Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Х.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.У-т холбогдох эрүүгийн 1838005270331 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Х.У-,

Шүүгдэгч Х.У- нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Дэлгэрмөрөн голын эрэг орчимд иргэн О.Э-ийн хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.У- нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Дэлгэрмөрөн голын эрэг орчимд иргэн О.Э-ийн хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… Нэг ухаан ороход би Жамъяндорж бид хоёрын хажууханд байсан хүмүүс дээр оччихсон, хутга гаргачихсан зогсож байсан. Тэгэхэд О.Э- гэх залуу босож ирснээ хутга, ташуур хоёрын аль нь уртыг үзэх үү гэж байсан. Тэр үед О.Э-той маргалдаж байгаад түүнийг хутгалчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Хохирогч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… Би тухайн үед босонгуутаа юун танихгүй хүмүүс ирчхээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэсэн чинь өндөр залуу нь хүрч ирэнгүүтээ чи хаанахын ямар атамаан бэ. Миний дууг хорьдог хэн бэ гэж хэлснээ “Та нарыг цөмийг чинь алаад өгье” гээд хутга гаргаж ирээд дайрсан.Тэр үед би биеэ хамгаалъя гэж бодоод эмээл дээрээсээ ташуураа авах гэж байх хооронд тэр залуу над руу 3-4 удаа хутга далайж дайрсан. Тэгж дайрах үедээ миний өмсөж явсан дээлийг урж, мөн хэвлийн зүүн хэсэг рүү маань хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24 дүгээр хуудас/,

Гэрч Л.О-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгэхэд О.Э- унтаж байгаад сэрээд та хоёр яах гээд байгаа юм бэ гэж хэлээд яваад очиход өндөр бор царайтай залуу нь хутга гаргаж ирээд ална шүү гээд хутгаараа далайгаад байсан. Тэр залуу нь тэгж дайрч байхдаа О.Э-г хутгалчихсан юм шиг байсан. Нэг мэдэхэд л О.Э-гийн хэвлийгээс цус гараад унасан. Тэгэхээр нь бид нар цусыг нь боож тогтоосон ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч О.Г-, М.М-, Б.О-нарын мэдүүлэг /ххийн 25-32 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 335 дугаартай: 1. О.Э-ийн биед шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хугацаанд үүссэн байна. 3. О.Э-ийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Х.У- нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Дэлгэрмөрөн голын эрэг орчимд иргэн О.Э-ийн хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч О.Э-, гэрч Л.Оюунтунгалаг, Б.Мөнхбаяр, О.Гал-Эрдэнэ, Б.Одончимэг нарын мэдүүлэг, хохирогч О.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Х.У-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.У-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч О.Э- нь шүүгдэгч Х.У-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1838005270331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У- нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8,36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838005270331 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.ЭРДЭНЭ-ОЧИР