,125,000 төгрөг, 2 дахь ус зайлуулах хоолойг хийсэн урьдчилгаанд приус-20 маркын автомашин авсан.

 

2.    Хариуцагч С.М-ын тайлбар, татгалзлын агуулга

Э- с- ХХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажлаас Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт байрлах хэсэгт 6 ширхэг ус зайлуулах хоолойн ажил хийхээр тохиролцсон. 2 бригадтай тохиролцож, 3, 3 ширхэг хоолой хийлгэхээр болсон. Үүнээс Х.Н-т 3 ширхэг хоолойн ажлын урьдчилгаа төлбөрт 21,525,000 төгрөг өгч ажлаа эхлүүлсэн. 3 хоолойн ажлаас Х.Н- нь нийт ажлын 20 хүрэхгүй хувийг гүйцэтгээд ажилчдаа бүгдийг явуулаад Х.Н- нь хэсэг хугацааны дараа өөрөө ажлын талбайг орхисон.

Тухайн ажлын 80 хувь илүүтэй ажлын гүйцэтгэлийг өөр бригад оруулж 100 хувь гүйцэтгэж дуусган захиалагч талд хүлээлгэн өгсөн. Х.Н-т одоо өгөх тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.    Хариуцагч Э- с- ХХК-ийн тайлбарын агуулга: ,

Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй учраас ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч тал манайд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байх тул татгалзлыг баталж өгнө үү.

 

4.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай, 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг Ванхүү ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Ванхүү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй.

3 ширхэг хоолойн ажил хэдэн төгрөгөөр үнэлэгдэх, ямар үр дүнтэй, хэрхэн хүлээж авсан талаар тодруулж, дүгнэлт хийлгүй, ажлын онцлогийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийэ дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан.

Дутуу гүйцэттэсэн ажлыг С.М-аар гүйцэтгүүлж дуусгасан, тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн боловч уг тайлбарыг шалгаагүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Талууд 3 ширхэг хоолойн ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр ажлын хөлсийг олгохоор тохиролцсон, бичгээр гэрээ байгуулаагүй,

Дутуу гүйцэтгэсэн ажлыг С.М-аар гүйцэтгүүлсэн, тэгээд ч гүйцэтгээгүй ажлын урьдчилгаа төлбөрийг өгсөн байхад Х.Н- нь өөрийн бригадын 8 ажилтанд ажил эхлэхээс өмнө хүн бүрт 500,000 төгрөг өгсөнөөс өөр ажлын хөлс огт олгоогүй.

Ажлын хөлсийг өөрөө авсан байгаагаас үзэхэд Х.Н- нь өөрийн буруугаас ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй болох нь харагдана.

Гэтэл шүүх С.М- нь ажлын хөлс олгоогүйгээс болж Х.Н- ажил гүйцэтгэх боломжгүй болсон мэтээр дүгнэсэн нь учир зүйн холбогдолгүй алдаатай шийдвэр гаргасан.

Дээрх нөхцөл байдал нь Х.Н-ын хүсэлтээр гэрчээр оролцсон хүмүүсийн мэдүүлгээс тодорхой харагддаг бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрээс болж Х.Н- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж нөхцөл бүрдсэн. Мөн С.М- нь бусдын гүйцэтгээгүй ажлын хөлсийг үндэслэлгүйгээр төлж хохироход хүрээд байна.

3 ширхэг хоолойн ажлыг гүйцэтгэх бараа, материалыг захиалагч талаас бүрэн хангасан бөгөөд гүйцэтгэгч нь захиалагчаас хангасан материалаар ажил гүйцэтгэсэн тул ажил гүйцэтгэхэд саад болох ямар ч нөхцөл үүсээгүй юм.

