Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 211/МА2022/00021

 

 

 

 

 

 

                           

 

 

 

 

 

 

 

 

          Б.Л-ын нэхэмжлэлтэй иргэний

           хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг даргалж, ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00307 дугаартай шийдвэртэй

Б.Л-ын нэхэмжлэлтэй

О.О-д холбогдох

гэрээний үүрэг 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч О.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч В.У, нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
    1. Гэрээний үүрэг 4.000.000 төгрөг гаргуулах тухай

О.О нь 2021 оны 06 дугаар сард Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Бага халзан гэх газарт сураглаж ирээд мал зарах гэж байгаа юм байна малыг тань үзэж харъя гээд үнэ хөлсөө хэлж үзэж харсан байдаг. Тухайн үед монголын соёолон наснаас дээш насны буюу нас гүйцсэн эр үхрүүдээ нэг бүрийн үнийг 1.550.000 төгрөг, мөн нас гүйцсэн эр хонинуудаа нэг бүрийн үнийг 195.000 төгрөгөөр зарж борлуулна гэж хэлээд явуулсан байдаг. Үүнээс хойш сарын дараа хариуцагч О.О утсаар ярьж, өмнө нь малыг чинь үзсэн хүн байна. Тухайн малыг хэлсэн ярьсан үнэ ханшаар чинь авъя гэдэг саналыг тавьсан. Нэхэмжлэгч өмнө хэлж ярьж тохирсон үнэндээ гэсэн учраас зөвшөөрөөд та тэгвэл бэлэн мөнгөтэйгөө ирээд мал аваарай гэж хэлсэн. Хариуцагч 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ачааны чиргүүлтэй том машинтай нэхэмжлэгчийн зусаж байсан газар ирж 12 тооны нас гүйцсэн монголын шар үхрүүдийг нэг бүрийн үнэ 1.550.000 төгрөгөөр, мөн нэхэмжлэгчийн 52 тооны эр хонийг нэг бүрийн үнэ 195.000 төгрөгөөр тооцож, нийт 28.740.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон байдаг. Тухайн үед нэхэмжлэгчид малын үнэнд 16.740.000 төгрөг өгч үлдэгдэл 12.000.000 төгрөгийг маргааш данс руу нь хийе гэж хэлээд нэхэмжлэгчийн дансны дугаарыг нь авч явсан байдаг. Түүнээс хойш 10 гаруй хоносны дараа 8.000.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд нэхэмжлэгч үлдэгдэл 4.000.000 төгрөгөө авъя гэж хэлэхэд тухайн мал чинь үнэ ханшдаа хүрээгүй гэдэг шалтгаанаар үлдэгдэл 4.000.000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч нь тухайн үед хариуцагчтай хэлэлцэн тохиролцож, хариуцагчид малыг үзүүлж, тоо хэмжээ, биет байдлаар хүлээлгэж өгсөн. Гэрч н.Г, н.Г, н.Л нар нас гүйцсэн 12 тооны монголын шар үхрийн нэг бүрийн үнийг 1.550.000 төгрөгөөр, нас гүйцсэн эр хонийг 195.000 төгрөгөөр харилцан тохиролцож, 28.740.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан гэдгийг хэлсэн. Хариуцагч үхрийг 1.300.000 төгрөгөөр, хонийг 175.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан гэж маргаж байгаа боловч түүнийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хариуцагчийн тухайн маргааны зүйл болох 4.000.000 төгрөгөө өгөхгүй байгаа гол үндэслэл нь авсан үхэр, хонийг хүссэн үнийн дүндээ хүрээгүй гэж нэхэмжлэгчийг очиж уулзахад нь тайлбарласан боловч тухайн малыг хэдэн төгрөгөөр зарж борлуулж, хэдэн төгрөгийн ашиг орлого олсонтой холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнэ болох үлдэгдэл 4.000.000 төгрөгийг төлөхгүй байгаа учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас малын үлдэгдэл үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

  1. Хариуцагч талын нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Б.Л 2021 оны хавар над руу утсаар ярьсан. Таныг мал үнэтэй авч байна гэсэн та мал ирээд үзээч гэж хэлсэн. Тэгээд очиж үзээд үхэр нь аймаар туранхай байхаар нь авахгүй гээд явсан. Тэгсэн сарын дараа над руу дахиад утсаар яриад таныг л өндөр үнээр авч байгаа гэнэ, нутгийн хоёр гурван хүнд үзүүллээ ер нь л олигтой авах шинж алга, та миний малыг ирээд аваадах гэхэд нь би очиж наймаа хийсэн. 5 хязаалан үхэр, 2 бүдүүн шар үхэр, бусад нь соёолон үхрүүд байсан. Эр хонинууд нь хязаалангаас доош насны хонь байсан. Төлөг ч байсан. Би үхрийг 1.300.000 төгрөгт базаж, хонийг 175.000 төгрөг авахаар тохиролцоод  16.740.000 төгрөг бэлнээр өгч, 8.000.000 төгрөг өгөх үлдэгдэлтэй үлдсэн. Тэгтэл би танд малаа хямдхан өгсөн байна, хаа сайгүй үхэр 1.500.000 төгрөг, хонь 200.000 төгрөгөөр авч байна. Та мөнгөө нэм гэж хэлсэн. Тэгвэл чи надаас малаа ав, мал чинь амьдаараа байна, буцаагаад ачих зардлыг нь чи өг гэж хэлэхэд та 8.000.000 төгрөгөө хийчих, малаа зар, зар гэж хэлсэн. Тэгээд малыг зарах гэтэл туранхай зарагдахгүй байсан. Хэд хоногийн дараа намайг мөнгө өгөхгүй байна гээд цагдаад, өгсөн байсан. Тэгээд би цагдаад өгөнгүүт нь эхнэр рүүгээ утасдаад цагдаа шүүх болоод 8.000.000 төгрөгөө нэхээд байна гэж хэлэхэд цагдаа нь тэднийг 12.000.000 төгрөг нэхэж байгаа гэсэн. Манай эхнэр 8.000.000 төгрөгөө хиймээр байна яах вэ гэхэд цагдаа тооцоо дуусав гээд хийчих гэж хэлсэн байсан. Манай эхнэр 8.000.000 төгрөгийг нь тооцоо дуусав гээд хийсэн. Дансны хуулга нь байгаа. Би Б.Лаас 12 тооны үхэр, 52 тооны хонь авсан гэх малын тоон дээр маргахгүй. Би Б.Лаас үхрийг нь 1.300.000 төгрөг, хонийг нь 175.000 төгрөгөөр бодож авсан. Худалдаж авсан бүх малын үнийг төлсөн учраас тооцоо дууссан.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч О.Оаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч О.Оаас улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лт олгож, Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч О.Оын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00307 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Лаас О.О миний бие 2021 оны хавар нэг үхрийг 1.300.000 төгрөгт базаж, нэг хонийг 175.000 төгрөгөөр тооцож, нийт 12 тооны үхэр, 52 тооны хонийг 24.700.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон бөгөөд худалдан авч, мөнгийг төлж дуусгасан. Гэтэл Б.Л нь надтай анх тохиролцсон үнээ нэмж надаас илүү 4.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь шударга бус байна. Би Б.Лтай хоорондоо ярилцаад дээрх үнээр мал худалдаж авахаар болж тохирсон. Би тохирсон мөнгөө төлсөн. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй тул өмгөөлөгч авч шүүх хуралд оролцох хүсэлттэй байсан. Би өмгөөлөгч авч шүүх хуралд оролцохоор 2022 оны 05 дугаар сарын 04-ний өглөө ирсэн боловч миний сонгосон өмгөөлөгч В.У Улаанбаатар хот руу явчихсан байсан. Ингээд өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон. Би бичиг үсэг мэдэхгүй, ямар нотлох баримт гаргаж өгөх, ямар эрхээ хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголтгүй байснаасаа болж Б.Лын нэхэмжилж байгаа 4 сая төгрөгийг төлөх болчхоод байгаад гомдолтой байна. Би Б.Лын мөнгийг төлж дуусгасан баримт байсныг хэзээ нь шүүхэд өгөх ёстойгоо мэдээгүй. Шүүх үнэн зөвийг нь олоод өгөх байх гэж бодож байсан. Иймд хэргийг дахин анхан шатнаас нь нягтлан шалгаж, үнэн зөвийг нь олж тогтоож өгнө үү. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00307 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцож тайлбар гаргана.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч О.Оад өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өгөхөд тэрээр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож, өөрөө тайлбараа гаргана гэсэн. Анхан шатны шүүхийн процессын ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал болоогүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

           

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч О.Оад холбогдуулан гэрээний үүрэг буюу малын үнийн зөрүү болох 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь малын үнийг бүрэн төлж дуусгасан үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна.

 

 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Хариуцагч О.О нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ачааны том чиргүүлтэй машинтай ирээд миний 12 тооны нас гүйцсэн монголын шарыг нэг бүрийн үнийг 1.550.000 төгрөгөөр нийт 18,600,000 төгрөг, эр хонь 52 толгойг нэг бүрийн үнэ 195.000 төгрөг нийт 10.140.000 төгрөгөөр бүгд 28.740.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр даруй надад 16.740.000 төгрөг өгөөд үлдэгдэл 12.000.000 төгрөгийг маргааш өглөө данс руу чинь хийе гээд малаа ачаад миний дансны дугаарыг авч явсан.  2021 оны 08 дугаар сард 8.000.000 төгрөгийг нь өгөөд 4.000.000 төгрөгийг өгөөгүй. Иймд О.Оаас 4.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэж,

 

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч...Би Б.Лаас 12 үхрийг нэг бүрийг нь 1.300.000 төгрөгт тооцож 15.600.000 төгрөгөөр, 52 хонийг нэг бүрийг нь 175.000 төгрөгт тооцон 9.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Үхэр нь 5 хязаалан үхэр, 2 бүдүүн шар үхэр, бусад нь соёолон үхрүүд байсан болохоор үхрийг нь 1.300.000 төгрөгт базаж авахаар тохирсон. Эр хонинууд нь хязаалангаас доош насны хонь байсан. Б.Лт бензиний үнэ 40.000 төгрөг нэмж өгсөн. Нийт 24.740.000 төгрөг болсноос  16.740.000 төгрөгийг бэлнээр нь тоолж өгөөд үлдэгдэл 8.000.000 төгрөгийг 2021 оны 08 сард шилжүүлэн өгч тооцоо дуусгасан. Б.Лт малын үнийг төлж дуусгасан гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Хавтаст хэрэгт гэрч Д.Г, гэрч Х.Г, гэрч Б.Л, гэрч О.О нарын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд авагдсан байна.

 

5. Нэхэмжлэгч Б.Л 12 тооны үхэр, 52 тооны хонийг хариуцагчид  шилжүүлсэн, хариуцагч О.О уг малыг хүлээн авсан, малын үнэнд 16.740.000 төгрөг бэлнээр, 8.000.000 төгрөгийг дансаар төлсөн гэх үйл баримттай зохигч маргаагүй.

Харин нэхэмжлэгч Б.Л үхрийн нэг бүрийн үнийг 1.550.000 төгрөгөөр, эр хонь нэг бүрийн үнийг 195.000 төгрөгөөр тооцож худалдсан гэж, хариуцагч О.О үхрийн нэг бүрийн үнийг 1.300.000 төгрөгөөр тооцож, эр хонь нэг бүрийн үнийг 175.000 төгрөгөөр тооцож худалдан авсан гэж давж заалдах шатны шүүхэд мэтгэлцжээ.

 

6. Хариуцагч О.О нь 12 үхрийг нэг бүрийг нь 1.300.000 төгрөгт тооцож 15.600.000 төгрөгөөр, 52 хонийг нэг бүрийг нь 175.000 төгрөгт тооцон 9.100.000 төгрөгөөр худалдаж авсан гэх тайлбар гаргасан боловч түүний тайлбарыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч тайлбарынхаа үндэслэлийг баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар О.Оыг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэл, татгалзлыг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч О.О нарын хооронд 12 тооны үхэр, 52 тооны хонь, нийт 64 тооны мал худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн ба худалдан авагч О.О нь малын үнийг бүрэн гүйцэд худалдагч Б.Лт шилжүүлэх үүрэгтэй боловч дээрх үүргийг биелүүлээгүй байна.

 

8. Гэрч Д.Г, Х.Г, Б.Л нар нь 2021 оны 07 сарын 19-ний өдөр хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч О.Оаас үхэр, хонь худалдан авах үед хамт байсан, харсан, тооцоо хийхийг нь мэдэж байсан учир эдгээр гэрч нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

9. Иймд анхан шатны шүүх хариуцагч О.О нь үхэр, хонины үнээс 24.740.000 төгрөг төлж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч О.Оаас 4.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Лт олгох үндэслэлтэй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

11. Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1  дэх  хэсэгт заасныг удирдлага болгон

   

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 129/ШШ2022/00307 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч О.О-ын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ

                ШҮҮГЧИД                                    Т.ДАВААСҮРЭН

                                                               Н.ЭНХМАА