| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 211/2021/00025/И |
| Дугаар | 211/МА2022/00022 |
| Огноо | 2022-09-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 211/МА2022/00022
ЦӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00390 дугаартай шийдвэртэй
ЦӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Архангай аймгийн ЗДд холбогдох
гэм хорын хохирол 842.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хариуцагч Архангай аймгийн ЗД болон хариуцагчийн өмгөөлөгч А.З нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, В.Г /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, хариуцагчийн өмгөөлөгч А.З /онлайнаар/, нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч ЦӨ ХХК нь хариуцагч Архангай аймгийн ЗДд холбогдуулан гэм хорын хохиролд 842.300.000 төгрөг гаргуулах,
- Нэхэмжлэгч ЦӨ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЦӨ ХХК нь “Жайка” (JIСА) төслийн шугамаар Төрийн банкаар дамжуулан 600.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 мкв газарт “Аялал жуулчлалын төв” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Бид 2017 оны 07 дугаар сард зохих бичиг баримтыг нь бүрдүүлэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох эрх бүхий байгууллагаас нь хүссэн боловч ямар нэгэн хариу ирүүлэхгүй байж байснаа гэнэт Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамж гарч, уг захирамжаар компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэн барилга байшин барих гэж байсан дээр дурдсан газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын дээрх үйлдлийг хууль зөрчсөн, бусдын эрх ашгийг хохироосон байна гэж үзэн дээр дурдсан Засаг даргын А/463 дугаар захирамжийн ЦӨ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, улмаар давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Давж заалдах шатны шүүхийн магадлал 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүх хуралдааны тогтоол 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус гарсан болно. Бид энэ хугацаанд дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх, албадан гүйцэтгүүлэх шаардлагыг удаа дараа холбогдох байгууллагад, тухайлбал хариуцагч аймгийн ЗД, түүний тамгын газар, шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж байсан. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын зүгээс уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг авалгүй өдийг хүрсэн бөгөөд энэ хугацаанд бидний зүгээс дээр дурдсан зээлийн хүүг, үндсэн зээлийн хамт төлсөөр ирсэн бөгөөд дээр дурдсан шалтгааны улмаас төсөл хэрэгжих боломжгүй, зогсонги байдалд орсонтой холбоотойгоор уг зээлийн бусад барьцаа хөрөнгүүдэд ч эрсдэл учраад байгаа билээ. Уг төслийн зээлийг авах болсон үндсэн нөхцөл буюу нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийн дээр дурдсан “Аялал жуулчлалын төв” төсөл, түүний бизнес төлөвлөгөө нь Төрийн банкны салбар болон төвийнх нь зээлийн мэргэжилтэн, мэргэшсэн шинжээчдийн багаар, мөн “Жайка” төслийн мэргэжилтнүүдээр тус тус судлагдан хянагдсан. Төрийн банкны ерөнхий хорооны шийдвэр, Монгол Улсын Сангийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (JIСА)-ын хамтарсан Жижиг, дунд үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн хорооны шийдвэрээр тус тус батлагдан баталгаажсан болно. Энэхүү Бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай компани 2017 онд аялал жуулчлалын төв 27.0 сая төгрөг, 2018 онд 163.5 сая төгрөг, 2019 онд 171.7 сая төгрөг, 2020 онд 175.1 .сая төгрөг, 2021 онд 171.4 сая төгрөг тус тус олох байсан бөгөөд эдгээр орлогоо бүхэлд нь дээр дурдсан аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээс болж алдсан болно. Мөн түүнчлэн 600.000.000 төгрөгийн зээлийн хүүд 2019 оныг дуустал 121.6 сая төгрөгийн хүүгийн, 12.0 сая төгрөгийн шимтгэлийн зардал төлж, 133.0 сая төгрөгийн бодит хохирол учирсан байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас ЦӨ ХХК-д учирсан гэм хорын хохирлыг арилгуулж, дээрх онуудад олох ёстой байсан орлого 708.7 сая төгрөг, эд хөрөнгөд учирсан бодит хохирол 133.6 сая төгрөг, нийт 842.300.000 (Найман зуун дөчин хоёр сая гурван зуун мянган ) төгрөгийг Архангай аймгийн ЗДас гаргуулж, нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦӨ ХХК нь ЖАЙКА төслийн шугамаар зээл авч, ЖАЙКА төслийн зээл арилжааны банкаар дамжиж Төрийн банкнаас зээл авсан. ЖАЙКА төслийн бизнес төлөвлөгөө гаргаж цаашид хэрэгжих боломжтой гэсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Гэтэл ажил нь эхлэх гээд тодорхой зөвшөөрлүүдээ авч, холбогдох материал, техник тоног төхөөрөмжүүдээ бүрдүүлж, холбогдох материалуудаа татан авалт хийгээд байж байтал 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн ЗД “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаартай захирамж гаргасан. Ингээд тус захирамжийг 3 шатны шүүхэд нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэл гаргаж, захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлүүлж, газар эзэмших эрхийг нь сэргээн олгох тухай шийдвэр гаргасан боловч үүнийг нь захиргааны байгууллага шийдвэрлээгүй байсаар байгаад аймгийн шинэ ЗД шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа саяхан газар эзэмших эрхийг нь сэргээсэн захирамж гаргасан. Энэ үйлдлээс болж, 3 шатны шүүх хууль бус байна, гэм буруутай байна гэдгийг тогтоосон байгаа. Нэхэмжлэлийн агуулга ямар нэг хууль ёсны шаардлага биелүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Нэг газар яригдаж байгаа асуудал биш. Тухайн захирамжаар ЦӨ ХХК-ийн 2 газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ төслийн үндэслэл шаардлага, аялал жуулчлалын төсөл нь Булган уулын 72 айлын орон сууцны баруун талд байгаа газартай холбогдож байгаа учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч талаас гаргаж байгаа тайлбартай санал нийлэхгүй байна. Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдсан байгаа. Энэ зээл нь Монгол ЖАЙКА төслийн шугамаар шалгагдаж, Төрийн банкин дээр зээлийн хороогоор нь шалгагдаж, мөн хамтарсан сангийн яам, төрийн байгууллага оролцсон гурвалсан зээлийн хороогоор мөн орж, мэргэжилтнүүдээр шалгагдаж батлагдсан төсөл юм. Хариуцагчийн өмгөөлөгч сая хэлж байна. Энд бид зээлийн агуулга, зориулалт, зарцуулалтын талаар огт яриагүй. Зээлд учирсан үр дагавар, зээлийн хувь заяа яаж юунаас болж ийм байдал хүрсэн тухай ярьж байна. Зээл санхүүжилтээ авчхаад, зээлээ авсан байгууллага маань сая шүүхэд гаргаж өгсөн аудитын тайланд тусгагдсан байгаа. Санхүүдээ 600.000.000 төгрөгөөр нь тусгаж, зарим санхүүжилтийн зарим эх үүсвэрээр бараа бүтээгдэхүүн авч, заримаар нь ажилчдын цалин гэж урьдчилгаа мөнгө төгрөг өгч, зохих зөвшөөрлүүдээ аваад яг ажлаа эхлэх гэж байхад 2017 оны 06 дугаар сард авсан зээл, бэлтгэл ажлуудаа хийж байтал 3 шатны шүүхээр ийм ийм ажлууд хийгээд явж байтал захиргааны актаар цуцалсан байна. Үүнээс болж гэм хор учирсан байна гэж шийдвэрээ гаргасан. Барилгын ажил эхлэх зөвшөөрлүүдээ аваад бэлтгэл ажлуудаа хангаад байж байтал 4 сарын дараа газар эзэмших эрхийг нь цуцалсан. Тэгэхээр яаж зээлээ зориулалтын дагуу ашиглах вэ. Захиргааны байгууллагын гаргасан шийдвэр дээр 3 шатны шүүхээр явсан. 2 жил шахуу дамжсан. Сая ковидын үр дагавар ярьж байна. Ковидын үр дагавар бол бид нарын нэхэмжлэлийн агуулгад нөлөөлөхгүй гэж үзэж байна. Нотлох баримт шинжлэн судлах шатанд тодорхой үндэслэлүүдийг яриад, шимтгэлийн 12.000.000 төгрөг гэж хэлж байна. Энэ гэм хорын нэхэмжлэл бүхэлдээ тэр захиргааны акттай холбоотой, захиргааны шийдвэр буруу гарсантай холбоотой. Түүнээс зээл аваад яасан бэ, зарцуулалт нь юу байсан нь энэ хэрэгт ач холбогдолтой биш гэж харж байна.
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЦӨ ХХК нь Архангай аймгийн ЗДас 842.300.000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Архангай аймгийн ЗД 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А/463 тоот захирамжаар манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ захирамж нь ЦӨ ХХК-ийн эзэмшиж байсан 2 газрыг хүчингүй болгосон. Манай байгууллага ЖАЙКА Олон улсын байгууллагын төслийн журмаар Төрийн банкнаас 600.000.000 төгрөгийн зээл авч, санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлчихсэн, дээрээс нь барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрлүүдээ авчихсан, энэ материалуудаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар өгсөн байсан. Яг ажил эхлэх үеэр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой манай компанид энэ гэм хор учирсан. Мэдээж Архангай аймгийн Засаг даргын А/463 тоот захирамжийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол улсын Дээд шүүхээс Архангай аймгийн Засаг даргын тус захирамжийг хууль бус байна. Тус компанийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлээд гэрээгээ байгуулаад юмаа барих гэж байхад нь хүчингүй болгосон нь буруу юм аа гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн гэм хор нь ойлгомжтой. Бид нэхэмжлэлдээ манай компанид ямар хэмжээний хор хохирол учирсан бэ гэдгээ тодорхойлж өгсөн. Энэ нэхэмжлэлд дурдсанаар Төрийн банкны зээлийн мэргэжилтэн, Монгол улс, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын хамтарсан жижиг дунд үйлдвэрлэл, байгаль орчин сангийн мэргэжилтнүүд, Монгол улсын Сангийн яамны мэргэжилтэн, шинжээч нар манай яг энэ төслийг олгохдоо манай компани дээр, бодит судалгаануудыг хийж, зээлийн шинжилгээгээ хийж, хуулийн болон эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаж, энэ компани энэ аялал жуулчлалын төв барьснаар ийм хэмжээний орлого, ашигтай ажиллах ёстой байна гэдгийг тодорхойлж өгсөн. Үүнээс илүү бид нар ямар ч нотлох баримт гаргаж өгөхгүй. Ямар ч байсан манай хохирол тодорхой. Манай байгууллага олон жил хохироод явж байна. Архангай аймгийн ЗД 2018 онд шүүхийн шийдвэр гарч, газар эзэмших эрхийг сэргээчхээд байхад удаа дараа шаардаж байхад сэргээж өгөхгүй байсаар байгаад ЗД н.Б 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сэргээж өгсөн. Өдий хүртэл манай компанийг хохироосоор байгаа нөхцөл байдалтай байна. Зориулалтын дагуу газрыг ашиглаагүй гэж хэлж байна. Зориулалтын дагуу ашиглах эрхийг минь хаачихсан. Хариуцагч тал андуураад байх шиг байна. Бид нар ЖАЙКА-д шалгарсан төслийг хэрэгт хавсаргасан. Энэ тооцооллыг ЖАЙКА Олон улсын байгууллага, мөн Төрийн банкны шинжээч нар, Сангийн яамны шинжээч нарын гаргаж өгсөн маягтыг бид нар шүүхэд гаргаж өгсөн. Бид нарын гаргасан тооцоолол биш шүү. Үүнийг бас андуураад байх шиг байна. Төрийн банкнаас авч гаргаж өгсөн тооцоолол байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Нэхэмжлэгч талаас аймгийн ЗДд холбогдуулан гэм хорын хохирол 842.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь дараах зүйлүүд байна. Нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сард Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-аас төрийн банкаар дамжуулан 600.000.000 төгрөгийн зээлийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 м.кв аялал жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэх нэрээр авсан. Төсөл хэрэгжүүлэхтэй гэхэд аймгийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 тоот захирамж гарч, эзэмшиж байсан газрыг нь хүчингүй болгосон. Энэ шийдвэрийг хууль бус шийдвэр, үүний улмаас төслөө хэрэгжүүлж чадаагүй хохирсон гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрээр нь авч үзье. Нэгдүгээрт 2017-2021 он хүртэлх олох ёстой байсан орлого гэсэн байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хуульчилж өгсөн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэгчид зайлшгүй олох ёстой байсан орлогыг хохиролд тооцно гэж байгаа юм. Би үүнийг зайлшгүй олох ёстой байсан орлого уу гэдэгт нэг дэх үндэслэл буюу 708.700.000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэмжээний орлого олох ёстой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нарийвчилсан тооцоолол, судалгаа байхгүй. Нөгөөтэйгөөр аялал жуулчлалын төвтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын сүүлийн 5 жилтэй харьцуулсан бодит нөхцөлийг тодруулах шаардлагатай, жишиж харьцуулж үзэх юу ч байхгүй. Зөвхөн өөрийнх нь төлөвлөгөө, төсөөллийн зүйл бичигдсэн байгаа. Дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас 2019 оноос аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсолтод орсон. Тэгэхээр аялал жуулчлал байхгүй болсон гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний орлоготой ажиллана гэж тооцоолол гаргасан байгаа. Үүнийг боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зайлшгүй олох ёстой байсан орлого гэдгийг нотолж чадаагүй байна. Хоёрдугаарт нь эд хөрөнгийн хохирол гэж байгаа. 121.600.000 төгрөгийн асуудал яригдана. Нэхэмжлэгч 121.600.000 төгрөгийн хүү төлсөн гэж маргаж байгаа. Энэ талаар баримт байхгүй. Компанийн дансны хуулга байгаа. Нэг жилийн хугацаатай билүү, 2 жилийн хугацаатай хуулга дээр 121.600.000 төгрөгийн хүү төлсөн талаар тооцоолоод үзэхээр баримт байхгүй. Нэхэмжлэгч талаас ЖАЙКА-аас авсан төслийн хүрээнд 600.000.000 төгрөгийн зээлийг компанийн дансаар аваад тухайн өдөрт нь гаргасан. 4 сарын хугацаанд төслийн үйл ажиллагаанд мөнгө зарцуулагдсан гэдэг нь харагдахгүй. 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрх хүчингүй болгосон шийдвэр гарч, шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгээ мэдсэн. Газар хүчингүй болгох хүртэл 4 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөр 16.032.200 төгрөгийн л хүү төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 121.600.000 төгрөг гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн. Зээл төлөгдөөгүй байгаа. Зээлийг зориулалтынх нь дагуу зарцуулаагүй. Тухайн үед яагаад буцааж төлөөгүй гэдгийг нь ойлгохгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар 2018 оноос хойш зээл төлөхгүй байгаа. Банкнаас удаа дараа мэдэгдэл авсан. Зарцуулалт нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд аялал жуулчлалын төв барих нэрийдлээр төсөл бичиж аваад өөр зүйлд зарцуулсан байгаа. ЦӨ ХХК-ийн хуулганаас үзэхэд ийм зүйл харагдаж байгаа. ЦӨ ХХК-ийн хуулгыг харахаар Балданцэрэнгийн Энхбаатар гэж хүний данс руу энэ мөнгө орсон юм шиг харагдаж байгаа. Энэ хүнээс хэд хэдэн удаа төлөлт хийгдсэн байдаг. Тэгэхээр зээлдэгчээс өөр этгээд зээлийн мөнгийг зориулалт бусаар ашиглаад зээлийн төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй юм шиг харагдаж байгаа. Төрийн банкнаас ЦӨ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 650.327.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрт зааснаар 2017-2020 он хүртэл хугацаанд нэхэмжлэгч талаас ЦӨ ХХК зээлийн төлбөрт 73.000.000 төгрөгийн төлсөн. Хүү, үндсэн зээл 14.000.000 төгрөг гэж шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Энэ нөхцөл байдлаас харахад хүү төлбөр ийм хэмжээний төлсөн гэх юм байхгүй. Зориулалтын дагуу зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул зээлийн төлбөрийг аймгийн ЗДас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт зээлийн шимтгэлд 12.000.000 төгрөг гэсэн нь зээлийн шимтгэл гэм хорын төлбөрт хамааралгүй, зээлийн гэрээ байгуулж, шимтгэл төлөхийг ЦӨ ХХК хүлээн зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлж төлсөн төлбөр байгаа. Энэ зээлийн гэрээний үүргээ ЦӨ ХХК удаа дараа зөрчсөний улмаас Төрийн банк л цуцалсан. Тэгэхээр энэ 2 компанийн хооронд үүссэн гэрээний үүрэгт шимтгэл төлж байгаа тохиолдолд ЗДас гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд зээлийн шимтгэлийн 12.000.000 төгрөг бас үндэслэлгүй байна. Зээлийн шимтгэл шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Нийт 842.300.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрвээ хуулийн үндэслэл байвал тодорхой хувь хэмжээг нь зөвшөөрч эвлэрэх боломж байгаа. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул манайхаас хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Нэхэмжлэгч тал захиргааны хэргийн шийдвэрийг буруу ойлгоод тайлбарлаад байна. Энэ дээр Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй буюу хууль хэрэглээ, процессын алдаа гаргасан гэдэг үүднээс тухайн 72 айлын хажуу талын газрыг хүчингүй болгосон. Түүнээс биш эднийхийг үйл ажиллагаа явуулж байхад хууль бусаар хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа нь буруу. Тухайн газар дээр газар эзэмших эрхийг олгосноос хойш 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Шон ч зоогоогүй байсан. Тэгэхээр Тамгын газраас Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үүднээс хүчингүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн шийдвэр бүгдэд дээр нь л байгаа. Зөвхөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн болохоос өөр зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байсан. Өөрсдөө ч бас сая шүүх хуралдаан дээр гэрээгээ гаргаж өгсөн. Гэтэл үүнийг буруу агуулгаар тайлбарлаад байна. Өөрсдийнх нь хууль бус үйлдлийн улмаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо захиргааны байгууллага процессын алдаа гаргасан нь буруутай юм шиг зүйл яригдаж байгаа. болохоос эднийх үүргээ биелүүлж үйл ажиллагаагаа явуулж байсан юм бол байхгүй. Үнэхээр зайлшгүй олох ёстой байсан бодит орлого мөн үү гэдэг жишиг байна. ЖАЙКА туйлын үнэн шийдвэр гаргадаг байгууллага биш. Сая ЖАЙКА-ийн гаргасан судалгаа гэж хэлж байна. Тэгэхээр тухайн орон нутагт ийм үйл ажиллагаа явуулснаар ийм орлого олох ёстой байсан нь бодитой байх ёстой болохоос биш, ЖАЙКА-гийнх туйлын үнэн гэж маргаж болохгүй.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан хариуцагч Архангай аймгийн ЗДас нийт 188.242.600 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч ЦӨ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 654.057.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 4.369.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Архангай аймгийн ЗДас улсын тэмдэгтийн хураамж 1.099.163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЦӨ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Архангай аймгийн ЗД-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00390 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс ЦӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн ЗДд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг илт буруу хэрэглэж, хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.
Анхан шатны шүүхийн үндэслэх нь хэсэгт “Архангай аймгийн ЗД 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/407 дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамж гаргахдаа албан үүргээ зөрчсөн буруутай үйлдэл гаргасан, нэхэмжлэгч ЦӨ ХХК-д учирсан хохирол нь төрийн албан хаагчийн буюу Архангай аймгийн Засаг даргын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч ЦӨ ХХК нь Архангай аймгийн ЗДас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гээд Аялал жуулчлалын төв байгуулах төслийн бизнес төлөвлөгөөний 8 дахь хэсэг болох санхүүгийн төлөвлөгөөнд 2019 оны 04 дүгээр сараас 12 дугаар сард нийт 66.642.600 төгрөг олгохоор төсөл боловсруулсан байх бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар олох ёстой байсан орлого 66.642.600 төгрөг, зээлийн хүү 121.600.000 төгрөгийн хүү төлж алдагдал хүлээсэн” хэмээн нийт 188.242.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн хууль бус дүгнэлтийг хийсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба хууль бус үйлдлийн улмаас тухайн хохирол учирсан байх ёстой бөгөөд хохирол нь бодитой учирсан, баримт нотолгоо байхыг хуулийн дээрх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл болдог.
Гэтэл нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийн эзэмшлийн төсөл хэрэгжүүлэх газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, одоо байгаа газрын байдал, түүнийг баталгаажуулсан фото зургаар уг газарт төсөл хэрэгжүүлэх талаар ямар ч ажил хийгдээгүй, үгүй ядаж барилгын зургаа ч гаргаагүй ба төсөлд зориулж зарцуулсан гэх нэг ч төгрөгийн баримт байхгүй байхад нэхэмжлэгчийг 66.642.600 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Төрийн банкаар дамжуулан Жайка төслийн 600.000.000 төгрөгийн зээлийг авсан тухайн өдөртөө компанийн данснаас хувьдаа авч, амин хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан болох нь нотлогддог.
Түүнчлэн хэрэгт авагдсан уг 600.000.000 төгрөгийн зээлтэй холбоотой Төрийн банкны нэхэмжлэлтэй ЦӨ ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2021/00651 дугаартай шийдвэрт дурдсанаар ЦӨ ХХК нь 600 сая төгрөгийн зээлийг аваад 4 жилийн хугацаанд үндсэн зээлээс 14.575 төгрөг, хүү 73.674. 506 төгрөг буюу нийт 73 сая төгрөг л Төрийн банкинд төлсөн нь тогтоогддог.
Гэвч шүүхээс 121 сая төгрөгийн хүү төлсөн гэх ямар ч нотлох баримт байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчаас 121 сая төгрөгийн хүү гаргуулахаар шийдвэрлэж байгаагаас үзэхэд анхан шатны шүүх илтэд нэхэмжлэгч талд үйлчилж байгаа нь үүнээс харагдана.
Анхан шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагч талаас гаргаж буй тайлбар, дээрх баримтуудыг үгүйсгэсэн, эсхүл няцаасан талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан ба учирсан гэх хохирлыг нэхэмжлэгчийн тайлбараар, түүний төсөөллөөр хохирлын хэмжээг тогтоож Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэж, баримт, нотолгоонд тулгуурлалгүйгээр нэхэмжлэгч талд илт давуу байдал бий болгож үйлчилсэн хууль бус шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00390 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Хариуцагчийн өмгөөлөгч А.З-ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
ЦӨ ХХК-ийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн ЗДд холбогдох иргэний хэргийг Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00390 дугаартай шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 188.242.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт, тайлбарыг ямар нэг эргэлзээгүй үнэн зөв хэмээн дүгнэж, хариуцагч талаас гаргаж өгсөн баримтыг огт үнэлэлгүйгээр, ямар ч хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Тухайлбал:
1. Төсөл хэрэгжээгүй шалтгаант холбоо болон учирсан хохирлын тухайд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй талаар.
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар: “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй...” үндэслэлээр ЦӨ ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийг шүүхээс хүчингүй болгосон.
Анхан шатны шүүх Архангай аймгийн ЗД нэхэмжлэгчийн газрын эрхийг хүчингүй болгосны улмаас төсөл хэрэгжээгүй юу, эсхүл нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжээгүй эсэх талаар хэрэгт байгаа баримтын хүрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч талын тайлбарыг аялдан дагаж, хуулийг мушгин гуйвуулсан дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч талын бизнес төлөвлөгөө гэх баримтаар ч “2017 оны 04 дүгээр сард төслийн үйл ажиллагаа эхэлж, Хятад улс руу барилгын материал захиалга хийх, барилга барих талбайг бэлтгэх, хашаажуулах, 2017 оны 06-07 дугаар сард барилгын материалыг импортоор оруулж ирэх, 2017 оны 08-12 дугаар сард барилга угсралтын ажил хийгдэх, 2018 оны 04-06 дугаар сард тавилга, тоног төхөөрөмж худалдан авах, 2018 оны 08-09 дүгээр сард хүний нөөц, сургалтын ажил зохион байгуулах, 2019 оны 03-04 дүгээр сард төслийн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллах” гэсэн төлөвлөгөөг гаргасан боловч уг төлөвлөгөөг бодит байдалд хэрэгжүүлэх санаа зорилго байгаагүй, энэ талаар үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч төгрөгийн санхүүжилт хийгдээгүй нь хэрэгт байгаа дараах баримт, талуудын тайлбараар тогтоогддог.
Нэхэмжлэгч талаас 2017 оны 04 дүгээр сард төслийг эхлүүлж, 2019 оны 03, 04 дүгээр сард төслийг бүрэн хүчин чадлаараа ажиллах гэсэн төлөвлөгөө боловсруулсан ч газрын эрхийг хүчингүй болгох буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэхэд төслийн үйл ажиллагаа эхлээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон талаар ч анхан шатны шүүх тодорхой дүгнэсэн.
ЦӨ ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төрийн банкнаас ЦӨ ХХК-ийн дансанд зээл 600.000.000 төгрөгийг хүлээн авсан боловч 2017 оны 10 дугаар сарыг хүртэл нэг ч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байдаг ба төсөл хүчингүй болгосон газрын эрхтэй холбоогүйгээр зогсонги байдалд байсан нь мөн тогтоогдоно.
Гэтэл төслийн санхүүжилтэд хүлээн авсан 600.000.000 төгрөгийн зээлийг ЦӨ ХХК-ийн данснаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу зээл олгосон өдөртөө 597.870.000 төгрөгийг Б.Б чекээр бэлнээр хүлээн авсан бөгөөд барилгын үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой цаг хугацааг өнгөрөөж, 2017 оны 10 дугаар сарыг хүргэсэн бөгөөд төсөлд нэг ч төгрөг зарцуулаагүй, энэ талаар ч баримт гаргаж өгөөгүй.
“Аялал жуулчлалын төв байгуулах төсөл” гэх баримтад нэхэмжлэгч нь хийгдэх ажил, төсвийн ерөнхий төсөөлөл, баримжааг тусгасан байгаа болохоос биш, төсөлд хэдэн төгрөгийн санхүүжилт хийсэн, төслийн үйл ажиллагаа бодитоор хэрэгжинэ, ашиг, орлого олно гэдгийг нотолж чадах хэмжээний баримт яав ч биш.
Анхан шатны шүүхийн: “Аялал жуулчлалын төв байгуулах төслийн Бизнес төлөвлөгөөний 8 дахь хэсэг болох санхүүгийн төлөвлөгөөнд 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл нийт 66.642.000 төгрөгийн орлого олохоор төсөл боловсруулсан байх бөгөөд...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаас үзвэл бодитой гарсан зардал, хохирол болон зайлшгүй олох ёстой орлогыг л гэм хорын хохиролд тооцон гаргуулах ёстой бөгөөд огт хэрэгжээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад олох ёстой байсан орлогын “хохирол” учирна гэж байх боломжгүй. Төсөлд заасан орлогын төсөөлөл нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан “олох ёстой орлого” хэмээх ойлголтод хамаарахгүй юм.
Дээрх байдлаар хариуцагчийн өөрийнх нь үйл ажиллагаанаас шалтгаалан төсөл хэрэгжээгүй байхад зээлийн хүүг хохиролд тооцох, олох ёстой байсан орлогыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Төслийг хэрэгжүүлэх санаа зорилго байгаагүй, зээлийг зориулалтын бусаар захиран зарцуулсан талаар.
Анхан шатны шүүх: “Хүү 121.600.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд 2017.06.13-2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Төрийн банкинд төлсөн гэх зээлийн хүүг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч ЦӨ ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэрээ Архангай аймгийн ЗД хүчингүй болгосны улмаас Аялал жуулчлалын төв байгуулах төсөл энэ хугацаанд хэрэгжээгүй, төв баригдаагүй, уг төвийг барих зориулалтаар авсан зээлд 121.600.000 төгрөгийн хүү төлөх хохирлыг нэхэмжлэгч хүлээсэн байна. Архангай аймгийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас төсөл хэрэгжүүлэх боломжгүй болж, үйл ажиллагаа явуулах, ашиг олох, боломжгүй нөхцөл байдал үүссэнээс хүү төлж алдагдал хүлээсэн, нэхэмжлэгчид учирсан хохиролд Архангай аймгийн Засаг даргын гам буруу шалтгаант холбоо тогтоогдож байна” гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.
Нэхэмжлэгч нь төслийн санхүүжилтэд хүлээн авсан 600.000.000 төгрөгийн зээлийг ЦӨ ХХК-ийн дансанд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу зээл олгосон өдөртөө 597.870.000 төгрөгийг Балданцангийн Булганчимэг чекээр бэлнээр хүлээн авсан бөгөөд төслийг санхүүжүүлээгүйгээ хүлээн зөвшөөрдөг ба 2017 оны 10 дугаар сараас хойш газрын эрхийг хүчингүй болгосноор үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хэмээн тайлбарладаг. Өөрөөр хэлбэл 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр санхүүжилтээр авсан 597.870.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төслийн санхүүжилтэд оруулаагүй, Төрийн банкнаас авсан зээлээ төлөөгүй тул зээлийг зориулалтын бусаар ашигласан гэдэг нь хэнд ч илэрхий юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ч шүүх хуралдаанд “Энд бид зээлийн агуулга, зориулалт, зарцуулалтын талаар огт яриагүй” хэмээн зээлийн зориулалт, зарцуулалтаа тайлбарлахаас эрс татгалзсан.
Нэхэмжлэгч талаас бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, зээлийн санхүүжилтээс нэг ч төгрөгийг төсөлд зарцуулсан гэдгээ баримтаар нотолж чадаагүй, нэг ч төгрөгийн төлбөрийн баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх 2015 онд боловсруулсан нэг ч үйл ажиллагаа хэрэгжээгүй, зээлийн санхүүжилтээс нэг ч төгрөгийг зарцуулсан анхан шатны төлбөрийн баримт, гэрээ, хэлцэл зэрэг ямар ч баримтаар нотолж чадаагүй буюу нэхэмжлэгч зээлээ зориулалтын бусаар ашигласны улмаас зээлийн гэрээний үүргээ зөрчсөн байхад уг зориулалтын бусаар ашигласны улмаас зээлийн гэрээний үүргээ зөрчсөн байхад уг хохирлыг хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй.
3. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй талаар:
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар: “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй...” үндэслэлээр ЦӨ ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд нэхэмжлэгч уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлж, өөрийн эзэмшил бүхий газартаа үйл ажиллагаа явуулах хууль зүйн бүрэн боломжтой байхад ийм хүсэлт гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “...хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2 дахь хэсэгт заасан байгууллагыг хариуцагчаас чөлөөлж болно” гэж заасны дагуу ямар ч арга хэмжээ аваагүйг нэмж дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00390 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч биечлэн оролцох тул шүүх хурлын товыг урьдчилан мэдэгдэнэ үү.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн тодруулж, талуудыг мэтгэлцүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүү 121.600.000 төгрөгт холбогдох хэсэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч ЦӨ ХХК нь хариуцагч Архангай аймгийн ЗДд холбогдуулан гэм хорын хохирол 842.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ЦӨ ХХК нь “Жайка” (JIСА) төслийн шугамаар Төрийн банкаар дамжуулан 600.000.000 төгрөгийн зээлийг 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр авч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, 72 айлын орон сууцны баруун талд байрлах 500 мкв газарт “Аялал жуулчлалын төв” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. ... Энэхүү Бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай компани 2017 онд аялал жуулчлалын төв 27,0 сая төгрөг, 2018 онд 163,5 сая төгрөг, 2019 онд 171,7 сая төгрөг, 2020 онд 175,1 сая төгрөг, 2021 онд 171,4 сая төгрөг тус тус олох байсан бөгөөд эдгээр орлогоо бүхэлд нь дээр дурдсан аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрээс болж алдсан болно. Мөн түүнчлэн 600.000.000 төгрөгийн зээлийн хүүд 2019 оныг дуустал 121.6 сая төгрөгийн хүүгийн, 12.0 сая төгрөгийн шимтгэлийн зардал төлж, 133.0 сая төгрөгийн бодит хохирол учирсан байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас ЦӨ ХХК-д учирсан гэм хорын хохирлыг арилгуулж, дээрх онуудад олох ёстой байсан орлого 708,7 сая төгрөг, эд хөрөнгөд учирсан бодит хохирол 133,6 сая төгрөг, нийт 842,300,000 (Найман зуун дөчин хоёр сая гурван зуун мянган ) төгрөгийг Архангай аймгийн ЗДас гаргуулж, нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү” гэж,
хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрээр нь авч үзье. Нэгдүгээрт 2017-2021 он хүртэлх олох ёстой байсан орлого гэсэн байгаа. Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг хуульчилж өгсөн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэгчид зайлшгүй олох ёстой байсан орлогыг хохиролд тооцно гэж байгаа юм. Би үүнийг зайлшгүй олох ёстой байсан орлого уу гэдэгт нэг дэх үндэслэл буюу 708.700.000 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэмжээний орлого олох ёстой байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн нарийвчилсан тооцоолол, судалгаа байхгүй. Нөгөөтэйгөөр аялал жуулчлалын төвтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын сүүлийн 5 жилтэй харьцуулсан бодит нөхцөлийг тодруулах шаардлагатай, жишиж харьцуулж үзэх юу ч байхгүй. Зөвхөн өөрийнх нь төлөвлөгөө, төсөөллийн зүйл бичигдсэн байгаа. Дэлхий нийтээр ковид-19 цар тахлын улмаас 2019 оноос аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсолтод орсон. Тэгэхээр аялал жуулчлал байхгүй болсон гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний орлоготой ажиллана гэж тооцоолол гаргасан байгаа. Үүнийг боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан зайлшгүй олох ёстой байсан орлого гэдгийг нотолж чадаагүй байна. Хоёрдугаарт нь эд хөрөнгийн хохирол гэж байгаа. 121.600.000 төгрөгийн асуудал яригдана. Нэхэмжлэгч 121.600.000 төгрөгийн хүү төлсөн гэж маргаж байгаа. Энэ талаар баримт байхгүй. Компанийн дансны хуулга байгаа. Нэг жилийн хугацаатай билүү, 2 жилийн хугацаатай хуулга дээр 121.600.000 төгрөгийн хүү төлсөн талаар тооцоолоод үзэхээр баримт байхгүй. Нэхэмжлэгч талаас ЖАЙКА-аас авсан төслийн хүрээнд 600.000.000 төгрөгийн зээлийг компанийн дансаар аваад тухайн өдөрт нь гаргасан. 4 сарын хугацаанд төслийн үйл ажиллагаанд мөнгө зарцуулагдсан гэдэг нь харагдахгүй. 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрх хүчингүй болгосон шийдвэр гарч, шийдвэрийг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгээ мэдсэн. Газар хүчингүй болгох хүртэл 4 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөр 16.032.200 төгрөгийн л хүү төлсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 121.600.000 төгрөг гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Энэ хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн. Зээл төлөгдөөгүй байгаа. Зээлийг зориулалтынх нь дагуу зарцуулаагүй. Тухайн үед яагаад буцааж төлөөгүй гэдгийг нь ойлгохгүй байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар 2018 оноос хойш зээл төлөхгүй байгаа. Банкнаас удаа дараа мэдэгдэл авсан. Зарцуулалт нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд аялал жуулчлалын төв барих нэрийдлээр төсөл бичиж аваад өөр зүйлд зарцуулсан байгаа. ЦӨ ХХК-ийн хуулганаас үзэхэд ийм зүйл харагдаж байгаа. ЦӨ ХХК-ийн хуулгыг харахаар Б.Э гэж хүний данс руу энэ мөнгө орсон юм шиг харагдаж байгаа. Энэ хүнээс хэд хэдэн удаа төлөлт хийгдсэн байдаг. Тэгэхээр зээлдэгчээс өөр этгээд зээлийн мөнгийг зориулалт бусаар ашиглаад зээлийн төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй юм шиг харагдаж байгаа. Төрийн банкнаас ЦӨ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 650.327.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрт зааснаар 2017-2020 он хүртэл хугацаанд нэхэмжлэгч талаас ЦӨ ХХК зээлийн төлбөрт 73.000.000 төгрөгийн төлсөн. Хүү, үндсэн зээл 14.000.000 төгрөг гэж шүүхийн шийдвэрт тусгасан байдаг. Энэ нөхцөл байдлаас харахад хүү төлбөр ийм хэмжээний төлсөн гэх юм байхгүй. Зориулалтын дагуу зарцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул зээлийн төлбөрийг аймгийн ЗДас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гуравдугаарт зээлийн шимтгэлд 12.000.000 төгрөг гэсэн нь зээлийн шимтгэл гэм хорын төлбөрт хамааралгүй, зээлийн гэрээ байгуулж, шимтгэл төлөхийг ЦӨ ХХК хүлээн зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлж төлсөн төлбөр байгаа. Энэ зээлийн гэрээний үүргээ ЦӨ ХХК удаа дараа зөрчсөний улмаас Төрийн банк л цуцалсан. Тэгэхээр энэ 2 компанийн хооронд үүссэн гэрээний үүрэгт шимтгэл төлж байгаа тохиолдолд ЗДас гаргуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймд зээлийн шимтгэлийн 12.000.000 төгрөг бас үндэслэлгүй байна. Зээлийн шимтгэл шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Нийт 842.300.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрвээ хуулийн үндэслэл байвал тодорхой хувь хэмжээг нь зөвшөөрч эвлэрэх боломж байгаа. Гэтэл ийм зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлажээ.
4. Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн а/326 тоот шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч ЦӨ ХХК-д Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 72 айлын орон сууцны баруун талд 500 мкв газрыг 20 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000309869 дугаартай гэрчилгээ олгож, нэхэмжлэгч ЦӨ ХХК болон Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. Харин хариуцагч Архангай аймгийн ЗД 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаартай захирамжаар нэхэмжлэгч ЦӨ ХХК-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд уг захирамжийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 109/ШШ2018/0003 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0219 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаартай тогтоолоор хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж хүчингүй болгожээ. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШЗ2020/00091 дугаартай “Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/677 дугаартай “Газар эзэмших эрхийг сэргээх тухай” захирамжаар нэхэмжлэгч ЦӨ ХХК-н газар эзэмших эрхийг сэргээсэн байна.
5. Нэхэмжлэгч ЦӨ ХХК нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн байр сууринаас оролцсон байх тул захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.
6. Анхан шатны шүүх хариуцагч Архангай аймгийн ЗД 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаартай “ Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамж гаргахдаа албаны үүргээ зөрчсөн буруутай үйлдэл гаргасан, нэхэмжлэгч ЦӨ ХХК-д учирсан хохирол нь төрийн албан хаагчийн буюу Архангай аймгийн засаг даргын буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч ЦӨ ХХК нь Архангай аймгийн ЗДас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй талаар зөв дүгнэлт хийж, Аялал жуулчлалын төв байгуулах төслийн Бизнес төлөвлөгөөний 8 дахь хэсэг болох санхүүгийн төлөвлөгөө/ хх-189х/-нд 2019 оны 04 дүгээр сард 6.771.400 төгрөг, 2019 оны 05 дугаар сард 6.771.400 төгрөг, 2019 оны 06 дугаар сард 6.771.400 төгрөг, 2019 оны 07 дугаар сард 6.771.400 төгрөг, 2019 оны 08 дугаар сард 6.771.400 төгрөг, 2019 оны 09 дүгээр сард 8.196.400 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 8.196.400 төгрөг 2019 оны 11 дүгээр сард 8.196.400 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 8.196.400 төгрөг, нийт 66.642.600 төгрөгийн орлого олохоор төсөл боловсруулсан байх бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжлэгч ЦӨ ХХК нь 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд олох байсан орлого 66.462.600 төгрөгийн орлогыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргын буруутай үйлдлийн улмаас олоогүй Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан хохирол учирсан байна гэж үзэж, нэхэмжлэгчид учирсан хохирол болох олох байсан орлого 66.462.400 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн ЗДас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогоос 2017 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд төсөл хэрэгжиж ашиг олох боломжгүй байсан нь төслийн баримтуудаар тогтоогдож байх тул энэ хугацаанд олох байсан орлого, мөн 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд бүх нийтийг хамарсан цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас орлого олох боломжгүй нөхцөл байдалтай байсан тул уг хугацаанд олох байсан орлого зэргийг Архангай аймгийн ЗДас гаргуулах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
7. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд ЦӨ ХХК-ийн Төрийн банк ХХК-тай байгуулсан гэрээний шимтгэлд төлсөн 12.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд энэ шийдвэрт зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.
8. Харин хүү 121.600.000 төгрөг төлөх нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т заасан эд хөрөнгөнд заасан бодит хохирол тул хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.
Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан, гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан тул үндсэн зээл, түүний хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй.
Түүнчлэн банкнаас олгосон зээлийг нэхэмжлэгч ЦӨ ХХК буюу эрх бүхий этгээд өөрийн хүсэл зоригоор захиран зарцуулсан нь нэхэмжлэгч ЦӨ ХХК-ний төлөөлөгч нарын тайлбараар тогтоогддог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг хуульчилсан.
Гэтэл нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар Аялал жуулчлалын төв байгуулахад зориулан материал авсан гэх боловч тэдгээрийн тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал энэ талаар баримт гаргаж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан бол учирсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцан төлөх үүрэгтэй гэж хуульчилсан.
Дээр дурдсан зохицуулалтаар гэм хор учруулсан этгээд нь эд хөрөнгөд гэм хор учруулсантай холбогдон гарсан зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүргийг хүлээдэг.
Гэтэл Төрийн банк ХХК-аас зээлдэгч ЦӨ ХХК, хамтран зээлдэгч Б.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 340 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 600.000.000 төгрөг зээлсэн нөхцөл байдалд тулгуурлан тухайн гэрээний хүү болох 121.600.000 төгрөгийг гаргуулахаар хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлсон анхан шатын шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн байна.
Дээрх зээлийн гэрээний үүрэг буюу хүү 121.600.000 төгрөг нь Архангай аймгийн Засаг даргын гэм хор учруулсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын 66.642.600 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
10. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 66.642.600 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тул уг хангасан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 491.163 төгрөгийг хариуцагч Архангай аймгийн ЗДас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2022/00390 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “188.242.600 төгрөгийг” гэснийг “66.642.600 төгрөгийг” гэж, “654.057.400 төгрөгийг” гэснийг “775.657.400 төгрөгийг” гэж, 2 дахь заалтын “1.099.163 төгрөг” гэснийг “491.163 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч Архангай аймгийн ЗД-аас улсын тэмдэгтийн хураамжид 491.163 /дөрвөн зуун ерэн нэгэн мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Н.ЭНХМАА