Х.Н- нь өөрийн бригадын хүмүүсийн аюулгүй ажиллагаа, хангамж, үйлчилгээ, ажлын хөлс төлөх зэрэг тохиролцооны дагуу үүрэг хүлээх ёстой бөгөөд тухайн хүмүүс нь С.М-тай хэлцэл хийгээгүй учраас ажлын хөлсийг Х.Н-аас авах учиртай атал тэдгээр хүмүүст ажлын хөлсийг нь огт төлөөгүйн улмаас ажлаа орхиж явсан нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагдаж байхад анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийсэнгүй.

Мөн шүүх нотлох баримтаар нотлогдоогүй үйл баримтад дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Х.Н- нь хариуцагч С.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хаиуцагч ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж маргажээ.

 

2. Хэрэгт талууд дараах үйл баримтын хувьд маргаангүй байна. Үүнд:

2.а. Э-т суварга ХХК-ийн 3 гүүр хоолойн ажил гүйцэтгэх гэрээг С.М-тай байгуулсан, С.М- уг ажлыг гүйцэтгүүлэхээр Х.Н-тай тохиролцсон, Х.Н- тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн тухайд талууд маргахгүй байна.

2.б. С.М-аас ажлын хөлсөнд 34,025,000 төгрөг авсан болохоо нэхэмжлэгч Х.Н- хүлээн зөвшөөрсөн.

2.в. Ажлын гүйцэтгэлийг С.М- нь Э-т суварга ХХК-д хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд уг тайлбарыг Э-т суварга ХХК үгүйсгээгүй байна.

2.г. Х.Н-ын гэрээлж авсан гэх 3 гүүр хоолойн ажлаас тусдаа өөр гүйцэтгэвэл зохих ажлын хэмжээ байсан болохыг талууд хүлээн зөвшөөрсөн. Мөн дээрх ажлын нийт төсөвт үнэлгээ нь 106,000,000 төгрөг гэж талууд тайлбарлажээ. /хх/

2.д. Х.Н- ажлыг гүйцэт хийгээгүй, ажлын талбайг орхисон /гэрээг цуцалсан/ үйл баримтын хувьд талууд маргаангүй.

2.е. Х.Н- хийсэн ажлын үр дүнг С.М-т албан ёсоор акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй байна.

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна.Үүнд

 

3.1. Нэхэмжлэгч нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээгээ 80 хувь гэж тайлбарлах бөгөөд түүний хийсэн ажлын хэмжээнд төлвөл зохих хөлсний хэмжээнд талууд маргаантай байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, нотлох үүргийн хуваарилалтыг анхаараагүй байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

Хэдий нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй ч захиалагч Э-т суварга ХХК-ийн хувьд С.М- нь ерөнхий ажил гүйцэтгэгч болохын хувьд тухайн ажил гүйцэтгэх гэрээ, түүний гүйцэтгэл санхүүжилттэй холбоотой бичиг баримтууд ерөнхий ажил гүйцэтгэгч болон захилагч нарт байгаа нөхцөлд дан ганц нэхэмжлэгчид нотлох үүргийг ногдуулах нь үндэслэл муутай юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан.

Захиалагч Э-т суварга ХХК-ийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж байсан этгээдээс тордруулах замаар, хийсэн ажлын хэмжээг бусад нотолгооны хэрэгслээр давхар тогтоох нь тухайн хэрэгт ач холбогдолтой.

Нэхэмжлэгчийн нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ тодорхой бус, эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй нөхцөлд тухайн маргааны хувьд дүгнэлт өгч агуулгаар шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн шүүх маргааны зүйл болоод байгаа 3 ширхэг гүүр хоолойн ажил нь ямар тоо хэмжээтэй, хэдэн төгрөгөөр үнэлэгдэх, ямар ажил байсан талаар тодруулж дүгнээгүй, Э-т с- ХХК-аас тодруулаагүй, гүйцэтгэсэн ажлыг хэрхэн хүлээж авсан, ажил хүлээлцсэн акт, баримт байгаа эсэх талаарх баримтыг гаргуулаагүй, хэргийн нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээг аваагүй гэх давж заалдах гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/01874 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД