| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0259/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/261 |
| Огноо | 2018-10-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч П.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Г-эд холбогдох эрүүгийн 1838007120342 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Г-,
Шүүгдэгч Д.П.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас гарал үүслийн гэрчилгээгүй 2 метр куб модыг ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2 метр куб модыг ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 09-нд Бүрэнтогтох сум руу Далайжаргал гэдэг айл нүүлгэх, хадланг авч өгөхөөр явсан. Надад мод ачих санаа зорилго байгаагүй. Наашаа буцахдаа ачаагүй байсан болохоор 2018 9 дүгээр сарын 11-нд Бүрэнтогтох сумын төвөөс Д.Б- гэдэг айлын хашаанаас өөрийн нэр дээр байгаа Пронтер маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр тал машин түлээ ачсан. Би энэ түлээг айлаас 80.000 төгрөгөөр худалдаж авсан... өөрөө мод бэлтгээгүй болохоор гарал үүсэл авч явах ёстой эсэх талаар сайн мэдээгүй байсан учраас ачаад ирсэн... /хх-ийн 36-р хуудас/,
Хохирогч Б.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг Бүрэнтогтох сумын ЗДТГ-аас хохирогчоор тогтоосон болохоор энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Би өөрөө болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Иргэн П.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-нд манай сумаас гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн ... Экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 120.000 төгрөгөө манай сумын орон нутгийн хүү торгуулийн 100170400952 тоот дансанд тушаачихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-30-р хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би хуурай ах П.Г-ийг гуйж аавынхыгаа нүүлгэхээр 2018 оны 09 дүгээр сарын 11-нд Бүрэнтогтох сум руу 5117-ХӨВ дугаартай машинаар нь явсан. Мөн нэг жижиг тэргээр цуг буцахдаа Бүрэнтогтох сумаас П.Г- ах таньдаг хүнээсээ 80.000 төгрөгөөр түлээ авсан... Би тэр түлээг айлын хашаанаас цуг очиж ачилцсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Надад мөнгөний хэрэг болоод түлж байсан түлээнээсээ 2018 оны 9 дүгээр сарын 11-нд П.Г-эд нэг портер түлээ 80.000 төгрөгөөр зарсан. Миний түлээ гоожинтой. Би гоожингоо П.Г-эд өгөөд “Мөрөн явахаар бол гарал үүслээ аваад яваарай” гэж хэлсэн. П.Г- манай хашаанаас түлээгээ ачиж аваад явсан...” гэх мэдүүлэг /ххийн 20 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн “…2м3 /шоо метр/ хэмжээтэй түлээний хуурай Шинэс мод, экологи эдийн засгийн үнэлгээгээр 120.000 төгрөгийн үнэ бүхий мод тээвэрлэсэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 25-27-р хуудас/
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч П.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутгаас гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2 метр куб модыг ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Пүрэвцэрэн, гэрч Д.Б-, Д.Б- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч П.Г-ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч П.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 метр куб хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан битүүмжлэгдсэн ...улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.
Экологи, эдийн засгийн хохиролд 120.000/ нэг зуун хорин мянга/ төгрөгийг төлж барагдуулсан талаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2018.10.04-ний өдрийн 03/193 тоот баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Г-ийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-эд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 1838007120342 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, П.Г-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ...улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР