Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч И.Б-, Ү.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн И.Б-, Ү.П- нарт холбогдох эрүүгийн 1838007000339 дугаар хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, И.Б-,

Монгол улсын иргэн, Ү.П-,

Шүүгдэгч И.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ү.П-той маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ү.П- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот гэртээ иргэн И.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч И.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ү.П-той маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ү.П- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот гэртээ иргэн И.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө хуурай дүү Сангаагийн хамтаар Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах хуурай дүү Ү.П-ийн гэрт очиж уулзсан. Ү.П-ийн гэрт Сангаа бид хоёр очих үедээ архи уусан байсан. Би тухайн үед нилээн согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Миний санаж байгаагаар Ү.П-ийн гэрт нэг шил архи уусан шиг санагдаж байна. Яг ямар нэртэй архи ууснаа санахгүй байна. Архи ууж байхад Сангаа дүү маань Ү.П-ийн гэрт унтаад өгсөн. Түүнийг унтсаны дараа Ү.П- бид хоёр архийг хувааж уусан. Архийг уучхаад би явлаа гээд явсан. Гэр рүүгээ бол би яг юугаар яаж явснаа санахгүй байна. Би гэртээ харьчхаад буцаж Ү.П-ийн гэрт ирээд түүнтэй маргалдаж, муудалцсан юм шиг байсан. Яг юунаас болж яаж байгаад Ү.П-той маргалдсанаа санахгүй байгаа. Ямар ч байсан Ү.П- миний зүүсэн байсан шил рүү маань цохиж, шилний хагарсан шил нь нүдний доод тал руу орсон байсан. Би нүднийхээ доод тал руу орсон байсан шилийг түүлгэж, нүднийхээ доод талд оёо тавиулсан. Би ч гэсэн согтуудаа дүү Ү.П-ийнхоо нүд рүү цохиж, хөлийнх нь эрээн булчин руу нь өшиглөсөн байна лээ. Энэ асуудал гарснаас хойш хуурай дүү Ү.П-тойгоо уулзаж, бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн байгаа. Тийм учраас одоо надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Шүүгдэгч Ү.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “Намайг өөрийн гэртээ эхнэр Д.О- болон хүү Эрдэнэбаатар нарын хамт гурвуулаа байж байхад өглөөний 09 цагийн үед надтай урьд нь хамт ажиллаж байсан И.Б- ах, Сангаа гэж хүнтэй хамт манай гэрийн гадаа ирээд намайг дуудахаар нь би гарч уулзсан. Тэр хоёртой уулзахад бид хоёр жоохон юм уучихлаа, чи ганц шил архи авч өгөөч гэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг дэлгүүр лүү дагуулж яваад дэлгүүрээс 0.75 литрийн Чингис нэртэй архи авч өгсөн. Харин И.Б- ах сууж байснаа чимээгүй гарч яваад миний машиныг унаад явчихсан байсан. Би тэгээд машинаа олж авах зорилгоор И.Б- ахын гэрт очиход: И.Б- ах машиныг маань хашааны гадаа тавьчихсан, өөрөө хашаан дотроо сүүдэрт сууж байсан. Би тухайн үед И.Б- ахаас: Та яагаад миний машиныг аваад явчхаж байгаа юм бэ гэсэн чинь: Чи одоо машинаа аваад яв яв гэж хэлж байсан. Яг явах гэж байхад И.Б- ах хоёулаа дэлгүүр ороод явъя гэж байсан. ... Тэгэхэд И.Б- ах чи надаас мөнгө харамлалаа гэж гээд надтай хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би И.Б- ахыг буулгах гээд татаж байхад И.Б- ах машинаас буухдаа миний нүд рүү гараараа цохичихсон. Тэгэхээр нь би түүний араас нь очоод түүнийг барьж аваад түүнийг адилхан гараараа 2-оос 3 удаа цохисон. Тэгэхэд И.Б- ах бас намайг гараараа цохисон. Тэгээд би И.Б- ахаас салаад машинаа унаад шууд гэртээ харьсан. Гэртээ байж байхад удалгүй И.Б- ах араас ирээд шууд намайг цохиод авсан. Намайг И.Б- ахын өөдөөс цохиж зодолдох үед И.Б- ахын нүдний шил нь хагараад уначихсан. Тухайн үед И.Б- ах нүдээ дарчхаад миний хөл рүү өшиглөж, цохиж хөөгөөд байхаар нь би гэрээсээ гараад зугтаагаад ахынхаа гэр рүү явсан. Би ахынхаа гэрт байж байгаад эхнэр Д.О- лүүгээ яриад: Нөгөө хэд чинь явсан уу гэж асуухад явсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ харьсан. Намайг гэртээ ирээд байж байхад цагдаа ирээд намайг цагдаа руу дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Ү.П-ийнхоо хамт өөрийн гэртээ байж байхад И.Б- ах, нөхрийн маань найз Сангаа гэх хоёр хүн ирсэн...Тэгээд удалгүй И.Б- ах нөхрийн маань машиныг унаад явсан. Удалгүй нөхөр Ү.П- маань машинаа авчирна гээд араас нь явсан. Нөхөр Ү.П- маань машинаа авчрах үедээ зодуулчихсан нүд нь хөхөрчихсөн байдалтай ирсэн. Би тухайн үед нөхөртөө хэнд зодуулчихваа гэж асуухад: И.Б- ах намайг цохичихлоо гэж хэлж байсан. Тэгээд нөхөр Ү.П- маань гэртээ гар, нүүрээ угаагаад зогсож байхад И.Б- ах гаднаас орж ирээд: нөхрийг маань 2-3 удаа цохиод авсан. Тэр үед нөхөр маань И.Б- ахыг зөрүүлээд цохисон. И.Б- ах нөхөрт маань цохиулаад газарт доошоо хараад хэвтэж байсан. Тухайн үед И.Б- ахын нүүрнээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр миний аав Базрагч над руу залгаад: Аав нь Ү.П-ид зодуулчихлаа. Тэдний гэрт нь байна хүрээд ирээч гэж байсан. Тэгэхээр нь би яваад очиход аав И.Б- маань Ү.П- ахын хашаан дотор сууж байсан. Тухайн үед аавын баруун талын нүдний доод талаас цус гарсан байдалтай байсан. Намайг очиход Ү.П- ахын эхнэр нь хальт гарч ирчхээд буцаад яваад орчихсон. Тэгээд би аавтайгаа хамт гэртээ харьж хувцас хунараа сольж өмсчхөөд аавыг дагуулаад эмнэлэг орсон. Эмэнэлэг дээр очоод аавын нүдний доод талыг цэвэрлүүлээд нүдэнд нь оёо тавиулсан. Тэгээд эмнэлгээс буцаж явах замдаа цагдаагаар орж дуудлага өгч тэмдэглүүлсэн. Цагдаагийн байгууллагад гомдлыг би гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 456 дугаартай: “И.Б-ийн биед баруун нүдний доод зовхинд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. И.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 457 дугаартай: “Ү.П-ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт болон няцралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Ү.П-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч И.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ү.П-той маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ү.П- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот гэртээ иргэн И.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Ү.П-, И.Б- нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Д.О-, Б. Л- нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч И.Б-, Ү.П- нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч И.Б-, Ү.П- нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч И.Б-, Ү.П- нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч И.Б-, Ү.П- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 68 дугаар хуудас/,

Эрүүгийн 1838007000339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.Б-, Ү.П- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ү.П-ид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838007000339 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б-, Ү.П- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР